id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
118b | Ц.Амарбаясгалан: Амьдралын минь утга учир бол тулааны урлаг | Э.Мөнхзаяа | 06/13/2017 08:54:00 |
Энэ удаагийнхаа "Өглөөний зочин" буландаа мэргэжлийн кикбокс, мутайбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгаланг урилаа. Тэрбээр Монгол, Японы хамтын үйл ажиллагааны гүүр болсон “Шинобү групп"-ийг үүсгэн байгуулсан юм. Түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. "Шинобү Файтинг-2017" тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Хэрэв андуураагүй бол энэхүү тэмцээнийг өмнө нь "Имприал" нэрээр зохион байгуулдаг байсан байх аа?
-Тийм ээ, өмнө кикбоксын төрлөөр "Имприал" нэртэй тэмцээнийг зохион байгуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс шагналын санг нь өсгөсөн. Тиймдээ ч нэрийг нь өөрчилж "Шинобү Файтинг" болгосон.
-Өөрөөр хэлбэл, тэмцээний цар хүрээ өргөжсөн гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Гэхдээ "Имприал"-ыг жилд ганцхан удаа зохион байгуулдаг том тэмцээн байсан болохоор төсөв мөнгө их ордог байсан. Учир нь, тус тэмцээнийг зохион байгуулахдаа гаднын олон тамирчныг урьж оролцуулж, тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэхэд анхаардаг байсан гэж ойлгож болно. Харин энэ тохиолдолд манай улсын тамирчид олноороо оролцох боломж хомс байсан юм. Харин нэрийг нь өөрчилж “Шинобү Файтинг” болгосноор дотоодын олон тамирчныг тэмцээндээ оролцуулах боломжтой болсон.
-Энэ жилийн "Шинобү Файтинг-2017” тэмцээний эхний шат өнгөрсөн бямба гарагт болсон. Харин хоёр дахь шатны тэмцээн нь энэ сарын 17-нд болох гэж байна. Тэмцээнийхээ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Шалгарсан найман тамирчин маань хасагдах журмаар тулалдана. Энэ сарын 10, 17, 24-нд шалгаруулалтаа хийх юм. Өмнө нь бол өдөр өдөрт нь хасаад явдаг байсан. Өөрөөр хэлбэл, нэг тамирчин гурван тулаан хийж байж аварга болно гэсэн үг. Өдөрт гурван тулаан хийнэ гэдэг маш хэцүү. Бэртэл их гарна, ядарна. Ядарсан хүнээс үзүүштэй тоглолт гардаггүй. Энэ нь тамирчдад маань хүндрэлтэй байдаг.
Тиймээс бид тэмцээнээ долоо хоногийн зайтай гурав хувааж хийдэг болсон. Тэгвэл үр дүнтэй сайхан тоглолт болно. Тамирчдад хүртэл сөрөг нөлөө багатай. Бас энэ тэмцээнийг эхний өдөр үзэж чадаагүй хүмүүс дараагийн өдөр нь үзэх боломжтой. Тамирчдын хувьд кёкүшинкай каратэ, кикбоксийн, Монгол зоноос урлагийн тамирчид байна.
-Та ярилцлагынхаа эхэнд “Шинобү Файтинг-2017” тэмцээний шагналын сан өндөр гэж хэлсэн. Шагналын сан өндөр байх нь ямар ач холбогдолтой вэ?
-Хамгийн гол нь, энэхүү тэмцээнийг олон удаа зохион байгуулж, тэмцээнээс төрөн гарсан тамирчдаа алдаршуулахыг хүсэж байна. Гадаад, дотоодын олон тэмцээнд "сойх" боломжтой болсон. Улмаар дараа, дараагийн хүүхдүүд тэдэн шиг мундаг хүн болох юмсан гэх нууцхан хүсэл, мөрөөдөлтэй болно шүү дээ. Энэ ч утгаараа хүүхэд, залуус энэ төрлийн спортоор хичээллэж, өөрийгөө ялан дийлэх чадварыг олж авах болно.
-Тэгвэл өөрийгөө ялан дийлэхээс гадна тухайн тамирчинд өөр ямар төлөвшлийг өгдөг вэ?
-Өөрийгөө ялан дийлсэн хүн хэзээ ч буруу зам руу ордоггүй. Дайчин, хүнтэй харилцах харилцаа сайн болно. Түүнчлэн хүнийг хүндлэх чадвар нь хүртэл өөр болдог. Бидний хийж байгаа юм ганцхан тамирчин бэлтгэх биш. Нийтийн биеийн тамир, нийтийн эрүүл мэндийг хөгжүүлэх том зорилтыг тавьж ажиллаж байна.
-Кикбоксын холбоод их байдаг гэж сонссон. Танайх бусад холбооноос зохион байгуулдаг тэмцээнээс юугаараа ялгаатай юм бэ?
-Тийм ээ, кикбоксын төрлөөр олон холбоо бий. Тэр болгоноос сонгон шалгаруулалт хийж, манай тэмцээнд шилдгүүд нь ордог гэж ойлгож болно. Бас Монголдоо шагналын сан өндөр тэмцээн гэдгээрээ онцлог л доо. Харж байхад Монголд олон холбоо, олон ч аварга байна. Бүгд л жижигхэн тэмцээнд ороод аварга болчихсон. Гавьяа шагналыг нь харахаар аваргууд хэдий ч гадаадын тэмцээнд очоод тулалдахаар чаддаггүй. Тиймээс бид “Шинобү Файтинг-2017” тэмцээнээс Монгол Улсаа төлөөлж чадах чадварлаг тамирчин гаргаж авах, нөгөөтээгүүр тэдний чадварыг чанаржуулах зорилгыг тавьж байна.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Таныг анх тулааны спортод хөл тавьж байсан үеийн түүхийг сонсмоор байна. Дээр нь энэ спортод таныг "дурлуулсан" багш нарын тань тухай уншигчид мэдэхийг хүсэж байгаа байх?
-Амьдралын минь утга учир бол тулааны урлаг юм. Аж амьдралыг минь залгуулж өгсөн буянтай спорт. Тиймээс л энэхүү спортыг хөгжүүлэх гээд зүтгээд байгаа юм би. Тулааны урлагаар хичээллээгүй бол өдийд буруу замаар орчихсон ч байх байсан юм бил үү.
-Буруу зам гэдэг нь ямар утгаараа тэр вэ?
-Шууд утгаараа. Энэ спортоор л би өөрийгөө төлөвшүүлсэн. Анх Дархан-Уул аймгаас каратэгийн кимоно үүрээд л гарсан. Халаасандаа 10-хан мянган төгрөгтэй хотод ирж байлаа. Тэр үед манай клуб подвалд байрлаж байсан. Тэнд над шиг Эрдэнэт, Дархан, Сэлэнгээс ирсэн залуус нэг үзэл бодолтой байсан. Бүгдээрээ байрлаад бэлтгэл сургуулилтаа хийж, спортынхоо гарааг эхлүүлж байлаа. Тэр үед бид Монголын хамгийн анхны “Цагаан бар” гэж хамгаалалтын компанийг Чинзориг багштайгаа нийлж байгуулсан. Тэндээсээ санхүүжиж, цалингаа авч амьдралаа залгуулдаг байсан санагдана.
-Та хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа “Уг нь малгай цуглуулах хоббитой байсан. Одоо бол сайн тамирчин цуглуулахыг зорьж байна” гэж ярьсан байна билээ. Өнөөдөр тэрхүү зорилгодоо хүрч чадаж байна уу?
-Манайх “Шинобү Файтинг Фитнесс” 2008 онд байгуулж байсан. Түүнээс хойш фитнесс болон тулааны спортыг холбосон. Дээр нь тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна фитнессээ олон улсын стандартад оруулах гэж зүтгэх явцад бэлтгэлийн систем бий болсон. Тулааны урлаг гэхээрээ хүн яаж цохих вэ, хүнээс яаж хамгаалах вэ гэх маягаар урлаг биш тал руугаа заагаад байна.
Фитнесс гэхээрээ булчингаа яаж хөгжүүлэх үү гэсэн зүйл байна. Ийм хоёр салангид юмыг бид хослуулж зааснаараа кикбоксоор хичээллэдэг 200 гаруй гишүүнтэй болсон. Түүний 130 гаруй нь эмэгтэй. Тамирчид гэх юм бол манай дээр кикбоксын дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгө хүрэл медаль, сонирхогчийн дэлхийн аварга, олон улсын аварга нар түлхүү төвлөрдөг. Одоо бол жаахан системтэй байх хэрэгтэй. Замбараагүй биш. Нэг системтэй, нэг зорилготой явах хэрэгтэй.
-Фитнессээр хичээллэж байгаа хүмүүсийн 130 гаруй нь эмэгтэй гэлээ. Эмэгтэйчүүдийн кикбоксоор хичээллэх, сонирхох шалтгаан нь юу байна вэ?
-Маш олон шалтгаан бий. Нэгт нийгэм өөрөө их бухимдалтай байна. Ийм үед хүмүүс спортоор хичээллэснээр дотроосоо уур бухимдлаа гаргаж, дээр нь богино хугацаанд биеэ тэгш хөгжүүлж байна. Хүн харахад тулааны урлаг гэдэг хурдтай хөдөлгөөн хийгээд байгаа боловч иог шиг, бясалгал шиг тайвшруулдаг. Хамгийн гол нь эмэгтэйчүүд стрессээ тайлах гэж хичээллэж байна.
Бас нэг зүйлийг хэлэхэд ажлаа хийгээд явж байхад хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд хамаг хувцас, цүнхээ үүрээд амьсгаадчихсан, яарчихсан, гүйгээд орж ирдэг. Тэрийг хараад би их урам авдаг.
-Яагаад тэр вэ?
-Яагаад гэвэл би тэр хүмүүст бэлтгэлдээ яарах тийм гоё сэтгэл өгч чадаж байна шүү дээ.
-Ингэхэд тантай холбоотой бүх зүйл “Шинобү” нэртэй байдаг шүү дээ?
-Тийм шүү. “Шинобү” бол өөрөө их гоё нэр л дээ. Ханз нь их философитой.
-Ямар утгатай юм бэ?
-“Шинобү” гэсэн нэртэй эмэгтэй хүн олон байдаг юм билээ. Бас том самурайнууд “Шинобү” нэртэй. Сүүлийн үеийн том якуза, мафын бүлэглэлийн боссууд “Шинобү” нэртэй байх жишээтэй. Ханзаар нь харах юм бол бамбайн доор хүний зүрх рүү сэлмээр дүрж байгаа зураглал харагдана. Тэр юу хэлж байна гэхээр зүрх рүү чинь сэлмээр дүрсэн ч тэвчээртэй бай гэсэн утга учиртай. Японд очиход энэ нэрийг клубын захирал надад өгч байсан.
Тэр клуб маань Японы төв клуб бөгөөд 40 жил аварга төрөөгүй. Хамгийн сүүлчийн аварга нь Шинобү гэдэг хүн байж. Тэгээд л “Дахиад аварга төрнө өө” гэж бэлгэшээж энэ нэрийг өгсөн. Түүнээс нь хойш би жилийн дараа аварга болж байсан даа.
-Монголын кикбоксын спортын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Хятад, Орос, Монгол хүн тулалдахад Монгол хүн аварга болох магадлал маш өндөр.
-Шалтгаан нь?
-Цусанд нь байдаг. Гэхдээ Монгол хүн аварга болоход ашиг байна уу, байхгүй.
-Яагаад ашиггүй гэж вэ?
-Монгол хүн аварга болоход Оросоос хүн ирж үзэх үү, Хятадаас хүн ирж үзэх үү, цөөхөн монголчууд л очно. Хятад хүн аварга болоход хэчнээн хүн тухайн зохион байгуулж байгаа газарт нь ирэх вэ.Сошиалаар хэдэн хүн хүлээж авах вэ ч юм уу, ийм том бодлого ард нь байдаг. Үүнийг манай спортынхон ойлгохгүй Монгол нь илүү хүчтэй, аварга болж чадна гэж ойлгоод байгаа юм. Тиймээс бид цаашид энэ спортыг системтэйгээр хөгжүүлэх хэрэгтэй.
-Тэгвэл үүнийг яаж өөрчлөх вэ. Яавал энэхүү спортыг хөгжүүлэх вэ. Та юу гэж бодож байна?
-Тэр чинь бидний бодлого. Дэлхийд том тулааны урлагийн тэмцээний үзэгчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тийм болохоор үзэгчдийн сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэй. Гарч байгаа тамирчид маань гоё дүр төрхтэй, бие бялдар сайтай, дэвжээн дээр гарахад өөрийн гэсэн аятай, өмсгөлтэй, гарахдаа ямар нэг тавилттай байх хэрэгтэй. Энэ чинь том контент л гэсэн үг, бүх талаар нь хөгжүүлэх хэрэгтэй.
-Мэдээж танд цаашид бодож, төлөвлөсөн олон ажил бий л биз дээ?
-Би анх 2008 онд Монголд ирээд жижигхэн өрөө түрээслээд, ханыг нь нураагаад, ринг зоогоод фитнесс байгуулах ажилдаа орж байлаа. Дараа нь зүүн дөрвөн замд тулаантай хослуулсан жем байгуулсан. Хоёр жилийн өмнө Зайсанд нүүж ирлээ. Ингээд ахиад л яваад байна. Бид одоо юу хийх гэж байна вэ гэхээр спортыг анагаах ухаантай хослуулсан жем барих юм. Зураг төслийн ажил дээрээ явж байгаа. Хүний эд эсийг задлан шинжлээд зөвлөгөө өгдөг. Та одоо ийм жинтэй байна, таны булчингийн татах хүч ийм байхад түлхэх хүч ийм байна. Тэгвэл ийм хугацааны дараа ийм жинтэй, ийм булчингийн хөгжилтэй болж болно гээд бүх юмыг тооцож гаргаж чаддаг болно гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа
| https://ikon.mn/n/118b |
118c | Мисс А.Баярцэцэг Холливудын кинонд дүр бүтээнэ | Монголын мэдээ | 06/13/2017 09:00:00 |
Эх орноо төлөөлж “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож 11-т шалгарч чадсан бүсгүй бол мисс А.Баярцэцэг билээ. Түүнийг “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож байх үеэр Диснейн Сан Франциско дахь агентлагаас “Мулан” уран сайхны кинонд шалгуулах урилга ирүүлж байсан билээ. Том агентлагийн хараанд өртөж, шалгаруулалтад оролцох урилга авна гэдэг бол ховор завшаан. Тиймээс мисс А.Баярцэцэг тэмцээнээ дуусаад тэдний урилгын дагуу ярилцлагад оржээ.
Гэвч олон шалгуурын дараа гол дүрийн жүжигчнийг сонгох учраас цаг хугацаа шаардлагатай байдаг гэнэ. Тэгвэл мисс А.Баярцэцэг маань Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын кинонд тоглохоор болжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэг. Дэлхийн миссийн тэмцээнд орсноороо энэ сайхан хүмүүстэй танилцах боломж олдсон билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Тайланд улсад болсон киноны шалгаруулалтын хариу маань иржээ. Ирэх жил дэлгэцнээ гарах ”Attrition” киноны томоохон туслах дүр болох Kyra-н дүрд тоглохоор боллоо” гэсэн байна. Кино зураг авалт ирэх долоодугаар сард Тайланд улсад эхлэх аж.
| https://ikon.mn/n/118c |
118d | Пакистанд алагдсан хятад иргэд шашны номлогчид байжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/13/2017 09:04:00 |
Пакистанд ажиллаж байсан хоёр хятад иргэнийг хулгайлж, амийг нь бүрэлгэснээ Исламын улс бүлэглэл өнгөрсөн долоо хоногт зарласан юм.
Эхэндээ тэднийг хятад хэлний багш нар байсан гэх мэдээлэл гарч байв. Гэвч өчигдөр буюу Даваа гарагт Исламабадын эрх баригчид алагдсан гэх хоёр иргэнийг визний зориулалтаа өөрөөр ашиглаж, шашны номлогчоор ажиллаж байсныг илрүүлснээ зарлажээ.
Тэднийг 24 настай Ли Зин Ян, 26 настай Мэн Ли Си нар байсныг мөн Пакистаны албаныхан тогтоосон байна. Хятад иргэд Солонгосын шашны байгууллагын шугамаар Пакистанд ирж, ажиллаж байсан бололтой. Өнгөрсөн сарын 24-нд тэднийг Балучистан мужийн төв Куэтта хотоос исламын зэвсэгт бүлэглэлийнхэн гэнэдүүлэн хулгайлжээ.
Иргэдээ суллуулахаар Хятадын засгийн газар ажиллаж байгаагаа мэдээлж байсан ч өнгөрсөн Пүрэв гарагт тэдний амийг хөнөөснөө Исламын улс бүлэглэлийн Амак суваг мэдээлсэн юм.
“Нэг бүс, Нэг зам” төслийн хүрээнд Бээжин Пакистанд их хэмжээний дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж байгаагаас тус улсын иргэдийн дунд хятад хэлийг суралцах явдал нэмэгдэж, хятад хэлний багш мэргэжилтнүүд тус улсыг зорих нь нэмэгдсэн байна. Дээрх хоёр хүн нь Исламын улс бүлэглэлийн гарт амиа алдсан Хятадын хоёр ба гурав дахь иргэн болж байгаа юм. 2015 онд тус зэвсэгт бүлэглэл Иракт ажиллаж байсан Хятадын иргэнийг барьцаалж, сүүлд хөнөөсөн нь анхны тохиолдол болж байв.
Эх сурвалж: South China Morning Post
| https://ikon.mn/n/118d |
118e | Г.Чулуунбаатар сайдаа гадагшаа “зарагдаж” байгаа багш нараа анхаарна уу | Б.Өнөртогтох | 06/13/2017 09:10:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн асан Д.Энхбат саяхан твиттер хуудсандаа “Манай сайн багш нар Өвөрмонголд ажиллахаар явах нь олширчээ. Саяхан л хамт ажиллаж байсан зөвлөх багш маань явчихсан байна” хэмээн жиргэжээ. Түүний жиргээний дор энэ асуудал анхаарал татаж буйг олон ч хүмүүс онцолсон байх аж. Тэр ч байтугай тэтгэвэрт гарсан багш нар Эрээний дунд сургуульд багшилж байгааг хүмүүс бичжээ. Өвөрмонголд ажиллаж, амьдрахаар явж байгаа багш нарын дийлэнх нь мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай хүмүүс байдаг гэнэ лээ.
Тэр дундаа монгол судлал, Хөгжим бүжиг, СУИС-ийн багш нар хамгийн их гадагшаа очиж ажилладаг бөгөөд сарын 500,000 төгрөгийн цалингаас өөр орлогогүй сууж байснаас байр нь бэлэн, сардаа 500,000 юанийн тэтгэлгээс гадна үндсэн цалингаа авч, сайхан орчинд ажиллахыг илүүд үздэг болсон нь энэ юм. Өвөрмонголд одоо Монголын түүхтэй холбоотой маш том музей баригдаж байгаа бөгөөд тэнд ажиллах монгол судлаачдыг ч манайхаас эрж хайх болсон гэнэ лээ. Асуудал ингээд дуусахгүй. Өвөрмонголыг зорьж ажиллаж байгаа хүмүүс дан ганц багш нар ч биш.
Амралтын хугацаандаа СУИС- ийн оюутнууд ч тус улсыг зорьж ажил хийдэг бол, хаврын цагт туслах малчнаар өмнөд хөршийг зорих иргэд ч нэмэгджээ. Сардаа нэг сая төгрөгийн цалинтай, бас буцахдаа хувцас авах мөнгөтэй ирдэг ч үнэн хэрэгтээ тэд “боолын хөдөлмөр” эрхэлж байгаад ирдгийг нэгэн танил маань ярьж байсан юм. Ажилгүй гэртээ хэвтэж байснаас амьдралаа залгуулахын тулд хилийн дээс алхаж буй тэднийг буруутгах гэсэнгүй. Гэвч боловсролын салбараас давалгаалсан энэ хандлага эрүүл мэндийн салбар, цаашлаад бусад салбарт нөлөөлбөл хэрхэх билээ.
Дотооддоо ур чадвараа 500 мянган төгрөгөөр үнэлүүлж, амьдрах гэж арга ядаж сууснаас гадагшаа мэргэжлээрээ ажиллахаар чадвартай эмч нар маань хилийн дээс алхчихвал бид хэрхэх вэ. Судас олж чадахгүй эмч нар, үгээ зөв бичиж чадахгүй багш нар л Монголд минь үлдэж хоцрох вий гэсэн эмзэглэл байгааг нуух юун. Монгол Улсын ирээдүйн ажиллах хүчнийг бэлтгэх учиртай чадалтай багш нараа үнэлж чадахгүй байгаа учраас ийм асуудал үүсч байгаа хэрэг. Хийснийг нь үнэлж чаддаг газарт ажил хийхэд ч урамтай байдаг хойно судалгаа шинжилгээг чинь үнэлье гээд урьж байхад зугтах тэнэг хүн байхгүй болов уу.
Тиймээс эдгээр багш нарыг буруутгах гэсэнгүй. Бид цөөхөн монголчууд. Гэвч монгол хүний оюуны ухааны цараа, сэтгэх чадвар дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг, бүр дээгүүрт бичигдэж эхэлсэн. Дэлхий дахин чадалтай эрдэмтэн, чадварлаг уран бүтээлч, спорт, урлагийн гоц авьяастнуудаар “цангаж” байгаа. Тэр ч утгаараа аль үндэстэн байхаас үл шалтгаалж өндөр үнээр худалдаж авдаг, өөрийн улсын иргэншлийг асар их мөнгөөр санал болгодог болчхож. Түүний тархийг өөрийн улсын хөгжил дэвшлийн төлөө ашиглахын тулд тэд хөрөнгө мөнгө харамлахгүй байгаа нь энэ.
Гэтэл монголчууд бид дотооддоо өнөөх л эх оронч гэсэн тамын тогооны үлгэрээ ярьсаар суутал хамаг чадалтай залуус маань гадагшаа хар ажилчнаар гарч, мэдлэг боловсролтой нь сарын цалингийн төлөө эх орноосоо нүүр буруулахад хүрч байх жишээтэй. Үүний жишээ ч Монголд цөөнгүй бий. Монголын нэг эрдэмтэн шинэ нээлт хийхэд түүнийг нь төр засаг дэмжээгүй байхад гаднынхан олж харчхаад худалдаж авах санал тавьж байсан тохиолдол маш олон бий. Спортын томоохон амжилт гаргасан тамирчид маань эхнээсээ гаднын улсын нэр дээрээс барилдаж, иргэншлээ сольдог боллоо.
Анхлан Олимпын хошой хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Д.Мөнхбаярыг Герман улсын иргэн болоход олон хүн гайхширан хүлээж авч байлаа. Муулах хүн ч бишгүй олон байсан. Тэгвэл энэ асуудал одоо байдаг л үзэгдэл мэт болжээ. Казахстан, Япон зэрэг улс орнуудын нэр дээрээс манай тамирчид барилдаж, бас уралдаж байна. Тэр ч байтугай хүндийн өргөлтийн залуухан тамирчин Э.Анхцэцэгт тэрбум ам.доллар санал болгож, өөрийн улсын нэр дээрээс тэмцээнд оролцохыг санал болгосон тухай мэдээлэл хэвлэлийн шарласан хуудаснаа тодхон байх аж.
Гэтэл энэ мэт мэдээг байх ёстой зүйл мэт хардаг, бараг л баярлах шахуу хүлээж авч хэрхэвч боломгүй байлтай. Улс нь анхаарахгүй байхад амьдралаа бодоод явсан нь дээр хэмээн өмгөөлж болох ч үндэсний аюулгүй байдал үүний цаана яригдаж байгааг анхаарахгүй өнгөрч боломгүй юм. Дахин хэлэхэд бид цөөхөн монголчууд. Долоон тэрбум хүнтэй бөмбөрцөг дэлхийн маш жижигхэн эд эс. Хэзээ ч мөхөж мэдэх цөөхөн хүн амтай “жижигхэн” улс.
Тиймээс төр харж үзсэнгүй хэмээн гадагшаа явдаг, сайхан амьдралын төлөө иргэншлээ солих байдлаар нэг иргэнээ алдсаар байвал юу болох вэ. Үндэстэн мөхөх эхлэлийг л тавьж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Монгол хүний оюун ухааныг Монголдоо бид зөвөөр ашиглах хэрэгтэй байна. Энэ улсын хэтийн хөгжил, ирээдүйн төлөө салбар бүртээ анхаарахаас өөр аргагүй. Тэр тусмаа боловсролын салбарыг үл тоож боломгүй байлтай. Багшийн үнэлэмжийг дээшлүүлж, судалгаа шинжилгээг нь бодитоор дэмждэг болох сон.
Их дээд сургуулийн багш нар лекцээ ном болгож хэвлүүлснээрээ биш улсын хөгжлийн төлөө хийсэн бүтээсэн том ажил, эрдэм шинжилгээний гайхалтай бүтээлээрээ өрсөлддөг, түүнийгээ үнэлүүлдэг болсон цагт сая л монгол хүнээ дэмжиж байна гэж хэлэх биз. Үүнийг улстөржүүлэх шалтгаан байхгүй ч засаглалын тогтолцоо тэр хэрээр буруутай. Төр хэрвээ салбар салбарын бодлогоо зөв тодорхойлдог бол, улс төрийн намуудын нөлөө салбар бүрд ордоггүй бол тэд бүгд жамаараа явсаар хөгжих учиртай юм. Даанч тийм боломж алга.
Их дээд сургууль байтугай сургуулийн цэвэрлэгчийг хүртэл намаар ялгаж ажилд авдаг цаг үед мөнгө өгсөнд нь тархин дахь мэдлэгээ худалдахаас өөр яалтай. Чадалтайг нь гаднынхан шүүрдэж авсаар байгаа учраас чадалгүй нь тунаж үлдэнэ. Чадваргүй багшийн гараас арван үг ч зөв бичиж чадахгүй боловсон хүчин бэлтгэгдэж гарна. Тэд хувь, хувьсгалын ажил хийж, тэр ч байтугай төрд орж суучхаад төрийн бодлого, хуулийг самарч буй учраас энэ улсын хөгжил урагшаа биш хойшоо яваад байгаа юм. Эмнэлгийн салбарын хөгжил, хүнд суртлын тухай бид хангалттай бичсэн.
Одоо харин Боловсролын салбарын талаар тууштай дуугарах цаг нь болжээ. Шинэчлэл, өөрчлөлт ярихаар ганц сайдыг халаад л цэгцрэх асуудал биш. Боловсролын салбарт яг одоо эрс өөрчлөлт хэрэгтэй байна. Багшийн үнэлэмжийг дээшлүүлэх нь юу юунаас илүүтэй анхаарал татах сэдэв болоод байна. Шалгалтын ганц материал задрахаас ч ноцтой асуудал яригдаж байгааг сануулах нь илүүц биз. Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр эзэнгүй байсан боловсролын салбар өнгөрөгч долоо хоногт арайхийн эзэнтэй болов.
Тэр ч байтугай мундаг академичийг сайдаар томилж “гийгүүлсэн” дуулдана. Тэгвэл Г.Чулуунбаатар таны ажил багшийг үнэлэхээс эхлэх учиртай шүү. Хэдхэн халтар төгрөгийн төлөө харьд ажиллах сонголт хийж байгаа чадалтай боловсон хүчнээ буцааж авчрахаас эхлэх ёстойг сануулчихъя. ЕБС цаашлаад Их дээд сургуулийн ажиллах хүчнийг чадваржуулах, тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлж гэмээнэ бодит ажил, шинэчлэлт болох учиртай юм.
Түүнээс биш нэг хүнийг халж солилоо гээд өөрчлөлт хийгдэхгүй гэдгийг эрхэм сайдтан танд хэрэг болгон дуулгая. Шинэхэн дээрээ соньхон гэгчээр энэ салбарт өөрчлөлт хийнэ гэх итгэл, хүлээлт байгааг бүү мартаарай. Эс тэгвээс эзний суудал ээлжтэй, хааны суудал халаатай гэдгийг мартуузай.
| https://ikon.mn/n/118e |
118h | Э.Макроны нам үнэмлэхүй ялалт байгууллаа | Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ | 06/13/2017 09:34:00 |
Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хэний ч мэдэхгүй намын нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Байгуулагдаад ердөө нэг жил болж буй шинэхэн улс төрийн хүчнээс нэр дэвшсэн Эммануэль Макрон зөв менежмент ашиглан сонгуулийн сурталчилгаагаа явуулж, үр дүнд нь Францын Ерөнхийлөгч болсон.
Тэгвэл энэ сарын 11-нд тус улсын парламентын доод танхимын эхний шатны санал хураалт болж, Макроны төвийн үзэл баримтлалт “Урагшаа” нам болон түүний холбоотон болох төвийн үзэл баримтлалт улс төрийн хүчин “MoDem” нийтдээ 32.32 хувийн дэмжлэг авч, олонх болох нь нэгэнт тодорхой болжээ.
Францын Дотоод хэргийн яамнаас сонгуулийн эцсийн үр дүнд өчигдөр өглөө 01:30 цагт зарласан юм. Улмаар “Урагшаа” нам болон Ардчилсан холбоо нам нийтдээ парламентын 577 суудлын 400-445-ыг авах төлөвтэй байгаа юм. Харин Францын эрх баригч хүчин болох Социалистууд энэ сонгуулиар 200 суудлаа алдлаа. Макроны нам ердөө нэг жилийн өмнө байгуулагдсан. Тиймдээ тус намаас доод парламентад сонгогдсон гишүүд улс төрийн ямар нэг туршлагагүй “бор халзан хонинууд” байгаа юм.
Гэхдээ эцсийн үр дүн дараагийн долоо хоногийн ням гарагт болох хоёр дахь шатны санал хураалтаар эцэслэн шийдэгдэх билээ. Саналын хуудсыг бүгдийг тоолж дууссаны дараа Макроны LREM болон MoDem нам 32.3 хувийн санал авсан бол төв барууны үзэл баримтлалт Бүгд найрамдахчууд 21.5 хувь, Үндэсний Фронт нам 13.2 хувь, эрх баригч Социалистууд энэ удаа ердөө 9.5 хувийг санал тус тус авсан байна.
Энэ үзүүлэлтээр Бүгд найрамдах нам доод парламентад 70-130 суудал авах магадлалтай юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд Макронтой өрсөлдсөн Марин Ле Пений Үндэсний фронт нам 1-10 суудал авна гэж шинжээчид үзэж байна. Марин Ле Пен парламентын анхан шатны сонгуульд Ерөнхийлөгч Эммануэль Макроны өнгөрсөн жил байгуулсан шинэхэн нам ялалт байгуулсан явдалтай холбоотойгоор улсынхаа иргэдийг улс төрийн идэвх муутай байна гэж шүүмжилжээ.
Ерөнхийлөгч Макроны нам өөрчлөлт шинэчлэл хийхийн тулд их хуралд олонх суудлыг авах зорилго тавиад байсан юм. Тэр ч үүднээс сонгуулийн дүн сүүлийн 10 жилийн турш эрх барьсан намуудад ахин нэг томоохон цохилт болсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Үүнтэй холбоотойгоор Францын Ерөнхий сайд Эдуард Филипп “Франц улс эргэн ирлээ” гэж мэдэгджээ.
Улс төр судлаачид Макроны эвслийн нам сүүлийн шатны сонгуульд сонгогчдын дөрөвний гурвын дэмжлэгээр 400-440 суудал авч, ялалт байгуулах магадлалтай байна гэж үзэж байгааг “Ройтерс” агентлаг онцолжээ. Тэдний гол өрсөлдөгч нь бүгд найрамдахчууд байх бөгөөд 100 орчим суудал авч магадгүй гэж шинжээчид үзэж буй юм байна.
Нөгөөтээгүүр экс Ерөнхийлөгч Франсуа Олландын Социалист нам өмнөхөөсөө 200 суудлаа алдаж, намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн Бенойт Хамон хүртэл хоёр дахь шатны сонгуульд үлдэж чадаагүй байна. Сонгууль хоёр үе шаттай бөгөөд ирэх ням гарагт буюу зургаадугаар сарын 18-нд Үндэсний ассемблейн доод танхимын 577 гишүүнийг сонгох сонгуулийн хоёр дахь үе шат явагдах юм.
| https://ikon.mn/n/118h |
118i | “Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн Венецийн биенналийн хүрээнд албан ёсны нээлтээ хийлээ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/13/2017 09:50:00 |
Эрин цагийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлогч, дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэx Венецийн олон улсын дүрслэх урлагийн биеннальд ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс 2 дахь удаагаа албан ёсоор оролцож байна. Энэ удаа эх орноо төлөөлөн Монгол улсын төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар “Lost in Tngri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотын төв хэсэгт байрших Istituto Santa Maria della Pietà-д 5-р сарын 11-ны өдөр албан ёсоор нээлээ.
Монгол Улсын павильоны нээлтэн дээр Монгол улсаас Итали улсад суугаа элчин сайд Ц.Жамбалдорж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн зэрэг албаны төлөөлөгчдөөс гадна монгол уран бүтээлчид, тус төслийг дэмжин ажилласан хувь хүмүүс, түүнчлэн Бостоны Дүрслэх урлагийн музейн захирал Мэттью Тейтелбаум, Их Британийн эзэн хааны одонт, Лондонгийн Олон улсын дүрслэх урлагийн институтын захирал асан Тезза Жэксон зэрэг гадаадын зочид гийчид, нийт 70 орчим хүмүүс байлцлаа. Нээлтийн вернисажын өдрүүдээр Монголын павильон хөл хөдөлгөөн ихтэй байсан ба 3 хоногийн дотор олон улсын урлаг судлаач, мэргэжилтнүүд, уран бүтээлчид, урлаг сонирхогчид нийт 3,000 орчим хүн ирж үзэж монгол уран бүтээлчидтэй уулзан санал сэтгэгдлээ хуваалцав. Тэд монголын павильоны талаар маш өндөр сэтгэгдэлтэй байсныг энд хэлэх нь зүйтэй.
“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн нь өнөөгийн монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулмагдсан асуудлуудыг хөндсөн ба уран бүтээлч Ш.Чимэддоржийн “Би шувуу” хэмээх буун толгой бүхий 60 дэглийн өрөг, О.Энхтайваны ”Үйлийн үр” видео ажил, Г.Мөнхболорын 2010 оны зуданд нэрвэгдсэн малын гавлын ясыг ашиглан тууривсан ”Идэхийн үйл” өрөг бүтээл, Ж.Болортүвшингийн ”Хүчирхийлэгдсэн нь” видео ажил, Ц.Даваажаргалын ”Дахин оршихуй” нэртэй дуу авиаг павильоны 4 өрөө болон гадаах цэцэрлэгт хүрэээлэнд тараан байршуулжээ. Эдгээр ажлуудаас диваажинг санагдуулах онгон дагшин байгальдаа нүүдлийн ахуй соёлоо түшиглэн амьдарч ирсэн монголчууд сүүлийн 20 гаруй жилийн туршид тансаг амьдрал, тав тух, эд баялагийг эрхэмлэн өөр төрлийн диваажингийн хайгуулд мордож, өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн газар нутгаа хайр гамгүй ашиглан хүн хүнээ, байгаль орчноо устган сүйтгэж, хоёр төрлийн диваажингийн дунд төөрөлдөн хөл алдаж өөрийгөө гээж буй монгол орны дүр төрхийг харж болно.
Урлаг яагаад ийм бараан болсон, монгол орныг яагаад сөрөг талаас нь харуулахыг зорив хэмээн асуух нь зайлшгүй. Эрин цагийн уран бүтээлчид гоё сайхан, өнгөц байдлыг магтан дуулахаас илүүтэй хувь хүний дотоод ертөнц, нийгэмтэй харьцах харьцаа, оршихуйн мөн чанарыг ухан ойлгохыг хичээх болсон хийгээд, тэдний бүтээл нилээд гүн ухааны чанартай болж хувирч буйг энд хэлэх нь зүйтэй байх. Уран бүтээлчид аливаа хувь хүн, нийгэм, улс орныг зөвтгөж буруутгахаас илүү хүн, байгалийн араншин ерөнхий зүй тогтолыг ухаж ойлгохыг хичээж, өөрсдийн бүтээлээр дамжуулан олон талт асуудлыг дэвшүүлж, хүмүүст хоорондоо ярилцах боломжийг олгож байгаагаараа үнэ цэнэтэй. “Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн ч мөн хүн төрөлхтөн, дэлхий ертөнцийн өмнө тулгарч буй нийтлэг асуудлыг монгол улсын жишээгээр ярилцаж буй юм.
Тус төслийг хэрэгжүүлэхэд Монгол улсын комиссараар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Төслийн удирдагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа, куратороор Ё.Далх-Очир ажиллаж, Ром, Берлин дэх ЭСЯ-д төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллав. Түүнчлэн төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний агаарын тээврийн МИАТ компани, Хас банк, Эрэл Групп, Макс Групп, Швейцарийн хөгжлийн агентлаг, Моннис групп, Шангрила Улаанбаатар ХХК, Монре даатгал, Mahoney Liotta, Батс өргөө, Ард даатгал болон бусад хувь хүн компаниуд ажилласан.
Viva Arte Viva – Урлаг мандтугай!
Венецийн олон улсын дүрслэх урлагийн 57-р биенналийн ерөнхий куратороор Парисын Орчин үеийн урлагийн Помпеду төвийн куратор Кристин Масел сонгогдож тус биенналийн хүрээнд олон улсын 120 уран бүтээлчийн нэгдсэн үзэсгэлэн, 86 орны үндэсний павильон, 23 дагалдах арга хэмжээ 5-р сарын 10-12-ны өдрүүдэд нээлтээ хийлээ.
“Зөрчилдөөн, мөргөлдөөн, цочролоор дүүрэн өнөөгийн ертөнцөд хүн хүнээрээ байх шаардлага, хүнлэг байхын үнэ цэнийг бидэнд урлаг сануулж байна. Урлаг өөрөө бодол эрэгцүүллийн чухал суурь болдог, энэ утгаараа уран бүтээлчдийн үзэл бодлын илэрхийллийг өнөө цагт илүү чухалчлан авч үзэж ярилцдаг болоод байна. Хэдийгээр ирээдүй тодорхой бус ч дэлхий нийт уран бүтээлчдийн санаа бодлыг тусган цаашдын алхамыг хийх нь зүйтэй. Яагаад гэвэл уран бүтээлчид бол дотоод мэдрэмж нь хамгийн өндөр хөгжсөн хүмүүс байдаг” хэмээн ерөнхий куратор Кристине хэлсэн байдаг.
Viva Arte Viva бол уран бүтээлчдийн сэтгэл зүйн байдал, үзэл бодол, тэмцэл, хашхирааны илэрхийлэл юм.
Кристине Маселийн удирдсан олон улсын нэгдсэн үзэсгэлэн нь “Уран бүтээлчид ба ном”, ”Аз жаргал ба айдас”, ”Нийтлэг зүйлс”, ”Дэлхий ертөнц”, ”Уламжлал”, ”Dionysian”, ”Бөө”, ”Өнгө” гэсэн 8 төрлийн павильоноос бүрдэж, Венецийн Арсеналь, Жардини дүүргээр тархан байршсан ба үзэгчдэд дотоод мөн чанараас хязгааргүй хүртэл аялах боломжийг олгожээ.
Венецийн олон улсын дүрслэх урлагийн 57-р биенналийн тэргүүн шагналыг Германы павильон хүртлээ.
Энэ удаагийн шалгаруулах комисст Испани, Итали, Тайван, Камерун, Английн шүүгчид ажиллаж Үндэсний павильоны Алтан Арслангийн шагналыг Герман улсын павильон, уран бүтээлч Анне Имхофт, Viva Arte Viva олон улсын үзэсгэлэнгээс Алтан Арслангийн шагналыг Германы уран бүтээлч Франс Эрхард Уолтер, Залуу уран бүтээлчдэд олгодог Мөнгөн арслангийн шагналыг Англид төрсөн, одоогоор Египтийн Кайрод амьдардаг уран бүтээлч Хассан Ханд олгох шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн Венецийн биенналийн зүгээс насан туршдаа байгуулсан гавъяаг нь үнэлэн АНУ-ын уран бүтээлч Кароли Шиманд Алтан арслангийн шагнал олгожээ.
Венецийн биенналийн бүх үзэсгэлэн 2017 оны 11-р сарын 26-ыг дуустал үргэлжилнэ.
| https://ikon.mn/n/118i |
118j | Б.Хашмаргад: Автомашинаар 2-3 хоног явж түймрийн голомтод хүрч байна | Г.Лхамрагчаа | 06/13/2017 10:01:00 |
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргадтай ярилцлаа.
-Улсын хэмжээнд гал түймэр нэлээд гарч байна. Хан Хэнтийн дархан цаазат газрын хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Өнгөрсөн өвөл цас бага унаж, хавар эрт дулаарсан учраас хуурайшилт ихтэй байгаа. Уулсаас эх авч буй зарим голууд тасрах төвшинд хүртлээ хатсан. Хан Хэнтийн хувьд гурван газар түймэр асаж байгаа. Арцатын түймэр өнгөрсөн тавдугаар сарын 17-ноос хойш гарсан. Нийт 60 гаруй хүн бүтэн хоёр cap гаруйн хугацаанд унтраах арга хэмжээ авсны үндсэн дээр цурамд нь орууллаа.
Дээр нь Өмнөдэлгэрт гарсан түймрийг унтрааж чадаагүй. Одоо Онцгой байдлын ерөнхий газраас нэмэлт хүч гарган ажиллаж эхлээд байна. Харин Мөнгөнморьтод гарсан ил түймрийг унтраасан боловч хөрсөн дор үндсээрээ уугьсаар байгаа. Эргэн асах тохиолдол гарах болсон. Тиймээс дархан цаазат газар болон онцгой байдлын албан хаагчид тасралтгүй ажиллаж байна. Одоогийн байдлаар 16 шоо км газар түймэрт сүйдсэн.
-Хоёр сарын хугацаанд түймрийг унтраахаар ажиллаж байна гэлээ. Нөхцөл байдал хүндэрсэн гэсэн үг үү?
-Хүндхэн байна. Наад зах нь түймрийн голомтод хоол хүнс, тусламж хүргэхийн тулд 2-3 хоног автомашинаар явдаг. Зам нь “Зил-131 ” -ээс өөр автомашин хүрэх боломжгүй бартаа, саадтай. Төсөв мөнгөний хувьд ч хүндрэл гарах болсон. Тухай бүрд Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Онцгой байдлын газрууд, орон нутгаас шийдвэрлэж байна. Cap гаруй түймэр дээр ажилласан албан хаагчид ядарсан ч хүн хүчний дутагдлаас болоод сэлгэх боломжгүй байгаа.
-Дулааны улирал эхэлсэн нь гал гарах шалтгаан болж байна уу. Эсвэл өөр хүчин зүйлс нөлөөлөв үү?
-Хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан зүйл бий. Хуулиар хуш модны самар бэлтгэхийг гуравдугаар сарын 15-наас хойш хориглосон байдаг. Гэвч борлуулах, худалдан авахыг нь зохицуулаагүй байдаг учраас галт түймэр гарах эрсдэлийг нэмж байна. Тэгэхээр үүнтэй холбоотой зохицуулалт хийх шаардлагатай. Мөн байгалийн хүчин зүйлс нөлөөлж байгаа. Тухайлбал, Өмнөдэлгэрт гарсан түймэр аянга буусны улмаас гарсан байх магадлал маш өндөр.
-Танай газраас хэдэн га газрыг хариуцаж хамгаалдаг вэ?
-Хан Хэнтийн дархан цаазат газар нийт 1.7 сая гаруй га талбайг хариуцаж хамгаалдаг. Гэхдээ нэг байгаль хамгаалагч ойролцоогоор 60 мянган га газрыг хамгаалж байна. Өөрөөр хэлбэл, гурван Богд уулыг нэг хүн хамгаална гэсэн үг. Тэгэхээр хүн хүчний хүрэлцээний асуудал хүндрэлтэй байгаа юм. Тиймээс гал түймрийн эрсдэл өндөртэй үед салбар яамнууд хамтран цэргийн анги нэгтгэлүүд, тэдгээрийн хүн хүч, техник хэрэгслийг дайчилбал илүү хурдан хүндрэл бага гарна шүү дээ.
| https://ikon.mn/n/118j |
118k | Дэнис Родмэн өнөөдөр Хойд Солонгост ирнэ | Р.Төмөр, ikon.mn | 06/13/2017 09:52:00 |
Америкийн сагсан бөмбөгийн домог Дэнис Родмэн өнөөдөр буюу Мягмар гарагт Хойд Солонгост зочилж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Америкийн дөрвөн иргэнийг шоронд хорьж, АНУ-Хойд Солонгос улсууд дайны ирмэг дээр ирээд байгаа хүндхэн үед тэрээр Ким Жон Унтай уулзахаар ирж байгаа юм.
Хойд Солонгосын тал нэрт тамирчныг өнөөдөр Пёньянд ирнэ гэдгийг баталсан байна. АНУ-ын албаны хүн Родмэны аялалыг мөн баталж, үүнд ямар нэг албаны зорилго байхгүй гэжээ.
Түүнийг өчигдөр Бээжин хотын олон улсын нисэх буудалд явж байхад нь CNN-ий сэтгүүлч тааралдаж асуулт асуухад хариулаагүй тухай мэдээлсэн байна. Родмэн нийтдээ дөрвөн удаа Хойд Солонгост очиж байсан гэдэг. Хамгийн сүүлд тэр 2014 онд Пёньянд зочлон Ким Жон Уны төрсөн өдөрт зориулан NBA-гийн бүх оддын багт багтаж байсан тамирчидтай цуг үзүүлэн тоглолт хийсэн юм. Ким Жон Ун 1990-ээд оны Чикаго Буллс багийн фэн ажээ.
Родмэн өмнө нь өөрийн аялалаа “сагсан бөмбөгийн дипломат харилцаа” хэмээн нэрлэж, дайсагнасан харилцааг зөөлрүүлэх зорилготой хэмээн өөрийн үйлдлийг хамгаалж байсан юм. Гэвч түүнийг хүний эрхийг уландаа гишгэдэг харгис дэглэмийг дэмжиж байна хэмээн шүүмжлэх хүмүүс ч байдаг.
Эх сурвалж: Business Insider
| https://ikon.mn/n/118k |
118l | ЭЕШ маргааш орон даяар эхэлнэ | Г.Мөрөн, iKon.mn | 06/13/2017 14:06:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Ерөнхий Боловсролын Сургууль төгсөгчдийн хамгийн хариуцлагатай цаг үе болох Элсэлтийн Ерөнхий Шалгалт маргааш буюу 2017 оны зургаадугаар сарын 14-ний 12:00 цагт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ.
ЭЕШ өгөх шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна
Бүртгэлийн хуудас
Суудлын хуваарь
Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
ЭЕШ-ын үеэр тавигдах шаардлага
Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.
2017 оны ЭЕШ-ын хуваарь
Энэ жил ЭЕШ-д нийт 40,388 шалгуулагч бүртгүүлсэн байна.
Үүний 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа юм.
Нийт шалгуулагчдын хичээл сонголтыг хичээл тус бүрээр авч үзвэл математикийн хичээлийг хамгийн их сонгосон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах графикаас харна уу.
ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчийн хичээл сонголт
ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын тоог хүйсээр нь авч үзвэл 18,435 нь эрэгтэй, 21,953 нь эмэгтэй байна.
ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчдын тоо
Түүнчлэн шалгуулагчдын 17,499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22,889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлжээ.
Шалгуулагчдын тоо аймаг, нийслэл, хүйсээр
Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт марааш буюу зургаадугаар сарын 14-нд эхэлж 18-ныг дуустал дөрвөн өдөр үргэлжилнэ.
Монгол хэл, бичгийн болон Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 1-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 14-нд дууссан юм.
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв | https://ikon.mn/n/118l |
118m | QUIZ: Ихэнх Америкчууд энэ сорилд унадаг. Харин та? | Р.Түвшин, iKon.mn | 06/13/2017 10:11:00 |
Зохих үгийг сонгоно уу. | https://ikon.mn/n/118m |
118n | Д.Цэрэнсодном: Зава Дамдин нарын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй | Ч.Үл-Олдох | 06/13/2017 10:36:00 |
Монгол Улсын судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, их эрдэмтэн, гавж Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Нэрт эрдэмтэн Зава Дамдин тэргүүтэй лам нарын Монголын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа.
-Судар бичгийн хүрээлэн гэхээр Жамъян гүний талаар хүмүүс түлхүү мэддэг. Энэ удаа Зава Дамдинг дурсаж, тэр дотроо “Гурван ламдаа хүндэтгэл үзүүлэх эрдэм шинжилгээний хурал” хийх таны саналыг эрдэмтэд нэгэн дуугаар зөвшөөрч өчигдөр зохион байгууллаа. Энэ учрыг болон Зава Дамдин гэж хэн болох талаар ярилцлагаа эхлэх үү?
-Өмнө нь тайлбар болгож хэдэн үг хэлье л дээ. Ардын хувьсгал ялсны дараахан төр, улс шинжлэх ухаанд ихээхэн ач холбогдол өгч, Судар бичгийн хүрээлэнг байгуулсан байдаг. 1921 оны арваннэгдүгээр сарын 29-нд энэ хүрээлэнг байгуулж, түүнийг эрхэлсэн сайдаар Жамъян гүн, эрдэмтэн нарийн бичгийн даргаар Жамсрангийн Цэвээн нарыг томилсон.
Анх дуун ухаан /хэлний/-ы, түүхийн гэсэн хоёрхон тасагтай байсан. Тэнд ажиллах боловсон хүчний хувьд тухайн үеийн эрдэмтэй сэхээтэн гэхээр лам нар л байж. Тиймээс 1923 онд Жамъян гүн, Ж.Цэвээн нарын санал, санаачилгаар Зава Дамдин гавж, Гэлэгжамц дооромбо, Шагж гэвш нарыг урьж ажиллуулсан байгаа юм. Тэд бол яах аргагүй тухайн үедээ судар бичгийн хүрээлэнгийн гол ноён нуруу, түшиг болж байсан хүмүүс.
Энэ жил Зава Дамдин гавжийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байгааг ёслол төгөлдөр тэмдэглэх хэрэгтэй гэсэн БСШУС-ын сайдын тушаал гарснаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Ингэснээр Зава Дамдин гавж, Гэлэгжамц дооромбо, Шагж гэвш гурвыгаа бид эргэн дурсах, хүндэтгэж ярих бололцоо бидэнд олдлоо. Энэ нь ч зүйн хэрэг гэж бодож байна.
-Зава Дамдинг ямар гавьяатай, бүтээлтэй хүн бэ. Зава гэдэг нь цол зэрэг үү, ямар учиртай нэр бол?
-Зава Дамдин гавж одоогийн засаг захиргааны хуваариар яривал Дундговь аймгийн Чойрын хийд орчмын хүн. Нутагтаа өөрийн багш Лувсанбалдангийн заавраар ном үзэж дараа нь Гандан хийдэд шавилж, буддын гүн ухааны ном үзэж, гавжийн дамжаа барьсан. Гавжийн дамжаа гэдэг нь буддын гүн ухааны чойрын таван боть номд нэвтэрч, улмаар буддын их, бага таван ухаанд суралцах зам мөрийг олж авсан гэсэн үг.
Их, бага таван ухаан, тэр дотроо будцын гүн ухаан, дотоод ухаан, учир шалтгааны ухаан, түүхийн ухаанаар 16 боть сүм бумтай /бүрэн зохиол бичсэн/ хүн. Үүнийг нь 20-иод жилийн өмнө Гүрдаваа Ренбүүчий Делид хэвлүүлж амилуулсан. Үүнээс өмнө манай улсын номын санд 12 ботиор байсан. Түүний бүтээлийг төвд хэлээр уншдаг, буддын судлалын эрдэмтэд ерөнхийд нь гадарлана.
Түүний бүтээл, туурвилын дотроос Монголын шинжлэх ухаан, тэр дотроо түүхийн шинжлэх ухаанд оруулсан дорвитой хувь нэмэр нь "Хор Чойнжүн" буюу Монголд шашин, ном дэлгэрсэн түүх, түүний үндэс, тайлбар хэмээх хоймсон зохиол юм. Харин түүний нэрийн өмнөх Зава гэдэг үгийн утгын тухайд буддын шашны судлалын ойлголтоор бол номын үндэс, язгуурыг гаргаж бичихийг төвөдөөр “Зава” гэдэг.
Номын үндсийг гаргаж бичих чадвараараа гаргуун хүн байсан тул олон түмэнд Зава Дамдин гэж нэршиж ирсэн. Түүний бичсэн таван бүлэгт “Хор Чойнжүн” буюу үндэс,тайлбар хоёрын аль алиныг маш сайн гаргаж тавьсан. Ялангуяа зохиолын тэргүүн, дэд бүлэгт өмнө нь хүн судалж чадаагүй, хийгээгүй, хэлээгүй нээлтийн чанартай хэдэн чухал зүйлийг гаргасан.
Тэр нь юу вэ гэвэл, Монголд шашин ном дэлгэрсэн түүхийг түрүү дэлгэрэлт, дунд дэлгэрэлт, хожуу дэлгэрэлт гэж гурав хувааж үзсэн байдаг. Түрүү дэлгэрэлтийн үеийг одоогоос 3,000 жилийн өмнөх, түүхчдийн үздэгээр Хүннүгийн үед буюу Хятад, төвд хоёроос өмнө Гимлайн нурууны баруун, зүүнд дэлгэрсэн бурхны шашны нөлөөгөөр Монголд орж ирсэн. Тэр бүү хэл Бурхан багш өөрөө Монгол оронд заларч явж байсан гэдгийг Зава Дамдин маш тодорхой бичсэн байдаг.
-Тэр үеийн баримт, үндэслэлүүд нь юу байсан юм бол?
-Бурхан багшийн зарлиг, сургаалын Ганжуурт Бурхан багшийн айлдсан “Хиргүй охин тэнгэрийн сүлд үзүүлсэн судар”, “Үхэр уулын иш үзүүлсэн судар”, “Ли орны иш үзүүлсэн судар”-ын эх сурвалжийг хэлсэн. Мөн өөрөөсөө түрүү үеийн эрдэмтдийн хэлсэн үгийг ишилж баяжуулж бичсэн. Тайлбар /дэлбэ/ номоо Зава Дамдин 1939 онд дуусгасан байдаг.
Нөгөөтээгүүр тэр хуучны төвд, хятад, манж хэлнээс гадна орос, германы эрдэмтэдтэй харилцаатай, тэдэнд зөвлөж, бас зөвлөгөө авдаг байсан. Тэд шинэ мэдээллийг Зава Дамдинд хэлж өгснөөр “Хор Чойнжүн”-дээ оруулсан байдаг. Тэр уул Эрээн хавирганы тэндээс газар дор олон зуун жил хэвтсэн сонин дурсгалыг олж нээж, дэлхийн сонорт хүргэлээ гэж дуу алдан бичсэн байгаа юм.
Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, шашин гэдэг нэг амьтан байлаа гэхэд манайхан толгойг нь мэдэхгүй сүүлийг нь ийм, тийм гэлцдэг бол шашны толгойг эхэлж судалж, 3,000 жилийн өмнө дэлгэрсэн гэдгийг гаргаж ирсэн хүн бол Зава Дамдин юм. Түүний мөрөөр өнөөдөр орчин үеийн судлагчид шогшиж байна.
-Монголд 3,000 жилийн тэртээ бурхны шашин дэлгэрсэн гэдгийг жаахан тодруулмаар, гол нь хөдөлшгүй баримтыг ...?
- “Хор Чойнжүн” зохиолд Бурхан багшийн таалал төгссөний 100 жилийн ой дээр Монголд шашин дэлгэрсэн гэж бий. Энэ баталгаатай үг. Бид мөшгөн судалж байна. Одоогийн Өвөрмонголын Байран зүүн хошуунд Гилбэр зуу гэж бий. Тэр дотор бурхан багшийн нирваан дүр үзүүлж буй арав гаруй метр хэвтээ чулуун байгууламж, бурхан бий.
Үүнийг өвөрмонголчууд, хятадууд ч учрыг нарийн сайн олж судлаагүй саяхныг хүртэл. Сүүлийн 10 гаруй жил бид судалж, бичиж, Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зава Дамдин Монголд бурхны шашин дэлгэрсэн түүхийг бодитойгоор ойлгохын тулд Ли орныг хаана, хэдийд байсныг зөв тогтоох хэрэгтэй гэж хэлсэн байдаг.
Бид энэ талаар хүч тавин судалж, нэрийг нь ч, газар орныг ч тогтоосон. Нэн сонирхолтой нь Зава Дамдин гавжийн хэлсэн, бичсэн бүхэн түүхэн баримтууд, Хүннүгийн үеийн археологийн шинэ шинэ олдворуудаар батлагдаж байна. Тэгэхээр академич Ш.Бира гуай юм. Хор Чойнжүн”-гийн “Алтан дэвтэр”-ийн талаар нэг сэдэвт бүтээл бичиж, маш нарийн судалсан байдаг. Бас нэг олзуурхам зүйл бол Зава Дамдинг залгах эзэнтэй болсон байна.
Тэр бол Зава Дамдин гавжийн хувилгаан Лувсандаржаа гэж боловсролтой, чадвартай залуу лам бий. Чойрын хийдийг сэргээж, “Хор Чойнжүн” номын “Зав, “лавайн эгшиг” ботийг нь хэвлүүлсэн. Одоо “Тайлбар”, “Алтан дэвтэр”-ийг түвд, монголоор хамт хэвлүүлэх гээд байж байна. Энэ бол Зав Дамдин гавжийг залгах хүнтэй болсны гавьяа юм даа.
-Одоо та Гэлэгжамц дооромбын хэн болох, бүтээл туурвилыг сонирхуулахгүй юу?
-Цэвэгийн Гэлэгжамц дооромбо харьяаллын хувьд Орос, Монголын аль алинд харьяалагдаж, орж гарч явсан хүн шиг байгаа юм.Насаар Зава Дамдингаас хоёр дүү, 2019 онд 150 жилийнх нь ой болно. Дээдчүүд нь Онон голоос нүүсэн улс юм билээ. Өөрөө бол Буриадын нутаг, Улаан-Үдийн ард Их тойруугийн Номт гэдэг газар мэндэлсэн. Эцэг, эхээс олуул. Нутгийнхаа гурван хийдэд шавилан сурч байгаад дараагаар нь Галуутын хүрээ, Богдын хүрээнд дамжин суралцаж,
20 гаруй насандаа Баруун зуу, Лхасын цаадтай шарын шашны зургаан том хийдийн нэг Барайбүн хийдийн Гоман дацанд олон жил сурч, дооромбын дамжаа барьсан. Гэлэгжамц дооромбо болж нутагтаа ирээд Галуутайн хүрээний ширээт лам болж, тэндээсээ 1913-1914 онд Петербургт Оросын будцын судлалын нийгэмлэг байгуулагдахад Итгэл хамба нарын томчуудтай хамт очиж оролцож байсан. 1917 оны хувьсгалын дараа буриадын зарим нь хэлмэгдэн зугтах үеэр Монгол дахь буриадууд түүнийг урьж авчирсан.
1923 оны үед Судар бичгийн хүрээлэн урьж ажиллуулсан. Эхэндээ сургагч нэрээр ажилласан. Одон зурхайд гаргуун, Гандангийн гол зурхайчаар ажиллахын сацуу зурхайн ухааны олон ном бичсэн. Судар бичгийн хүрээлэнд 10-аад жил ажиллахдаа орчуулгын ажил хийж, 30-аад ном гаргасан. Одоо номын санд 10 орчим нь л бий.
Тэр анагаах ухааны маш том мэргэжилтэн, эрдэмтэй хүн байсан. 1930-аад оны үед цаг цөвүүн болоход бие муу гээд тэтгэвэртээ гарч, дээдчүүлийнхээ нутагт хамаатан, садангаа бараадан Хэнтий аймгийн Батширээт, Норовлин орчим хөдөө очиж суусан. Тэнд нутаглаж байхдаа төвд хэл, одон зурхай, анагаах ухаан, орос хэл сурах сонирхолтой хүмүүст ном заах зар тарааж, олон шавтай болсон.
Гайхалтай чадвартай, зайлшгүй анхаарч судлах ёстой хүн гэдэг энэ бүхнээс харагдана. Нөгөө талаас, өөрөө сартуул, буриад хүний хувьд шашны түүхийн талаар нарийн судалгаатай ном бичсэн нь 1957 онд Буяндалай дооромбо нэрээр хэвлэгдсэн байдаг.
-Шагж гэвшийн тухайд ямар мэдээ, баримтууд байдаг вэ?
Шагж гэвш 1923 оноос Судар бичгийн хүрээлэнгийн номын сан, хөмрөгийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Улсын номын сангийн ховор нандин хөмрөгийг бүрдүүлж, цогцлон байгуулахад яах аргагүй голлон хүчин зүтгэсэн хүний нэг.
Шинжлэх ухааны хүрээлэнд 15 шахам жил ажиллахдаа төвд хэлнээс намтар түүх, уран зохиол, Данжуурын гарчиг тогтоосон таалал тэргүүтэн олон ухааны ном орчуулахын зэрэгцээ ”Монгол үсгийн дүрмийн толь бичиг” 1937/, “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгийн тайлбар чандманийн эрхи”, сургуулийн хүүхдүүдэд зориулсан “Монгол үсгийн товч толь бичиг” бүтээлүүд бий.
Шагж багш толь бичгээ засаж чамбайруулах бодолтой байсан ч дөнгөж үсэг дэвтэрлээд хавтаслан нягталж амжаагүй байхад нь 1937 онд баривчлан хорьж, 1938 онд амийг нь егүүтгэсэн байдаг. Ийнхүү тользүйн ухааны ажлыг толгойлж байсан тэргүүлэх эрдэмтнээ үгүй хийснээр энэ талын судалгааны ажил 20-30 жилээр хойшоо ухарсан.
Түүний нэг онцгой чадвар бол хэн хүний нүдэнд өртөмгүй нарийн ширийн зүйлийг олж харж чаддаг маш нарийн мэдрэмжтэй хүн байсан. Эцэст нь тэмдэглэхэд, эгэлгүй эрдэмтэй энэ хэдэн лам нарынхаа талаар 1921 оноос өнөөг хүртэлх эрдэмтдийнхээ цуглуулсан Улсын төв номын сангийн номын бүртгэл, каталогийг гаргах талаар ажиллах хэрэгтэй байгааг энэ дашрамд танай сониноор дамжуулаад төр, засгийн удирдлагуудад уламжилъя.
| https://ikon.mn/n/118n |
118p | GALAXY S8 гар утастай ТУРКТ амраарай | СУРТАЛЧИЛГАА | 06/13/2017 10:38:00 | Samsung Galaxy S8 / S8+ гар утас худалдан авсан 10 хэрэглэгч энэ зун амралтаа Турк улсад өнгөрөөнө.
Эрхэм та баяр наадмыг угтан шинэ гар утас авхаар төлөвлөж байна байгаа бол Samsung брэндийн зүгээс Galaxy S8 гар утас худалдан аваад Турк улсад аялж энэ зуны амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгож байна.
Хэрэв та 2017 оны 6-р сарын 13-наас 7-р сарын 9-нийг дуустал хугацаанд Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүдээс Galaxy S8 болон Galaxy S8+ гар утас худалдан авбал Турк улсад аялж амрах эрхийн төлөө өрсөлдөх урамшууллын эрхтэй болно.
Турк улсад амралтаа өнгөрөөх азтай 10 хэрэглэгчийг 2017 оны 7-р сарын 10-нд 12:00 цагаас Samsung Mongolia Фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.
Galaxy S8 загвар нь 1,980,000 төгрөг, Galaxy S8+ загвар нь 2,220,00 төгрөгийн үнэтэйгээр Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа бөгөөд та хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай ХААН Банк, болон Капитрон банкны зээлээр худалдан авах боломжтой.
Та банкны лизингээр худалдан авахаар шийдсэн бол Galaxy S8 загварын хувьд сар бүр 165,000₮, харин Galaxy S8+ загварыг сонгон сар бүр 185,000₮ төлөх таатай нөхцөл таныг хүлээж байна.
Харин та Голомт банкны дараа төлбөрт ЗЭС болон American Express картын хэрэглэгч бол Galaxy S8 загварыг 250,000₮ хямдарсан үнээр буюу 1,730,000₮, Galaxy S8+ загварыг 280,000₮-р хямдруулан 1,940,000₮-р худалдан авах боломжтойг дуулгая.
Samsung брэндийн албан ёсны дэлгүүрүүд:
Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ (ТЕДИ төвтэй залгаа) төвийн 1 давхарт
ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 3 давхарт
ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт
Хорооллын Номин худалдааны төвийн зүүн талд байрлах САНСАР худалдааны төвийн 1 давхарт
И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт тус тус байрлаж байна.
Холбоо барих утас: 70149959
Facebook: https://www.facebook.com/samsungmongol
| https://ikon.mn/n/118p |
118q | Самат Кулжабаев: Киргизстанд байсан бол ХасБанк хамгийн том банк нь байх байсан | СУРТАЛЧИЛГАА | 06/13/2017 10:37:00 |
Киргизстан Улсын Компанион банкны Эрсдэл хариуцсан захирал Самат Кулжабаев ХасБанканд туршлага судлахаар ирээд байхад нь цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Мөн ямар хэрэг зорилгоор Монголд ирсэн талаараа?
-Өөрийгөө танилцуулахаас илүүтэй би байгууллагаа танилцуулмаар байна. Компанион банк нь ХасБанктай яг адил замаар явж ирсэн гэхэд болно. Алслагдсан орон нутаг дахь санхүүгийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал иргэдэд хүрч үйлчлэх гэх мэт бидний баримталдаг зарчим, үнэт зүйлүүд маань ч ижилхэн. Анх 2004 онд Киргизстанд үйл ажиллагаа явуулж байсан Мерси Кор олон улсын байгууллагын доорх 5 бичил зээлийн агентлаг нэгдэж, Компанион хэмээх бичил санхүүгийн байгууллагыг бий болгосон түүхтэй.
ХасБанкны адилаар Компанион нь хөдөө орон нутгийн иргэдэд ихээр танигдаж, тэдэнд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой бичил санхүүгийн байгууллага байсан бөгөөд Киргизстаны эдийн засгийн онцлогоос хамаараад бид ихэвчлэн бичил бүлгийн зээлийн санхүүжилтээр жижиг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зээл олгодог байлаа. Анх байгуулагдсан цагаасаа л Компанион нь арилжааны банк болох стратегийн алсын хараатай байсан.
Энэ нь зөвхөн санхүүжилтийн эх үүсвэрээ өргөжүүлэх, зардлаа бууруулах төдийгүй хамгийн гол нь харилцагчдадаа илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын тулд юм. Ингээд зөвшөөрөл хүссэн бичиг баримтуудаа бүрдүүлж өгснөөс хойш 18 сарын дараа буюу 2016 оны 1-р сард арилжааны банкны үйл ажиллагаа явуулах лицензээ авсан.
Одоогоор бид бичил санхүүгийн байгууллагаас арилжааны банк болох шилжилтийнхээ ид дунд явж байна. Бид орон даяар хүн ам хамгийн ихээр төвлөрсөн газруудад 110 салбар нэгж, 1,000 орчим ажилтантай бөгөөд нийт 74 сая ам.долларын зээлийн багцтайгаас 22%-ийг нь жижиг, дунд бизнест олгосон зээлүүд эзэлж байна. Хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд Мерси Кор /65%/, Нидерландын хөгжлийн банк (FMO) болон Triodos-ийн удирдлагад байдаг хоёр сан /35%/ бий.
Миний ирсэн гол зорилго бол ХасБанкны эрсдлийн удирдлага болон арилжааны банк болон шилжих явцад тулгарч байсан сорилтууд, түүнийг хэрхэн даван гарсан туршлагаас суралцах юм. Эдгээр сорилт, практик шийдлүүдийг ойлгож авах нь Компанион банкны одоогийн хөгжлийн явцад маш чухал. Эндээс сурч мэдсэн зүйлсээ ажил хэрэг болгон байгууллагынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
-Монгол, Киргизстан хоёр улсын банк санхүүгийн салбарын ижил болон ялгаатай талууд юу вэ?
-Би гурван зүйлийг нэрлэмээр байна. Хууль журам, ажиллах орчин, гадаад нөлөө буюу улс төрийн тогтворгүй байдал.
-Монголын банкны салбарын хөгжлийг дэлхийтэй харьцуулбал ямархуу түвшинд байна гэж харж байна?
-Сайн түвшинд гэж бодож байна. Киргизстанд байсан бол ХасБанк хамгийн том банк нь байх байсан. Гэхдээ, Монголын банкуудын чанаргүй зээл Киргизийнхээс хамаагүй өндөр байна.
-Туршлага судлахдаа яагаад заавал Монгол улсыг зорьж ирэх болов? Тэр тусмаа ХасБанкийг сонгосон шалтгаан?
-Монгол улс бол манай оронтой их төстэй. Гарал үүсэл, түүх, соёл, уламжлал болон ажиллах орчин гээд дурдаад байвал Монгол, Киркизстаны адил талууд олон бий. ХасБанкны тухайд бичил санхүүгийн байгууллагаас арилжааны банк болон хөгжсөн амжилттай сайн жишээ.Мөн адилхан үүсгэн байгуулагчтай /Месри Кор/ гэдгээс гадна бидний хооронд ижил төстэй зүйл их байдаг.
Тухайлбал, Компанион банкны ТУЗ бизнесийн стратеги болон үйл ажиллагааны гол цөм нь эрсдэлийн удирдлага гэж үздэг. Мөн ХасБанкны ТУЗ, удирдлагууд ч эрсдэлийн удирдлагад ихээхэн анхаардгийг бид мэднэ. Тиймээс ижил түүхтэй, засаглал сайтай хоёр байгууллагын хувьд, ХасБанкийг туршлага судлахаар сонгосон нь зүйн хэрэг.
Түүнчлэн, эрсдэлийн удирлагын түвшинд хөгжлийн эхэн үедээ яваа гэж хэлж болох ч бид дотоод хяналтын орчиндоо бизнес нэгжүүд, эрсдэлийн функц, дотоод аудит гэсэн 3 шатлалт хамгаалалтыг бий болгох ажлыг эхэлсэн. Гэхдээ энэ бүтцийг цаашид сайжруулах шаардлагатай. Харин ХасБанкны эрсдэлийн багийнхны бий болгосон 3 үе шаттай хамгаалалтын бүтэц нь бидний зорьж буй зүйлийн тод жишээ юм.
-Эрсдэлийн удирдлагын чиглэлээр ХасБанкнаас сурсан хамгийн том зүйл юу вэ?
-ХасБанкны эрсдэлийн удирдлагын шинэ бүтэц, хамгаалалтын 3 үе шат, эрсдэлийн загварчлал болон тайлагнал. Надад ажиллах орчин болон эрсдэлийн багийн ажил хэрэгч байдал нь их таалагдсан. Үүнтэй адилаар Компанион банканд эрсдэлийн үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэйгээр зохион байгуулахаа ойлгож авсан.
Хамгийн том сурсан зүйл маань их энгийн.Эрсдэлийн тайлангууд маш тодорхой бөгөөд ойлгомжтой байх, мөн эрсдэлийн багийнхан үргэлж нээлттэй,бизнест саад тотгор болдоггүй байх.
-Таны бодлоор Банк санхүүгийн салбарт орчин үед бий болж буй хамгийн том эрсдэл юу вэ? Түүнээс хэрхэн хамгаалах вэ?
-Зөвхөн зээл олгодог бичил санхүүгийн байгууллагаас арилжааны банк болон нэг шат ахихад бизнест чиглэсэн процессуудын зэрэгцээ зээлийн болон үйл ажиллагааны эрсдэлийн оновчтой удирдлагад түлхүү анхаарах шаардлагатай. Компанион банк дөнгөж саяханаас л ЖДБ-ийн зээлүүд олгож эхэлсэн бөгөөд тэдгээрийн 1/3 нь гадаад валютаар гарсан байна.
Гэсэн ч цаашдаа байгууллагын бүтэц зохион байгуулалтаа оновчтой болгох, үйл ажиллагааны процедурыг сайжруулах, ажилтнуудаа бэлдэх, сургах, урамшууллын тогтолцоо бий болгох гээд олон зүйл дутуу байгаа. Миний бодлоор эдгээр нь манай хоёр банканд аль алинд нь нийтлэг зүйлс. Тиймээс одоогийн энэ бужигнаан дунд бид үргэлж сэрэмжтэй байж, өөрсдийн хийж чаддаг зүйлээ л сайн хийх хэрэгтэй.
Миний хувьд банк санхүүгийн салбар дахь хамгийн том эрсдэл гэвэл үйл ажиллагааны эрсдэлийг хэлнэ. Бусад бүх эрсдэл нь үйл ажиллагааны эрсдэлээс үүссэн эсвэл биднээс хамааралгүй гадаад эрсдэл юм. Банк гэдэг хүмүүс дээр тулгуурласан бизнес. Харин хүмүүс санаатай, санамсаргүй байдлаар алдаа гаргаж байдаг. Тийм учраас ажилтнуудынхаа эрсдэлээс зайлсхийх соёлыг нэмэгдүүлж, мэргэжлийн ёс зүйтэй хүмүүсийг бэлдэхэд хөрөнгө оруулж, эрсдэлийн мэдлэг олгох сургалт болон авилгын эсрэг кампанит ажлуудыг тогтмол явуулж байх нь чухал юм.
-Эрсдэлийн удирдлагаас гадна өөрийн банканд очоод хэрэгжүүлэх ямар шинэ санаа, туршлагыг ХасБанкнаас олж авсан бэ?
-Жижиг хэмжээний багц зээлүүд олгодог бизнесийн моделтэй бичил санхүүгийн байгууллагаас харилцагч төвтэй, дэлхийн жишигт нийцсэн санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг банк болох нь манай байгууллагын хөгжлийн томоохон сорилт юм. Энэ нь бизнесийн соёлоо өөрчилж шинэ төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд, хадгаламж, төлбөр тооцоо болон банкны бусад үйлчилгээг нэвтрүүлнэ гэсэн үг. Манайд хамгийн тохиромжтой бизнесийн стратеги болон түүнийг хэрэгжүүлэх арга замуудыг бид одоо ч хайж байна.
Тиймээс гүйцэтгэлийн удирдлага, иргэдийн банкны стратеги, салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалтын талаар ХасБанкны удирдлагуудтай уулзаж,санал зөвлөгөө, дэлгэрэнгүй ойлголтууд авсан нь маш үнэтэй зүйл байлаа. Мөн төслийн удирдлага, мэдээллийн технологийн аюулгүй байдал, хянан нийцүүлэлт гээд олон зүйл байна.
-ХасБанкны хамт олонд хандаж хэлэх үг?
-Монголд ирж туршлага судлах боломжийг надад олгосон М.Болд захирал, Торстен захирал болон ХасБанкны нийт хамт олонд гүн талархал илэрхийлье.
Та бүхний цаашдын ажил, амьдралд өндөр амжилт хүсэхийн сацуу миний энд байх хугацаандаа мэдэрсэн баяр хөөр, хүсэл тэмүүллээр үргэлж дүүрэн байхыг ерөөе! Та бүхэн Киргизстанд ирэх тохиол гарвал миний эх орон үргэлж нээлттэй байх болно.Сансар, Нуржан хоёроор дамжуулан надтай холбогдож болно шүү.
Мөн ХасБанкны эрсдэлийн багийнхан маань эрсдэл хийгээд ашиг орлогын зөв тэнцвэрийг барихад бизнес нэгжүүдийнхээ итгэлт зөвлөх, сайн дэмжигч нь байхын зэрэгцээ эрсдэлийн удирдлагын цогц тогтолцоог бий болгох зорилгодоо удахгүй хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
-Баярлалаа. Таны цаашдын ажилд ч гэсэн амжилт хүсье!
-Баярлалаа. | https://ikon.mn/n/118q |
118r | Хойд Солонгос Нью-Йоркийг бөмбөгдөхөөр сүрдүүлжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/13/2017 10:37:00 |
Хойд Солонгос Америкийн эх газарт цөмийн цохилт өгөх зэвсэг бүтээхээр ажиллаж байгаа гэдэг. Тэдний зэвсэг бэлэн болсон эсэх талаар судлаачид маргалддаг билээ.
Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт Хойд Солонгосын төрийн төв хэвлэл Америкийн хамгийн алслагдсан цэгт ч цохилт өгөх чадвартай гэдгээ мэдэгдсэн байна. Ингэхдээ тэд Дональд Трампын нэгдүгээр сард твиттер хуудсандаа бичиж байсан мэдэгдлийг дурджээ.
“БНАСАУ нь Нью-Йоркоос 10,400 километрийн зайтай. Гэвч энэ зай нь өнөөдөр цохилт өгөхөд холд тооцогдохгүй” гэж тэд пуужингийн чадлынхаа тухай мэдээлсэн байна.
Тэд цааш нь “Энэ оны эхээр Трамп БНАСАУ-ын пуужин АНУ-ын эх газарт хэзээ ч хүрэхгүй хэмээн сагсуурч байсан. Гэвч манай туршсан стратегийн зэвсэг ингэх бүрэн боломжтой гэдгийг тодорхой харууллаа” гэжээ.
Хойд Солонгосын үзэл суртлын суваг цөмийн зэвсгийнхээ чадлыг ихэнхдээ дэвэргэж мэдээлдэг. Мэргэжилтнүүд тэдний АНУ-д цохилт өгөх чадвартай тив хоорондын баллистик пуужин энэ оны сүүлээр туршигдах байх гэж үзэж байна.
Энэ он гарсаар Хойд Солонгос хоёр долоо хоног тутамд нэг зэвсэг туршиж байгаа нь тэд зорилгодоо хүрэхэд ойрхон болсныг баталж байгаа юм. Харин энэ хооронд Хятадын гараар Пёньяныг номхруулах гэсэн Трампын бодлого ахиц муутай байна.
Эх сурвалж: Business Insider
| https://ikon.mn/n/118r |
118s | “ЭВИЙН ХАДАГТАЙ ЭЭЖҮҮД” М.Энхболдыг дэмжлээ | ikon.mn | 06/13/2017 10:49:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд дунд сургуульд байх үеэсээ л олны итгэлийг хүлээж, хариуцлагатай алба хашиж явсан гэнэ. Учир юу гэвэл, нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн тавдугаар ангид суралцаж байхдаа аж ахуйн даргаар сонгогдон, таван жил хариуцлагатай гүйцэтгэсэн талаар түүний ангийн багш Эрдэнэчимэг ярилаа. Тэрбээр 1982 оны төгсөгч Миеэгомбын Энхболд биеэ даасан, эв нэгдлийг эрхэмлэгч, удирдагч сурагч байсан хэмээн хүүхэд ахуй насны дурсамжаас нь сөхлөө. Миеэгомбын Энхболд эхнэр Ж.Туяацэцэг нар арван жилийн нэг ангийнхан.
Түүний эхнэр сургуулийн сурагчдын зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж явсан гэнэ. Тэднийг сурагч үеэс нь мэдэх ангийн багш Эрдэнэчимэг Миеэгомбын Энхболд итгэл даах хүн хэмээн тодотголоо. Энэ сайхан дурсамж, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын мөрийн хөтөлбөрөө танилцуулах “Эвийн хадагтай ээжүүд” уулзалтын үеэр хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, уухайн түрлэгээр хүч нэмсэн юм.
Энэхүү уулзалтад монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллан амьдарч суугаа эмэгтэйчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирэхийн зэрэгцээ тэднийг төрд төлөөлөн суугаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Оюучимэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, Ц.Гарамжав, Эрүүл мэдний сайд А.Цогцэцэг болон соёл, урлаг спортынхны төлөөлөл оролцлоо.
МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр: М.Энхболдыг тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе
-Монголын ард түмэн Миеэгомбын Энхболдод олон жил итгэл, найдвар тавьж төрийн түшээгээр сонгож ирсэн. Энхболд дарга ч олон түмний итгэл найдварыг алдаагүй. Түүнийг Монгол Улсад танихгүй, мэдэхгүй хүн гэж байхгүй. Миний хувьд “Оюунтүлхүүр сан” төрийн бус байгууллагатай. Миеэгомбын Энхболд дарга байгууллагын минь үйл ажиллагааг дэмжиж тусалж байсан. Мөн миний хань Монгол Ардын Намын гишүүн. Тиймээс ханийнхаа дэмждэг, итгэдэг намыг би дэмждэг. Өнөөдөр Миеэгомбын Энхболдыг дэмжиж ирсэн олон сайхан ээжтэй хамт нэр дэвшигчийн уулзалтад оролцсондоо баяртай байна. Миеэгомбын Энхболдыг тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе.
Д.Дорждулам: Эв эеийг хичээдэг хүн
-Би Миеэгомбын Энхболдыг мэдэхээр барахгүй эцэг, эхийг нь ч сайн мэднэ. Ээжтэй нь 1959 онд дээд сургууль хамт төгсч байлаа. Харин аав Миеэгомбо Монголын “толгой” эдийн засагч хүн. Харин хүү нь ажлыг багаас нь эхэлж өнөөдрийн албан тушаалд хүрсэн. Миеэгомбын Энхболд эв эеийг хичээдэг, хүнтэй сөргөлддөггүй зан чанартай. Мөрийн хөтөлбөрийг нь үзэхэд нөгөө хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөсөө хамаагүй илүү байна. “Эвтэй Монгол-Ээлтэй төр” гэдэг чинь Монголын ард түмний хүсэн хүлээж байсан зүйл. Тиймээс Миеэгомбын Энхболд төрийн тэргүүн болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
П.Мягмаржав: Эмэгтэйчүүд, гэр бүл рүү хандсан бодлого нь анхаарал татсан
-Би нийслэлийн тамгын газарт 20-иод жил ажиллаж байна. Миеэгомбын Энхболд даргыг хотын дарга байхаас нь сайн мэднэ. Тэр хотын дарга байхдаа нийслэлийн хүүхдүүдийн төлөө “Хүүхдийн ордон”-ы асуудлыг шийдвэрлэж өгч байсан. Энэ нь тухайн үед томоохон шийдвэр байлаа. Уг шийдвэрийн үр дүнд Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар зөвхөн нийслэлд байдаг байсан бол есөн дүүрэгт бий болж, өргөжин тэлсэн. Миеэгомбын Энхболд даргын мөрийн хөтөлбөртэй танилцсан. Мөн өөрийнх нь амнаас сонслоо. Эмэгтэйчүүд, тэр дундаа нийгмийн анхдагч болсон гэр бүл рүү хандсан бодлого нь миний анхаарлыг их татлаа. Тиймээс Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна.
Эх сурвалж: МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын Сонгуулийн Төв Штаб | https://ikon.mn/n/118s |
118t | Туулын хайргыг хулгайгаар зөөсөөр байна | Б.Энхзаяа | 06/13/2017 11:15:00 |
Одоогоос хоёр сар гаруйн өмнө Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэвлэлийн бага хурал зарлан Туул голын сав газраас хайрга олборлохыг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Түүний дараахан Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мөн ийм утга бүхий мэдэгдэл хийж, Туул голын орчмын тусгай зөвшөөрлүүдийг цуцална хэмээсэн.
Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болсон Туул голоос компаниуд олон жилийн турш хайрга, дайрга олборлосоор ирсэн нь байгаль орчны доройтол, усны хомсдолыг бий болгож, нийслэлчүүд тэр дундаа Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Туул тосгоны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөөр байсныг зогсоох арга хэмжээ газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжиллаа.
ШӨНӨ БҮР 70-80 МАШИН ХАЙРГА ЗӨӨВӨРЛӨЖ БАЙНА
Карьерын компаниуд Хан-Уул дүүргийн XIII хорооны газар нутагт олонх нь байдаг. Хориглосон шийдвэр гарах хүртэл нийт 70 гаруй лицензтэй компани Туул голын сав газраас хайрга олборлож байсан. Манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийн XIII хороог өнгөрсөн Бямба гарагийн 02:00 цагийн үед зорилоо.
Хорооны иргэд карьерууд шөнийн цагаар ажиллаж байгааг ээлжээр хянаж, шаардлага тавьдаг юм байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид дүүргийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхээр постод гарч байв. Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хотын захирагч С.Батболд нарын хориглосон шийдвэрээс гадна Хан-Уул дүүргийн Засаг дарга хүнд даацын автомашинаар тээвэр хийхийг хориглосон захирамжийг гаргажээ.
Цагдаа нар энэ захирамжийн хэрэгжүүлэхээр зургаан албан хаагч ээлжээр ажилладаг болжээ. Биднийг карьер руу ойртох үед “Тэгш плант”-ынх гэж нэрлэгддэг зам дээр 30 орчим хүнд даацын машин замын хоёр талаар цувран зогссон байв. Хот руу орох чиглэлд хайрга ачсан машин олонх нь. Шөнө бүр хүнд даацын 70-80 машин хайрга зөөвөрлөдөг юм байна.
ХАЙРГА ЗӨӨСӨН ЖОЛООЧ 8,000 ТӨГРӨГӨӨР Л ТОРГУУЛДАГ
Жолооч нар хулгайн зам гаргачихсан. Технологийн замаар яваад Өлзийтийн айлууд дундуур яваад морь тарладаг малчдын урдуур гарч ирээд буцаж хот руу явахдаа “Тэгш плант”-ын замаар тээвэр хийдэг болсныг постод гарч буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн байцаагч, ахмад Ш.Баянзул ярилаа.
Тэрбээр бас “Карьер ажиллахгүй бол тээврийн хэрэгсэл орж ирэхгүй. Бурууг жолооч нарт өгөх үү, карьерийнханд өгөх үү гэдгээ мэдэхгүй байна. Шөнө бүр 70-80 орчим машин эргэлддэг. Өнөөдөр цөөхөн байна. Одоогоор 25 орчим машин зогсоочихсон байна.
Жолооч нарыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-д зааснаар Засаг даргын захирамж зөрчсөн гээд 8,000 төгрөгөөр торгодог. Түүнээс цааш бол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс рүү шилжүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Засаг даргын захирамжид тээвэрлэлт хийхийг хориглоно гэсэн заалт байгаа учраас цагдаагийн байгууллагаас тээвэрлэлтэд л хяналт тавих боломжтой” гэлээ.
Д.Төмөрхуяг: 3-4 КАРЬЕР БАЙНГА АЖИЛЛАЖ БАЙГАА
Хяналтын постоос цааш холгүйхэн яваад шороон замын хоёр талаар энд тэнд гэрэл ёлтойж харагдав. Карьерууд ажиллаж байгаа нь тэр. Хориглосон шийдвэр гарснаас хойш 3-4 карьер тогтмол ажилладаг болсон гэнэ. Тэд бүгд зөвшөөрөлгүй компаниуд болохыг XIII хорооны иргэн Д.Төмөрхуяг хэлж байв.
Энд олон жил хайрга, дайрга олборлож, байнгын шороо тоосон дунд амьдрах аргагүй болсноос хорооны иргэд нэгдээд “Шинэ суурьшил эрүүл аюулгүй орчин” төрийн бус байгууллага байгуулан тэмцэж эхэлжээ. Хотын өмнөх даргын үед тэд тэмцсээр хүнд даацын машинууд явдаг гол замын хоёр км орчим хэсгийг хатуу хучилттай болгуулжээ. Гэвч хоёр жилийн дотор тээврийн машинууд явсаар хатуу хучилттай шинэ зам нь эвдэрч энхэл, донхол, шороон замаас ялгарахааргүй болжээ.
Төд удалгүй замын баруун талын карьераас нэг машин гарч гэрлээ унтраан зам бууруулан давхив. Хорооны иргэд тэднийг хаагуур, ямар замаар явахыг сайн мэдэх учир мөдхөн араас нь гүйцэж очлоо. Хово машины тэвшнээс дээш хагас метр орчим өндөрт хайрга ачсан нь стандарт зөрчсөн нь илт. Бүр үндсэн тэвшин дээрээ дахин тэвш гагнаад ийнхүү ачжээ.
Угтаа ачаатай бол дээгүүрээ хучлагатай явах ёстой. Жолооч залуу бүхээгнийхээ хаалгыг түгжээд, цонхоо хаав. Ямар нэгэн тайлбар хэлэхийг хүсээгүй бололтой. Удтал шалгаасны эцэст цонхоо үл ялиг нээн “Хөх шугам компаниас зам анги руу хайрга тээвэрлэж явна. Та бүхэн хүний амьдралыг бодох хэрэгтэй” гэх мэтээр өөрийгөө хамгаалахыг оролдов. Хайрга олборлохыг хориглосон тухай дуулаагүй гэнэ.
Мэдээж түүний тайлбар худлаа болохыг нутгийн иргэд хэлж байв. Тэд “Зам ангиуд шөнийн цагаар тээвэр хийхгүй. Төрийн байгууллага өдрийн цагаар л ажиллана. “Хөх шугам” компаниас хайрга авсан гэдэг нь ч худлаа. Тэднийх буугаад удаж байгаа. Өөр карьераас авчихаад бусад руу чихэж байгаа юм” гэцгээв.
Дуучин С.Вандан: ХАЙРЫН ТУХАЙ ДУУЛЖ ЯВСНААС БИШ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ДУУЛААГҮЙ
Төд удалгүй хотын чиглэлээс дахин нэг машин ирж яваа нь харагдав. Замын зүүн талын карьер руу явж орлоо. Дуучин С.Вандангийн мэдлийн карьер юм байна. Нэлээд хэдэн минутын дараа карьерын ковш асаж явж орсон Ховод хайрга ачиж эхлэв.
Үүнтэй зэрэгцэн бид нутгийнхантай явж очлоо. Ковшийн жолооч тоосон шинжгүй хайрга ачсаар Ховог мөдхөн дүүргэчихэв. Зураг хөрөг дараад байгааг харсан хүнд даацын машины жолооч нэг бүсгүйн хамт бууж ирээд уурсаж гарлаа.
“Олон машин энд тэндээс ачиж байгаа, ганцхан бид биш. Та нар тэднийг сурвалжлахгүйгээр заавал биднийг ингэх шаардлагагүй. Тэгээд ч хүнд даацын машин шөнийн цагаар тээвэр хийх боломжтой. Тиймээс л тээвэр хийж байна. Хайрга олборлохыг хориглосныг мэдээгүй” хэмээн жолооч залуу уурлангуй ярилаа. Тэд бас л стандартаас хэтрүүлж хайргаа ачаад, хучлагагүйгээр явж одлоо. Залуу, бүсгүй хоёрын хайрга ачсан карьер Туул голын амин цутгал болсон Бөхөгийн голоос 100 метр хүрэхгүй зайд байрлаж байна.
Гавьяат жүжигчин, дуучин С.Ванданг байгаль орчноо доройтуулж Туулын сав газарт карьер ажиллуулж байгааг буруушаасан иргэд уулзахад “Хэдэн хүүхэд, амьдралаа авч явахын тулд ингэж байна. Би хайрын тухай дуу дуулж явснаас биш газар нутгийн тухай дуулаагүй” хэмээн аархсан тухай XIII хорооны иргэн Г.Отгонбаатар ярилаа.
С.Вандангийн карьер гурван жилийн өмнөөс ажиллаж эхэлжээ. Туул голын сав газарт, Бөхөгийн голоос хэдхэн метр зайд байрлаж байгаа хэр нь хориглосон шийдвэрийг үл тоон ийнхүү шөнө болгон тээвэр хийдэг юм байна.
Г.Отгонбаатар: МАЛ БЭЛЧЭЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ, ТАРИА ХИЙЛГЭДЭГ БОЛСОН
XIII хорооны орчмын хөрсийг карьерууд эвдэж гүйцжээ. Карьерууд руу орох зам өдөр бүр өөрчлөгддөг, тэд шөнө болгон ажилладаг учраас өглөө харахад шинэ талбай ухчихсан байдаг тухай иргэд бухимдаж байлаа. Түүнээс үүдэн мал байнга ухсан нүхэнд унаж гэмтдэг, зарим нь үхдэг аж.
Биднийг замчилсан Г.Отгонбаатар гэхэд хэдхэн жилийн өмнө энэ карьеруудад есхөн настай хүүгээ алдсан эмгэнэлт явдлыг амссан нэгэн юм байна. Түүнээс хойш байгаль орчноо хамгаалж, дахин олон хүүхэд, хүн эрсдэхээс сэргийлж тэмцэж эхэлжээ. Карьер байнга ажилладгаас агаарт байнгын тоосжилттой. Энэ нь тэр орчмын айл өрхүүд амьдрахад хүндрэлтэй байдгийг иргэд хэлж байна. Мал гэхэд тоосонд дарагдсан өвс идсэнээс харшил, хордлого авч тариа хийлгэдэг болсон. Малын бэлчээр газар ч үгүй болсон тухай тэрбээр ярив.
Ийнхүү биднийг тус карьер дээр саатах зуур хэд, хэдэн хүнд даацын машин төв замаас гарч гэрлээ унтраан бусад карьерууд руу явж орсоор байв. Ийм маягаар тэд шөнө бүр 70, 80-уулаа болж нийслэл рүү хайрга тээвэрлэсээр байна.
Усны тухай хуулиар голын сав газар, үндсэн цутгал болсон хэсэгт ашигт малтмал олборлох хориотой. Урт нэртэй хуульд гол нуурын усны урсац бүрэлдэх эх газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Түүнээс гадна Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Эдгээр хууль, салбарын сайд, Хотын дарга, дүүргийн Засаг даргын хориглосон ч карьерууд шөнөөр ажиллаж хулгайгаар хайрга, дайрга зөөсөөр байна.
| https://ikon.mn/n/118t |
118u | Монголчуудын сарын ДУНДАЖ ЦАЛИН 959.1 мянган төгрөг болж өсчээ | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/13/2017 11:17:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2017 оны тавдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргажээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 (1.7%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан 566,722 ажиллагчдын медиан цалин нь 684.8 мянган төгрөг байна.
Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 628.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 755.8 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 866.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 984.6 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1 сая 391.2 мянган төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2 сая 481.2 мянган төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөг байна.
Эх сурвалж: ҮСХ | https://ikon.mn/n/118u |
118v | Хойд Солонгосын удирдагчийн ах алагдах үедээ $120,000 бэлнээр авч явжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/13/2017 11:14:00 |
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Нам өнгөрсөн хоёрдугаар сард Малайзад алагдахдаа $120,000 бэлнээр авч явсан тухай Японы өдөр тутмын сонин Ням гарагт мэдээлжээ.
Талийгаач уг мөнгийг Малайзад байхдаа авсныг мөрдөгчид баталсан тухай Асахи Шимбун сонинд бичсэн байна. Ким Жон Нам хоёрдугаар сарын 13-нд Малайзийн нийслэл Куала Лумпурын нисэх онгоцны буудалд хорлогдож алагдсан бөгөөд тухайн үед түүний цүнхнээс тус бүр нь 300 ширхэг $100 дэвсгэрт бүхий дөрвөн боодол мөнгө гарчээ.
Уг нь ийм хэмжээний бэлэн мөнгийг гаальд мэдүүлэх ёстой ч дипломат паспорттой Ким Жон Намын хувьд ингэх шаардлагагүй байсан гэнэ. Малайзад найм хонохдоо тэр хоёрдугаар сарын 9-нд нэгэн Америк хүнтэй хоёр цагийн турш уулзсан байна. Энэ хүнийг АНУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой бөгөөд бэлэн мөнгийг Ким Жон Намд өгсөн гэж Малайзийн мөрдөгчид үзэж байгаа юм.
Харин Малайзийн аль нэг банкнаас бэлэн мөнгө гаргаж авсан баримт байхгүй байгаа аж. Талийгаачийг Америкийн тагнуулд ямар нэг нууц мэдээлэл худалдсан гэсэн сэжиг байгааг тэд бас өгүүлсэн байна.
Макаод байнга оршин суудаг Ким Жон Намыг Малайзаас харих замд нь хоёр эмэгтэй химийн бодисоор хордуулж алсан юм. Аллагыг үйлдсэн эмэгтэйчүүдийг шүүх ажиллагаа явагдаж байгаа ч тэдний ард хэн байгаа нь илрээгүй байна.
Эх сурвалж: Korea Times
| https://ikon.mn/n/118v |
118w | Тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын НЭГ тохиолдол Улаанбаатарт илэрчээ | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/13/2017 11:32:00 |
Үндэсний Статистикийн Хорооноос тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг өнөөдөр танилцууллаа.
Улаанбаатар хотод 2017 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 237 болсон байна.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний тавдугаар сард 22,108 болж, өмнөх оны мөн үеэс 51 хувиар буурсан сайн үзүүлэлт гарчээ. Үүнд Улаанбурханаар өвчлөгчид 99.9 хувиар, вирүст хепатитаар өвчлөгчид 13.5 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 10.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
| https://ikon.mn/n/118w |
118y | Чанаргүй зээлийн хэмжээ 56.9 тэрбумаар нэмэгджээ | С.Бадрал, iKon.mn | 06/13/2017 13:50:00 |
Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллийг хүргэж байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны тавдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.9 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 81.4 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар өссөн байна.
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны тавдугаар сарын эцэст 930.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 79 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 44.8 тэрбум төгрөг буюу 5.1 хувиар өсчээ.
Эх сурвалж: ҮСХ | https://ikon.mn/n/118y |
119 | Эмч, багш нар жагсана | Д.Эрдэнэцэн, iKon.mn | 11/06/2013 15:05:00 |
Эмч нар жагсана
Боловсрол, Эрүүл мэндийн салбарын МҮЭХ-оос өнөөдөр мэдээлэл хийв. Тэд багш, эмч, нийт ажилтнуудын цалинг 40 хувиар нэмэх хүсэлтийг Засгийн газарт удаа дараа өгсөн.
Гэтэл төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байгаа. Тиймээс эмч, багш нар энэ сарын 8-ны 13:00-17:00 цагт Чингисийн талбайд жагсаал хийхээр болжээ.
Түүнчлэн УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг өнгөрөгч сарын 23-аас эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй л байна. | https://ikon.mn/n/119 |
1190 | ФОТО: Оросуудын хошин шогийн мэдрэмжтэй тэмцэл | Р.Төмөр, ikon.mn | 06/13/2017 12:05:00 |
Даваа гарагт Орос даяар өрнөсөн авлигын эсрэг тэмцлийн үеэр иргэд тун сонирхолтой, уран бүтээлч, хошин шогийн мэдрэмжтэй уриа лоозон барьж жагссан юм.
Тэдний ихэнх нь ерөнхий сайд Дмитрий Медведевийг шоглосон агуулгатай байв. Сөрөг хүчний тэмцэгч Алексей Навальный өнгөрсөн гуравдугаар сард ерөнхий сайдын авлигын талаар баримтат кино бүтээж YouTube сүлжээнд тавьсныг 22 сая удаа үзсэн байна. Кинонд Медведевийн Москва орчимд эзэмшдэг тансаг эдлэн газар, зусланг үзүүлсэн юм.
Өчигдрийн жагсаалын нэг гол билэгдэл нь нугас шувуу байсан. Учир нь Медведев тансаг эдлэндээ нугасанд зориулсан гоёмсог байртай тухай дээрх баримтад өгүүлдэг юм.
Оросуудын барьж жагссан сонирхолтой самбаруудыг сонирхъё.
Эрхүүд болсон жагсаалын үеэр нугас шувуу чухал билэгдэл болж байв. Тэд “Авлига ирээдүйг хулгайлж байна” гэсэн уриандаа нугас шувууны дүрс ашиглажээ.
Казаньд болсон жагсаалд “Цай. Кофе, Тосканы дарс” гэсэн самбар барьсан нь Медведевийг Италийн алдарт дарсны үйлдвэртэй холбоотой гэх мэдээлэл дээр үндэслэжээ.
Мөн шүүгч ба Медведевийн харилцан ярианд шүүгч “Та $70 тэрбумыг хулгайлсан” гэхэд ерөнхий сайд “Гэхдээ би түүгээр нугасандаа байр барьсан” гэжээ. Үүний дараа шүүгч Медведевийг цагаатгаж байгааг зарлаж байна.
Красноярскийн жагсаалд нэгэн тэмцэгч “Би нугасных шиг байшинтай болмоор байна” гэсэн самбар барьж жагсжээ.
Новосибирскийн жагсаалын үеэр Медведев, Путин нар “Ok, Google, бид хөрөнгөө хэрхэн нуух вэ?” хэмээн ухаалаг утасны лавлах системээс асууж байгаагаар дүрсэлсэн самбар барьж жагсжээ.
Харин Кемеровод нэгэн иргэн “Воваг шоронд хий” гэсэн самбар барьсан нь ерөнхийлөгч Путиныг хэлсэн бололтой.
Барнаулын жагсаалд “Би хариу хүлээсээр байна” гэсэн самбар барьсан нь Медведевээс тайлбар хүлээж байгааг илэрхийлсэн хаштаг юм.
Мөн жагсагчид “Зуслангаа зараад зам байгуул” гэсэн уриаг Медведевт зориулан барьж жагсжээ.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
| https://ikon.mn/n/1190 |
1192 | Монголын ирээдүйн эдийн засгийн хандлага: Бүс нутгийн уялдаа холбоо | ikon.mn | 06/13/2017 12:46:00 |
@ - http://www.quintiq.com
Цэнхэр дэлхийн худалдаа, эдийн засгийн урсгалд эргэлт авчирч мэдэх шинэ давалгаа Евразид үүсээд удлаа.
“Нэг бүс, нэг зам” буюу өрнө, дорныг холбосон дэд бүтцийн хэлхээ холбоо байгуулах энэ төсөл өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд улам ч биеллээ олсоор. Хятадын нийслэл Бээжинд хотод өнгөрсөн сарын 16-17-нд “Нэг зам, нэг бүс” чуулга уулзалт болж, энэ үеэр урд хөршийн төрийн тэргүүн Ши Жиньпин тус санаачилгыг “Зууны төсөл” хэмээн тодорхойлсон юм. Дэлхий нийтэд анх танилцуулж байхад энэ санаачилга нь биелшгүй даалгавар мэт сонсогдож байв. Гэтэл өдгөө энэ төсөл хэдийнэ гараанаас гарч, хурдаа авчээ.
Одоогоор дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын байгууллага уг санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн. Дэмжээд зогсохгүй 40 гаруй улс хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, түншлэхээ мэдэгджээ. 2014-2016 оны хооронд Хятад болон тус санаачилгад нэгдсэн улсуудын хоорондох худалдааны эргэлт гурван их наяд ам.долларт хүрч, урд хөршөөс эдгээр улсад нийт 50 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал “цутгасан”-ыг Хятадын дарга мэдэгдсэн. Энэ үр дүнг ирэх жилүүдэд улам ахиулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн жилүүдэд Евразийг бүхэлд нь хэлхэх “Нэг зам, нэг бүс”-ийн төслүүдийг хөдөлгөхийн тулд санхүүгийн цөөнгүй байгууллагыг “төрүүлсэн”. Торгоны зам сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гээд олон улсын санхүүгийн байгууллагаууд хэдийнэ мэндэлж, үйл ажиллагаагаа жигдрүүлээд байна.
Гэхдээ дэлхийн 67 орныг эгнээндээ нэгтгэсэн Азийн хөгжлийн банк бүс нутгийн дэд бүтэц тойрсон цогц судалгааг энэ оны эхээр танилцуулсан. Тус банкны тайланд дурдсанаар Азийн орнуудын дэд бүтцийн хөгжилд ирэх 2030 он хүртэл нийт 26 их наяд ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн дүн гарчээ. Гэтэл ийм үлэмж хэмжээний санхүүжилтыг цөөн хэдэн санхүүгийн байгууллага бие даан шийдэх амаргүйг өнөөгийн нөхцөл байдлаас харчихаж болж байна. Хэдийгээр Нэг зам, нэг бүсийн төслүүд бэлэн болсон ч санхүүгийн гачигдлын улмаас цаасан дээр буусар хэвээр байна. Тиймээс ч энэ чиглэлд хувийн хэвшил болон Азийн Хөгжлийн Банк тэргүүтэй санхүүгийн байгууллагуудын оролцоо чухал болохыг тус банкны Ерөнхийлөгч Такэхико Накао тэмдэглэжээ.
Тэрбээр "Бидний зорилго бол Азийн бүс нутгийн ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийг тогвтортой хөгжүүлэх юм. Үүнд дэд бүтэц хамгийн чухал салбар бөгөөд 2030 он хүртэл маш их хэмжээний санхүүжилт шаардагдаж байна. Тухайлбал жил бүр 1.7 их наяд доллар зарцуулах хэрэгтэй. Тиймээс бусад бүх банк, санхүүгийн байгууллагууд, тэр дундаа Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, хувийн хэвшлийн орон зай хангалттай бий" хэмээн хэлсэн юм. Өмнөд хөршийн дарга Ши Жиньпиний мэдэгдэж буйгаар энэ санаачилгын хүрээнд 800-900 тэрбум юань дэлхийн эдийн засгийн “судас”-аар урсахаар байгаа аж. Тиймээс өмнөд хөршийн удирдагч өөрийн автортай энэ санаачилгаа “Зууны төсөл” хэмээн ам бардам хэлж буй нь энэ. “Нэг зам, нэг бүс” бол ийм аварга бүтээн байгуулалт төдийгүй үлэмж хэмжээний мөнгөн урсгал.
Тэгвэл тив дамнасан мөнгөний урсгал өрнө, дорныг холбодог Монголыг дайрч буй. “Нэг зам, нэг бүс”-ийн хүрээнд баригдах эдийн засгийн зургаан коридорын нэгийг Монголыг дайруулахаар төлөвлөсөн байдаг. Ингэснээр Евразийг холбосон хуурай газрын хамгийн дөт зам Хятад-Монгол-ОХУ-ыг дамжин бий болно гэж үзэж байна. Монгол Улс энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд мөнхийн хөрш гурван улсын Төрийн тэргүүн гурвантаа уулзсан. Өнгөрсөн онд Узбекистаны нийслэл Ташкент хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, урд хөршийн дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хэлэлцээрийн ширээний ард сууж, Эдийн засгийн коридорын төлөвлөгөөг баталсан юм. Өөрөөр хэлбэл, гурван улсыг хэлхэх коридорын замын зураглал бэлэн болсон гэсэн үг.
Өдгөө цаасан дээр буусан зураглалыг бодит ажил хэрэг болгохоор зорьж байгаа юм. Тэрчлэн гурван улсын Төрийн тэргүүн нарийн дөрөв дэх уулзалт зургадугаар сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болсон юм. Хятадын гурван улсын коридорын хүрээнд 193 төсөл хэрэгжихээр байгаа. Үүний 32 нь Монгол Улстай холбогдож буй. Эдгээр төслийн дийлэнх нь зам, тээврийнх болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм.
Энэ сарын дундуур Бээжинд болсон “Нэг зам, нэг бүс” чуулга, уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрсдийн дэвшүүлж буй “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон. Монгол Улсын Засгийн газар зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, тээврийн зардлыг бууруулах зорилгоор Хөгжлийн зам хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө, мөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгаад байгаа юм.
Бас энэ чиглэлийн хэд, хэдэн гэрээ, хэлэлцээнд ч гарын үсэг зурж, албажуулжээ. Манай улсын хувьд Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг “Талын зам” санаачилгатай уялдуулах талаар ярьдаг байсан ч энэ чиглэлд албан ёсны бичиг баримт үйлдээгүй байсан. Тиймээс Монголын Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулах тухай санамж бичгийг байгуулсан. Тодруулбал, “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурснаас гадна Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохирчээ. Үүнээс гадна хоёр улсын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгаа эхлүүлэхээр болсон юм. “Нэг зам, нэг бүс”-д зөвхөн дэд бүтцээс гадна эрчим хүчний шугам сүлжээ ч багтаж байгаа.
Замгүйн зовлон бид хангалттай амсаж байгаа. Замгүй Монголын нүүрс нь үнэ цэнэд хүрэхээ больж, нөөцөөрөө бүс нутагтаа дээгүүрт эрэмбэлэгдэх орд, уурхайн үнэлгээ нь буурч буй. Зэсийн салбарын томоохон төслүүдийн нэг "Оюу Толгой"-н баяжмалыг одоо ч тоос бужигнуулан автомашинаар зөөсөөр. Манай уул уурхайн экспортын бараг тал хувь тээврийн зардал руу шингэдэг. Тэгэхээр орлогын талыг аваад явчихдаг тээвэр нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй авто замын тээвэр байхаар бид яаж ч хөгжих билээ. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ яаж ч “галзуурсан” ч бид үнийн өсөлтийн өгөөжийг тээврийн зардалдаа тавиад туусаар л байх нь.
Дэлхийн Банкнаас жил бүр “Бизнес эрхлэхүй” индекс танилцуулдаг. Тус индексийг 11-12 үзүүлэлт харгалзан гаргадаг. Эдгээрийн нэг нь хил дамнасан худалдаа гэх үзүүлэлт. Монгол руу нэг чингэлэг ачаа тээхэд хэдий хэмжээний зардал, хугацаа зарцуулдаг бас ямар бичиг бүрдүүлдэг зэргийг харгалзаж, тооцдог. Энэ үзүүлэлтээр Монгол Улс 180 гаруй улсаас 80 орчимд бичигдэж байгаа. Дэлхийн аль ч улсаас Монгол руу 20 тоннын чингэлэг тээвэрлэхэд дунджаар 3000 ам.доллар зарцуулдаг. Гэтэл далайд гарцтай улсуудад энэ дүн 800 ам.доллараас хэтрэхгүй байна. Газар, тэнгэр шиг их ялгаатай энэ тээврийн зардал дэлхийн тавцан дахь бидний өрсөлдөх чадварыг бууруулсаар. Тиймээс Хөгжлийн замд багтсан эрчим хүч, дэд бүтэц, зам тээврийн том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага улам бүр өндөрссөөр.
Гэхдээ том төслүүдийг улс төртэй холбон гацаасан гашуун түүх олон бий. Тавантолгой тойрсон бараан түүхийг бид мэднэ. Нүүрсний нөөцөөрөө Ази бүү хэл дэлхийд дээгүүрт бичигдэх энэ төсөл ард түмний нэр барьсан популистууд “гавьяа”-гаар өнөөдрийг хүртэл бүрэн хүчин чадлаараа ашиглаж чадахгүй байна.
Тэгвэл биднийг ийн дэмий улс төржсөөр дэд бүтэц ч үгүй суух зуур дэлхийн тэргүүлэх эдийн засаг ч үүнтэй ижил төлөвлөгөө гаргаад байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэд бүтцийн салбартаа нэг их наяд ам.долларын бүтээн байгуулалт хийж, эдийн засгийн идэвхийг дээшлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ төлөвлөгөө нь Трампын эдийн засгийн бодлогын өнгийг тодорхойлж буй юм. Цагаан ордноос мэдээлснээр хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 20 хувийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах бол үлдсэнийг нь хувийн хэвшлээс татахаар төлөвлөжээ.
Эцэст нь дэлхий дэд бүтэц рүү хошуурцгааж байна. “Нэг зам, нэг бүс”, дагаж ирэх мөнгөний давалгаа, түүнийг тойрсон шинэ боломжууд бидний үүдийг тогшиж байна. Бид л өөрсдөө өрхөө татаж, үүдээ дэлгэхгүй бол ирэх жилүүдэд Монголын эдийн засагт эргэлт авчирч мэдэх энэ боломжийг биднийг тойроод гарах нь. Энэ бүхний эцэст Монгол Улс говийн ганц айл шиг торойн үлдэх вий.
Г.Байгал
| https://ikon.mn/n/1192 |
1193 | Минж нутагшуулах төслийн цахим хуудас хөгжүүлэлт, интернэтийн үйлчилгээг НМТГ хариуцаж байна | ikon.mn | 06/13/2017 12:15:00 |
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчид энэ сарын 10-нд “Минжтэй танилцъя” арга хэмжээ зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутагт үйл ажиллагаа явуулж буй Минж нутагшуулах, үржүүлэх төслийн үйл ажиллагаатай албан хаагчид танилцаж, хоёр байгууллага хамтран ажиллах талаар санал солилцлоо. Минж нутагшуулах, үржүүлэх төслийн цахим хуудас хөгжүүлэлт, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг НМТГ үзүүлэн ажиллаж байна.
Минж нутагшуулах нь Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцөлийг байгалийн аясаар нь сэргээх, урсацыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Төсөл хэрэгжүүлэх нэгж өдгөө 11 бүл 22 толгой минж үржүүлж байна.
Сонирхуулахад, минж нь мэрэгчдийн багт багтах амьтдын дотроос хамгийн том биетэй бөгөөд Монгол Улсын Улаан номонд орсон. Дэлхийд 2 зүйлийн минж бий.
Манай оронд Ховд аймгийн Булган голд Азийн минж тархсан байдаг.
Нас гүйцсэн минжний биеийн жин 16-22 кг, биеийн урт 74-86 сантиметр, сүүлний урт 25-30 сантиметр байдаг аж гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/1193 |
1195 | Сонгуультай холбоотой мэдээллийн 58 хувийг захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийн цаг эзэлж байна | А.Үлэмж, iKon.mn | 06/13/2017 13:04:00 |
"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ), Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-ноос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.
Өнөөдөр Сонгуулийн сурталчилгаа эхлэснээс хойшхи эхний 7 хоногийн хугацаанд хийгдсэн мониторингийн үр дүнг танилцууллаа.
Төслийн удирдагч Б.Онон "Бид 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш энэхүү мониторингийг хийж байгаа. Мониторингийн зорилго нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (ХМХ)-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн телевизийн мониторингд МҮОНТ, TV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулахаар сонгосон. Эдгээр телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд дөрвөөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуурыг үндэслэсэн" гэв.
Сурталчилгааны нэгдүгээр үе буюу 2017 оны зургаадугаар сарын 6-9 хооронд гарсан үр дүн
1. Тайлангийн хугацаанд 5 телевизийн 353 цаг 49 минут 52 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 20 цаг 34 минут 29 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байсан. Энэ нь нийт эфирийн 6 хувийг эзэлж байна.
2. Албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 4 хоногийн хугацаанд МҮОНТ нэр дэвшигчдэд тун ойролцоо цаг хуваарилсны хамгийн ихийг буюу 35 хувийг МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар эзэлсэн бол 34 хувийг АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад оноосон байна. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 31 хувьтай тэнцэх цаг оногджээ.
Бусад арилжааны телевизүүдийн хувьд нэг нэр дэвшигчийг онцлон илүү цаг оноосон нь ажиглагдсан байна. Тухайлбал “TV9” телевизэд С.Ганбаатар нэр дэвшигчийн мэдээлэл давамгайлж 38 хувийг эзэлсэн бол UBS телевизэд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 43 хувьтай тэнцэх цаг эзэлсэн нь бусдаасаа илүү байна. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “С1” телевизийн мэдээллийн 74 хувь, 25 дугаар суваг телевизийн мэдээллийн 40 хувийг эзлэв.
3. Төвийг сахисан өнгө аястай мэдээлэл хомс байна. Учир нь захиалгат, төлбөртэй мэдээлэл дийлэнх хувийг эзэлж буйтай холбоотой юм. 5 телевизийн дунджаар магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 76 хувиар давамгайлж байна. МҮОНТ-ийн мэдээллийн 73 хувь нь эерэг хандлагатай байсан бол “25 дугаар суваг”, “UBS” телевизийн мэдээллийн 87 хувь нь эерэг хандлагатай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
4. 5 телевизийн дунджаар нийт сонгуультай холбоотой мэдээллийн 58 хувийг захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийн цаг эзэлж байна. МҮОНТ-ийн нийт сонгуулийн холбогдолтой мэдээллийн 75 хувийг захиалгат нэвтрүүлгийн цаг эзэлж байна.
5. МҮОНТ-ийн мэдээлэлд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл илрээгүй нь сайшаалтай байна. Урьд өмнөх УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийж байсан мониторингийн дүнтэй харьцуулахад энэ нь чухал дэвшил гэж үзэж байна.
Харин хамгийн бага далд сурталчилгааг UBS телевиз цацсан нь 7 хувь байна. Далд сурталчилгаа нь хэлбэрийн хувьд авч үзвэл хуулийн зүйл заалтад тусгагдаагүй ч, олон улсын хэм хэмжээгээр далд сурталчилгааны хэв шинжийг агуулсан мэдээлэл ихээр илрэв.
6. Хараат бус, сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүл зүйн бүтээл дутмаг байна. 5 телевизийн дунджаар сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл нийт сонгуультай холбоотой мэдээллийн 22 хувийг эзэлж байна. МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 25 хувьд хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт бол “25 дугаар суваг” телевизийн сонгогчдын боловсролтой холбоотой мэдээлэл хамгийн бага хувийг эзэлсэн нь 17 хувьтай байна.
7. Сонгуулийн тухай хуульд заасан цагийн хязгаарлалт буюу 82.5 /60 минут/, 82.6 /15 минут/, 82.14 /5 мин/ дахь заалтуудыг зөрчих нь харьцангуй бага байгаа нь сайшаалтай байгаа аж. | https://ikon.mn/n/1195 |
1196 | "Дарба бандидын хойд дүрийг Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр өргөмжилнө" | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 06/13/2017 12:55:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Хөвсгөл аймгаас тодорсон Дарба бандида гэгээнтнийг арслант ширээнд залахтай холбогдуулан зохион байгуулж буй номын арга хэмжээ энэ сарын 16-ны өдрөөс эхлэн гурав хоног Хөвсгөл аймагт болох гэж байна. Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчоймбил дацангийн гавж С.Гантөмөрөөс дараах зүйлийг тодрууллаа.
-Дарба бандида гэгээнтний хойд дүрийг тодруулсан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дарба Бандидын долоо дахь дүрийг Данзанчойжилодой гэх хүүгээр тодруулсан.
2012-2013 оны үед тодроод Энэтхэгт суралцаж байгаад, одоо амралтаараа ирсэн байна. Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяа, одоо 16 настай.
Энэ хүү 2013 онд Энэтхэг явж, Далай багшид бараалхан Данзанчойжилодой хэмээх алдрыг хүртэж, одоо Энэтхэгийн Сэражи дацанд суралцаж байгаа.
-Дарба бандида гэж хэн байв. Түүхийн талаас нь тайлбарлавал?
-Монгол оронд хуучин маш олон хутагт хувилгаан байсан. Тэдний нэг бол Дарба бандида юм.
Түүхийн талаас нь авч үзвэл Бурхан багшийн үеийн 16 архад буюу найдангийн нэг Лампрангийн хойд дүр.
Энэ хүн Энэтхэгт дөрвөн удаа, Төвдөд долоон удаа, Монголд зургаан удаа хувилсан.
Монголд хувилсан анхны дүр 1636 оны үед мэндэлсэн Содовжамц лам юм. Дарба бандида Содовжамц гурван наснаасаа эхлэн олон ном уншлагыг цээжилсэн тэргүүтэй сонин гайхамшгийг үзүүлж, тодорсон.
Бага наснаасаа эхлэн бурхны номд суралцсан, 17 наснаасаа Төвөдийн Сэра хийдэд суралцсан, номын оргилд хүрсэн байдаг.
-Дарба бандида гэдэг нэр ямар учиртай юм бэ?
-Төвдийн Дарба нутагт нэгэн хийд байсан. Тус хийдэд хэн нэгнийг хамбаар томилоход удалгүй өөд болдог, ямар нэг зүйлийн хорлол болдог байж. Ингээд Банчин богд энэ тухай Далай ламд айлтгахад Содовжамцыг томилсон.
Энэ хийдэд Энэтхэгийн Гаяа Дара хэмээх дүвчин хүний пүрэв байсан. Пүрвийг гартаа барьж чадвал нутгийн муу муухайг дарж, шидийг олох ёстой байж.
Урдын хамба нар тэр пүрвийг гартаа барьж чадаагүй. Содовжамц лам очиж, гартаа бариад тэр нутгийн чөтгөр, шулмыг дарж чадсан. Эндээс эхлэн Дарба нутгийн бандида буюу Дарва бандида гэж алдаршсан байна.
-Хөвсгөл аймагт болох номын арга хэмжээний тухай мэдээлэл өгвөл?
-Хөвсгөл аймагт 17, 18, 19-ний өдөр номын арга хэмжээ зохион байгуулна.
Зургаадугаар сарын 16-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод энэ хүүг Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр өргөмжилж, урт удаан насалж, шашны арвин үйл хэргийг бүтээх бэлгэдлийг бодож, Бат-Оршил өгрөх юм.
Номын арга хэмжээнд Монголын дээдэс лам нар, тухайлбал, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц гуай, Энэтхэгээс ирсэн олон ринбүүчи нар морилно. | https://ikon.mn/n/1196 |
1197 | Богд уул руу явган аялал хийхийг ТҮР ХОРИГЛОЛОО | А.Төгөлдөр, iKon.mn | 06/13/2017 12:53:00 |
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оны эхний хагас жилийн байдлаар найман удаагийн ой хээрийн түймэр гарч, өмнөх оны мөн үеэс найм дахин өссөн байна.
Мөн ногоон бүсэд хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа учир 2017 оны зургаадугаар сарын 12-30-ныг хүртэлх хугацаанд аялах, уулын алхалт хийхийг түр хориглолоо.
Дээрх шийдвэрийг Хан-Уул дүүргийн Засаг дарга захирамжилсан байна.
ЗАХИРАМЖ:
| https://ikon.mn/n/1197 |
1198 | Агаар, төмөр замын тээврийн орлого ӨСЧЭЭ | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/13/2017 14:38:00 |
Үндэсний Статистикийн Хорооноос өгсөн мэдээллээр тавдугаар сард Агаарын тээврийн орлого 104 тэрбум төгрөг болж 17.5 хувь өсчөө. Үүнд гадаад улсад 109.2 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 5.8 хувь өссөн, дотоодод 152.7 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 42.5 хувь өссөн шалтгаан нөлөөлжээ.
Төмөр замын тээврийн орлого 195.9 тэрбум төгрөг болж 25.7 хувь өссөн байна. Үүнд төмөр замаар 8.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 12.6 хувь өссөн, төмөр замаар 1 сая 47.1 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувь буурсан шалтгаан нөлөөлжээ. | https://ikon.mn/n/1198 |
119a | Панам улс Тайванийг Хятадаар сольж байгаагаа зарлалаа | Р.Төмөр, ikon.mn | 06/13/2017 13:24:00 |
Төв Америкийн Панам улсын засгийн газар Хятадтай дипломат харилцаа тогтоож байгаа тул Тайваниас харилцаагаа таслаж байгаагаа Даваа гарагт зарлажээ.
Мэдэгдэлд Панам улс цаашдаа “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч, Тайваний арлыг БНХАУ-ын салшгүй хэсэг гэж үзэхээ илэрхийлсэн байна. Үүнтэй зэрэгцэн Тайваньтай үүсгэсэн бүх албан харилцаагаа төгсгөл болгохоо амлажээ.
Харин энэ мэдэгдлийн дараа Тайваний засгийн газар Панамын шийдвэрийг харамсан хүлээж авч байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Хятадын явуулж байгаа мөнгөөр дипломат харилцаа олж авах өрсөлдөөнд татагдан орохгүй гэдгээ мэдэгджээ.
Тайвань улстай дипломат харилцаатай НҮБ-ын гишүүн 20 орон байсны нэг нь ийнхүү хасагдаж байна. Үлдсэн улсууд нь Номхон далайн 6, Африкийн 2, Төв Америк, Карибын сав газрын 10, Өмнөд Америкийн 1 орон байгаа юм.
Эх сурвалж: Nikkei
| https://ikon.mn/n/119a |
119b | Хар тамхины хэргээр ял эдлэгсдийн ихэнх нь ЗАЛУУ БАС ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ... | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 06/14/2017 10:33:00 |
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ, түүнээс шалтгаалсан гэмт хэрэг сүүлийн 10 жилийн хугацаанд эрчимтэй өсчээ. Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож эрүүгийн ялаар шийтгэгдсэн хүмүүс нэмэгдэж байгаа тухай Цагдаагийн Ерөнхий Газараас мэдээллээ.
ТОО БАРИМТ: 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхины 25 хэрэгт 75 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 6 хэргээр буюу 25 хувиар, холбогдогч нь 23 хүнээр буюу 44 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газараас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалах, борлуулах, олж авах, тээвэрлэх, илгээхтэй холбоотой ял шийтгэгдсэн этгээдүүдийн талаар албан ёсны тоо гаргаж, олон нийтэд мэдээллээ.
Монголд одоогоор хар тамхины хэрэгтэй 53 ялтан, 12 хоригдогч байна. Үүний дийлэнх нь буюу 83 хувь нь эрэгтэй, үлдсэн 13 хувь нь эмэгтэй хүн ажээ. Ял эдлэгдэгсдийн судалгаанаас харахад насны хувьд 19-29 насныхан буюу цэл залуу хүмүүс ихэвчлэн энэ төрлийн гэмт хэргээс болж шоронд оржээ. Харин түүний дараа 30-39 насныхан орж байна.
График 1: Хар тамхинаас болж ял эдлэгсдийн насны ангилал /ШШГЕГ, 2017/
Хар тамхины гэмт хэрэгт холбогдож ял эдэлсэн иргэдийн боловсролыг аваад үзвэл 47 хувь нь бүрэн дунд боловсролтой бол дээд боловсролтой хүн 41 хувийг эзэлж байна.
Үүнээс харахад хар тамхины хэрэг боловсрол харгалзахгүй хэн хүн бүрт хамааралтай байж болох ажээ. Ялангуяа гэр бүлийн тогтвортой харилцаатай, тогтсон орлоготой, нийгмийн чинээлэг дундаж давхаргынхан дунд хар тамхины хэрэглээ өндөр байгааг ШШГЕГ-аас тодотгов.
График 2: Хар тамхинаас болж ял эдлэгсдийн боловсролын түвшин /ШШГЕГ, 2017/
Хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдэхэд ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?
Энэ асуултад мэргэжлийн байгууллагууд дараах таван шалтгааныг нэрлэж байна.
Сэтгэл санааны таагүй байдлаас ангижрах,
Сонирхож шохоорхох,
Бусдын нөлөөнд автах,
Хялбар аргаар мөнгө олохоор шунах,
Хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал
Хар тамхины хэрэг хатуу ял шийтгэлтэй байдаг тухай дээр дурдсан. Тэгвэл нийт ял эдлэгсдийн 36 хувь нь чанга дэглэмтэй хориход ял эдэлж байна.
График 3: Хар тамхины хэргээр ял эдлэгсдийн дэглэм /ШШГЕГ, 2017/
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсод ихэвчлэн хар тамхийг хадгалан борлуулсан шалтгаантай байдаг аж. Харин олж хэрэглэсэн шалтгаан нь цөөхөн байгаа юм.
Учир нь хадгалан борлуулж, тээвэрлэх нь өөрөө ашиг олох, мөнгөний зорилготой байдаг. Тиймээс хар тамхи хадгалан борлуулсан этгээдийг хүнд ялаар шийтгэдэг.
График 4: Хар тамхины хэргээр ял эдлэгсдийн гэмт хэргийн шалтгаан /ШШГЕГ, 2017/
Гурван сая хүнтэй орны хувьд хар тамхины хэрэглээ, эргэлт нэмэгдэх нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой асуудал. Дээрх тоо баримтаас харахад хар тамхитай холбоотой гэмт хэргээр ялж эдэлж байгаа иргэдийн дийлэнх нь ЗАЛУУ, ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ байна.
Ихэвчлэн боломжтой айлын хүүхдүүд, залуу хүмүүсийг онилдог учраас гэр бүл, үр хүүхэд, хайртай дотны хүмүүстээ үргэлж анхаарлаа хандуулж байх хэрэгтэй юм. | https://ikon.mn/n/119b |
119c | “JCI ASPAC 2017” чуулганы албан ёсны түнш “APU” компани | СУРТАЛЧИЛГАА | 06/13/2017 13:52:00 |
JCI Монгол байгууллагын зохион байгуулсан JCI ASPAC буюу Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг APU компани дэмжин ажиллаа
Тус арга хэмжээ энэ сарын 09 өдрөөс 11-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд нийт 51 орны 3200 манлайлагч, бизнес эрхлэгч залуус оролцсоноороо онцлогтой байлаа.
Монголд анх удаа зохион байгуулагдсан “JCI ASPAC 2017” чуулга уулзалтад APU компани албан ёсны түнш байгууллагаар хамтран ажилласан нь бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн олон орны манлайлагч залууст эх орноо сурталчлах нэрийн хуудас болон ирсэн зочдод бүхий л бололцоогоо дайчлан оролцсондоо таатай байна.
Уригдан оролцсон зочид нэгдсэн хуралдаан, сургалт, нээлттэй форум, Монгол урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдэд оролцож манай улсын түүх, зан заншил, өв соёлтой танилцсан билээ.
APU компани нь JCI ASPAC арга хэмжээнд албан ёсны түншээр ажилласнаар Монголын залуу үеийн манлайлагч залууст олон улсын залуустай туршлага солилцох, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар санал бодлоо хуваалцах, нээлттэй хэлэлцэх боломжийг олгосон төдийгүй ирсэн зочидод Монгол улсад бизнес эрхлэх, аялаж жуулчлах, эх орноо сурталчилж таниулах олон талын ач холбогдолтой чухал арга хэмжээ болсон юм.
Энэ ташрамд JCI ASPAC чуулганыг амжилттай хамтран зохион байгуулсан JCI Монгол байгууллагын удирдлагууд болон манлайлагч залуустаа талархал дэвшүүлж буйг хүлээн авна уу!
APU компанийн гүйцэтгэх захирал, JCI Монгол Байгууллагын 2008 оны үндэсний ерөнхийлөгч Ц.Эрдэнэбилэг
Бидний хувьд ACEM-ийн дараа орох JCI ASPAC буюу Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах үйлсэд манлайлан оролцож, албан ёсны түнш байгууллагаар хамтран ажилласандаа баяртай байна.
Хамтран ажилласан JCI Монгол байгууллагын гишүүд, манлайлагч залуустаа бүгдэд нь чин сэтгэлээсээ баяр хүргэж, цаашдын үйл хэрэгт нь өрнүүн их амжилтыг ерөөе!
APU компанийн санхүү хариуцсан захирал Б.Түвшин
Хөгжлийн шинэ шатанд алхаж буй Монголын залуу манлайлагчдыг олон улсын бизнес эрхлэгч залуустай холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийг нээж өгсөн чухал арга хэмжээ боллоо гэж бодож байна.
APU компанийн ПР ахлах менежер Б.Бэгзсүрэн
Миний хувьд энэхүү арга хэмжээ үнэхээр гайхалтай байлаа.
Үе тэнгийн олон орны залуусын үзэл бодол, тэдний юунд тэмүүлж, юуг бий болгож, нийгэмдээ болон улс орондоо хэрхэн эерэгээр нөлөөлж, манлайлж буй туршлагаас суралцах боломж олдсон.
| https://ikon.mn/n/119c |
119d | ЖАГСААЛТ: Үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болсон ХҮҮХДИЙН 20 ЗУСЛАН | А.Төгөлдөр, iKon.mn | 06/13/2017 16:07:00 |
2017 оны 06-р сарын 05-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийг хүртэл нийт 24 хүүхдийн зусланд шалгалт хийжээ.
Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр даргаар удирдуулсан ажлын хэсэг 2017 оны 06-р сарын 12-ны өдөр хуралдаж хүүхдийн зусланд хийгдсэн хяналт шалгалтыг дүгнэн хэлэлцэж хүүхдийн 20 зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон байна.
20 ЗУСЛАНГИЙН ЖАГСААЛТ:
№
Зуслангийн нэр
Захирлын нэр
1
Нарс
Ц.Туяасайхан
2
Нарлаг
Л.Дамдинсүрэн, Мөнхбат
3
Жавхлант
Г.Алтанхуяг
5
Галакси
Г.Даваахүү
6
Янзага
Б.Барамсай
7
Маргаашийн хөгжил
Баттогтох Батбуян
8
Өгөөмөр
Амар
9
Цагаан нуга
Баясгалан, З.Ойдов
10
Мөрөөдөл
Цогтмагнай
11
Цоглог
Ц. Баттуяа
12
Чухаг
Б.Мөнхбаяр
13
Хайрын билэг
Батжаргал
14
Од
Б.Лхамсүрэн, Б.Алтанцэцэг
15
Шонхор
Н.Наранцацрал, Т.Мөнх-Од
16
Сэлбэ
Сосорбурам
17
Найрамдал
Б.Отгонбат
18
Хараацай
Ойнбаяр
19
Сансар
Эрдэмдэлгэр
20
Тэмүүлэл
Цэрэнбадам
Ажлын хэсэг нийт зуслангуудад зөвлөмж, шаардлагатай зуслангуудад хугацаатай албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийн шалгалтыг 2017 оны 07-р сарын эхээр хийхээр болжээ.
Хүүхдээ зусланд амраахад хэрэгтэй зөвлөмж
Зуслангийн эрүүл мэндийн хуудсыг татаж авах холбоос:
http://child.gov.mn/?p=4495
Хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт заавал оруулсан байна
Хүүхдээ эмчийн үзлэгт хамруулж, шинжилгээ хийлгэн, эрүүл мэндийн хуудсыг үнэн зөв бөглүүлсэн байх
Хүүхдэдээ дараах зүйлсийг бэлтгэж явуулна.
Хувцас /нарны малгай, дотуур, гадуур хувцас, гутал, биеийн тамирын хувцас, дулаан хувцас, усны гутал/ мөн
Ариун цэврийн хэрэглэл /цагаан хэрэглэл гар нүүрний алчуур, оо, сойз, саван, шампунь, бие угаагч, нойтон сальфетка, оо цаас/
Анхан шатны тусламж /шархны лент, хөвөн гэх мэт/ ойр зуурын зүйлийг бэлтгэж өгөх
Хүүхдийн хувийн бэлтгэлийг хангана.
Зуслан дээр зохиогдож байгаа уралдаан тэмцээнд оролцох тул хэрэг болох зүйлийг нь бэлтгэж явуулаарай. Бүжиглэдэг бол бүжгийн хувцас, дуулдаг бол дууны бичлэг, зурдаг бол зургийн зарим хэрэгсэл, будаг цаасан урлаг сонирхдог бол өнгийн цаас, хайч цавуу гэх мэт
Дараах хүнсний зүйлийг зуслан руу авч явахыг хориглох тул өгч явуулахгүй байх
Лаазалсан бүтээгдэхүүн
Төрөл бүрийн мах махан бүтээгдэхүүн
Амархан муудах хүнсний бүтээгдэхүүн
Чипс
Хийжүүлсэн ундаа
Бэлэн гоймон.
Эх сурвалж: Нийслэлийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Газар | https://ikon.mn/n/119d |
119e | ФОТО: 10 дугаар хорооллын тохижилтын ажилтай ТАНИЛЦ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/13/2017 14:13:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын “ЖАСТ” ШТС-аас “МТ” ШТС хүртэлх туслах зам талбайн тохижилтыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Өнөөдрийн энэ тохижилтын ажил бол “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийнхээ иргэдийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хотын даргаас явуулж байгаа бодлогын нэг илрэл юм.
Нийт 812 метрийн урт, 5,800 м2 сул шороон хөрсийг хучилт хийж, 198 автомашины зогсоолтой, 2 талаараа явган замтай, 98 гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн талбайг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын хамт олон богино хугацаанд бий болгож, хугацаанд нь хүлээлгэн өглөө” гэсэн юм.
Гэрэл зургийг mpa.mn
Сул шороо, тоос бужигнасан, автомашинуудаа эмх замбараагүй байрлуулдаг, иргэд хөлөө амраагаад суух ганц ширхэг сандалгүй, ойрын хэдэн жилд тохижилтын ажил огт хийгдээгүй энэ газарт авто зогсоол, ногоон байгууламж, хогийн сав, гэрэлтүүлэг, амрах сандал зэрэг иж бүрэн тохижилтын ажил хийгдсэнд иргэд баяртай байгаа юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хийж гүйцэтгэсэн байна.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/119e |
119f | Трамптай адил дүрийг үхүүлдэг Шекспирийн жүжгээс ивээн тэтгэгчид нь татгалзжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/13/2017 14:38:00 |
Нью-Йоркийн Паблик Театр жил бүрийн зун тус хотын төв цэцэрлэгт Шекспирийн аль нэг жүжгийг үнэ төлбөргүй тоглодог уламжлалтай. Өнөөдөр эхэлж, энэ сарын 18-нд дуусах энэ жилийн тоглолтод тэд “Юли Цезарь” бүтээлийг найруулан тавьж байгаа юм. Гэтэл энэхүү урлагийн арга хэмжээг ивээн тэтгэдэг Дельта Эйрлайнз, Банк оф Америка байгууллагууд санхүүжүүлэхээс татгалзаж байгаагаа Ням гарагт зарлажээ.
Шекспирийн жүжгийг өнөө цаг үеийн байдлаар тоглож байгаа бүтээлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай адилхан хослол өмсөж, улаан зангиа зүүсэн шаргал үстэй хүн буюу Юли Цезарь алагдаж байгааг үзүүлдгээс болж ийм шийдвэр гаргасан байна. Тэр ч байтугай Цезарийн эхнэр Калпурина нь славян аялгатай англи хэлээр ярьдаг нь тэргүүн хатагтай Меланиа Трампыг дүрсэлсэн хэрэг болжээ. Жүжгийн төгсгөлд Цезарийг хутгалж амийг нь хөнөөдөг юм.
Театрынхан уг бүтээлээ “Шекспирийн улс төрийн агуу драмыг хэзээ ч үүнээс илүү орчин үежүүлж байсангүй” гэж сурталчилсан нь Трампыг харуулсан гэдгээ улам баталж байна.
Дельта Эйрлайнз компанийн мэдэгдэлд “Улс төрийн үзэл бодлоос үл хамааран энэ жил тоглогдох Юли Цезарь жүжгийн агуулга манай компанийн үнэт зүйлстэй ямар ч хамааралгүй болно” гээд тус театртай байгуулсан ивээн тэтгэгчийн гэрээгээ бүр мөсөн дуусгаж байгаагаа зарлажээ. Тэд бас театрын “бүтээл нь урлагийн таашаал мэдрэмжийн хил хязгаараас хэтэрсэн” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Банк оф Америка мөн дээрхтэй адил мэдэгдэл хийж, зөвхөн энэ удаагийн жүжгийг санхүүжүүлэхээс татгалзжээ.
Театрын уран бүтээлчид Даваа гарагт хариу мэдэгдэл гаргаж, жүжгийн үзүүлсэн санаа нь хэн нэгнийг чиглэсэн хүчирхийлэлд уриалаагүй, харин ардчиллыг ардчилсан бус аргаар хамгаалах гэж оролдсон хүн эцэст нь хүнд шийтгэл амсдгийг харуулсан гэж тайлбарласан байна.
Шекспирийн энэхүү жүжигт дайнд ялаад Ромд эргэн ирсэн Цезарт атаархсан Кассиус, Брутус нар түүний амийг хороож, дараа нь үүнийгээ Ромын сайн сайхны төлөө хийсэн үйлдэл гэж тунхаглаж байгаа эмгэнэлт түүхийг үзүүлдэг юм.
Эх сурвалж: Time.Com
| https://ikon.mn/n/119f |
119g | УТААНЫ ЭСРЭГ: 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил эхэллээ | ikon.mn | 06/13/2017 14:48:00 |
Эрчим хүчний яам, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн 2017 оны төлөвлөгөөний дагуу 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж эхэллээ.
Эхний ээлжинд Яармаг орчмын долоон зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн 80 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, Цагдаагийн барилга гэх мэт газрууд төвлөрсөн дулаанд холбогдсон байна.
Төвлөрсөн дулаанд холбогдох барилгууд:
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Их Засаг Их Сургууль орчимд байрлах 27 халаалтын зуухнаас хангагддаг 73 орон сууц, үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.
Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо Цайз зах, Маахуур толгой орчмын 25 халаалтын зуухнаас хангагддаг 46 орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.
Амгалан дулаан станцаас гарсан дулааны шугамыг өргөтгөн хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах, халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын зураг төсөл хийгдэж байна. Үүнд 22.9 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Засгийн газраас хөрөнгийн эх үүсвэрийг шийвэрлээд байгаа юм.
Мөн Хууль Сахиулахын Их Сургууль орчмын 9 халаалтын зуухнаас хангагддаг 19 орон сууц, үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.
2017 онд 68 халаалтын зуухыг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг жилд 11,181 тн–оор бууруулах юм.
1,780 метр дулааны шугам, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий хоёр дулаан дамжуулах төвийг суурилуулсан уг төсөлд нийт 820 гаруй сая төгрөг зарцуулсаны үр дүнд жилд түлдэг байсан 2,470 тн түүхий нүүрсний хэрэглээ буурч, агаарт хаягдах хорт хаягдал 115.2 тн-оор багасах судалгаа гарсан аж.
2020 он гэхэд Улаанбаатар хотыг тойрсон нийтдээ 228 халаалтын зуухнаас хангагддаг 0.1-3 Гкал/ц-ийн дулааны хэрэглээтэй 500 орчим барилгыг төвлөрсөн дулаанаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг жилд 121.573 тн-оор багасгаж, нүүрсний шаталтаас агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 5667.3 тн-оор бууруулах боломжтой болох юм.
Эрчим хүчний сайд П.Ганхүү, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очир болон бусад албаны хүмүүс шугам сүлжээний төв цэг буюу Хан-Уул дүүргийн 4-р хороо, Яармагийн нэгдсэн эмнэлэг орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
Эх сурвалж: Эрчим Хүчний Яам | https://ikon.mn/n/119g |
119h | МЭДЛЭГ: Өдөр гэрэл асаахын учир | WWW.CARDOCTOR.MN | 06/13/2017 15:01:00 |
Орчин үеийн ихэнх машинууд өдөр асдаг гэрэлтэй болсон. Ингэснээр өдрийн цагаар бусдад үзэгдэх, өөрийгөө хаана явааг мэдрүүлэх боломжийг олгож байгаа давуу талтай. Хөдөлгүүр ассан цагаас л хамт асдаг нь нэлээд чухал зүйл гэдгийг илэрхийлнэ.
Европын дүрэмд талархах хэрэгтэй, тэд 2011 оноос хойших шинэ суудлын машинууд 2012 оноос хойших ачааны болон автобусанд заавал энэ гэрэл байх ёстой гэсэн шаардлагыг тавьж хэрэгжүүлж эхэлсэн.
Одоогоор тийм ийм байх ёстой гэсэн шаардлага тавиагүй, ямар ч байсан асах ёстой гэсэн шаардлага л тавьсан байдаг аж.
Түүх
Хамгийн анх Вольво 240 загварын машинд өдрийн гэрлийг суурилуулж Их Британийн зах зээлд гаргаж байж. 80-аад оны дунд үед хотын нөхцөлд ашиглаж бай гэж стандарт тогтоож өгсөн байдаг.
Харин одоо Европын ихэнх улсад үүнийг мөрддөг бөгөөд байхгүй бол их гэрлээ асааж явахыг замын хөдөлгөөний дүрмээрээ зохицуулж өгсөн байдаг
2006 оны байдлаар дэлхийн 12 улсад их гэрлээ асааж явахыг хуульчилж өгчээ. Үүнд:
Швед 1977 оноос
Исланд, Латви, Македон, Норвеги улсад 1980 оноос
Дани улсад 1990 оноос
Румын улс, Словенид 1998 оноос
Литва, Словак, Чех улсад өвлийн улиралд заавал асааж явах ёстой болон Унгар, Итали улсад хотоос гадна замд заавал асаах ёстойг зааж өгчээ.
Өдрийн гэрлийн давуу тал
2006 оны Европын холбооны танилцуулсан судалгаа, шинжилгээний материалд үр ашиг болон нөлөөлөл, давуу, сул талыг ингэж танилцуулсан байна.
Асааж явснаар замын осол, эндэгдлийг бууруулдаг
Зорчигч, болон мотоцикл, дугуйн жолооч нарт машин явж байгааг мэдрүүлэх бололцоог ихэсгэдэг. Шатахуун зарцуулалт ихэсдэг.
Тэд энэ дүрмийг боловсруулахдаа үр ашиг-зардлын судалгааг маш сайн тооцоолсноор хэрэгжих нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Сүүлд Их Британийн тээврийн газраас дээрх арга нь ослыг багасгадаг болохыг баталсан. Энэ нь зардлаас хэд дахин үр ашигтай байгааг нотолсон.
Шатахуун зарцуулалт
Их гэрлийг асаах нь жанамын ачааллыг өсгөж түүний хэвийн ажиллагааг хангахын тулд хөдөлгүүрийн эргэлт өндөрсгөдөг. Ингэснээр илүү их энерги гаргаж шатахуун зарцуулалт нь ихэсдэг.
LED гэрэл нь их гэрлийг бодвол маш бага хэмжээний цахилгаан ашигладаг
Өдрийн шар гэрлүүд нь ассан үедээ хянах самбар болон подфарын гэрлийг асаадаггүй.
| https://ikon.mn/n/119h |
119i | “Алтай” нисэх буудлын шинэ зурвас ашиглалтад орлоо | ikon.mn | 06/13/2017 15:21:00 |
Говь-Алтай аймаг дахь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Алтай” нисэх буудлын шинэ зурвасыг энэ сарын 11-нд албан ёсоор нээлээ.
“Алтай” нисэх буудал нь 2012 оны 10 дугаар сард, цагт 100 зорчигч хүлээн авах, үдэн гаргах хүчин чадал бүхий шинэ аэровокзалыг ашиглалтанд оруулснаар өдгөө 30-аад ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Нисэх буудлын хөөрч буух хайрган болон, хатуу хучилттай зурвас, үерийн далан барих гэрээт ажлын гүйцэтгэгчээр ЗААБАР ХХК ажиллаж 2008 онд барилга угсралтын ажил эхэлж , 2009 онд 2.3км урт хөөрч буух шороон зурвасыг хүлээлгэн өгсөн.
Мөн 2013 онд 3,620 м үерийн далан барих ажил дуусч, 2016 оны 12 сард 2.9 км урт хөөрч буух хатуу хучилттай зурвас, 275 м урт, 15 м өргөнтэй явгалах зам, 120м урттай, 85м өргөнтэй агаарын хөлгийн зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгснөөр албан ёсоор нээж байгаа юм.
Энэхүү иж бүрэн аэродром ашиглалтанд орсноор иргэдэд үйлчлэх агаарын тээврийн үйлчилгээний чанар сайжирч, нислэгийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгааг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн онцоллоо.
Цаашид гэрэл суултын систем ашиглалтад орж “Алтай” нисэх буудал шөнийн нислэг хийх боломжтой болох юм.
Алтай нисэх буудлын шинэ аэродром ашиглалтад орж байгаатай холбогдуулан дөнгөж Улаанбаатарт ирсэн “Хүннү айр” авиа компанийн 2 дахь “АТР-72” агаарын хөлөг Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд анхны нислэгээ амжилттай үйлдлээ. Тус агаарын хөлөгөөр энэ сарын 22-ноос эхлэн Улаанбаатар-Улаан-үдэ-Улаанбаатар чиглэлд олон улсын тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.
Шинэ зурвасын нээлтэд оролцсон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэлсэн үгэндээ “Монгол Улсын баруун хязгаар нутгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, өнөөдөр Алтай хотын нисэх буудал орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн зорчигч, үйлчлүүлэгчдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан хөөрч буух, хатуу хучилттай зурвас ашиглалтад хүлээн авч байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан орон нутгийн болон олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар тус салбарт үнэ тарифыг бууруулах, алслагдсан аймаг, сумдад төрийн үйлчилгээг ойртуулах зорилтын хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Сүүлийн 7-8 жил үргэлжилсэн Доной нисэх буудал, Алтай нисэх буудлын зурвас барих ажлыг эцэслэн, ийнхүү өнөөдөр Алтай хотын нисэх буудлын зурвасыг ашиглалтад хүлээн авч байгаад баяртай байна” гэлээ.
Эх сурвалж: Зам тээвэр, Хөгжлийн яам | https://ikon.mn/n/119i |
119j | THAAD системийг тагнаж байсан Хойд Солонгосын дроныг олзолжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/13/2017 15:47:00 |
Өмнөд Солонгост байрлуулаад байгаа АНУ-ын THAAD пуужингаас хамгаалах системийг тагнаж байсан Хойд Солонгосын дроныг олзолсноо Өмнөдийн армийн төлөөлөгчид өнөөдөр мэдээлжээ.
Sony хийцийн камер бүхий жолоочгүй нисдэг төхөөрөмжийг өнгөрсөн долоо хоногт хоёр Солонгосын хилийн орчмоос олсон юм байна. Дрон тагнуулын ажиллагаа гүйцэтгээд буцаж явахдаа гэмтэж, газарт унасан бололтой.
Өмнөд Солонгосын армийнхан дроны камерын 64GB санах байгууламжаас THAAD-тай холбоотой 10 гэрэл зургийг илрүүлсэн байна. Бусад зургууд нь тариан талбай, иргэний зориулалттай байгууламжуудыг харуулсан байжээ.
Дрон нь Хойд Солонгосын зэвсэглэлд шинээр орж ирсэн хэрэгсэл юм. 2014 онд хэд хэдэн ийм дрон Өмнөдийн газар нутгаас илэрч байжээ. Тухайн үедээ дронуудыг үзэж шинжилсэн мэргэжилтнүүд харьцангуй чадал багатай, болхи хийцтэй боловч аюул учруулахыг үгүйсгэхгүй гэж тэдгээрийг дүгнэж байв.
THAAD системийг суурилуулсан хойд Гёнсан мужийн Сёнжу суурин нь хоёр Солонгосын хилээс 270 орчим километр зайтай байдаг юм.
Дрон хол зам туулахдаа зай тэжээлийн хомсдолд орсон байж магадгүй байна.
Дроны камераас илэрсэн зарим гэрэл зургууд:
Эх сурвалж: Korea Times
| https://ikon.mn/n/119j |
119k | Зуслангийн амрагч хүүхдүүд мөнгөнд хүндэтгэлтэй хандах ухаанд суралцав | ikon.mn | 06/13/2017 16:28:00 |
Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн насжилтийг уртасгах зорилгоор “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аян санаачилж, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж байна.
Хоёр сарын турш орон даяар хэрэгжиж буй аяны хүрээнд мөнгөн тэмдэгтэд зүй зохистой хандахыг уриалсан мэдээлэл түгээх, албан байгууллага, хүүхэд залуучуудад хандсан сургалт уулзалт хийх зэрэг хэд хэдэн төрлийн ажлыг олон нийтийн дунд зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-нд Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын мэргэжилтнүүд “Сэлбэ” зуслангийн амрагч хүүхдүүдэд зориулж “Мөнгийг цэвэрхэн хэрэглэе” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд гартаа огт мөнгө барьж үзээгүй хүүхдүүд цөөн байсан ч мөнгөтэй харьцдаг ч түрийвч хэрэглэж үзээгүй хүүхдүүд олон байв.
Эндээс эхлэн мөнгийг түрийвчинд хийхгүй бол мөнгө хэрхэн муудаж чанараа алддаг болохыг сургагч багш нар хүүхдүүдэд ойлгуулж, тэднийг заавал түрийвчтэй болохыг зөвлөлөө.
Хэрвээ мөнгийг нугалж, базаж, зориулалтын бус газарт хийх юм бол мөнгө хэрхэн бохирддог, мөнгө нь улс үндэстэнийн тусгаар тогтнол, түүх соёлын баталгаа тул хүндэтгэлтэй хандах ёстойг тайлбарласны дараа хүүхдүүд мөнгөтэй хэрхэн зүй зохистой харьцах ёстой талаар зөв мэдээлэлтэй болцгоолоо.
О.Цолмон, 6 настай: Би мөнгө барьж үзээгүй л дээ. Гэхдээ мөнгийг хайрлахгүй бол гомдоод яваад өгнө, буцаж ирэхгүй. Мөнгийг урж, үрчийлгэж, дээр нь зураг зурж болохгүй.
Э.Эгшиглэн, 9 настай: Мөнгөө түрийвчид хийх ёстой гэдгийг ойлголоо. Би урд нь гартаа нугалж барьж явдаг байсан. Мөнгийг нугалах юм бол амархан муухай болж дараа нь түүний оронд шинэ мөнгө гаргах гэж их зардал гардаг юм байна.
А.Улсбаяр, 13 настай: Мөнгө бол хүний өдөр тутмын хэрэглээ учраас мөнгийг заавал түрийвчинд авч яваасай гэж хүмүүст хэлмээр байна. Бохир мөнгөөр олон төрлийн нян дамждаг. Мөнгөтэй цэвэрхэн хандах тусам мөнгө бохирдох нь бага байна. Мөн Монгол Улсын маань нэрийн хуудас гэж бодож байна.
Хүүхдүүд ийнхүү мөнгөтэй хэрхэн соёлтой хандах тухай ойлголт авсны дараа мөнгөний нууцлалтай танилцлаа. Тэд энэ хичээлээр хуурамч мөнгийг таних аргыг заалгаж мөнгөний нууцлалыг өөрсдөө олж дадлага хийлээ.
Эх сурвалж: Монголбанк | https://ikon.mn/n/119k |
119m | Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Макмастертай Цагаан ордонд уулзав | ikon.mn | 06/13/2017 16:25:00 |
АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-нд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.Макмастертай Цагаан ордонд уулзав.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс өөрийн чухал гуравдагч хөрш АНУ-тай иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бэхжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит алхмууд хийх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.
Хоёр орны энхийг сахиулагчид бүс нутаг, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө мөр зэрэгцэн ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, Монгол Улс нь Афганистан Улс дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох болсныг нотлов.
Х.Макмастер Афганистан Улс болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй манай улсын хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасанд талархал илэрхийллээ.
Мөн тэрбээр Монгол Улс, АНУ-ын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлж, улс төр, батлан хамгаалахын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд чухал түлхэц болохыг тэмдэглэв.
Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Гаалт, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан захирал Мэтт Потинжер нар байлцав.
Мөн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Жонатан Нэштай уулзаж, Монгол Улсын Засгийн газар, МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээний явцын талаар санал солилцов.
АНУ-ЫН ЭНХТАЙВНЫ КОРПУС МОНГОЛ УЛСАД САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-нд Энхтайвны корпусын Захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Ш.Кроулитай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Энхтайвны корпус нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголд сайн дурын ажилтнуудаа илгээн ажиллуулж, Монгол Улсын нийгмийн хөгжилд түүний дотор эрүүл мэнд, боловсролын салбар чиглэлд ажиллуулан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, талархал илэрхийлэв.
Хатагтай Ш.Кроули Монгол Улсын Засгийн газар сайн дурын ажилтнуудад дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, манай талын хүсэлтийн дагуу Монголд сайн дурын үйл ажиллагааг дэмжих төсөл эхлүүлж байгааг дурдав. Энэхүү шинэ төслийн хүрээнд Энхтайвны корпус нь сайн дурын үйл ажиллагааны туршлагаа Монгол Улсын Засгийн газартай хуваалцаж, манай улсад сайн дураар үйл ажиллагаанд оролцох орчинг дэмжих зорилго бүхий бүтцийг бий болгоход хоёр тал хамтран ажиллах юм.
Улмаар Монголд ажилласан туршлагатай сайн дурын ажилтан Монголын онцлог хэрэгцээнд нийцсэн үндэсний сайн дурын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад шаардагдах судалгааг хийж, хөтөлбөрийн загварыг гаргах юм. Мөн АНУ-ын дотоодод хэрэгжүүлдэг сайн дурынхны байгууллага болох “Americorps”-ын туршлагыг судалж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр тохиров.
Энхтайвны корпусын үйл ажиллагаа Монголд эхэлсний 25 жилийн ой 2016 онд тохиосон бөгөөд энэ хугацаанд тус байгууллагын 1,200 гаруй сайн дурын ажилтан Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллажээ.
Энхтайвны корпус нь дэлхийн улс орнуудын өмнө тулгараад буй нэн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд шилдэг бөгөөд чадварлаг Америкчуудыг АНУ-ын нэрийн өмнөөс илгээж, ажиллуулдаг байгууллага юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1961 онд Энхтайвны корпусыг байгуулснаас хойш 220,000 орчим Америкийн сайн дурын ажилтан дэлхийн 140 оронд ажиллаад байна.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/119m |
119o | Дэлхийн хамгийн том 5G сүлжээг $180 тэрбумаар байгуулна | Р.Түвшин, iKon.mn | 06/13/2017 16:37:00 |
Манай урд хөрш Хятадын харилцаа холбооны гурван оператор компанийн үүрэн холбооны шинэ үеийн 5G сүлжээний дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт нь $180 тэрбумд хүрэхээр байгааг зах зээлийн шинжээчид тооцоолжээ. Ийм хэмжээний мөнгийг China Mobile, China Unicom, China Telecom компаниуд ирэх долоон жилийн хугацаанд зарцуулах гэнэ. Харьцуулбал 2013-2020 оны хооронд тэд 4G сүлжээнд $117 тэрбумыг зарцуулахаар төлөвлөөд байсан юм.
Япон улсын харилцаа холбооны компаниуд гэхэд мөн ижил хугацаанд $46 тэрбумыг зарцуулахаар байгаа нь Хятадын хөрөнгө оруулалтаас бараг 4 дахин бага байна.
Хятадын компаниуд 2019 оноос 5G технологийг зах зээлд нэвтрүүлэх төлөвтэй байгаа юм. Харин ирэх жилээс туршилтын сүлжээгээ бий болгох гэнэ.
Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байна. Тухайлбал 5G технологи нь 3-5GHz давтамжийн зурваст ажилладаг тул 4G сүлжээнээс илүү олон тооны бааз станц шаарддаг. Мөн Хятад улсын газар нутгийн хэмжээ, хүн амын тооноос хамаарч байгаа. Jefferies Equity компанийн тооцоолсноор 2022 онд Хятадад 588.3 сая 5G хэрэглэгч байх бөгөөд энэ нь нийт гар утасны хэрэглэгчийн 39.9 хувь болох аж.
Мөн Хятадын Байду, Алибаба, Тенсент зэрэг интернэт компаниуд 5G сүлжээнд зориулагдсан 4K, 8K видео үйлчилгээнүүд, AR, VR бүтээгдэхүүнүүд гаргахад бэлэн болоод байгаа нь шинэ үеийн сүлжээ нэвтрэхэд чухал түлхэц болох юм.
Мөн хиймэл оюун ухаанд (AI) суурилсан олон нийтийн аюулгүй байдлын хяналт, зам тээврийн ачаалал зохицуулалт, гамшгаас сэргийлэх төрийн үйлчилгээнүүд 5G сүлжээг түшиглэн бий болох төлөвтэй байгаа ажээ.
Эх сурвалж: South China Morning Post
| https://ikon.mn/n/119o |
119q | Дархан-Уул аймгийн авто вокзал 24 цагаар ажилладаг боллоо | ikon.mn | 06/13/2017 17:12:00 |
Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн салбар, төвүүдийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн автобуудлыг 24 цагийн байнгын үйл ажиллагаатай болголоо.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд тээвэрлэлтийн үйлчилгээг зуны цагийн хуваарьт шилжүүлэн уртасгасан цагаар ажиллуулах, дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, хүлээлгэн өгөх үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Дархан-Уул аймаг нь ОХУ-ын Хиагт, Улаан-Үд хот болон Орхон, Булган, Сэлэнгэ Хөвсгөл аймгийн чиглэлд дамжин өнгөрөх гол төв нь болдог бөгөөд сард Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн болон хувиараа тээвэр эрхлэгчдийн 60 мянга гаруй зорчигч тогтмол дайран өнгөрдөг.
Мөн тус автобуудал нь жилд 800 мянга гаруй зорчигчид үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өндөр настан, жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдийн амрах өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ болон иргэдийн ая тухыг хангасан цогц үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх юм.
“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ | https://ikon.mn/n/119q |
119s | СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Румыны иргэн Монголчуудыг мэхлэн луйврын гүйлгээ хийжээ | С.Бадрал, iKon.mn | 06/13/2017 17:54:00 |
Европын холбооны гишүүн Румын Улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ хийснийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.
Уг этгээд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Арилжааны банкны АТМ /автомат мөнгөний машин/-аас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний луйврын гүйлгээг хийсэн байна.
Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэн, бичиг баримтыг нь ашиглаж банкны гадаад гуйвуулгаар шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Румын Улсын иргэн Л.А нь Монгол Улсад 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирсэн байжээ.
Сэрэмжлүүлэг
Иймд гадаадын иргэдийн хүсэлтээр Монгол Улсын иргэд гадаад руу гуйвуулга хийхдээ анхааралтай хандах мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, сэжигтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ | https://ikon.mn/n/119s |
119t | СУДАЛГАА: Орон сууцны үнийн индекс 2017 оны ТАВДУГААР сарын байдлаар | Р.Түвшин, iKon.mn | 06/14/2017 12:31:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Үнийн индекс 2017 оны тавдугаар сарын байдлаар
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 5 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,928 орон сууцны үнийг хамруулсан болно.
Жич: Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС
2017 оны 5 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 2.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.7 хувиар тус тус буурчээ.
Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ.
Орон сууцны үнийн индексийг 2013 оны 1 дүгээр сараас тооцож эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна.
2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн ба орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна.
СБД-ийн 7-р хороо, 11-р хорооллын АРТ-11 орон сууцанд 2016 оны 5 дугаар сард орон сууцны 1 м2 дундаж үнэ 1,948,000 төгрөг байсан бол 2017 оны 5 дугаар сарын байдлаар 1,905,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2%-иар буурсан байна.
ШИНЭ ОРОН СУУЦ
-Байрны гэрчилгээ нь гараагүй бол ШИНЭ орон сууц.
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 5 дугаар сарын байдлаар 2,016,000 төгрөг болж өмнөх сараас 0.63 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс 1.15 хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны 1м2-ийн дундаж үнэ
Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Шинэ орон сууцны 1м2-ийн дундаж үнэ ДҮҮРГЭЭР
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ - 2 ӨРӨӨ БАЙР
-Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их.
-2000 оноос өмнөх хуучин орон сууцны үнэ, дүүргүүдийн дундаж үнэ.
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 5 дугаар сарын байдлаар 72,706,000 төгрөг болж өмнөх сараас 0.22 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 8.97 хувиар тус тус буурсан байна.
ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2017.5/
Орон сууцны дундаж үнэ
72,706,000 төрөг
Жилийн өсөлтийн хувь
-8.97%
Сарын өсөлтийн хувь
+0.22%
Хамгийн өндөр үнэтэй
Сүхбаатар
Хамгийн бага үнэтэй
Сонгино хайрхан
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ
Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Орон сууцны үнийн индексийн тухай
Монголбанкны захиалгаар Тэнхлэг зууч ХХК орон сууцны үнийн индексийг 2014 оны 3 сараас хойш зарласан билээ. Тэгвэл орон сууцны үнийн индекс гэж юу болох, түүний ач холбогдлын талаар товчхон өгүүлье.
Орон сууцны үнийн индекс гэж юу вэ?
Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг орон сууцны үнийн индекс гэнэ.
Тухайн сард зарагдсан орон сууцнуудын үнийн энгийн дундаж үзүүлэлтээс уг индекс ихээхэн ялгаатай. Орон сууц бүр чанарын хувьд өөр байдаг учраас индекс тооцохдоо эдгээр чанарын ялгааг нь хасч, цэвэр үнийн өсөлтийг авч үзэх шаардлагатай юм. Хүмүүс орон сууц худалдаж, худалдан авахдаа байрлал, ашиглалтад орсон хугацаа, талбай, өрөөний тоо, гадаад орчны тохижилт, хөршүүд, байрлах давхар, машины зогсоол, гараж, дотоод засвар хийсэн байдал, тэр ч байтугай цонх нь хаашаа харсан, урьд нь ямар хүн амьдарч байсан гэх мэт маш олон шинж чанарыг харгалзан үнээ тохиролцдог.
Тиймээс орон сууцны үнэд шингэсэн эдгээр онцлог давуу тал бүрийн өртгийг хасч тооцож байж орон сууцны үнийн цэвэр өсөлтийг гаргана.
Орон сууцны үнийн индексийг яагаад тооцох шаардлагатай вэ?
Аливаа улс орны хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа иргэдийн эзэмшдэг орон сууц байдаг.
Тиймээс энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг тухайн баялгийн эзэд төдийгүй эдийн засгийн бодлого боловсруулагчид анхааралтай ажигладаг. 1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгийн зах зээлийн хамгийн том хямралууд бүгд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудал буюу үнийн хөөсрөлтөөс үүдэлтэй байжээ. Иймээс үл хөдлөх хөрөнгийн үнийн өөрчлөлтийг цаг алдалгүй, үнэн зөв хэмжих асуудалд бодлого боловсруулагчид, санхүүгийн бизнес эрхлэгчид онцгой ач холбогдол өгөх болжээ.
Мөн хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн тооцоонд орон сууцны үнийн өсөлтийг оруулж тооцдоггүй учраас орон сууцны үнийн индексийг зайлшгүй тооцох ёстой болдог.
Орон сууцны үнийн индекс ямар байх нь эдийн засгийн янз бүрийн оролцогчдын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг. Жишээлбэл, орон сууцны үнэ өсвөл хувь хүмүүсийн хэрэглээний зардал, хэрэглэгчийн итгэл үүнийг дагаад нэмэгддэг бол орон сууцны үнэ унавал орон сууц барьцаалан зээл олгосон санхүүгийн байгууллагууд эрсдэлд ордог.
Дэлхийн улсуудад орон сууцны үнийн индексийг хэрхэн тооцдог вэ?
Дэлхийн хөгжингүй улсууд бүгд өөрийн гэсэн онцлогтойгоор орон сууцны үнийн индексийг тооцдог.
Жишээлбэл, Энэтхэгийн Орон сууцны банк RESIDEX хэмээх индексээр 15 гол хотынхоо орон сууцны үнийг хэмждэг бол Канадад Шинэ байрны үнийн индекс, Теранет-Үндэсний банкны орон сууцны үнийн нэгдсэн индекс, Дахин борлуулж буй орон сууцны үнийн индекс, Канадын орон сууцны үнийн Рояал Липэйж түүвэр судалгаа гэсэн дөрвөн индексийг тооцдог.
Манай улсад Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) 2009 оноос орон сууцны үнийн индексийг улирал тутам тооцож эхэлсэн байна. Уг индекс Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг хамрах ба орон сууцнуудыг ашиглалтад орсон оноор нь гурав ангилж дэд индексүүдийг тооцдог. Гэхдээ ҮСХ-ны орон сууцны үнийн индекс тооцох аргачлал нь зарим талаар дутагдалтай, худалдагдсан орон сууцны мэдээлэл авч буй эх сурвалж нь хязгаарлагдмал байдаг. Иймээс орон сууцны үнийн индексийн тооцоог боловсронгуй болгож, өөрийн орны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн онцлогийг тусгах шаардлага тавигдаж байна.
Энэ үүднээс Монголбанк 2013 оны 10-р сараас эхлэн Орон Сууцны Үнийн Индексийг тооцож байх шийдвэр гаргасан. Уг тооцоог үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн байгууллагаар орчин үеийн аргазүйд тулгуурлан гүйцэтгэхийн тулд сонгон шалгаруулалт зарлаж, Тэнхлэг зууч ХХК-ийг шалгаруулсан. Тус компани орон сууцны үнийн индексийг сар бүр тооцож, олон нийтэд мэдээлж байна. Мөн тус компанийн индекс тооцох аргазүйд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн байнгын хяналт тавьж, зөвлөгөө өгч, хамтарч байна.
Орон сууцны үнийн индекс тооцох нь ямар ач холбогдолтой вэ?
Юуны өмнө орон сууцны үнийн индексийг эдийн засгийн өсөлтийн нэг үзүүлэлт гэж үздэг.
Эдийн засаг хурдтай өсч байгаа үед ерөнхийдөө орон сууцны үнэ өсөх хандлагатай байдаг. Орон сууцны үнэ өсвөл барилгын салбар идэвхжиж, улмаар барилгын салбарт ажиллагсад төдийгүй үл хөдлөх хөрөнгө зуучлал, санхүүгийн салбарынхны цалин, орлого нэмэгдэнэ. Хоёрдугаарт, орон сууцны үнэ өссөн үед орон сууц өмчлөгчдийн хөрөнгийн үнэлгээ буюу баялаг нь нэмэгдэж, бусад бараа, үйлчилгээнд зарцуулах зардлаа нэмдэг. Гуравдугаарт, орон сууцны борлуулалт нэмэгддэг бөгөөд энэ нь татварын орлого ба засгийн газрын зардлыг өсгөдөг.
Хэрвээ орон сууцны үнэ буурвал дээрх бүх үйлчлэл эсрэг зүгт хөдөлж, эдийн засгийн нийт эрэлтийг бууруулж, өсөлтийг удаашруулна. Иймээс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд орон сууцны үнэ тогтвортой өсч байх шаардлагатай. Гэтэл нөгөө талаас инфляци зохистой түвшинд тогтвортой байх үүднээс орон сууцны үнэ өсөлт багатай байвал сайн.
Хөрөнгийн зах зээл сул хөгжсөн манай оронд орон сууцанд хөрөнгө оруулах хандлага түгээмэл ажиглагддагийг бас анхаарах хэрэгтэй. Орон сууцны үнэ огцом өсч байгаа үед хуримтлалаа банк, үнэт цаасанд байршуулахын оронд үл хөдлөх хөрөнгө болгож хувиргавал ашигтай. Энэ үйлдэл орон сууцны үнийг улам хөөсрүүлэхэд хүрнэ. Ийм хөөсрөлт орон сууцны зээлийн зах зээлийг маш том эрсдэлд оруулдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байх үед орон сууц барьцаалсан зээлээ нэмэгдүүлж болно. Харин үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах үед эдийн засгийн идэвх, зээл, орон сууцны үнэ бие биенээ татан унана. Иймд санхүүгийн зах зээл дээрх эрсдэлийг хянаж, тогтвортой байдлыг шинжлэх нэг гол үзүүлэлт бол орон сууцны үнийн индекс юм.
Орон сууц худалдан авалт ихэнх өрхөд амьдралынх нь хамгийн том санхүүгийн арилжаа байдаг. Орон сууцны үнийн өөрчлөлт хүмүүсийн орон сууц худалдан авах, худалдахаа шийдэх, хуримтлал, хэрэглээгээ төлөвлөхөд нөлөөлнө.
Орон сууцны үнийн индексийг ямар аргаар тооцдог вэ?
Дэлхийн улсууд орон сууцны зах зээлийн онцлогтойгоо уялдуулан янз бүрийн аргазүй ашигладаг. Орон сууцны үнийн өөрчлөлтийг үнэн зөв илэрхийлэх индексийг тооцоход өгөгдлийн цуглуулалт, түүний хамрах хүрээ, чанар маш чухал.
Улс орнууд ерөнхийдөө дараах дөрвөн гол хандлагын хүрээнд орон сууцны үнийн индексийг тооцож байна. Үүнд:
Бүлэглэх арга,
Дахин худалдааны арга,
Хедоник регрессийн арга,
Үнэлгээнд суурилах арга.
Манай улсад ҮСХ бүлэглэх аргаар орон сууцны үнийн индексийг улирал тутам тооцож байгаа бол Тэнхлэг зууч компани хедоник регрессийн аргаар сар тутам тооцож байна.
Хедоник регрессийн арга нь тухайн орон сууцны чанарын нарийн ялгаануудыг харгалзаж, үнийн цэвэр өсөлтийг илүү нарийн тооцдогоороо давуу талтай.
| https://ikon.mn/n/119t |
119u | Хужирт байгалийн эрдэст ус Дэлхийд чанараар танигдав | СУРТАЛЧИЛГАА | 06/14/2017 09:01:00 |
Үндэсний үйлдвэрлэгч “Жем Хужирт” ХХК-ийн Хужирт Байгалийн эрдэст ус Олон улсын чанар, нэр хүндийн томоохон шалгаруулалт болох “Монде селекшн 2017” арга хэмжээнд олон шилдэг брэндүүдтэй өрсөлдөж Монгол улсаас анх удаагаа усны төрөлд Алтан медаль хүртсэн онцлог үйл явдал боллоо.
Европын холбооны улсад зохион байгуулагддаг энэхүү чанарын шалгаруулалтын 56 дахь удаагийн шагнал гардуулах ёслол өнгөрөгч 5 дугаар сарын 29-нд Бүгд найрамдах Мальт улсад болж өнгөрсөн юм.
Энэ жилийн шалгаруулалтад нийт 89 орны 3000 гаруй шилдэг хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн өрсөлдсөнөөс 40 гаруй нь цэвэр усны брэндүүд байлаа. Тухайлбал Япон улсын хамгийн алдартай Фүжи натурал эрдэст ус, Акуа пинк, Фүкүшима Мизу зэрэг брэндүүд, мөн Франц улсын Пиэрвал, Португали улсын Фризе, АНУ-ын Перфект, Хонконгийн Кристалл зэрэг олон орны шилдэг брэндүүд, ус үйлдвэрлэгч компаниуд оролцсон юм.
Эдгээр шилдэг брэндүүдээс Герман улсын “Тонисстайнер” эрдэст ус шүүгчийн нэрэмжит шагнал, Японы Фукушима Усны брэнд Гранд алтан медаль хүртсэн бол Монгол улсаас оролцсон “Жем Хужирт” компанийн Хужирт байгалийн эрдэст ус Алтан медалийн шагналыг хүртэж Монголд төдийгүй дэлхийд чанараар танигдлаа.
Олон улсын Чанарын шалгаруулалт Монде Селекшн
Монде Селекшн Олон улсын чанарын шалгаруулалтыг 1961 онд ноён Жозеф Версет, ноён Жүлес Рене Колла нар үүсгэн байгуулсан юм.
Хагас зуун жилийн түүхтэй энэхүү шалгаруулалтад Дэлхийн шилдэг брэндүүд оролцдог бөгөөд чанар агууламж, сав баглаа боодол, байгаль экологид ээлтэй байдал зэрэг олон үзүүлэлтээр шалгаруулан Гранд алт, алт, мөнгө, хүрэл гэсэн шатлалаар медаль олгодог байна.
Энэхүү шалгаруулалт нь чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулах, олон улсын түвшинд гаргах зорилготой явагддаг бөгөөд нийт 70 гаруй мэргэжлийн шинжээчид дүгнэлт өгч шалгаруулдаг нэр хүндтэй арга хэмжээ юм.
Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний чиг хандлага трэнд өөрчлөгдөж байгаатай уялдан химийн бодис орсон, хадгалалт удаантай бүтээгдэхүүн болон давсны хэрэглээг багасаж байгалийн гаралтай хүнсний будаг ашигласан, байгаль орчинд ээлтэй савалгаатай бүтээгдэхүүнийг онцлох хандлага нэмэгдэж байгаа юм.
Монде Селекшн Олон улсын шалгаруулалт ч мөн адил дээрх үзүүлэлтийг голчлон үзэж хүнсний үйлдвэрлэл, хуулийн өөрчлөлтүүдэд үндэслэн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулдаг бөгөөд энэ жилийн шалгаруулалтад хүнсний бүтээгдэхүүний найрлага, шошго, савалгаа, инноваци зэрэг үзүүлэлтүүд нэмэгдсэн байна.
Дэлхийд үнэлэгдэж чанараа баталгаажуулсан Хужирт брэнд
Зах зээлд хамгийн анх усны зөв хэрэглээг хэвшүүлэх ажлыг санаачлан, байгалийн эрдэст усны ач тусыг ойлгуулсаар ирсэн Хужирт брэнд нь жил ирэх тусам ямар үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, хэрэглэгчид яагаад сонгож хэрэглэх ёстойг батлан харуулсаар байна.
Чанар, баталгаа бүтээгдэхүүний өнгө үзэмж зэргээрээ үргэлж тэргүүлэх байр суурьтайгаар явж ирсэн Хужирт брэнд нь Монголоос анх удаа усны төрөлд Олон улсын томоохон шалгаруулалтаас алтан медаль хүртэж Монголд төдийгүй Дэлхийд чанараа баталгаажууллаа.
Байгалийн эрдэст Хужирт ус нь 2009 онд зах зээлд гарсан цагаасаа эхлэн чанараар тэргүүлж дотоодын хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн бөгөөд монгол хүн бүрийн хэрэгцээнд нийцүүлэн шилэн болон хуванцар савлагаатай бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
| https://ikon.mn/n/119u |
119w | "Бид Монгол залуусын хүсэл эрмэлзэл, авьяас чадварыг ДЭЛХИЙД ТАНИУЛАХ зорилготой" | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 06/14/2017 12:26:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Өмнөх үеэ бодвол өнөөдөр комик, манга цуврал, ном сэтгүүлийг хүүхэд багачууд шимтэн уншиж, тэдгээрээс тодорхой хэмжээнд зөв төлөвшил, хүмүүжлийг олж авч байна. Гэвч комик, манга цуврал нь ихэнхдээ гадны зохиол бүтээл байдаг.
Энэ чиглэлийг хөгжүүлж, залуусыг дэмжих зорилгоор иллустраци, дижитал уран бүтээл сонирхогчдын дунд “Illustrator Contest Asia” уралдааныг Японы Showa Holdings, Wedge Holdings, Brain Navi болон Монголын Nomadic Comics компаниас зохион байгуулж байгаа юм.
Уралдааны талаар болон Монгол дахь дижитал уран бүтээл чиглэлийн хөгжлийн талаар Хүүхэд багачуудын унших дуртай, хэзээний танил болсон “Бумбардай” цувралын зохиолч, Монгол манга зураач Nomadic Comics компанийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр болон Nomadic Comics компанийн ерөнхий продюсер Э.Тамир нарыг VISITOR буландаа урьж, сонирхолтой яриа өрнүүлснээ уншигч та бүхэндээ хүргэж байна.
"Бид бүх салбарт бүтээгч үндэстэн болох итгэл үнэмшийг бий болгож, зориглон хөдөлмөрлөх хэрэгтэй"
Гэрэл зургийг Mpa.mn
-Монголд иллустраци, дижитал уран зураг чиглэл хэр сайн хөгжиж байгаа талаар яриагаа эхэлье?
Н.Эрдэнэбаяр: Дүрслэх урлагийн талаар авч үзвэл манайд чадварлаг уран бүтээлчид олон бий. Харин 2000 оноос хойш иллустраци чиглэлийн буюу дижитал уран бүтээл Ази гэлтгүй дэлхий дахинд хурдацтай хөгжиж, томоохон байр суурийг эзлэх болсон.
Манай залуус энэ салбарыг сүүлийн үед сонирхож эхэлж байна. Гэхдээ зөвхөн энэ чиглэлийг дагнан байнгын ажиллах боломж муу учраас цөөн.
Харин өөр нэг чиглэлээр суралцдаг, ажилладаг байхын хажуугаар иллустраци зургийг сонирхож, уран бүтээл туурвидаг залуус бол байна. Уг нь бид хөгжүүлэх ёстой, дутагдаж байгаа нэг чухал чиглэл л дээ.
Бид бүтээлээ олон улсад нэвтрүүлэхийг түлхүү эрмэлзэж байна.
Энэ чиглэлийг хөгжүүлэхийн тулд нэг талаас дотоод гадаадын олон уралдаан тэмцээнийг залуусын дунд зохион байгуулж, залуусыг идэвхжүүлж байна.
Нөгөө талаас, бодитойгоор байгууллага, контент үйлдвэрлэгч компаниуд ажиллаж, төр нийгэм, боловсролын газрууд тодорхой бодлоготойгоор хөгжүүлэх шаардлагатай.
Гол нь Монголд хөгжүүлбэл харьцангуй хурдан эргэлттэй байх болно.
Өөрөөр хэлбэл, тухайн хүн уран бүтээл туурвилаа гэхэд бүтээл нь олон хувь борлуулагдах зэргээр эдийн засгийн эргэлт өндөртэй байдаг.
Өрсөлдөгчидтэй, дотоодын хэрэгцээг хангадаг, хийсэн бүтээгдэхүүн нь гадны зах зээлд өрсөлдөхүйц, тодорхой эргэлттэй, эдийн засгийн ашиг орлого олдог болсны дараа сая салбар гэж хэлнэ үү гэхээс өнөөдөр Монгол Улсын хэмжээнд яривал энэ чиглэл сонирхогчийн түвшинд л байна шүү дээ.
-Монголд энэ чиглэлд амжилттай ажиллаж байгаа залуус гэвэл зөвхөн та нарыг л хэлэх байх. Тэгвэл та бүхний зүгээс иллустраци, дижитал уран бүтээлийг сонирхож байгаа залуусыг хэрхэн дэмдэг вэ?
Н.Эрдэнэбаяр: Бид сүүлийн 10 гаруй жил комик ном хийх, залуусыг сургах, бусад мэдээллийн салбарынхантай хамтарч ач холбогдлыг таниулах ажлуудыг хийж байгаа.
Арваад жилийн өмнө “комик”-ийн талаар ярихад мэдээлэл багатай байдаг байсан бол одоо тодорхой хэмжээний ойлголттой болчихсон.
Тэгэхээр тодорхой ойлголттой болчихсон, Монголчууд комик, манга гэж юу болохыг мэддэг болчихсон учраас бид өнөөдөр дотооддоо хийж бүтээж, туурвиж байгаа уран бүтээл, комик ном, зохиолоо олон улсад нэвтрүүлэх, худалдаалахыг түлхүү эрмэлзэж байна.
Гэрэл зургийг Mpa.mn
Үүгээр дамжуулан энэ чиглэлийн бүтээгдэхүүн олон улсад үнэлэгдэж болдог юм байна гэдгийг харуулахыг зорьж байна.
Ингэснээр дотоодын хөрөнгө оруулагчид бий болж, төр засаг энэ чиглэлийг тусгайлан дэмжиж, залуус ч энэ салбарыг Монголдоо хөгжүүлэхээр сонирхож эхэлнэ шүү дээ.
Бусад чиглэлийн бизнес хийхэд илүү хөрөнгө мөнгө, орлого олох боломж бий л дээ. Гэхдээ би хувьдаа дижитал уран бүтээл туурвих энэ чиглэлийг аялал жуулчлалын дараа орохуйц бидний хөгжүүлэх ёстой салбар гэж үздэг.
Учир нь орчин үед интернэт, цахимд суурилсан контентийг бага зардлаар үйлдвэрлэж, улсаа сурталчилангаа бүтээлч бизнес хийх боломж байгаа юм.
-Японтой хамтран ажиллахаар болсон шүү дээ. Энэ тухайгаа ярихгүй юу?
Н.Эрдэнэбаяр: Wedge Holdings, Showa Holdings компанитай бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас хамтарч ажиллахаар болж, таван жилийн хугацаатай гэрээ хийсэн.
Миний хийж байгаа уран бүтээлүүдийг Ази орнууд болон бусад улсуудад сурталчилж, төслүүдийг маань санхүүжүүлнэ. Мөн олон улсад зохион байгуулагдаж байгаа тодорхой үйл ажиллагаануудад оролцох эрхтэй.
Уран бүтээлчийнхээ хувьд олон улсад бүтээлээ гаргах бодол бий. Энэ нь мэдээж гадаадын компанитай хамтран ажиллаж байж л биелэнэ. Тэр талаасаа манайд шинэлэг.
Гэхдээ зөвхөн миний бүтээл олон улсад гарахыг чухалчлах бус Монголын залуусыг энэ чиглэлд татаж, Монгол Улсад дижитал уран бүтээлийн чиглэлийг салбар болгон хөгжүүлэх шаардлагатай гэж бодож байгаа.
-Сүүлийн үед та бүхэн ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
Дэлхий нийт комик, мангаг унших, хэрэглэх тусгай соёлтой болчихсон.
Н.Эрдэнэбаяр: Уран бүтээлээ олон улсын түвшинд хүргэх тодорхой стандартууд бий.
Сүүлийн үед бид дараагийн олон цуврал, дараагийн олон хүүхэлдэйн киног хурдан хугацаанд хийхээс илүү ирээдүйд хэрэгтэй, цаашид хөгжих суурийг тавих тал дээр ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, Олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах тал дээр илүү анхаарч байгаа.
-Гэхдээ хүмүүс комик, манга гэхээр зөвхөн Японд л ийм зүйл хийдэг гэж ойлгодог. Монголд энэ чиглэлийн уран бүтээл туурвиж болдог, Монгол хөрсөнд суулгаж болно гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй байх?
Н.Эрдэнэбаяр: Дэлхий дахинд хийж байгаа төрөл бүрийн контентуудын зэрэгцээгээр Монгол контентийн онцлог гэж бий. Ер нь дэлхий нийтэд комик, манга гэх зүйлийг хэрэглэдэг тусгай соёлтой болчихсон.
“Illustrator Contest Asia” уралдаан
Энэ соёлоор дамжуулан зөвхөн Монгол гэлтгүй ямар нэгэн контентийг бүтээх боломж бололцоо бидэнд бүрэн бий.
Хамгийн гол нь сайн, өндөр чанартай хийж чадах л чухал. Ингэснээр бид өөрсдийн уран бүтээлээр дамжуулан гадныханд санаа бодлоо хүргэх боломжтой.
Тэгэхээр үүний тулд мэдээж дотооддоо зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр бид бүх л зүйлийг хэрэглэж байна. Зөвхөн энэ чиглэлд гэлтгүй бүх л салбарт бид хийж, үйлдвэрлэж чадахгүй л байна.
Бид хийж, бүтээмээр байгаа учраас бид өөрсдөө бүх салбар, бүх салбарт бүтээгч үндэстэн болох итгэл үнэмшийг бий болгож, зориглож хөдөлмөрлөх хэрэгтэй.
"Цаашид Азийн бүх орны авьяаслаг залуусыг оролцуулж, тэмцээнээ улам өргөжүүлэх болно"
Гэрэл зургийг Mpa.mn
-Азийн улс орныг хамарсан зургийн уралдаан зохион байгуулж байгаа талаараа манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
Э.Тамир: Бид “Illustrator Contest Asia” буюу комик зургийн уралдааныг Азийн хэмжээнд зохион байгуулж байна.
Эхний ээлжинд Азийн дөрвөн улс болох Монгол, Вьетнам, Индонез, Тайландын уран бүтээлчдийг оролцуулж байгаа. Цаашид Азийн бүх орны авьяаслаг залуусыг оролцуулж тэмцээнээ улам өрөгжүүлэх болно.
Энэ салбарыг сонирхож байгаа залуус тэр бүр олон улсын тавцанд гарах боломж байдаггүй.
Сүүлийн үед Азийн улсуудад комик, манга чиглэлийн уран бүтээл туурвигчид олширч, Америк, Японоос дутахааргүй хөгжиж байна.
Гэхдээ энэ салбарыг сонирхож байгаа залуус тэр бүр олон улсын тавцанд гарах боломж байдаггүй.
Тиймээс уралдаанаараа дамжуулан зөвхөн Америк, Япон бус бусад хөгжиж буй орны залуус ч мөн адил энэ төрлийг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, сонирхолтой, авьяас чадвартай гэдгийг дэлхий нийтэд таниулахаар зорьж байгаа.
-“Illustrator Contest Asia” уралдаан ямар үе шаттайгаар, хэрхэн зохион байгуулагдаж байгаа вэ?
Э.Тамир: Улс болгоны аваргуудыг шалгаруулж, шалгарсан аваргууд нь Азийн аваргын төлөө өрсөлдөх юм. Гурван үе шаттай гэж ойлгож болно. Шат бүрд өөр өөр сэдэвтэй. Зарлагдсан сэдвийн дагуу бүтээлээ ирүүлнэ.
Эхний шат нь дөрөвдүгээр сараас эхэлсэн, хоёрдугаар шат долоодугаар сарын 1-нээс эхлэх бол гурав дахь шат есдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ.
Эхний шатны бүтээл хүлээн авах хугацаа удахгүй дуусах гэж байгаа учраас залуусыг амжиж, бүтээлээ идэвхтэй ирүүлээрэй гэж хэлмээр байна. Энэ шатны сэдэв “Idol” буюу “Шүтээн” харин дараагийн шатны сэдвийг тухайн хугацаанд зарлана.
Уралдааны гол онцлог нь бүх шатанд шинээр уран бүтээлчид оролцох боломжтой. Нэг оролцогч аль ч шатанд хэдэн ч бүтээлийг ирүүлж болно.
Тэгэхээр эхний үе шатаас эхлэн бүтээлээ идэвхтэй ирүүлсэн хүнд боломж их байна гэж харж байгаа.
Ингээд гурван шат тус бүрт тухайн улсаас нэг хүнийг шилдэг болгон тодруулна. Үүнээс гадна шүүгчдийн саналд үндэслэн улс харгалзалгүйгээр таван хүн шалгаруулна.
-Дөрөвдүгээр сараас эхлэн зохион байгуулсан гэлээ. Залуус хэр идэвхтэй оролцож байна?
Э.Тамир: Олон улсын хувьд залуус нэлээн идэвхтэй оролцож байна. Харин Монгол Улсад бид уралдааныхаа идэвхжүүлэлтийг одооноос хийж эхэлж байгаа.
Гэрэл зургийг Mpa.mn
-Уралдаанаар дамжуулан залууст ямар боломж нээгдэх вэ. Ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ?
Э.Тамир: Манга зураач Н.Эрдэнэбаяр Япон улстай хамтран ажиллахаар болсон. Үүнтэй адил боломжууд гарч ирэх магадлалтай.
Уралдаанд амжилттай оролцож авьяас чадвараа таниулсан уран бүтээлчдийг цаашид Япон улсад болон Азийн бусад улсуудад ажиллах боломжийг нээж өгөх тал дээр бид дэмжих болно.
Мөн бидэнтэй комик ном, зохиол бүтээл туурвих тал дээр хамтран ажиллах зэрэг олон боломж нээгдэнэ. Уралдааны шагналын хувьд улс болгоны ялагч болон тусгай байрт шалгарсан зургаан хүн Япон улсад аялах эрхээр шагнуулж байгаа.
Энэ үеэр Япон улсын манга, комиксийн томоохон байгууллагуудаар зочилж, танилцах юм. Нэлээн олон боломжийг нээж өгөх учраас үүнийг алдалгүй ашиглаарай гэж залуустаа хэлмээр байна.
Ерөнхийдөө энэ төрлийн салбар хэрэглэгч талдаа нэлээд хөгжсөн. Харин уран бүтээлчид нь өөрийн хүчээр л хөгжиж байна. Тэгэхээр Монголд уран бүтээлчдийг дэмжиж, хөгжүүлэх ажил өрнүүлэх хэрэгтэй байгаа.
Уран бүтээлч ховор байснаас болж тухайн улсын контент гэх зүйл бий болохгүй, гадны бүтээлийг үзэж, сонирхож, тэр хэрээрээ сэтгэхүй өөрчлөгдөх талтай.
Тиймээс бидний хийж буй ажил тухайлбал, энэ уралдаанаар дамжин Монгол Улсын оюуны үйлдвэрлэл, бүтээлч хөдөлмөр хөгжих боломж бий болно гэж бодож байна.
Мөн энэ салбар хөгжихөд хамгийн гол нь хүний чадвар чансаа, авьяас, сургалт боловсролын асуудал мэдээж хөндөгддөг.
Манайд ийм боломж бололцоо дутмаг учраас олон улсын чанартай уралдаан тэмцээн зохион байгуулан залуусыг идэвхжүүлж, цаашид ажлын байраар хангахаар ажиллаж байна.
Үнэхээр авьяастай чадвартай, чин хүсэл эрмэлзэлтэй залууст бодит боломж олгохыг л бид зорьж байна.
-Уралдааны шүүгч нарыг танилцуулахгүй юу. Ямар журмаар хэрхэн шүүлтийг явуулах вэ?
Вьетнамд Бумбардай номыг орчуулан хэвлэх санал ирсэн.
Э.Тамир: Ерөнхийдөө уралдааныг зохион байгуулж байгаа дөрвөн улсын хамгийн алдартай комик, манга чиглэлийн зураач шүүгчээр ажиллаж байгаа.
Шүүлтийн хувьд ирүүлсэн бүтээлүүдийн хийцийг мэдээж харна. Хоёрдугаарт, агуулга зохиомжийг харна.
Зүгээр л зураг ирүүлсэн байна уу, эсвэл тодорхой хэмжээний утга учир илэрхийлсэн байна уу гэдгээрээ үнэлгээ ялгаатай байна.
Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа хүмүүсийн саналыг Brain Navi вэб хуудсаар дамжуулан авч байгаа.
Illustrator Contest Asia (ICA) тэмцээний Олон улс дахь нээлтийн үйл ажиллагаа
-Азийн улсуудаар явж, ажилласан гэсэн шүү дээ. Гадныхан ер нь манай бүтээлийг хэр сонирхож байв?
Э.Тамир: Япон улстай бид хамтран ажиллах гэрээ байгуулж, уран бүтээлээ Азийн улс орнуудад сурталчлах ажил эхэлсэн.
Гэрээний хүрээнд бид уралдаан зохион байгуулж байгаа орнуудад очиж Бумбардай бүтээлээ сурталчилж, уралдааныхаа албан ёсны нээлтийг хийсэн байгаа.
Ер нь ажиглаад байхад иллустраци уран бүтээлийн төрөл маш хурдацтай хөгжиж, хүмүүсийн хэрэглээ, сонирхол ч ихсэж байгаа дүр зураг харагдсан л даа.
Тэдгээр улсад зочлоход хүмүүс бидний уран бүтээлийг нэлээд сонирхон хүлээж авч байсан. Ер нь комикуудыг анзаарвал хар цагаан зураглалтай байдаг бол Бумбардайн хувьд өнгөт.
Тиймээс зураглал хийцийн хувьд ч тэр Монголын соёл, уламжлалыг харуулсан онцлог болон зохиолын агуулга ч тэр хүмүүсийн сонирхлыг татаж байсан.
Бидний бодож байснаас илүү үр дүнд хүрсэн гэж хэлж болно. Тухайлбал, Вьетнамд Бумбардай номыг орчуулан хэвлэх санал ирсэн шүү.
Өнөөдрийн байдлаар Бумбардай ном Япон улсад цахим хэлбэрээр борлуулагдаж байна. Цаашид Англи хэлээр болон уралдааныг зохион байгуулж байгаа дөрвөн улсад энэ жилийн сүүлчээр тухайн хэлээр нь орчуулагдан хэвлэгдэх төлөвлөгөөтэй байна.
-Ярилцсан та бүхэнд баярлалаа.
Зохион байгуулагчид
| https://ikon.mn/n/119w |
119x | Хуульчилж өгсөн хугацаа нь сонгогчдын мэдэх эрхийг хязгаарлаж байна | Б.Төрбат | 06/14/2017 08:16:00 |
-Хуульчилж өгсөн 18-хан хоногт нь нэр дэвшигчид 21 аймгийн иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг нь сонсоно гэдэг манайх шиг өргөн уудам нутагтай улсад бараг л боломжгүй зүйл юм. Нөгөө талд тав дахь төрийн тэргүүний төлөө өрсөлдөж буй М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гэх гурван эрхмийн хэн нь хэн бэ гэдгийг нь бүрэн дүүрэн мэдэх сонгогчдын эрх зөрчигдөж байна?!-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа орон даяар эхэлснээс хойш хэдийнээ найм хоног өнгөрчээ. Нөгөөтээгүүр та, бидэнд тав дахь төрийн тэргүүнээ сонгоход 12 хоног, харин гурван нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөртэй нь дахин танилцахад ердөө л 10-хан өдрийн хугацаа үлдсэн байна. Энэ нь сонгуулийн сурталчилгааны хугацаа бараг л талдаа орсон гэсэн үг.
Гэтэл нийт сонгогчдын талаас илүү хувьд нь гурван нэр дэвшигчийн талаарх мэдээлэл хомс байгаа нь яах аргагүй анхаарал татах сэдвийн нэг билээ. Хэдийгээр гурван нэр дэвшигч маань тус бүртээ эрвийх дэрвийхээрээ сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа ч нөгөө талаараа хуульд заасан сонгуулийн сурталчилгааны хугацаанд бүх иргэнд хүрч, тэдэнтэй нэг бүрчлэн уулзаж амжихгүй байх дүр зураг ч харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, хуульчилж өгсөн 18-хан хоногт нь 21 аймгийн иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг нь сонсоно гэдэг манайх шиг өргөн уудам нутагтай улсад бараг л боломжгүй зүйл юм. Нөгөө талд тав дахь төрийн тэргүүний төлөө өрсөлдөж буй М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гэх гурван эрхмийн хэн нь хэн бэ гэдгийг нь бүрэн дүүрэн мэдэх сонгогчдын эрх зөрчигдөж байна гэхэд болно.
Учир нь, бүхэл бүтэн улсынхаа төрийн тэргүүнийг сонгох хариуцлагатай сонголтын өмнө ирсэн сонгогчид гурван нэр дэвшигчийнхээ талаарх сайн, муу гэж ялгалгүй бүхий л мэдээллийг авч байж эцсийн сонголтоо хийх учиртай. Харин тухайн нэр дэвшигчийнхээ талаар үнэн, бодит мэдээллийг авах хамгийн зөв хувилбар бол нэр дэвшигчтэйгээ нүүр тулж уулзах явдал юм.
Өөрөөр хэлбэл, цаасан дээрх мөрийн хөтөлбөрийг нь өөрсдийнх нь амнаас сонсож байж сонгогчид маань сонголтоо хийх ёстой. Ингэж гэмээн иргэдийн сонголт зөв болно. Гэтэл хуульчилж өгсөн 18-хан хоногоос нь болж иргэд, сонгогчдийн нэр дэвшигчийнхээ, цаашлаад ирээдүйн Ерөнхийлөгчийнхөө талаарх мэдээллийг бүрэн дүүрэн авч чадахгүйд хүрч байгаа нь харамсалтай.
Үнэндээ өнгөрсөн парламентын үед баталсан Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хугацааг багасгаж 18-н хоног болгон хуульчилсан нь ийнхүү асуудал дагуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн парламентын үед буюу УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн өмнө Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийн боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг Сонгуулийн тухай хууль нэртэйгээр баталсан билээ.
Бүх шатны сонгуулийг зохицуулсан уг хуулийг баталснаар Ерөнхийлөгч, УИХ болон Орон нутгийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсон юм. Хэдийгээр өмнөх тогтолцоогоо ерөнхийд нь хадгалсан ч нэлээд хэдэн онцлогтой зүйл заалтыг нэмсэн байдаг. Үүний нэг нь сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгаж 18 хоног болгосон явдал юм.
Тухайн үед энэхүү өөрчлөлттэй холбогдуулан зарим улс төрийн нам хийгээд улстөрчид шүүмжлэлтэй хандаж байв. Зарим нь бүр Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчиж баталсан ч гэж ярьж байсан билээ. Шүүмжлэлтэй хандах болсон гол шалтгаан нь хуульчилж өгсөн 18 хоногтой холбоотой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны хугацаанд тухайн нэр дэвшигч өөрийгөө бүрэн гүйцэт сонгогчдодоо танилцуулж чадахгүй, тэр хэрээр иргэд ч нэр дэвшигчийн талаарх мэдээллийг хэмжээндээ тултал авч чадахгүй гэх шүүмжлэл гарч байсан гэдгийг уншигчид санаж байгаа биз ээ.
Тэр ч битгий хэл, шат шатны сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд хүртэл сурталчилгааны хугацаанд шүүмжлэлтэй хандаж, "Сонгуулийн сурталчилгааны хугацаа бага, гэтэл бидэнд хийх ажил их байна" хэмээн ярьж байсан билээ.
Энэ мэтчилэн шүүмжлэлтэй хандаж байсан ч УИХ болон Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа хуульчилж өгсөн 18 хоногт л үргэлжилсэн. Өнөөдөр ч тэр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа тэрхүү заасан хугацаанд нь үргэлжилж байна. Гэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд бол УИХ болон Орон нутгийн сонгуулиас тэс өөр.
Нэр дэвшигч нь хэдэн арав, зуугаараа бус гуравхан. Тэд гурвуулаа тогтсон хугацаандаа 21 аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой. Харамсалтай нь, тэрхүү хуульчилж өгсөн хугацаанд нь гурван нэр дэвшигч маань бүх сонгогчидтойгоо, өөрөөр хэлбэл 21 аймгаараа тойрч иргэдтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж амжихгүйд хүрэх нь. Харин нөгөө талд тухайн нэр дэвшигчтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрийг нь өөрсдийнх нь амнаас сонсож чадаагүй иргэдийн мэдэх эрх хөндөгдөж байна.
| https://ikon.mn/n/119x |
119y | Элэг бүтэн амьдралын үнэ цэнэ | С.Уул | 06/14/2017 08:24:00 |
-Амьдралд хөл алдсан бүсгүйчүүд энгийн амьдралдаа эргэн ирлээ-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангид 200 гаруй эмэгтэй ял эдэлж байгаа ажээ. Эдгээр бүсгүйчүүд хийсэн хэргийнхээ ял шийтгэлийг эдэлж байгаа хэдий ч санамсар болгоомжгүй, эсвэл амь насаа хамгаалах гэж байгаад хэрэгтэн болсон хүн олон байдаг. Тиймээс шүүхийн шийдвэрээр зарим хүнийг хугацаанаас нь өмнө суллаж, эрх чөлөөт нийгэмд хүний ёсоор, хуулийн хүрээнд ажиллаж амьдрах боломжийг олгодог.
Бид хугацаанаасаа өмнө суллагдсан бүсгүйчүүдтэй уулзсан юм. Тэд Эх үрсийн баяраар энгийн амьдралд эргэн ирсэн билээ. Ингээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан М.Уранцэцэг, Н.Ганцэцэг нарын яриаг хүргэж байна.
М.Уранчимэг: Алдсан цаг хугацаагаа ажил хөдөлмөрөөрөө нөхнө
-Уучлаарай, та хэр удаан ял эдэлсэн бэ?
-Би 2008 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн. Олон жил хоригдох ял сонсоод тэнгэр хөмрөх шиг л санагдаж байлаа. Энд янз бүрийн амьдрал үзсэн хүмүүстэй хамт байж олон зүйлийг тунгаан бодлоо. Муу зуршлаас хол байхыг хичээж, өдөр бүр өөртөө амлаж байна.
-Та хугацаанаасаа өмнө суллагдаж байна. Цаашдын амьдралаа хэрхэн төсөөлж байгаа бол?
-Би 33 настай. Намайг энэ хэрэгт байцаагдаж байхад ээж минь бурхан болсон. Өнчирч үлдсэн гурван дүү минь намайг энд эргэж тойрдог байлаа. Тэдэндээ ээж, хань түшиг нь болохоор яарч байна. Энд алдсан цаг хугацаагаа хөдөлмөрөөрөө нөхнө гэж төлөвлөж сууна. Ял эдэлж байхдаа оёдол, эсгүүрийн дамжаанд сурсан. Энэ мэргэжлээрээ ажиллаж, сайхан амьдарна гэдэгтээ итгэл төгс байна. Надад итгэл хүлээлгэн хугацаанаас өмнө тэнссэн сулласан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуулд баярлалаа. Итгэлийг тань алдахгүй гэдгээ амлаж байна.
Н.Ганцэцэг: Хүүхдүүддээ зориулж чадаагүй хайр, халамжаа нөхөхийг хүсэж байна
-Та ажил хийж, биеэр ял эдлэх хоёр жил гаруй хугацааг хасуулжээ.
-Би 2008 оны аравдугаар сарын 2-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялаар шийтгүүлсэн. 9 жил 19 хоногийн ялыг биеэр эдэлсэн. Энэ урт хугацааг тасралтгүй ажиллаж өнгөрөөсөн. Тиймээс шагналын 2 жил 3 сар 7 хоног нэмэгдлээ. Ингээд нийт 11 жил 3 сар 26 хоногийн ялыг эдэлж дуусгажээ. Үлдсэн хугацаа 8 сар 4 хоног байсан.
Шүүхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж байгаад баяртай байна. Танд тэдэн сар, тэд хоног гэж яриад байгаа минь сонирхолгүй санагдаж магадгүй. Гэвч эрх чөлөөгөө хасуулсан хором бүхэн бидэнд хайран байдаг. Маш их гэмшиж, тунгаадаг. Найман сар, 4 хоногийн өмнө суллагдана гэдэг миний хувьд баяр баясгалан.
-Таныг суллагдаж байгааг гэр бүлийнхэн чинь мэдсэн үү?
-Нөхөр маань салаад явчихсан. Хоёр хүүхэд минь мэдэж байгаа. Тэдэндээ зарцуулж чадаагүй цаг хугацаа, хайр халамжийг нөхөхийг тэсэн ядан хүлээж байна. Тэд минь эцэг, эхийн хайр халамжийг мэдрэлгүй, дутуу нойртой, дундуур хоолтой өсөж байгаа гэж бодохоос дотор давчдаж, гол зурдаг. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшдэг. Мартаж чаддаггүй. Гэхдээ төрийн хайр ивээлийг дааж, гэмээ наминчилж явна. Энд хоригдож байхдаа оёдол, эсгүүрийн дамжаанд сурсан. Мэргэжлээрээ ажиллаж хоёр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарна гэдэгтээ итгэлтэй байна гэв.
| https://ikon.mn/n/119y |
119z | 15 жилийн хоригдох ялтай Америк оюутныг Хойд Солонгос суллалаа | Р.Төмөр, ikon.mn | 06/14/2017 08:32:00 |
Өнгөрсөн онд зочид буудлаасаа үзэл суртлын зурагт хуудас хулгайлах гэж оролдсон хэмээн буруутгагдаж, хөдөлмөрийн чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хоригдох ял хүртсэн АНУ-ын коллежийн оюутан Отто Уормберыг Хойд Солонгосын эрх баригчид суллажээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон “Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу оюутан Отто Уормберийг шилжүүлж авах ажиллагааг төрийн департмент зохион байгуулж байна” гэж өчигдөр мэдэгдсэн байна. Уормберийг Японы Саппоро дахь цэргийн баазаар дамжуулан Мягмар гарагийн орой Цинцинаттид гэрт нь хүргэжээ. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт төрийн нарийн бичгийн даргын орлогч Жозеф Юн эмч нарын хамт Пёньянд очсон юм байна. Оюутны эцэг эхийн мэдээлснээр хүү нь одоо болтол ухаангүй байгаа ажээ.
Уормбер 2016 оны гуравдугаар сард хэвлэлийнхэнд үзэгдсэнээс хойш жил гаруй хугацаанд ухаангүй байгааг Вашингтон Пост сонин мэдээлсэн байна.
Шүүх хурлын дараа Уормберт ботулизм хэмээх нэг төрлийн хоолны хор өгсөн бөгөөд тэр цагаас хойш сэрэлгүй унтсаар байгаа гэжээ. Хүүгээ ийм байдалтай байгааг эцэг эх нь ердөө долоо хоногийн өмнө мэдсэн байна. Уормберийг зочид буудлаас үзэл суртлын зурагт хуудсыг хулгайлж авсны төлөө баривчилж байгаагаа Хойд Солонгосын эрх баригчид 2016 оны нэгдүгээр сарын сүүлээр зарласан юм.
Түүний нэг найз нь ийм зурагт хуудас олж ирвэл $10,000-ын үнэтэй хуучин машинаа өгнө гэж амласан тухай Уормбер хэвлэлд уйлан ярьж байжээ. Харин үүнийхээ төлөө баривчлагдаж, Хойд Солонгост үлдвэл ар гэрийнхэнд нь $200,000-ыг буяны сангаас өгүүлнэ гэж найз нь амласан гэнэ. Санхүүгийн хүнд нөхцөлд байгаа гэр бүлээ аврахын тулд Уормбер дээрх нөхцлийг зөвшөөрснөө баривчлагдсаны дараа ярьжээ.
Харин Хойд Солонгос түүнийг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 15 жил хорих ял оноож байв. Тиллерсон мэдэгдлийнхээ үеэр өчигдөр Пёньянд очсон гэгдэж байгаа сагсан бөмбөгийн од Дэнис Родмэны тухай огт дурдаагүй байна. Төрийн департмент Хойд Солонгост хоригдож байгаа үлдсэн гурван америк иргэнийг суллуулах талаар Пёньянтай үргэлжлүүлэн хэлэлцэх тухай Тиллерсон амлажээ.
Уормберийн биеийн байдлын талаар ерөнхийлөгч Дональд Трампад мэдээлсэн гэнэ.
Эх сурвалж: Russia Today
| https://ikon.mn/n/119z |
11a | С.Оюун сайд мэдээлэл хийлээ | ikon.mn | 11/06/2013 15:26:00 |
БОНХЯ-ны энэ сарын “Мэдээллийн цаг”-аар “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон түүнийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
“Ногоон хөгжлийн үзэл баримтлал”-ийн төсөлд Монгол улсын хөгжлийн чиг хандлага, түүнд хүрэх алсын харааг “Үндэсний байгаль, соёл, түүхийн өв, уламжлалыг орчин үеийн хөгжлийн ололт, амжилттай хослуулан баяжуулсан, Монгол хүнээ эрхэмлэн дээдэлсэн “сайн” засаглалтай, байгаль орчинд ээлтэй технологи ба мэдлэгт суурилсан эдийн засагтай, уур амьсгалын өөрчлөлтөд ухаалгаар дасан зохицсон, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үндэсний ухамсар төлөвшсэн ногоон соёл иргэншлийн үндсийг бий болгосон хөгжингүй улс болно” гэж тодорхойлсон.
Үзэл баримтлалын төсөл нь уур амьсгалд зохицсон хөгжил, ногоон эдийн засаг ба санхүүжилт, ажил, орлоготой иргэд бүхий тэгш нийгэм, соёл ба өв, тогтвортой хөгжлийг дэмжсэн засаглал гэсэн 5 үндсэн бүлгийн хүрээнд 8 стратегийн зорилго, түүнийг хэрэгжүүлэх 39 зорилтыг дэвшүүлсэн.
Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шат болох 2013-2020 он хүртэл хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн төслийг мөн боловсруулсан. Дунд хугацааны хөтөлбөрт стратегийн зорилт тус бүрт хүрэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм.
Ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд манай орны ядуурал, орлогын тэгш бус байдал харьцангуй өндөр, эдийн засаг нь цөөн нэр төрлийн нөөц баялагт тулгуурласан, өрөөсгөл бүтэцтэй, эрчим хүч, нөөцийн хэрэглээ үр ашиг муутай, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсон, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа зэрэг нь бидэнд томоохон сорилт, бэрхшээл болж байгаа хэдий ч байгалийн арвин баялаг, газар нутгийн дийлэнх хэсэг нь харьцангуй байгалийн унаган төрхөөрөө байгаа нь урт хугацаанд тогтвортой хөгжих боломжийг тэр хэрээр нэмэгдүүлж байгаа аж. | https://ikon.mn/n/11a |
11a0 | Улстөрчид нь гуйлга гуйж, ард түмэн нь “ТОМ ЖЕРРИДСЭЭР”... | Г.Ганчимэг Монголын мэдээ | 06/14/2017 08:44:00 |
Монголчууд нэг л их дүнсгэр, хачин гунигтай хаврыг үдэж хөхөөн дуутай золгосон ч магнай нь тэнийх шинжгүй. Цаг агаар ч эгээ л хаврыг санагдуулам таагүй хуйсгануур хэвээр. Хаашаа л харна уур уцаартай, мөнгөний эрэлд гарч, санаагаар унасан хүмүүс. Цалингийн болоод орон сууцын зээл, ломбардын хүүндээ барьцаалагдаж, өглөг авлагатай хүмүүс өөр хоорондоо “Том Жерридэж” байгаа нь өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх.
Бараа үйлчилгээгээ борлуулж чадахгүй, гуйлга зээлээр өгсөн нэг нь мөнгөө олж авч чадахгүй, банкнуудаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа хойшлуулж, чанаргүй зээл өсөх хандлагатай байгаа нь Үндэсний статистикийн тоон баримтаас илхэн байх юм. Иргэдийнх нь дундаж цалингийн хэмжээг сар тутам өсгөх атлаа чанаргүй зээл нэмэгдлээ, худалдан авах чадвар муудлаа гэсэн хоорондоо авцалдаагүй тоон мэдээг Статистикийн байгууллага өчигдөрхөн өглөө.
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид ч ломбардад юмаа тавих гэж ирсэн хүнээс айдаг болсон гэнэ. Учир нь тавьсан юмаа эргүүлж авахгүй, бүр 2-3 жилийн турш хугацааг нь сунгуулж байгаа иргэд ч бий гэх. Арга ядаад “Юмаа хурдан хугацаанд авахааргүй шинжтэй байвал “Өнөөдөр мөнгө алга” гээд буцаадаг болжээ. Ингэхгүй бол эргэлтийн хэдэн төгрөг нь түгжигддэг гэнэ лээ. Харин албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг хэвээрээ. Сонгууль болгоны өмнө бүүр ч гэгээтэй болчихно. Дээр хэлсэнчлэн, ҮСХ-ноос гаргадаг мэдээллээр бол өрхийн орлого өсжээ.
Тэр ч байтугай манай улсын иргэдийн дундаж цалин 959.1 мянган төгрөг гэж байна, өчигдрийн байдлаар. Гэтэл иргэн нь ийм өндөр орлоготой, өрхийн төсвийн орлого нь өөдөө цойлж буй хэр нь улсын төсөв нь байнга алдагдалтай гардаг гажигтай. Уг нь иргэн баян бол улс ч баян баймаар сан. Улсын төсвийг тэр “өндөр” орлоготой хүмүүсийн татварын мөнгөөр бүрдүүлдэг биз дээ. Харин зарцуулалт, зориулалт энэ тэрийг нь сайн хянаж байхгүй бол манай эрх мэдэлтэй нөхөд яаж л бол яаж бужигнуулах нь тодорхой болчхоод байгаа юм.
Тэгээд бас болоогүй ээ, “Чиний тавьсан өрийг дарах гэж би их зовж байна” гэсэн утгатай мэдээлэл хийж байгаад л өмнөхөөсөө давуулаад зээл авна. Авсан зээлээ юунд яаж зарцуулсан бэ гэхээр “Өрөө төлсөн” гэдэг ганцхан хариулттай. Дарсан гээд байгаа өрийн дүн нь дээшээ өссөн үү гэхээс буурна гэж огт байхгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд бүгдээрээ гадаад айлчлалаар явахдаа энд тэндээс дандаа мөнгө гуйгаастай.
Гаднын сайтуудаар биднийг “Гуйлгачин Монгол Улс” гэж нэрлэчхээд, өрөвдсөн өнгө аястай нийтлэлийг өглөө, оройгүй л бичиж байх юм, хөөрхий. Хатуухан хэлэхэд, улстөрчид гадагшаа очихдоо “Манай улс хөрөнгө оруулалтыг дэмжих таатай бодлого барина” хэмээн хуурай амлачхаад араас нь “Монголд эдийн засаг хүнд байна. Тийм учраас мөнгө зээлээч. Тэгвэл босоод ирэх гээд байна” эсвэл ил цагаандаа гарч “Буцалтгүй тусламж үзүүлээч” хэмээн шуудхан тулгах муухай монгол араншинг үзүүлдэг болжээ. Энэ нь тив дэлхийн гутамшиг болж байгааг бодохоор эгэл иргэний хувьд эмзэглэж, бичихээс өөр шид алга.
Эрх мэдэл байдаг сан бол ингээд шийдээч, хөрөнгө оруулагчдад хоосон найдвар биш нүдэнд харагдаж, гарт баригдахуйц боломж санал болгооч, улстөржилтөөс үүдэж гацсан төслөө урагшаа хөдөлгөөч хэмээн ганц сайн ташуурдах сан. Даанч тийм боломж нь эгэл иргэн бидэнд хаалттай. Харин эрх мэдэлтнүүдэд хөзөр нь байсан ч нүүдэл хийхээс хойшоо сууж, хөзрөө дэлгэсэн нэгнийгээ улс төрийн зорилгоор барьж хорьдог, буруутган шүүдэг болов. Тэр ч байтугай улсын эдийн засгийн гол багана болсон Төвбанктайгаа тэрсэлдэж, ялын тогтоол үйлдчихээд дөвчигнөж явна, улстөрчид.
Ийм байхад энэ улсад хэн итгэх билээ. Ажил хийсэн нэгнээ адалдаг, хийсэн бүтээснийг нь баллуурддаг, нэгхэн сонгуулийн “жижигхэн” пиарын төлөө Төвбанкаараа туг тахиж орхидог хүмүүст итгэх тэнэг хүн энэ дэлхийд лавтай байхгүй биз ээ.
Тиймдээ ч төрийн томчууд нь гуйлгаа гуйдгаараа гуйж, улстөрчдийн сайхан амлалтын эхэнд “хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, улсынхаа эдийн засгийг аварна гэсэн” амлалт мөнхөд хадаастай байх бололтой. Бүр дампуу гэхэд даанч дэндүү нь “Манай улсын нас залуу, бүл чадалтай, эрүүл саруул, эрхтэн бүтэн иргэдээ танайд “боолын хөдөлмөр” хийлгэмээр байна. Визгүй болгоод өгөөч” хэмээн хэдэн үе дамжуулан гуйж суух юм.
Нөгөө улс нь зөвшөөрөхгүй байхад ч гуйгаад л байдаг арчаагүй байдлаасаа төрийн томчууд маань огтхон ч ичихгүй нь гайхалтай шүү. Өр зээл тавих аргаар орж ирж буй мөнгө ч багагүй бартаа саадыг давдаг болсон нь Монгол Улсын нэр хүнд ямархуу хэмжээнд хүрснийг харуулах болов уу. Хамгийн сүүлийн жишээг дурдахад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж суудал дээрээ хэд ч эргэв. Гэтэл эдийн засгийн өсөлт нь 17.6 хувьд хүрч, алтан жорлонд юу яахаас буцахгүй л аашилж аяглаж байсан тэр цагт санал тавьсан болгон нь сая сая ам.долларыг зүгээр шахуу л өгчихдөг байсныг худлаа гэж хэлэхгүй байлгүй. Харамсалтай нь энэ сайхан цаг ард үлджээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдын зарим нь хэдийнээ манай дээдсүүдийн муухай монгол араншинг гадарладаг болж, эргэж харахгүйгээр одсон нь тодорхой болов, энэ хугацаанд. Бүр “Монголчууд зээл авахдаа л хөрөнгө оруулагчаа сонссон дүр үзүүлдэг. Эргэж хараад мартдаг” гэдгийг ч сануулдаг болсон гэнэ лээ, бусаддаа.Харин монголчуудад тоож байгаа ч юм алга. Популистууд нь гудамжиндаа гараад л орилж чарладаг, улс төрийн намууд түүгээр нь тоглолт хийж, ашиг сонирхлын зөрчлөө хамгаалж, хийрхсэн хэвээр. Энэ бүхний эцэст энгийн номхон иргэд хохирч, ард түмэн туйлын ядуу амьдарч байна.
“Хүчит шонхор” захаас жижиглэн нэрээр нохойн хоол худалдан авч хоногийн хоолоо залгуулдаг иргэд ч бий болжээ. Бүр 60 гаруй сая толгой малтай Монголын их буян хаачив гэж дуу алдмаар, булууны ясыг мөнгөө төлөөд авах эрх үгүй. Гэтэл иргэдийн амьдрал ийнхүү туйлдаж, ажилгүй, орлогогүй байгаа нь эрх баригчдад огт хамаагүй бололтой. Уг нь тэднийг Монголын эдийн засгийг өөд нь татаж, улсаа улс шиг улс болгоно гэж итгэсэндээ ард түмэн сонгосон юм. Харин одоо эдийн засаг хаачив. Дээрээс нь хүн хүндээ итгэх, хүн ёсны амьд харилцаа хаачив. Бүгд царцаж, зарим нь бүр мөстөж, зогсонги байдалд орсон.
Улс төр гэдэг бирд энэ улсыг хүн ардтай нь, хөрөнгө баялагтай нь, газар шороотой нь юутай хээтэй нь залгиж байна. Дэлхийн баячууд, долларын тэрбумтнууд үгээгүй ядуу хоосон амьдрал дундаас босож ирдэг намтар түүх зөндөө бий. Харин Монголд ийм боломж үгүй. Одоо улс төрийг ч улстөржүүлэх, дотроос нь цэвэрлэх цаг иржээ. Ингэж байж л энэ улсын эдийн засгийг улстөрчид нэртэй бирдийн савраас салгаж, аврах гарц байна.
Талхаа таллаж идэж, тарчигхан амьдралтайгаа зууралдаж байгаа нь зөвхөн бидний л буруу. Талхны мөнгөний төлөө төрийн эрх барих нэг удаагийн эрхээ худалдаж, эх оронч гэсэн хийрхлээс үүдэн хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа нь бидний л буруу. Бурууг бусдаас хайж одоо болсон байлтай. Дотоодын хэрүүлээ гадагш дэлгэж суухын оронд эдийн засгаа эмнэлгээс гаргах цаг болсон юм биш үү, улстөрчид өө. Гуйлга гуйж ханасан баймаар. Алийн болгон эдийн засаг сэхээний тасгаас гарч энгийн тасагт шилжлээ гэсэн хоосон чамирхлаар улстөржиж суух билээ.
| https://ikon.mn/n/11a0 |
11a1 | ҮЙЛ ЯВДАЛ: Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын Нээлттэй хаалганы өдөрлөг болно | Г.Мөрөн, iKon.mn | 06/14/2017 08:57:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, хүлээлгийн танхимд
10:00-12:30 цагт Канэко Харүхикогийн вааран урлалын “Аз жаргалын цэнхэр хана” бүтээлийн нээлтийн ёслол болно.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
11:00 цагт Цусны донорын дэлхийн өдөрт зориулсан арга хэмжээ болно.
Д.Сүхбаатарын талбайд
11:00 цагт Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
СХД-ийн 25, 26 дугаар хороонд
11:30 цагт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар СХД-ийн 25, 26 дугаар хороодод тус бүр 920 хүүхдийн хүчин чадалтай ЕБС-ын барилгын шав тавих ёслолын ажиллагаа болно.
АСЕМ Велла-д
14:00-17:00 цагт Европын Холбооны "Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх" төслийн Хаалтын арга хэмжээ болно. | https://ikon.mn/n/11a1 |
11a2 | Yahoo-гийн гүйцэтгэх захирал Мэрисса Мэйерийн эрин албан ёсоор дууслаа | Р.Түвшин, iKon.mn | 06/14/2017 09:05:00 |
Интернэтийн домог болсон Yahoo компанийн үндсэн бизнесийг харилцаа холбооны Verizon компани $4.5 тэрбумаар худалдаж авах наймаа өчигдөр албан ёсоор дууслаа.
Ингэснээр тус компанийг сүүлийн таван жил удирдсан гүйцэтгэх захирал Мэрисса Мэйер өнөөдрөөс албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа юм. Тэр ажлаа дүгнүүлэн их хэмжээний мөнгөн шагнал авсан ч маш муу нэртэй үлдэж байна.
2009 онд Мэйер Google компанийн мандаж байгаа одуудын нэгэнд тооцогдож, Glamour сэтгүүлийн нүүрэнд “Оны эмэгтэй” хэмээн залагдаж байв. Харин өнөөдөр түүнийг технологийн салбарын хамгийн муу удирдагч гэсэн цол дагалдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Owler сайтын судалгаагаар ийм үр дүн гарсан юм.
Тэрээр Yahoo компанийг эргүүлэн сэргээх гэж янз бүрээр оролдоод бүтэлгүйтсэн. Хэд хэдэн бизнесийг худалдан авч, хүчээ зузаатгах гээд бараагүй. Үүн дотор $1.1 тэрбумаар Tumblr блогийн платформыг худалдаж авсан түүх багтаж байгаа. Ганц гялтайх хөрөнгө болох Алибабагийн $40 тэрбумын үнэлгээтэй эзэмшлээ Yahoo-гаас салгаж бизнес болгох санаа боловсруулсан ч дэмжигдээгүй. Олон мянган ажилтныг цомхотгож, хамтрагчдаа өөрөөсөө холдуулсан Мэйер үрэлгэн зан, хэт жижиг зүйлд оролцдогоороо алдартай байв.
Мэйерийг анх Yahoo-д ирэхэд тус компани уналтын байдалтай байсан бол түүний ажилласан жилүүдэд уналт нь эрчимтэй үргэлжилсэн юм. Нэгэн үе хайлтын системд ноёлж байсан байр сууриа Google-д алдаж, интернэт порталын бизнес загвар нь нэгэнт хоцрогдсон байлаа.
2008 онд Майкрософт компани Yahoo-д $45 тэрбумаар худалдаж авах санал тавихад үүсгэн байгуулагчдын нэг, тухайн үед ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал байсан Жэрри Ян ихэмсэгээр татгалзаж байсан юм.
Уг саналын оронд залуу удирдагч Мэрисса Мэйерийн ур чадварт итгэсэн нь өнөөдрийн үр дүнд хүргэжээ.
Хэдийгээр энэ нь нэг хүнийг хувийн үзүүлэлт мэт боловч эмэгтэйчүүдийн удирдах ажлын ур чадварт итгэх итгэлийг унагасан муу жишиг болж тогтож байгаа юм. Таван жилийн эцэст ажлаа өгч байгаа Мэйерт Yahoo компанийн хөрөнгө оруулагчид $186 саяын урамшуулал олгожээ.
Түүнд технологийн салбарт дахин ажиллах боломж байхгүй гэж ажиглагчид үзэж байгаа. Гэхдээ хангалттай мөнгөтэй болсон Мэйер ажил хийхгүй амьдрах боломжтой болсон юм.
Эх сурвалж: Quartz
| https://ikon.mn/n/11a2 |
11a3 | Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК–999” төслийг хэрэгжүүлэхээр RE/MAX хамтран ажиллахаар боллоо | СУРТАЛЧИЛГАА | 06/14/2017 09:13:00 | Олон улсын үл хөдлөх хөрөнгийн RE/MAX компани Монголд үйл ажиллагаагаа эхлээд нэг жил хагасын хугацаа болж үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагааны олон шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж хэрэглэгчдийн талархлыг хүлээж яваа билээ.
Одоогийн байдлаар RE/MAX 13 брокер оффис, 200 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлалын агенттайгаар ажиллаж Улаанбаатар хотын өнцөг булан бүрт үйлчилгээгээ хүргэж байна. Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн урд Парксайд төвийн 3 давхарт байрлах , RE/MAX ын хамгийн анхны брокер оффисуудын нэг RE/MAX Best Брокер оффис нь саяхан шаваа тавьсан Монголын томоохон бүтээн байгуулалтын нэг ТОСК-999 хөтөлбөрийн борлуулалтыг хариуцан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн их аянд нэгдэн орж “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
“ТОСК-999” төсөл нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан 4.9Га газарт нийт 860 айлын 50 блок, 4-өөс 5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхоныг барьж байгуулах юм. Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол 6 сарын 9-нд болж өнгөрлөө.
Нээлтийн ёслолд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ ын гишүүд , Барилга хот Байгуулалтын яамны төлөөлөгчид, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, төслийг хэрэгжүүлж буй “Жи Ди констракшн” ХХК–ийн захирал У.Баатар, RE/MAX ын төлөөлөгчид, бусад албаны хүмүүс, инженер техникийн ажилтнууд оролцсон юм.
Улаанбаатар хотын хөрсний болон агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд “ТОСК-999” төсөл нь өөрийн хувь нэмрээ оруулах шилдэг бүтээн байгуулалт болох бөгөөд бид энэхүү мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаадаа их баяртай байна. .
“ТОСК-999” төслийн онцлог нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн хямд өртөгтэй, богино хугацаанд хэсэгчилэн барьж ашиглалтад орох, нам давхрын орон сууцнууд байх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа, материалыг түлхүү ашиглаж, Монгол Улсын барилгын норм дүрэм, стандартад бүрэн нийцсэн орон сууцны жишиг хотхоныг байгуулах юм. Төсөл эхний ээлжийн байрнуудаа 2017 оны 4 р улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
RE/MAX үл хөдлөх хөрөнгийн компаниас зөвхөн энэхүү төслийн борлуулалтыг хариуцахаар шинэ баг томилогдон үйл ажиллагаагаа хэдийн эхэлжээ.
Та энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл RE/MAX Best оффисын энэхүү төсөл дээр томилогдон ажиллаж буй “Revolution team” тэй холбогдох боломжтой.
Холбоо барих хаяг: УБ хот, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хойно, парксайд төвийн 3 давхарт RE/MAX Best оффис
Утас: 77073399
И. Мэйл: [email protected]
TOСК 99 төслийн борлуулалтын багийн ахлагч: Реалтор Ч.Загдсүрэн – 94103390
Багийн гишүүд: Агент Г.Батзаяа 94023390, Агент П.Батцэнгэл – 94113390
Фэйсбүүк Пэйж: https://www.facebook.com/REMAX-Revolution- team-Тоск
| https://ikon.mn/n/11a3 |
11a4 | Гэр хорооллын "ГЭЭГДСЭН" хүүхдүүд | Н.Батзаяа, Монголын мэдээ | 06/14/2017 09:15:00 |
Дундаа нэг унадаг дугуйтай гурван бор хүү гудамжны үзүүрээс инээлдсээр “Одоо би, үгүй би, жаахан удаан яваач ээ” гэсээр гарч ирэв. Духанд нь бурзайсан хөлс, улаа бутрах хацрыг харвал энэ хүрэх гэж багагүй замыг туулсан нь илт. Тэднээс хэрэг зоригийг асуувал биднээс 300 орчим метрийн зайд байрлах машин замтай зэрэгцээх явган хүний зам дээр дугуйгаа унахаар явж байгаа нь энэ аж.
Зорилтот газраа хүрэх замдаа нэг дугуйгаа ээлжлэн унаж, хөөрөлдсөн найзууд ам булаалдан “Манай хороонд дугуй унах газар байхгүй. Бас тоглоомын талбай ч байдаггүй. Гудамжид дугуй унахад их хэцүү, энэ тэндээс гэнэт машин гараад ирдэг. Бид хэд төв замын хажуу талын явган хүний зам дээр очиж дугуй унана.
Тэнд арай шулуун замтай” хэмээн бидний хэлж заншсанаар Дамбадаржаагийн буудал руу гараараа заалаа. Тэд та хойшоо яваад бараг хэрэггүй дээ, тоглоомын талбай байхгүй гэсээр ганц дугуйгаа булаацалдсаар цааш явж одов. Энэ бол Сүхбаатар дүүргийн 22 дугаар хороо, бидний мэддэгээр Сэлх, Бэлх, Дамбадаржаа. Улаанбаатар хотыг зах хязгааргүйгээр үргэлжлүүлэх гэр хорооллын аль ч гудамжид энэхүү дүр төрх бидний анхаарлаа хандуулахаас өөр аргагүй асуудал болон үргэлжилсээр л байна.
Улаанбаатар хотын 70 гаруй хувийг гэр хороолол бүрдүүлдэг хэдий ч Засгийн газар, яам, Тамгын газар, Нийслэлийн бодлого чиглэл хотын А зэрэглэлд төвлөрч буй. Гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах тухай асуудал “гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах” гэдэг үгэнд дарагдан, олон жил улстөржсөөр хэзээ ч биелдэггүй хүсэл шиг болсоор байна.
Харин энэ хооронд тэнд амьдрал үргэлжилж, Монгол Улсын хойч ирээдүй болсон бяцхан багачууд төрсөөр л. Гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх цаг үргэлж зөрчигдөж байна. Тэд өвөл нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр хортой агаараар амьсгалж, зун нь тоглох тоглоомын талбайгүйгээс болж зам тээврийн осол болон өөр төрлийн ослын хохирогчид болсоор байгаа юм. Тиймээс “Монголын мэдээ” сонин цуврал сурвалжилгынхаа хүрээнд уг асуудлыг хөндөн сурвалжиллаа.
Хүүхдүүд хашаандаа “хоригдож” байна
Хэрвээ сайхан тоглоомын талбайтай байсан бол очиж тоглоно гэх үгийг уулзсан хүүхэд бүхэн минь хэлж байлаа. Энэ өдөр гадаа тэнгэр цэлмэг сайхан байгаа ч гэр хорооллын гудамжууд л эзгүй мэт. Хааяахан хүүхдийн инээх дуу хадсан хашааны хаалгаар шагайвал хоёр, гурваараа нийлсэн хүүхдүүд унадаг дугуй, жижиг машин эсвэл бөмбөгөөр тоглох аж. Хаалга нь дэлгээтэй нэгэн хашаагаар шагайж том хүн байгааг сураглавал 50 гаруй насны эмэгтэй гарч ирэв.
Түүнээс ойр хавьд тоглоомын талбай байгаа эсэхийг лавлавал “Энд тоглоомын талбай байхгүй. Тиймээс хүүхдүүдээ нэг их гаргадаггүй. Хашаандаа л тоглуулдаг. Гарахаараа машин тэрэгний доогуур ороод эсвэл хөл гараа хугалчих гээд байдаг юм. Түүний оронд хашаандаа байсан нь дээр. Ер нь зөвхөн манай хороо гэлтгүй гэр хороолол тэр чигтээ хүүхдүүд тоглочих тоглоомын талбайгүй л байдаг шүү дээ. Эд нар чинь заримдаа гарч тоглоё гэж урвайна. Тэр болгонд гаргах хэцүү. Төрд сууж байгаа хүмүүс ядаж нэг хороонд ганцхан тоглоомын талбай бариад өгчихвөл олон хүүхэд баярлана даа” гэв.
Түүний хэлснээр хүүхдүүдээ гаргадаггүй бас нэг шалтгаан нь гудамжийн тоос шороо гэнэ. Хүүхдүүд гудамжид тоглохоор шороо босож, уушгинд нь сөргөөр нөлөөлдөг ажээ. Мөн сүүлийн үед залуу жолооч нар ихэссэн бөгөөд гэр хорооллын гудамжаар хурд хэтрүүлэн давхих болжээ. Хурдтай явсан жолооч хүүхдийг харахгүй мөргөх тохиолдол ч гарсан байна. Бид ийнхүү ярилцсаар цааш явлаа. Энхэл донхол шороон замаар тоос татуулан цааш алхсаар уулын ирмэгт уначих нь холгүй байрлах айлын гадаа долоон настай охин унадаг дугуй унаж яваа харагдлаа. Охин хэсэгхэн газар дугуйгаа унана. Түүнийг жаахан ажиглаж зогсвол буцаад дээш дугуйгаа түрэн гарч, харин уруудахдаа дугуйгаа унаж байв.
Саравчтай малгай, цэнхэр юбка, цагаан даавуун цамцаар гангарсан охинтой хэсэгхэн ярилцав. Тэрбээр гэртээ ганцаараа байдаг гэнэ. Энэ тухайгаа “Надад дүү байхгүй. Би ээж, аав, эмээ, өвөөтэйгөө амьдардаг. Ганцаараа болохоор төв зам руу явж чаддаггүй. Хааяа аав, ээж хоёр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулж явдаг. Тэнд дугуй унахаар гоё байдаг” хэмээн хуучилсан.
Энэ мэтчилэн тоглох газаргүйгээс болж гудамжаас гудамж хэсэн дугуй унах охид, хөвгүүд их тааралдсан. Манай сурвалжлах хэсэг ийн явсаар нэгэн сагсны шийдтэй таарсан ч хүүхдүүд байсангүй. Магадгүй гадаа халуун учраас хүүхдүүд ирээгүй байж мэдэх юм. Хэзээ мөдгүй унах нь уу гэмээр жижигхэн самбар тэнхээ мэдэн хөөцөлдөх хүүхдүүдийг хүлээн буй ч юм шиг. Гэр хорооллын хүүхдүүдэд үнэндээ нийтийн тоглох газар, тоглоом ч байсангүй. Зарим нэг газар дээр өгүүлсэнчлэн шийд таарна. Сагсны шийд гээд хэлчихэд ч хэцүүхэн тэр шийд ёстой л тоглох газаргүй, тоглоомгүй хүүхдүүдэд л шийд байх даа хэмээх бодол толгойд орж ирснийг нуух юун.
Тоглож байгаад булшны дэргэд унтчихдаг байсан гэв
Манай сурвалжлах хэсгийн очсон дараагийн газар бол Баянзүрх дүүргийн XX хороо буюу Алтан-Өлгийн хэсэг байлаа. Саар зүйлийн дотор ганц нэг сайн зүйл байлгүй л яах вэ. Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг байсан Алтан-Өлгий дэх оршуулгын газрын урдхан талд сайхан тоглоомын талбай сүндэрлэн харагдав. Том биш ч гэсэн сагсны талбай, гулсуур, дасгал хөдөлгөөний техник, савлуур, сүүдрэвч, хогийн сав, сандал байрлуулжээ. Гадаа халуун байгаа ч дотор нь хүүхдүүд шуугилдан тоглож байна билээ. Гэвч энэ талбай хэсэгхэн газрын хүүхдүүд л хүрэлцээтэй.
Гэр хороололд амьдарч байгаа олон мянган хүүхэд ядаж үүн шиг тоглоомын талбайтай болохыг хүсэж, дотроо сэмхэн л горьдож суугаа. Бид оршуулгын газрын хашааг бараадан хойш алхлаа. Оршуулгын газрыг хүрээлүүлэн хашаа хатгажээ.
Энэ үеэр тус хорооны оршин суугч Д.Цэцэгмаатай таарав. Тэрбээр “Манай энд тоглоомын талбай байгуулагдаж, хүүхдүүд тоглох тоглоомтой болсон. Түүнээс өмнө нь энэ оршуулгын газар руу гүйгээд салдаггүй байлаа. Хэсэг хэсгээрээ нийлээд оршуулгын газар руу ороод тоглочихно. Заримдаа бүр хүүхдүүд халуун наранд тоглож байгаад тэндээ унтчихдаг тохиолдол гарч байсан. Энэ оршуулгын газар чинь хойгуураа онгорхой байдаг юм. Манай энэ хавийн хүүхдүүд ч яах вэ тоглоомын талбайтай болчихлоо. Бусад газруудад тоглоомын газар байхгүй хэцүү шүү. Ер нь гэр хорооллын хүүхдүүд их аюултай орчинд амьдардгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз” хэмээв.
Ийн ярилцаж зогстол хажуугаар дайрчих шахам жижиг тэрэг хурдлан өнгөрлөө. Хурдтай явсан болоод ч тэр үү эргэн тойронд хэсэг шороо бужигнаж, ам руу орж байгаа нь мэдрэгдэнэ. Уул дамнасан гэр хорооллын гудамжнууд дуусахгүй мэт үргэлжилнэ. Гудамжаар явсаар жижигхэн хашаанд зэрэгцэн дөрвөн айл суурьшсан байхыг харлаа. Хашааных нь гадаа 6-7 насны хүүхдүүд чирта тоглож байх юм.
Тэднээс тоглоомын талбай руу яагаад явахгүй байгааг асуувал “Хэтэрхий хол учраас ээж явуулахгүй. Гэртээ тоглож бай гэсэн. Тоглоомын талбай ойрхон бол гоё. Бидэнд унадаг дугуй байгаа. Хашаандаа л унадаг” гэлээ. Үнэхээр тэднийг хол хэмээн хэлсний дараа сая нэлээдгүй хол газар явснаа мэдлээ. Ирэх зам уулын өгсүүр учраас гэрийн эзэгтэй хүүхдүүдээ хол явуулдаггүй байж ч мэдэх юм. Манай сурвалжлах хэсэгтэй таарсан дараагийн хүн бол 35 гаруй насны эмэгтэй байлаа. Тэрбээр XII болон VII ангид сурдаг хоёр хүүтэй гэнэ. Хөвгүүд болохоор ч тэр үү хөдөлгөөн ихтэй учраас гадаа тоглуулахаас айдаг хэмээн бидэнд хуучлав.
Тэрбээр “Манай энд тоглоомын талбай байхгүй ээ. Хүүхдүүд маань дугуйгаа унаад, гарч тоглоё гэдэг. Би айгаад байдаг юм. Манай энэ хавьд машин ихтэй. Эд нар чинь машинтай зэрэгцээд л нарийнхан зам дээр дугуй унана. Шүргүүлчих гээд хэцүү байдаг байхгүй юу. Тоглоно гээд бөмбөг аваад гарч байгаа харагддаг. Манай хүүхдүүд том болсон болохоор арай учиртай. Гэр хороололд амьдардаг бага насны хүүхдүүд тун хэцүү дээ. Гэрээсээ хол явалтгүй. Төр засаг гэр хорооллыг орон сууцжуулна гээд л байгаа. Тэр ч үлгэр байх аа даа. Түүний оронд хүүхдүүдийн тоглох орчныг тохижуулаад өгчхөөсэй” хэмээн бухимдав.
Арга ч үгүй биз. Хүүхдүүд аюултай орчинд өсөж байхад эх хүн яаж санаа амар явах вэ дээ. Гэр хорооллоос харж болох нэг нийтлэг үзэгдэл нь ихэвчлэн хүүхдүүд усанд явна. Усны тэрэг, саваа харшилдуулсаар аль эсвэл тэрэгтэй усаа дааж ядах багачууд гэр хороололд ёстой л тав алхаад таарна, худаг онгорхой үед.
Эргэн тойрон бөөн аюул...
Эргэн тойрон бөөн аюул... Ёстой л энэ үг гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд тохирох мэт. Тоглох газар байхгүй. Тоглох гээд гэрээсээ гарахаар машин тэрэг, айлын дайрдаг нохой, шороо тоос гээд дурдвал олон. Манай улсад 2016 оны байдлаар 0-4 насны 394,514, 5-9 насны 322,575, 10- 14 насны 220,429, 15-19 насны 236,400 хүүхэд амьдарч байна гэсэн Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа бий.
Тэгвэл эдгээр хүүхдүүдийн ихэнх нь гэр хороололд амьдарч байна. Гэхдээ тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх цаг, минут, секунд тутам зөрчигдөж буй нь сурвалжилга хийх явцад илт мэдэгдсэн. Эдгээр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, ядаж тоглох орчныг бүрдүүлэхэд хуруу хөдөлгөхгүй байгаа төр засаг, хүний эрхийн байгууллагууд “хүний эрх”, “хүүхдийн эрх” гэж ярихаасаа ичээсэй билээ. Уулыг нураагаад хоёр шатахуун түгээх газрын дунд дөрөв, таван айл банзны хэсгээр хашаа татан амьдарч байна.
Гэр хорооллын хүүхдүүд машин зам дээр машинтай уралдан дугуй унаж байна. Тоглох газаргүйгээс болж хашаан дээрээс үсэрч тоглож гэмтэж бэртэж байгаа. Хашаандаа “хоригдож” байх юм. Ийм нөхцөл байдал бидний нүдэнд ил байхад хэзээ болтол гэр хорооллын хүүхдүүдийг гээх вэ. Гэр хорооллын гээгдсэн хүүхдүүдийн нэг өдрийг сурвалжлахад ийм байна.
“Монголын мэдээ” сонин эрхэм уншигч танд хүргэж буй уг сурвалжилга бидний гурав дахь удаагийн сурвалжилга билээ. Өмнөх дугаарт “Ясны хугарал гамшгийн хэмжээнд хүрчээ”, “Стандартгүй тоглоомын талбайн “хамгаалагчгүй” хохирогчид” нэртэй сурвалжилгыг хүргэсэн. Ингээд гэр хорооллын хүүхдүүд юу хүсч байгааг нэмэлт хачиргүй хүргэе. Тэд ийн хүсэж байна. Хуулийн дагуу 18 нас хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хэвлэлд гаргадаггүй учраас бид энэ удаа хүүхдүүдийн зургийг нийтэлсэнгүй.
О.Анударь: Машин замд ойрхон тоглодог болохоор осолд орох гээд байдаг
/15 настай, БЗД, XXII хороо/
-Би найзуудтай ихэвчлэн гар бөмбөг тоглодог. Манай Алтан-Өлгийн оршуулгын урд нэг тоглоомын талбай байгаа. Өнгөрсөн жилийн наймдугаар сард ашиглалтад орсон. Гудамжиндаа тоглох гэхээр машин их явдаг болохоор аюултай. Ялангуяа жаахан дүү нар тоглож байгаад анзаарахгүй байх хооронд машинд дайруулчих гээд их хэцүү. Харин тоглоомын талбай нээгдсэнээр жаахан дүү нар тоглох газартай болсон. Манай дүү арван настай, тавдугаар ангид сурдаг. Би гэр хорооллын хүүхдүүдэд маш гоё тоглоомын талбай барьж өгөөсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл, хүүхдүүд тоглоомын талбайгүй учраас машин замын ойролцоо гудамж, талбайд тоглодог. Үүнээс болж автомашины осолд орох магадлалтай. Орсон хүүхдүүд ч байдаг юм, манай энэ хавьд. Ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд машин зам дээр хөлбөмбөг тоглож, дугуй унадаг. Тэр их аюултай санагддаг. Гэхдээ хүүхдүүд тоглоомын талбай, гоё замгүй учраас машин замын ойролцоо тоглохоос өөр аргагүй.
Д.Идэрбат: тэгшхэн газар амьдрахыг л хүсэж байна
/Долоон настай СБД, XVIII хороо/
-Би тэгшхэн газар амьдрахыг л хүсэж байна. Манай гэр уулан дээр байдаг. Уулын зам тэгшхэн биш хазгай. Тийм болохоор дугуй унахад маш хэцүү байдаг. Хазгай газраар тоормос байхгүй дугуй унадаг. Би дүүтэйгээ хамт тоглодог.
Б.Баасандорж: Иж бүрэн тоглоомын талбайтай болмоор байна
/12 настай СБД, XVI хороо/
-Манай гэрийн ойролцоо тоглоомын талбай байдаггүй. Харин сагсны шийд л бий. Тэнд олон хүүхэд ирж тоглодог. Учир нь тэр хавьд байгаа ганц тоглох газар нь тэр. Сагсны шийдээс зайдуу гэртэй хүүхдүүд ч ирдэг. Би гэр хорооллын хүүхдүүдэд зориулж гоё иж бүрэн тоглоомын талбай барьж өгөөсэй гэж хүсэж байна. Манай сагсны шийдийг тоглоомын талбай гэхэд хэцүү. Ганцхан сагсны шийд байдаг болохоор бага насны хүүхдүүд тоглох газаргүй болчихдог. Том хүүхдүүд нь л тоглодог. Ер нь манай энд тоглох газар байхгүй.
Б.Бат-Оргил: Тоглохын тулд сургууль руугаа явдаг
/14 настай, СБД, Бэлх/
-Гэр хороололд тоглох газар байдаггүй. Хэрвээ тоглох болбол автобусанд суугаад сургууль руугаа явдаг. Сургуулийн хашаан дотор тоглоомын талбай байдаг юм. Ингэж явахад нь их хэцүү, аюултай байдаг. Машин зам гарах шаардлагатай. Миний дүү 12 настай. Би тоглохдоо дүүгээ дагуулж явдаг. Би дугуй унах талбайтай, дугуйн зам барьж өгөөсэй гэж хүсэж байна. Одоогоор дүү бид хоёрт унадаг дугуй байхгүй л дээ. Гэхдээ аав, ээж хоёр удахгүй авч өгнө гэсэн. Бидэнд тоглох газар огт байдаггүй болохоор гэрийнхээ гадаа л өөрсдийгөө аргалаад тоглож байна.
С.Энхжаргал: Тоглоомын талбайтай болбол маш их баярлана
/Есөн настай, БЗД, Алтан-Өлгий/
-Би найзуудтайгаа хашаандаа тоглодог. Найзуудтайгаа хамт тоглох тоглоомын талбайтай болохыг хүсэж байна. Хэрвээ тэгвэл маш их баярлана. Энэ хавьд тоглоомын талбай байдаггүй болохоор машин замаар дугуй унадаг.
Т.Тэлмүүн: Хүүхэд хөгжүүлдэг сургалтын төвтэй бариасай гэж хүсэж байна
/14 настай, БЗД, XXII хороо/
-Алтан-Өлгийн оршуулгын урд талд нэг тоглоомын талбай бий. Би тэнд дүү нартайгаа тоглодог. Би гэр хорооллын хүүхдүүдэд зориулж маш олон тоглоомын талбай барьж өгөөрэй гэж хэлмээр байна. Мөн хүүхдүүдийг хөгжүүлдэг сургалтын төвийг гэр хороололдоо бариасай. Тухайлбал, зургийн дугуйлан, шатрын дугуйлан гэх мэтчилэн хүүхдүүдэд сонирхолтой байвал гоё. Тэгвэл хүүхдүүд өөрийгөө хөгжүүлнэ шүү дээ. Манайх тоглоомын талбайгаас арай зайтай. Би дугуйгаа унаад явчихдаг. Машин замаар явж байгаа болохоор хажуугаар машин өнгөрөхөд их хэцүү байдаг, дайрчих гээд.
| https://ikon.mn/n/11a4 |
11a5 | Н.Эрдэнэбаяр: Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэнэ | Б.Сумъяа, Монголын мэдээ | 06/14/2017 09:22:00 |
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан цусны донорууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Өнөөдөр Цусны донорын дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс ямар ямар үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг дэлхий даяар “Цусны донорын дэлхийн өдөр” хэмээн 2003 оноос хойш тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг цусны донор, цус цусан бүтээгдэхүүний нөөцийн асуудлыг шийдвэр гаргагчдын төвшинд болоод олон нийтэд ойлгуулах таниулах, мөн цусаа өгч буй ачтан доноруудыг алдаршуулах, урамшуулах үйлст нэгдэн дэлхий нийтээр тэмдэглэдэг байгаа. Жил бүр тодорхой уриаг дэвшүүлдэг.
Энэ жилийн тухайд “Та бусдын төлөө юу хийж чадах вэ, өнөөдрөөс эхлээд тогтмол цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэх юм. Энэ өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран манай төвийн шинэ байр буюу Баянзүрх дүүргийн хоёрдугаар эмнэлгийн хойно байрлаж буй байрнаасаа талархлын алхалт хийнэ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11:00 цагаас 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн 52 донорт цол өргөмжлөлийг нь гардуулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар иргэдэд мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Энэ үеэр Монгол Улсад анхны тооцогдох 200 удаа цусаа хандивласан Д.Бум- Эрдэнэ гэдэг залууд “Топ-200+” гэсэн өргөмжлөлийг гардуулж, алдаршуулах үйл ажиллагаа болно гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн, донор элсүүлэлтээрээ тэргүүлсэн Улаан загалмайн нийгэмлэгийн дунд шатны хороо болон төрийн бус байгууллагуудыг шалгаруулдаг. Энэ жил гурван байгууллага шалгаруулж, бидний үйл ажиллагааг дэмжигч аж ахуй нэгжүүдээ өргөмжилнө. Цус цуглуулах үйл ажиллагаа мөн болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд цусаа бэлэглэхээ илэрхийлсэн байгаа.
-Үйл ажиллагааны онцлог нь юу вэ?
-Гамшиг ослын үед цус цусан бүтээгдэхүүний бэлэн байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, цус сэлбэх тусламж үйлчилгээг хийх гэсэн чиглэлд дэлхий нийт анхаарч байна. Манай улс ч ялгаагүй. Үйл ажиллагаа төр засаг болоод олон нийтэд нээлттэй болно. Түүнчлэн энэ өдрийг ганц удаа тэмдэглээд өнгөрүүлдэггүй. Цусны донорын дэлхийн өдрийг угтсан олон арга хэмжээ, ажлыг зохион байгуулдаг.
Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тавдугаар сарын 3-ны өдөр манай төвд өөрийн биеэр ирж цусаа бэлэглэсэн. Нийслэлийн аж ахуйн нэгж компани Улаанбаатар хотын иргэдийг цусаа бэлэглэе гэдэг уриалгыг гаргасан. Энэ дагуу нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа 46 байгууллага хуваарь гарган цусаа бэлэглэх үйлсд оролцож байна. Энэ мэтчилэн арга хэмжээгээ угтсан ажлуудыг хийж, өргөн хүрээнд зохион байгуулдаг.
-Хүндэт доноруудынхаа тоог нэмэгдүүлэх, алдаршуулахаас гадна нийгмийн асуудалд нь төрөөс хэрхэн анхаардаг юм бэ. Тухайлбал, өмнө нь автобусанд үнэгүй зорчдог байсан бол цахим картны үйлчилгээнд шилжсэнээс хойш нийтийн тээврээр хөлс төлж зорчдог болсон байсан. Энэ тухайд?
-Монгол Улс Донорын хуультай дэлхийн 30 дахь орон болж байсан. Хууль нь 2000 онд батлагдаж байсан шүү дээ. 2012 онд хууль нь нэмэлт өөрчлөлт орсон байдаг. 2017 онд шинэчилсэн найруулга хийгдээд явж байгаа. Донорын тухай хуульд зааснаар цусаа 35 удаа болон түүнээс дээш өгсөн хүндэт доноруудаа улсын магадлан итгэмжлэгдсэн амралтад үнэ төлбөргүй амруулдаг. Энэ ажил сүүлийн гурван жил хэрэгжээд явж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар донорууддаа эрүүл мэндийн зарим үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийх, очир дугааргүй үйлчлэхийг өөрийн харьяа хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд дээр үзүүлж байгаа.
Түүнчлэн үнэ төлбөргүй нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулдаг байсан. Энэхүү үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнээр түр зогссон байсан. Гэхдээ энэ ажил дахиад үргэлжлэх гэж байгаа. Хүндэт доноруудаа хамт олонд нь алдаршуулах, олон нийтэд таниулах зэрэг үйл ажиллагааг хийж байгаа. Түүнчлэн цусаа 35 удаа бэлэглээд цааш явах ямар нэгэн тэмүүлэлгүй болчхоод байгаа юм. Тиймээс 70-100 удаа цусаа бэлэглэвэл хүрэл донор, 100-150 удаа цусаа бэлэглэвэл мөнгөн донор, 150 дээш олон удаа өгсөн тохиолдолд алтан донор гэж өргөмжилдөг болсон.
-Улсын хэмжээнд хэчнээн донор байгаа вэ?
-Манайхыг 1963 оноос үүссэн гэж үздэг. Давхардсан тоогоор улсын хэмжээнд 140 мянга орчим донорын бүртгэл мэдээлэл байдаг. Яг хүндэт донор гээд аваад үзвэл 1,000 гаруй байна. Өнөөдөр яг идэвхтэй цусаа өгөөд явж байгаа 40-50 мянган донор байна.
-Алтан донор Монголд хэр олон байдаг вэ?
-Дээр дурдсан 200 удаа цусаа хандивласан Д.Бум-Эрдэнэ маань Монголын анхны алтан донор гэж явдаг. Мөн н.Эрдэнэчимэг гэж эмэгтэй саяхан алтан донор болсон. Одоогоор хоёр л хүн байна. Мөнгөн донор 20 орчим хүн байгаа . Хүрэл донор 70-80 гаруй хүн бий. Энэ дашрамд, өрөөл бусдын сайн сайхны төлөө ариун цусаа бэлэглэдэг ачтанууд донорууддаа баярын мэнд хүргэе.
-Цусны нөөцийн асуудал анхаарал татдаг. Одоогийн байдлаар ямар төвшинд байна вэ. Хэр хангалттай байгаа вэ?
-2012 онд улсын 19 мянган донорын цус цуглуулсан үзүүлэлттэй байсан. 2016 оны эцэст энэ тоо 33 мянга болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 70 орчим хувиар нэмэгдсэн. Үүний цаана цус цусан бүтээгдэхүүний хангамж сайжирч байгаа. Төрөөс цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийг сайжруулах, төрийн бодлогын хүрээнд манай төвийн шинэ байр 50 жилийн дараа баригдаж 2016 онд ашиглалтад орлоо.
Орон нутагт байгаа цусны 26 салбар төвүүдийг хоёр тэрбум төгрөгөөр иж бүрнээр нь засварлаж, хүлээлгэж өгсөн. Цус цуглуулах, шинжлэх, хадгалах, тээвэрлэх зэрэгт дэлхийн жишиг болон технологи тоног төхөөрөмжүүдийг иж бүрэн шинэчилсэн. Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн бүхий л салбарт ийнхүү шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотой цус цусан бүтээгдэхүүнийг хадгалах хүчин чадал улсын хэмжээнд тав дахин Улаанбаатар хотын хэмжээнд гурав дахин нэмэгдлээ. Зориулалтын хөргөгч хөлдөөгчтэй болж байна гэдгийн цаана нөөцийг нэмэгдүүлэх боломжууд бүрдэж байгаа юм.
Ялангуяа урт удаан хугацаанд хадгалах ёстой байдаг сийвэнгийн бүтээгдэхүүний нөөцийг нэлээд нэмэгдүүллээ. Одоогоор сийвэнгийн 10 мянган нэгж бүтээгдэхүүний нөөц байна. ОБЕГ-тай байгуулсан гэрээний хүрээнд улсын нөөц гэж байдаг. Урт удаан хугацаанд хадгалах цус цусан бүтээгдэхүүний нөөцөө сайн хадгалж, нөөцийг нь нэмэгдүүлж байна. Нөөц маш ихээр сайжирч байгаа. Гэхдээ нэг хүний өгсөн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Ялтаст эсийн бүтээгдэхүүнийг бид 3-5 хоногт хадгалдаг. Ийм бүтээгдэхүүн дээр нөөц хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Өдөрт 80-100 донор цусаа өгч байж эмнэлгүүдийн захиалсан бүтээгдэхүүнийг хангах боломжтой.
Тэгэхээр энэ талаар олон нийт зөв ойлголт авч дэмжиж ажиллаасай. Нөөц нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдийн захиалга бас нэмэгдэж байгаа гэдгийг ойлгоорой. Сүүлийн жилүүдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа манай улсад хийгдэж байна. Элгээ өгч байгаа авч байгаа хоёр хүнд хоёуланд нь цус хэрэгтэй. Үүний тулд бид яг тохирсон цус цусан бүтээгдэхүүнийг бэлдэх ёстой. Ингэхийн тулд олон донороос цус авах шаардлагатай байдаг. Энэ хэрээр хэрэгцээ их нэмэгдэж байна.
Цаашид цус цусан бүтээгдэхүүний нөөц, хадгалалтын менежментийг яаж сайжруулах уу гэдэг дээр олон зүйл хийж байна. Энэ чиглэлээр Эрүүл сайдын 2017 оны гурван тоот тушаалаар цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний удирдамжийг гаргасан байгаа. Энэ удирдамжаар эмнэлгүүд дээр нөөцийн зохицуулалтыг яаж хийх вэ, зөв хэрэглээг яаж төлөвшүүлэх үү гэдэг дээр анхаарч ажиллаж байна.
| https://ikon.mn/n/11a5 |
11a6 | DATA VISUALIZATION: М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ | A.Жаргал | 06/14/2017 10:11:00 |
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр Авлигатай Тэмцэх Газараас олон нийтэд ил болголоо.
Нийт хөрөнгийн хэмжээгээрээ Монгол Ардын Намаас нэр дэвшигч М.Энхболд тэргүүлж байна. Түүний дараа Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар нар орж байгаа юм.
Бид энэхүү хөрөнгө орлогын мэдүүлгийг DATA VISUALIZATION хэлбэрээр хүргэж байна. Та нэр дэвшигчийн нэр дээр дарж мэдүүлгийг сольж үзнэ үү.
Эх сурвалж: АТГ | https://ikon.mn/n/11a6 |
11a7 | ЭМГЭНЭЛ | ikon.mn | 06/14/2017 09:48:00 |
www.mpa.mn
ЖАМБЫН ДАШДОНДОГ (1941-2017)
Монголын их утга зохиолын нэрт зүтгэлтэн, Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог 2017 оны зургаадугаар сарын 9-ний өдөр таалал төгсөж, үгийн урлаг, номын ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Жамбын Дашдондог нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Шувуутын голд 1941 онд төржээ. Тэрээр Булган аймгийн 10 жилийн дунд сургуульд 1948-1958 онд, Монгол Улсын Их Сургуульд 1958-1963 онд суралцаж төгссөн монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, соёлын салбарт тодорч гарсан үндэсний шилдэг сэхээтэн байлаа.
Тэрээр Булган аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, “Залуу үе” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, “Залуучуудын үнэн” сонины ерөнхий эрхлэгч, “Пионерийн үнэн” сонины ерөнхий эрхлэгч, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны Хүүхдийн зохиолын зөвлөлийн тэргүүн, Хүүхдийн кино студийн редактор, Монголын радиогийн редактор, “Би Би Би” сонины эрхлэгч, Монголын хүүхдийн соёлын сангийн тэргүүнээр ажиллаж байсан сэтгүүл зүй, утга зохиолын гарамгай зүтгэлтэн байлаа.
Жамбын Дашдондог нь 17 настай дунд сургуулийн сурагч байхдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр анх хэвлүүлснээс хойш хагас зуу гаруй жилийн турш хүүхдийн уран зохиолын олон шилдэг бүтээл туурвиж, 100 гаруй ном хэвлүүлжээ. Тэрээр “Аав Ээж Би”, “Морьтой үлгэр”, “Чулуун домог”, “Өргөө", “Аранзал зээрд”, "Гурван марал” зэрэг бүтээлээрээ хүүхдийн яруу найргийн шинэ хэлбэрийг буй болгож, яруу найргийн өнгө аялгуутай гүн сэтгэлгээний үргэлжилсэн үгийн зохиол туурвисан Монголын орчин үеийн утга зохиолын нэгэн өндөр багана болсон уран бүтээлч байсан юм. Түүний бүтээлийг гадаадын уншигчид ихээхэн сонирхож, 33 ном нь хилийн чанадад хэвлэгдсэн байна. Жамбын Дашдондогийн бүтээл нь олон үеийн монгол хүүхдийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, үндэсний хэл, соёл, түүхээ эрхэмлэн дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд үлэмж их хувь нэмэр оруулсаар байна.
Түүний “Таван зүс”, “Арав гэж юу вэ?”, “Өрөөнд тагтаа орж ирлээ”, “Маргааш түргэн болоосой”, “Шинэ зуун айсуй”, “Хүүхэд бол цэцэг”, “Шинэ өглөө” болон “Сайн байна уу”, Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой”, “Баяртай” зэрэг зуслангийн уянгат дуугаар нь Монголын үе үеийн хүүхдүүд өсөж хүмүүжсэн билээ. Тэрээр гадаадын хүүхдийн зохиолчдын бүтээлийг монгол хэлээр орчуулан, хүүхэд багачуудыг дэлхийн шилдэг бүтээлтэй танилцуулж судалгааны хэд хэдэн бүтээл туурвисан орчуулагч, суддаач байсан юм.
Ж.Дашдондог уран бүтээлээ туурвихын зэрэгцээ 1991 оноос Монгол Улсынхаа 330 суманд очиж, 200 мянга гаруй хүүхдэд ном бүтээлээ танилцуулан, номын ертөнцийн нууцын түлхүүрийг атгуулж, 100 мянга гаруй багш, аав ээжтэй уулзан хүүхдийг номоор хэрхэн хүмүүжүүлэх тухай лекц уншиж явсан соён гэгээрүүлэгч байлаа. Мөн сүүлийн 24 жилийн турш нүүдлийн номын сан аялуулж 137 мянган километр замыг туулсан нь алс нутгийн хүүхдүүдийг номоор дамжуулах хүмүүжүүлэх үйлст оруулсан түүний томоохон хувь нэмэр нь болно. Түүнчлэн анх санаачлан зохион байгуулсан “Уран жиргээ” улсын уралдаан нь одоо ч амжилттай үргэлжилсээр байна.
Монголын төр түүний авьяас, хөдөлмөр, бүтээлийг өндөр үнэлж, “Монгол Улсын Төрийн шагнал”, “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор шагнажээ. Мөн тэрээр Японы Осака хот дахь Олон улсын хүүхдийн утга зохиолын институтын хүндэт өргөмжлөл, Дэлхийн урлаг соёлын академийн шагнал, “Дэлхийн гарамгай яруу найрагч” алтан медаль, Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн IBBY-Asashi шагнал зэрэг нэр хүндтэй шагнал хүртэж байжээ.
Монголын уран зохиолын ертөнцөд билиг оюуны гэгээн мөрөө арилшгүй үлдээж, хүүхэд багачуудын хайрлан хүндлэх, дээдлэн бишрэхийн бэлгэдэл, үлгэр дуурайл болсон их зохиолчийн бүтээсэн гавьяат үйлс, сод авьяас, гэгээн сэтгэл, эгэл даруу, нөхөрсөг төрх нь эрдэм номыг эрхэмлэн дээдэлдэг Монголын ард түмний сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.
Ц.ЭЛБЭГДОРЖ,
М.ЭНХБОЛД,
Ж.ЭРДЭНЭБАТ
Л.ЭНХ-АМГАЛАН, Ж.БАТ-ЭРДЭНЭ, Г.ЧУЛУУНБААТАР,
Ц.БАЯРСАЙХАН, М.ОЮУНБАТ, З.БАТЗОРИГ, Б.НЭРГҮЙ | https://ikon.mn/n/11a7 |
11a8 | “Өндөр дэнж”-ийг өөрчилье | Ч.Үл-Олдох | 06/14/2017 10:12:00 |
“Азийн цагаан дагина”, азгүй монголчуудын нийслэл, алтан дээр сандайлсан гуйлгачингуудын хот гэхчлэн Улаанбаатар минь гаднынхаас олон цол гуншин авчээ. Өнөөгийн жуулчид харин “Өмхий хот” гэцгээх болсоор удав. Салхин дээр нь байгаа хамгийн өндөрлөг хэсэг Гандангийн дэнж, тэр хавийн гэр хороолол агаар, хөрс, усны бохирдлоор улсдаа тэргүүлж байхад түүгээр нь амьсгалж байгаа их хот өмхий байхаас өөр яах билээ.
Сүсэгтэн олны зорьж очдог Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийд тэнд оршдог атал ойр орчмын айлууд нь угаадсаа гудамж руугаа цацчихдаг. Хогоо гудамжиндаа гаргаад хаячихна. Олон жил хашаагаа тойруулж жорлон, муу усны нүх гаргасаар газар нь идэгдсэн учраас гэртээ хувинд бие засаад булан, тохойд асгачихдагаас “Бөмбөгөр” худалдааны төвийн арын үерийн шугам бохироор урсаж, заримдаа хог, хаягдлаар дүүрчихдэг.
Буяны газар ийнхүү бузрын талбар л болж хувирсан. Гандантэгчинлэн хийд өөрөө түүхийн ховор дурсгалд тооцогддог учраас сүсэгтнүүдээс гадна жуулчид ихээхэн зорьж очдог ч сэжиг, цээр хүрэм байдлаас болж одоо жийрхэх нь л илүү болжээ. Гандан орчмыг цэгцэлье, түүхийн дурсгал бүхий цогцолбор байдлаар хөгжүүлье, аялал жуулчлалын төв болгоё, эсвэл түүхийн дурсгал, орчин үеийн барилга хосолсон байдлаар бүтээн байгуулалт хийе гэхчлэн олон санал, санаачилга гарч байв.
“Гудамж” төсөл эхлүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг олон удаа ярьсан ч ажил хэрэг болоогүй. Сүүлийн үед нэг загварын амины орон сууц бүхий хороолол болгоё гэх болсон. Ингэхдээ шашин соёлын төв гэх уламжлалыг хадгалж, гурван давхар бүхий есөн метрээс дээш барилга барихгүй гэх шийдвэрт хүрлээ гэлцэж байсан ч удалгүй чимээгүй болсон.
Ер нь бол Гандан орчмыг өөрчлөх цаг болсон гэж оршин суугчдаас өгсүүлээд нийслэлийн үе үеийн удирдлага, Баянгол дүүргээс Их хуралд нэр дэвшсэн, сонгогдсон бүх түшээд ярьдаг. Одоо ч ярьж байгаа. Хэвлэлүүд бол Ганданг тойрсон ил, далд бүх асуудлыг дэлгэж тавьсан. Хөрс, ус,агаарын бохирдол, орчны аюулгүй байдал хэрээс хэтэрлээ. Эрүүл аюулгүй амьдрах баталгаа алга боллоо. Нийт 55 га талбайг хамардаг Гандангийн дэнжийн гэр хорооллын 31 гудамжийн 857 хашаанд 1,857 өрх оршин сууж, 65 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг атал иргэдийн нийгмийн асуудлыг шийдсэн өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль барьсангүй.
Эсрэгээрээ нийтийн түрээсийн байр, дэн буудал олширч, түүнийг дагасан гэмт хэрэг, хулгай, биеэ үнэлэлт газар авлаа гэсэн мэдээллүүд өнөөдөр ч он дарааллаараа цагаан дээр хараар бичээстэй баримт болоод байж байна. Гэсэн ч сэдэв хуучирсангүй, орчин нь ч өөрчлөгдсөнгүй. Өнгөрсөн жил АСЕМ-ын далбаан дор, өмхий хотоо өөрчилье, Гандангийн гэр хорооллын асуудлыг нэг тийш болгооч гэсэн хүсэлт, шаардлагыг олон нийтээс, тэнд амьдардаг иргэдийн зүгээс тавьсан ч ажил хэрэг болоогүй.
Бас нэг бэрхшээл нь тулгамдсан асуудлыг нь ярихаар Гандан орчмын гэр хорооллын үндсэн иргэдийн олонх нь олдоггүй. Хашаа, байшингаа түрээслэчихээд яваад өгчихсөн, орлого олж байгаа атлаа дүүрэгтээ татвар төлдөггүй, эргэх холбоо байдаггүй. Тэгсэн хэр нь дахин төлөвлөлтийн асуудал ярихаар гэнэт гарч ирээд хашааны газраа дааж давшгүй их мөнгөөр зарна гээд тулгачихдаг гэдгийг холбогдох албаныхан хэлдэг. Төрийн зүгээс ч бас амлачихаад шийддэггүй, хэрэгжүүлдэггүй зүйл байна.
Тухайлбал, өнгөрсөн өвөл гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэж, утааг бууруулах Засгийн газрын амлалт нийслэлийн захын хороололд ч, “А” зэрэглэлийн бүс болох Гандангийн орчим огт хэрэгжээгүй. Ядаж цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбоод дэд бүтцийг сайжруулбал аж ахуйн нэгжүүдэд газраа зарах юм уу, ашиглах боломжтойг иргэд ярьж байна.
Нийслэлийг өмхийрүүлсэн “Өндөр дэнж” өөрчлөгдөх болов уу? Энэ талаар сурвалжиллаа.
ГАНДАНГИЙН НЭГ ГУДАМЖИД 12, НИЙТДЭЭ 60-70 НИЙТИЙН БАЙР БАЙНА
Урин дулааны улирал эхэлснийг хэлэх үү, Гандангийн дэнж өмхий ханхалж, амьсгалахад тун хэцүү болжээ. Хоёр жилийн өмнө сурвалжлахдаа “Жорлон ухах газаргүй болсон Ганданд 60-70 нийтийн түрээсийн байр байна. Зөвхөн нэг гудамжид 12 нийтийн байр барьжээ. Цаашид битгий нэмж бариулаач” гэсэн сэдвийг хөндөн бичиж байсан бол эсрэгээрээ хэрэгжжээ. Гудамж, булан тохой бүрд нийтийн байр барьсан харагдана. Нааштай юм нь хүүхдийн цэцэрлэг шинээр барихаар ажил эхэлсэн харагдана.
740 м/кв газарт 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байгаа, 1-2 давхрыг бариад хөрөнгө оруулалт зогсоод байгаа гэж уулзсан хүмүүс ярьж байна. Олон хүн “Орчноо өөрчлөхгүй бол болохоо байлаа. Төр байна уу, хараач, бурхан байдаг бол авраач” гэмээр байна. Хэлье, хандъя гэвч “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч боллоо. Яг Гандан орчмыг хариуцсан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга дөрвөн удаа солигдсон. Засаг, төр тогтворгүй. Дүүргийн Засаг даргын албыг АН залгуулж, Их хуралд МАН-ынхан суусан. Хоёр тийшээ харсан намуудыг дагаж иргэд ч бас талцах юм.
Эцэст нь өөрсдөө санаачилга гаргаж, хөдлөхгүй бол болохгүй гээд хөдөлгөөнд орж байна. Иргэд хоорондоо ярилцаж, айл өрхүүд зөвшилцөж “Амьдрах орчноо сайжруулъя” хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн гэлцэж байна. Хөдөлгөөнд хүмүүс идэвхтэй нэгдэж гарын үсэг цуглуулж хотын удирдлагууд, Гэр хорооллын дэд бүтцийн газар, Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, А.Ундраа нарын гишүүдэд албан бичиг өгөх гэж байгаа гэцгээв.
АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЪЯ” ХӨДӨЛГӨӨНД 50 ӨРХ НЭГДЖЭЭ
Баянгол дүүргийн иргэн, Амьдрах орчноо сайжруулъя хөдөлгөөний идэвхтэй гишүүдийн нэг А.Алтантуяатай уулзав. Тэрбээр“Би амьдрах орчноо сайжруулъя, Гандангийн уугуул иргэд, оршин суугчдын эрхийг хамгаалъя гэж сүүлийн хэдэн жил тасралтгүй хөөцөлдөж явна. Дунд нь эрүүл мэндийн шалтгаанаар жаахан завсарласан байх. Энэ хавар 16 дугаар хороо, Гандангийн зүүн тал буюу Туулын-12 гудамжийнхаа нийт иргэд, айл өрхүүдтэй уулзаж зөндөө явлаа.
Ихэнх нь өндөр настай, ийш тийш гарч явж ажил хөөцөлдөх чадваргүй бие муутай хүмүүс байна. Тэд намайг энэ асуудлыг тууштай хөөцөлдөөд өгөөрэй гэж захиад сууцгааж байна. Хогондоо дарагдаж, бохиртойгоо холилдсон энэ орчинд иргэдийн эрүүл, мэнд, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна. Би үндэсний хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр компани ажиллуулдаг. Орчноо өөрийн чадлаар хөгжүүлж ирсэн.
Өөрөө сайхан байвал бусад сайхан болно гэж мөн ч их зүтгэж байна. Нэг айл 60 мянгаар хашаагаа түрээслээд алга болдог. Түрээсээ дөнгөж төлдөг атлаа архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид бас байна. Ямар байх нь хамаагүй, түрээсээ л төлж байвал боллоо гэж чих амар байж боломгүй санагдах юм. Иргэдийн саналыг нэгтгээд хотын удирдлагууд, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт өгсөн. Удирдлагууд нь нааштай зүйл ярьж, хэлж хүлээж авч байгаа. Юм хийх байх гэж итгэж харж байна” гэв.
гэр хорооллын дэд бүтцийн газар: ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОЖ ХӨГЖҮҮЛНЭ
Иргэдийн санал, санаачилга, дээр нь хот төлөвлөлт, дэд бүтцийн уялдаа, холбоо ямар байгааг сонирхож, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас ямар бодлого барьж байгааг тодруулав. Тэд “Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхийг зорьж байна.
Жуулчид автобустайгаа Гандангийн төв хаалган дээр буугаад, буцахдаа баруун талаас нь буюу “Модны-2” талын хаалганаас унаандаа суудаг байхаар төлөвлөж байх гэхчлэн зохицуулалт хийнэ. Гандан орчмын дахин төлөвлөлтөд зориулж гурван гудамжийг чөлөөлнө. Сонгогдсон талбайд 68 айл амьдарч байгаагаас 20 шахмыг нь 100 айл дахь түр сууцад шилжүүлсэн. Бусад айлтай тохиролцож байгаа.
Газраа чөлөөлж дуусвал шугам сүлжээний ажилдаа орж, 2018 оны эцсээр эхний барилгуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Шугам сүлжээ, өргөн гудамж, худалдааны барилгын суурийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх бол иргэдийн орох орон сууцыг олон талын хөрөнгө оруулалтаар хийнэ. Газраа чөлөөлсөн иргэд тохиролцсон талбайтай байрандаа ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүйгээр орно” гэсэн мэдээллийг өглөө.
| https://ikon.mn/n/11a8 |
11a9 | Өрх бүрийг чанартай, өндөр хурдны интернэтээр хангагч “СИТИНЕТ” компани 10 НАС ХҮРЛЭЭ | СУРТАЛЧИЛГАА | 06/14/2017 10:16:00 |
Хүн төрөлхтний амьдралын хэмнэл хурдассан өнөө үед интернэтийг ашиглан алба, амины аливаа ажлыг цаг хугацаа, орон зайг товчлон амжуулдаг болсон нь бид бүхэн аргагүй л мэдээллийн эрин зуунд амьдарч байгааг мэдрүүлнэ. Чанар, хүртээмж, хурдаараа шинэ түвшинд хүрсэн интернэт нь өнөөдөр гэрээсээ гаралгүй ажлаа хийх, бизнес эрхлэх, худалдаа үйлчилгээ явуулах бүхий л боломжийг бидэнд олгож байна.
Интернэт үйлчилгээ нь манай улсад анх 20 гаруй жилийн өмнө нэвтэрч байсан түүхтэй. Тэгвэл та биднийг дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгосон өндөр хурдны интернэт үйлчилгээний анхдагчдын нэг “Ситинет” компани нь өнөөдөр арван жилийнхээ ойтой золгож байна.
Арван жилийн хугацаанд “Ситинет” компани хэрэглэгчиддээ чанартай, хурдтай интернэт үйлчилгээг хүргэхийг зорилго болгон ажилласаар иржээ. Жил ирэх тусам өндөр хурдтай, найдвартай, мэдээлэл дамжуулах сувгийг эрэлхийлэх хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэж байна. Хэрэглэгчдийн энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахын тулд “Ситинет” компани нь сүлжээндээ шинэ технологи нэвтрүүлж Улаанбаатар хотын төвийн орон сууцны хорооллуудыг дэвшилтэд шийдэл бүхий GPON сүлжээнд бүрэн холбосон байна. Энэ нь интернэт дээр суурилсан телевиз болон бусад нэмэлт үйлчилгээг цаашид нэвтрүүлэх техникийн бэлтгэл ажил юм байна.
GPON сүлжээнд холбогдсон айл өрхийн хэрэглэгчид 1000Мбит/секунд хүртэлх хурдаар интернэтэд холбогдон өндөр нягтаршилтай дуу, дүрс бүхий контентыг гацалтгүйгээр үзэх боломжтой болжээ.
Мөн “Ситинет” компани нь үндсэн сүлжээндээ өргөтгөлийн ажлыг хийж нийт хэрэглэгчийн багтаамжийг 200,000-д хүргэжээ. Тус хамт олны хийж хэрэгжүүлж байгаа бас нэг томоохон ажил бол гэр хорооллын өрхийн интернэт үйлчилгээний шийдлийг боловсруулсан явдал. Тэд гэр хорооллын орчин нөхцөлд нийцсэн сүлжээний хамгийн тохиромжтой шийдлийг гаргаж 100 гаруй айл өрхийг сонгон шинэчилсэн сүлжээнд холбон туршилтын ажлыг амжилттай хийсэн байна. Ийнхүү гэр хорооллын иргэд найдвартай, өндөр хурдны, хэрэглээний хязгааргүй интернэтийн үйлчилгээг авч эхэлсэн нь тус хамт олны боловсруулсан шинэлэг шийдлийн үр дүн юм. Цаашид энэхүү ажлаа үргэлжлүүлэн гэр хорооллын айл өрхүүдийг үе шаттайгаар “Интернэтжүүлэх” ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.
“Ситинет” компани нь хэрэглэгчиддээ интернэтийг хэрэглээний хязгааргүйгээр ашиглах, дотоодын вэб сайтуудаар ямар ч үед гацалтгүйгээр “аялах”, шөнийн цагаар интернэтийг хурдны хязгааргүй ашиглах зэрэг олон боломжуудыг олгодог байна.
Түүнчлэн интернэт контентыг төвлөрүүлэгч Youtube, Google, Facebook, Akamai сүлжээний кеш серверүүд, мөн вэб болон онлайн тоглоомын тусгайлсан кеш серверүүдийг өөрийн сүлжээнд байршуулж хамгийн их эрэлттэй контентуудыг Монголд байрлах дотоодын контентуудын нэгэн адил өндөр хурдтай, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэх давуу талыг бүрдүүлсэн байна.
10 жилийн нөр их ажлыг нэг санаа, нэг сэтгэлээр гүйцэтгэж байгаа “Ситинет” компанийн хамт олон болон нийт хэрэглэгчдэд нь ойн баярын мэндийг дэвшүүлье!
| https://ikon.mn/n/11a9 |
11aa | WeChat сүлжээнд “Like”-ийн үйлдвэр ажиллуулж байсан этгээдүүдийг Тайландад илрүүлжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/14/2017 10:01:00 |
Олон зуун гар утас, хэдэн зуун мянган SIM карт ашиглан WeChat сошиал сүлжээнд хандалт үүсгэж, “Like” дарах үйлдвэрлэл явуулж байсан гурван хятад хүнийг Тайландын цагдаа баривчилснаа Мягмар гарагт зарлажээ.
Тэд хэдэн “Like”, хэдэн хандалт үүсгэж өгснөөрөө сард хүн тус бүр 100,000-15,000 батын ($2,950-$4,400) орлого олдог байснаа цагдаад мэдүүлсэн байна. Зарим улс төрчид сошиал хуудсандаа олон дагагчтай харагдахын тулд тэдэнд мөнгө төлдөг байжээ. Мөн зар сурталчилгаанд хандалт үүсгэж орлого олж байсан гэнэ.
WeChat нь Хятадын хамгийн том олон нийтийн сүлжээ юм. Цагдаа нар Бангкокоос 200 км зайтай орших мужаас Ням гарагт тэднийг баривчилсан бөгөөд ажиллагааны үеэр 476 гар утас, 347,200 SIM карт илрүүлсэн байна.
Баривчлагдсан гурван хүнийг ажиллах зөвшөөрөлгүй, татваргүйгээр олон тооны гар утас гаднаас оруулж ирсэн гэж буруутгаж байгаа гэнэ.
Хятадад WeChat-ийн нэг хуудсанд нэг гар утас холбох хязгаарлалт байдаг тул тэд Тайландыг сонгож, нууц үйлдвэрлэлээ гурван сарын хугацаанд явуулж байжээ. Орон нутгийн иргэд тэднийг сэжигтэй үйл ажиллагаа явуулж байгааг цагдаад мэдээлсэн юм байна.
Эх сурвалж: South China Morning Post
| https://ikon.mn/n/11aa |
11ab | "Universe best songs-2017" наадмын Гран при шагналтнаар Б.Анужин тодорлоо | ikon.mn | 06/14/2017 10:23:00 |
10 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан “Universe - Best Songs” наадмын шилдэг 21 оролцогчийн Гран При шагналтан тодруулах ёслолын ажиллагаа, Гала концерт амжилттай зохион байгуулагдаж, энэ жилийн шилдгээ тодрууллаа.
Энэ жилийн наадмын шүүгчээр Пентатоник академийн Ерөнхийлөгч, МУУГЗ Б.Долгион, Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай, Монгол рэппэр Big Gee нар оролцсон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан билээ.
Жил бүр 500-700 гаруй авьяастан оролцдог монголын хамгийн том уралдаант, хөгжмийн шоу нэвтрүүлэгт энэ жил 600 гаруй оролцогчид өрсөлдсөнөөс өөрийн давтагдашгүй дуу хоолой, авьяас чадвараараа Бат-Эрдэнийн Анужин ялгарч, Universe-Best Songs 2017 наадмын шилдгийн шилдэг Гран-При шагналтнаар шалгарчээ.
Тэрээр наадмын шалгаруулалтын 5 шатны турш чадварлаг дуу хоолойгоороо өрсөлдөж шилдгийн шилдгээр шалгарсан төдийгүй, "Beatles & Bee Gees", "Эх хэлээрээ дуулья", "Сэтгэлд хоногшсон монгол киноны дуунууд" тэмцээнүүдэд амжилттай оролцож өөрийгөө харуулж чадсан байна.
Энэ жил UBS телевизээс наадмын шагналын санд олны сонирхлыг татсан томоохон өөрчлөлт оруулсан бөгөөд, наадмын Гран При шагналтан 500.000.000 төгрөгтэй тэнцэх "Продюсингийн эрх"-ийн эзнээр тодруулж, Монголын нэр хүнд бүхий 10 яруу найрагч, 10 хөгжмийн зохиолчтой хамтран 10 шинэ уран бүтээлийн эзэн болох эрхийг ялагчид амласан юм. Иймээс залуу дуучин Б.Анужингийн хувьд Монголын орчин үеийн хөгжмийн урлагт хөл тавих гарц, үүд нээгдэж байгаа төдийгүй 10 дуутай шинэ альбомоо продюсерлүүлэх гайхамшигтай боломжийн эзэн болж байгаа юм.
Нэгдүгээр шатнаас эхлэн өөрийн авьяаслаг дуулалт, хүчтэй хоолойн чадлаараа шүүгчид болоод үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан Гран-При шагналтан Б.Анужингийн дуулалтуудыг хүргэж байна.
We are the World / “Universe best songs 2017” хувилбар /
Хувийн дугаар 690 Б.Анужин / Гала тоглолтын хэсэг /
“Universe-Best Songs 2017” наадам нийгмийн өмнөх хариуцлагын хүрээнд БСШУСЯ-тай хамтран, нийгмийн сүлжээнд соёлтой оролцох, хүүхэд залуус бие биенээ хүндлэх зарчмыг нийтэд түгээх зорилгоор “Цахим ертөнцөд соёлтой оролцъё” уриатайгаар зохиогдсон нь иргэдийн талархлыг хүртсэн юм. | https://ikon.mn/n/11ab |
11ac | ИНФОГРАФИК: Дэлхийн ТОП 100 компанийн ОРЛОГО ба АШИГ | Р.Төмөр, ikon.mn | 06/14/2017 10:48:00 | VisualCapitalist сайт дэлхийн хамгийн том 100 компанийн орлого ба ашгийн хэмжээг харуулсан дата визуалчлал бүтээжээ.
Гадна талын тойрог нь тус компанийн жилийн орлогын хэмжээг харуулж байгаа бол дотор талын тойрог нь ашгийн хэмжээг илэрхийлж байна.
Эндээс харвал Apple компани жинхэнэ утгаараа мөнгө үйлдвэрлэгч машин болжээ. Түүнтэй аль ч компанийг харьцуулах аргагүй.
2016 онд Apple $45 тэрбумын ашиг олсон нь Berkshire Hathaway ($24 тэрбум), JPMorgan Chase ($24 тэрбум), Wells Fargo ($22 тэрбум), Alphabet ($19 тэрбум), Samsung ($19 тэрбум), Toyota ($17 тэрбум), Johnson & Johnson ($16 тэрбум), Wallmart ($14 тэрбум) зэрэг компаниудыг хол хаясан үзүүлэлт юм.
Apple-тай дүйх хэмжээний ашигтай компани гэвэл Хятадын төрийн өмчит ICBC, Agricultural Bank of China, China Construction Bank байгаа. Гэхдээ тэдний зах зээлд ажиллах нөхцөл, орчин нь өөр гэдгийг санах хэрэгтэй юм.
Мөн Apple-ийн ашиг нь Coca-Cola ($41.5 тэрбум), Facebook ($27.6 тэрбум) зэрэг томоохон компаниудын орлогоос ч өндөр байна.
Apple $217 тэрбумын орлого олсны 21 хувь нь ашиг болжээ. Тэгвэл Wallmart 2.8 хувь, Amazon 1.7 хувиа л ашиг болгож чадсан харагдаж байгаа юм.
Эх сурвалж: VisualCapitalist
| https://ikon.mn/n/11ac |
11ad | М.Болдсайхан: Шалгалтын сэдэв даалгавар задрах, нууцлал алдагдах боломжгүй | Б.Туул | 06/14/2017 10:58:00 |
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Шалгалтын бэлтгэл ажил болон элсэгчид юу анхаарах талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.
элсэлтийн ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ 40,388 хүүхэд өгнө
-Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ. Нийт хэчнээн хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ?
-Элсэгчдийн цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 13-ны өдөр дууссан. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 40,388 хүүхэд өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 87 хувь нь 2017 оны төгсөгчид байна. Элсэгчид 10 хичээлээс давхардсан тоогоор 172 мянган шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.
-Шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?
-Шалгалтын сэдэв, даалгаварт экспертүүдийн дүгнэлт хийгээд бэлэн болсон. Шалгалтын материалыг хүүхдийн тоогоор бэлтгэж, аймаг, дүүргээр нь хайрцаглаж, лацдаад орон нутаг руу илгээхэд бэлэн болгоод байна. Элсэлтийн шалгалт зохион байгуулахад улсын хэмжээнд давхардсан тоогоор 8,000 орчим хүн ажилладаг. Элсэлтийн шалгалтын зургаадугаар сарын 14-18-ны өдөр авахаар бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Улаанбаатар хотод шалгалт авах 27 төв, хөдөө орон нутагт 22 төвд элсэлтийн шалгалт авахаар байраа тоноглож бэлдээд байна. Шалгалтын байруудыг хяналтын камер, сүлжээ сарниулагч, метал илрүүлэгч, сонсох төхөөрөмж зэрэг багажаар тоноглосон.
ЭЛСЭГЧИД ДӨРВӨН ТӨРЛИЙН БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ ИРНЭ
-Элсэгчид маань бүртгэлийн хуудсаа баталгаажуулж дууссан байх. Энэ нь ямар учиртай баталгаажуулалт вэ. Мөн шалгалтад орох хүүхдүүд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Элсэлтийн шалгалтад орохын өмнө хүүхдүүд дөрвөн төрлийн бичиг баримт бүрдүүлэх учиртайн нэг нь бүртгэлийн хуудсыг баталгаажуулах ажил. Бүртгэлийн хуудсыг тухайн хүүхэд хэчнээн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн болон хувийн бусад мэдээллийг баталгаажуулах ёстой.
2017 онд ЕБС төгссөн хүүхдүүд өөрийн сургуулийнхаа захирлаар, харин үүнээс өмнө төгссөн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлж баталгаажуулсан байх ёстой. Энэ нь тухайн хүүхдийн бичиг баримтын тулгалт хийж, үүнээс өөр хүүхэд шалгалтад орохгүй гэж баталгаажуулж байгаа хэрэг.
Бүрдүүлэх ёстой хоёр дахь материал нь суудлын хуваарь буюу тухайн шалгуулагч шалгалтын аль байранд, аль ангид, хэдэн цагт, хэдэн тоот ширээнд сууж, ямар шалгалт өгөхийг заасан баримт бичиг.
Гуравдугаарт, иргэний үнэмлэхтэй ирнэ. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй болон иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол сүүлийн гурван сард авхуулсан чээж зураг, оршин суугаа хорооны тодорхойлолттой ирж болно.
Дөрөвдүгээрт, бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн дөрвөн бичиг баримтыг авч ирнэ.
-Шалгалтын дүнг хэзээ гаргах вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа зургаадугаар сарын 19-ний өдрөөс шалгалтын хуудсыг засах ажил эхэлнэ. Ингээд долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд шалгалтын бүх материалыг засаж дуусаад, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад байршуулж, дүн оноог нийтэд зарлана. Дүн оноог зарлахтай зэрэгцэн их, дээд сургуулиудын онлайн бүртгэл эхэлдэг.
Элсэлтийн ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ
-Математикийн улсын шалгалтын материал задарлаа. Элсэлтийн шалгалтын материалын нууцлалыг хангах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Улсын шалгалт, элсэлтийн шалгалт хоёр өөр зорилготой, хоёр өөр шалгалт. Үүнийг зарим хүн ялгахгүй байх шиг. Шалгалт авдаг арга хэлбэр нь ч өөр юм. Улсын шалгалтын сэдвийг Боловсролын үнэлгээний төв боловсруулаад тухайн сургуулийн сургалтын менежерүүдтэй нууцлалын гэрээ байгуулаад шалгалтын өмнө хүлээлгэж өгдөг. Сургууль нь шалгалтыг зохион байгуулдаг.
Гэтэл энэ жил нэг сургуулийн сургалтын менежер шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө шалгалтын сэдэв, даалгаврыг өөрийн фэйсбүүкээр зарласан нь энэ шалгалтын нэр хүндийг унагаасан, иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг болсон. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв боловсруулахаас эхлээд шалгалт зохион байгуулах, эцсийн дүн гарах хүртэл бүх үйл явцыг Боловсролын үнэлгээний төв дангаараа бүрэн хариуцаж ажилладаг ялгаатай.
Жишээ нь сэдэв даалгаврыг Улаанбаатар хотоос зайдуу, гар утас, интернэтийн сүлжээ барихгүй, гаднын хүн нэвтрэх боломжгүй, тухайн постод ажиллаж байгаа хүн гадагшаа дураараа сэлгүүцэх боломжгүй нөхцөлд, цагдаагийн хамгаалалтын дор зохиодог. Ийм учраас сэдэв задрах тохиолдол гарч байгаагүй, гарах ч боломжгүй юм. Мөн шалгалтын сэдвийг хүүхэд бүрийн тоогоор хэвлэж, лацдаж ломбоддог. Шалгалт авах 49 байр руу нийт 350 орчим хайрцаг материал явуулна.
Тэр хайрцаг бүрийг лацдаж, битүүмжилдэг. Мөн шалгалтын сэдэв даалгаврыг Тагнуулын ерөнхий газрын Тусгай шуудангийн алба материалыг сэдэв зохиосон газраас тоо ёсоор нь хүлээж аваад, шалгалтын байруудад хүлээлгэж өгдөг. Ийм нарийн хяналтын дор явагддаг учир шалгалтын материал задрах боломжгүй юм. Үүнд иргэд итгэлтэй байх хэрэгтэй.
ЭЛСЭГЧИД ЮУГ АНХААРАХ ВЭ?
-Элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүд хар, хөх өнгийн үзгэн бал хэрэглэхээс эхлээд анхаарах зүйл бас багагүй байдаг. Тиймээс та энэ талаарх мэдээллийг өгөөч?
-Xар хөх өнгийн үзгэн болон тосон балаар хариултын хуудсыг бөглөнө. 2015 онд гарсан нэг тохиолдлыг санаж байна. Нэг хүүхэд хангалтгүй дүн авлаа гэж материалаа үзэх өргөдөл гаргасан. Материалыг нь татаад үзэхэд тэр хүүхэд арилдаг балаар Хариултын хуудсыг будсан байсан. Арилдаг балаар будсан учир машинд уншигдаагүй. Хүүхдүүдийн гаргадаг бас нэг алдаа бол солонгордог, саатай бал маш их хэрэглэдэг. Тэр балыг машин бас уншдаггүй. Иймд хар болон хөх өнгийн үзгэн, эсвэл тосон балтай ирэх хэрэгтэйг дахин сануулмаар байна.
-Элсэлтийн шалгалтынхаа дүн, оноонд эргэлзсэн хүүхэд материалаа хянаж үзэх боломжтой юу?
-Хариултын хуудсан дээр ямар хариу дугуйлсныг л машин уншдаг учир засалтад эргэлзэх юмгүй. Харин хүүхэд өөрөө зөв бодоод, хариултын хуудсыг буруу бөглөсөн байх тохиолдол бий. Жишээлбэл, хариултын хуудсанд дадлага хийгээгүйгээс 11-ийн С-г бөглөх гэж байгаад 12-ын С-г бөглөчихсөн байх тохиолдол бий. Эсвэл шалгалтын дэвтэр дээрээ С гэсэн хариуг гаргаад, бөглөхдөө Д-г бөглөсөн байдаг. Энэ мэт асуудал гарвал шалгалтын хуудас, хариултын хуудсыг тулгаж үзээд энэ алдаагаа мэддэг.
-Шалгуулагчид шалгалтын байрандаа хэдэн цагт очсон байх хэрэгтэй вэ?
-Шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө очсон байх хэрэгтэй. Шалгалт эхлэхээс арван минутын өмнө суудлаа эзэлж, материалаа шалгаж байх ёстой. Ингээд шалгалтын байрны хаалга барина. Энэ үед шалгуулагчид болон хянагч багш нар гар утас, холбоо барих хэрэгсэлгүй байдаг учир шалгалтандаа сайн бэлдээд, өөртөө найдаж шалгалтаа сайн өгөөрэй гэж захимаар байна. Шалгалтын байранд хуулах оролдлого хийх, гар утас ашиглах боломжгүй.
-Элсэлтийн шалгалтын дүн гарах хүртэл шалгуулагчид 10 хоног хүлээх болдог. Техникийн дэвшлийг ашиглаад шуурхай засах боломжийг судалж байна уу?
-Элсэлтийн шалгалтыг автомат машинаар засдаг. Харин зургаадугаар сарын 14-ний өдөр болох Монгол хэлний шалгалтыг багш нар гараар засдаг. Багш нарын зассан материалыг хооронд нь сольж, дахин тулгаж хянуулдаг. Ирэх жилээс бид шалгалтын шилэн технологийг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ нь хүүхэд шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэддэг болно гэсэн үг.
Улсын хэмжээнд шалгалт авах 49 байр болгонд материал засагч машиныг суурилуулна. Хянагч багш шалгалтын хуудсыг нэгдсэн журмаар хураан авч битүүмжлээд, хүүхдүүдэд харуулж байгаад шалгах машинаар уншуулна. Тэгж шалгах үйл явцыг хүүхдүүд өөрсдөө болон гадаа дэлгэцээр эцэг, эх нь харж болно. Үүнийг бид шилэн технологи гэж нэрлэж байгаа юм.
-Монгол хэл, бичгийн шалгалтад 400-гаас дээш оноо авсан бол элсэлтийн ерөнхий шалгалтад орох босго оноотой байсныг энэ жилээс эхлэн хүчингүй болголоо.
-Монгол хэл, бичгийн шалгалт босго оноотой байхад хүүхдүүд маш сайн бэлдэж байсан. Үүнийгээ дагаад хүүхдүүдийн эх хэлний мэдлэг мэдэгдэхүйц сайжирсан. Гэтэл энэ жилийн хувьд БСШУСЯ-наас босго оноо тогтоох эрхзүйн үндэсгүй гэж үзээд босго оноог хүчингүй болголоо. Энэ нь нэгэнт эхэлсэн сайн ажлаасаа ухарсан шийдвэр болсон.
Гэсэн хэдий ч үүнийг шийдвэрлүүлэхийн тулд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд энэ тал дээр дэмжих талаар албан бичиг илгээсэн. Ирэх жил энэ асуудал шийдэгдвэл эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд том дэвшил гарна.
| https://ikon.mn/n/11ad |
11af | УИХ-ын чуулганыг түр ЗАВСАРЛУУЛЛАА | ikon.mn | 06/14/2017 10:45:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гарын үсэг зуржээ.
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган зургаадугаар сарын 14-нөөс 28-ны өдрийг дуустал хугацаанд завсарлах ажээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/11af |
11ag | Дарь-Эхийн тоггүй айлууд эрчим хүчинд холбогдлоо | ikon.mn | 06/14/2017 10:53:00 |
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БЗД-ийн Дарь-Эх, Сансарын зургаан хороог төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэр гэрэл цахилгаангүй, үр хүүхдүүд нь хичээл номоо хийх боломжгүй, ахуйн хөргөгч, зурагтаа ч ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа тухайгаа уламжилж байсан юм. Тэгвэл сонгогдсон даруйдаа энэ асуудалд шуурхайлан хандаж, өнгөрсөн намар БЗД-ийн 21-р хорооны Ганц худгийн хойд талын 100 гаран өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан. Мөн энэ хавартаа амжиж үлдсэн айл өрхийг эрчим хүчинд холбуулах саналыг ЭХЯ-нд хүргүүлснээр холбогдох зардлыг 2017 оны улсын төсөвт суулгуулж амжсан юм.
Үүний дагуу Эрчим хүчний яам тендер зарлан, БЗД-ийн 21-р хорооны газар нутаг дахь Ганцын задгай, Жамсран уулын өвөрт оршин суудаг 140 гаруй өрхийг төвийн эрчим хүчинд холбуулах ажлыг нэр бүхий компаниудаар хийж гүйцэтгүүлэхээр болсон. Тэгвэл энэхүү ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Уг ажлын нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон бусад холбогдох албаныхан оролцсон юм. Мөн 21-р хороонд оршин суудаг тог цахилгаангүй байсан айл өрхийнхөн уг үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Д.Оюунхорол: Гэрэл, цахилгаан бол айл гэрт халуун дулаан уур амьсгал бий болгодог зүйл. Нэг ёсондоо, гэрэл гэгээ, аз жаргал бэлэглэдэг зүйл юм
Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Д.Оюунхорол “Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Үүнийг дагаад дэд бүтэц, тэр дундаа тог цахилгааны асуудал хотын төвөөс алслагдмал гэр хорооллын айл өрхүүдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Та бүхэн надад итгэл хүлээлгэж төрдөө төлөөллөө болгон илгээсний маргаашнаас л би гэрэл цахилгааны асуудлыг хөөцөлдөж эхэлсэн.
Улс орны эдийн засаг хүнд, төсвийн жил дуусч байсан хэдий ч өнгөрсөн өнгөрсөн намар 21-р хороо Ганц худгийн амны 100 орчим өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан. Үлдсэн 140 гаруй айлыг холбуулах зардлыг 2017 оны Эрчим хүчний сайдын багцад суулгуулж, өнөөдөр бид ажлаа эхлүүлж байна. Гэрэл, цахилгаан бол айл гэрт халуун дулаан уур амьсгал бий болгодог зүйл. Нэг ёсондоо, гэрэл гэгээ, аз жаргал бэлэглэдэг зүйл юм. Та бүхэндээ тоонондоо нартай, зуухандаа галтай, сэтгэл дүүрэн сайхан амьдрахыг ерөөе. Мөн бидний ажлыг дэмжиж, гэрэл цахилгаангүй айл өрхүүдийн асуудалд анхаарал хандуулж, ажлаа эхлүүлсэн Эрчим хүчний сайд П.Ганхүү болон түүний багт талархал илэрхийлье” гэсэн юм.
Түүнээс гадна БЗД-ийн 27-р хорооны Дунд Дарь-Эхийн 3 байршилд цахилгаан дамжуулах 0.4кВолтын агаарын шугам татсан ч айлууд руу холболт хийгээгүй байжээ.
Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний яамны 95 жилийн ойг угтсан ажлын хүрээнд эдгээр байршил дээр “Эрчим хүчний салбарын улсын аварга шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан”-ны төгсгөлийн шатны шалгаруулалтын тэмцээн болж эрчим хүчээр холбох ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажлыг Монгол Улсын бүс бүсээс шалгарсан эрчим хүчний салбарын хамгийн шилдэг 9 баг бүрэлдэхүүн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлаа 13.00 цагт эхэлж, тог цахилгаангүй байсан 42 айлыг хагас өдөрт эрчим хүчээр холбож дуусгасан юм. Эдгээр айл өрхүүд дунд сүүлийн 10 жил тоггүй аж төрсөн айл ч байлаа. Энэ үеэр тог цахилгаантай болсон зарим иргэний сэтгэгдлийг сонссон юм.
П.Бямбахүү: Тогтой болчихлоо. Үр хүүхдүүдтэйгээ бөөнөөрөө тойрч суугаад зурагтаа үзнэ дээ
П.Бямбахүү /27-р хорооны өндөр настан/ : -Би Дарь-Эхэд 33 жил амьдарсан. Гэвч сүүлийн 10 жилийн турш хажуу айлаасаа тог гуйж, үнэхээр хэцүү байсан. Харин хэдхэн цагийн дотор тогтой болчихлоо. Ийм л амархан зүйл байсан байна. Сэтгэл л байвал юуг ч амархан хийдэг юм байна. Үр хүүхдүүдтэйгээ өнөөдөр бөөнөөр зурагтаа үзнэ гэхээр л баярлаад байх юм. Д.Оюунхорол сайддаа болон Эрчим хүчний сайд П.Ганхүүд, энэ салбарт ажилладаг мундаг залуучууддаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Буян нь дэлгэрэг.
Б.Гантулга: Эрчим хүчинд холбогдсон. Санаа зовох зүйлгүй амьдрахаар боллоо
Б.Гантулга /27-р хорооны иргэн/: -Хажуу айлаасаа тог гуйх үнэхээр хүндрэлтэй байсан. Заримдаа тог гуйдаг айл маань тогоо унтраагаад хэд хоногоор хөдөө явчихдаг. Тэгээд л манайх тоггүй болчихдог. Зурагт үзэх байтугай утсаа ч цэнэглэж чаддаггүй. Хоёр, гурван айл газраас тог хэрэглэхээр хүчдэл муу болчихдог. Одоо харин санаа зовох зүйлгүй боллоо. Та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлье.
Энэ мэтчилэн Дарь-Эхэд амьдардаг тог цахилгаанд холбогдсон иргэд Д.Оюунхорол сайд болон эрчим хүчний салбарынханд дахин дахин талархал илэрхийлсээр байсан юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын ажлын албаныхан Эрчим хүчний яам болон Зүүн түгээхийн холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь ажиллаж, ажлын явцтай танилцсан. Энэ үед эрчим хүч холбох тус газар нутагт ил задгай хог хаягдал их байсан юм. Харин гэрэл, цахилгаантай болох гэж байгаа айл өрхүүд эрчим хүч холбох ажлаас өмнө хог, хаягдлаа бүгдийг нь цэвэрлэж дуусчээ.
Бэлтгэсэн: И.Нармандах | https://ikon.mn/n/11ag |
11ah | Насан туршийн боловсрол | Д.Жаргалсайхан | 06/14/2017 11:07:00 |
Энэ хавар Монголын 37 мянган залуус ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, техник мэргэжлийн болон их дээд сургуульд үргэлжлүүлэн сурахаар зэхэж байна. Монголчууд бид улам бүр өөрчлөгдөж буй энэхүү нийгмийн шинэ нөхцөл байдалд үр хүүхдээ дасан зохицож, ажиллаж амьдрахад нь бэлдэж чадаж байна уу?
Шинжлэх ухаан, техникийн хөгжлийн хурдац нь өнөөгийн мэргэжилтнүүдэд тавих шаардлагыг тасралтгүй ахиулж, мөн шинээр гарч ирэх мэргэжил, шаардагдах ур чадваруудыг урьдчилан таамаглахад улам хэцүү болгож байна. Боловсрол улам илүү уян хатан байж, хувь хүн өөрийгөө боловсруулахад маш их шамдаж байж л хөгжлийн эрэлт хэрэгцээг хангах болжээ.
Боловсролын өөрчлөлт
Хоёр зуугаад жилийн өмнө аж үйлдвэрийн хувьсгал эхэлж, үйлдвэржилтийн хэрэгцээг хангахын тулд олноор нь сургах “сургуулийн” боловсролын загварт хүн төрөлхтөн шилжсэн билээ. Мэдлэгийн эх сурвалж нь сургууль болсон юм.
Харин сүүлийн 20-иод жилд мэдээлэл технологийн хувьсгал өрнөхийн хэрээр мэдлэгийн эх сурвалжууд, мэдлэг солилцох арга хэрэгслүүд өөрчлөгдөв. Түүнийг дагаад сургалтын аргууд ч эрс шинэчлэгдэж, энэ бүх өөрчлөлтийг улс орон бүр харилцан адилгүй тусган авч, сургуулиуд нь харьцангуй маш удаан зохицож байгаа юм. Энэ хурдны зөрүүн дээр хувийн сургуулиуд дэлхий даяар олноор бий болж байна.
Улс төрчид хөгжлийн асуудлын гол нь эдүгээ иргэдийн орлогын зөрөө, баян ядуугийн ялгаа гэж ярьж байгаа ч түүнээс илүүтэйгээр орлогын тогтвортой байдал, ажлын байрандаа хэрхэн тэнцэж үлдэх нь ихэнхи иргэдийн санааг зовоож байна. Аятайхан ажил бүр хүнээс шинэ чадвар, тасралтгүй суралцахыг шаардах боллоо.
АНУ-д саяхан өөрийгөө жолооддог, хүнд даацын ачааны машиныг танилцуулав. UBER компани ОТТО нэртэй энэ машинаа 100 тонны ачааг хаана ч хүргэж чадахыг батлав. Тус улс нийт 3 сая ачааны машинтай, тус бүрийг нь хоёр хүн жолоодож улсын нийт ачаа эргэлтийн 70 хувийг хангадаг гэж бодохоор ямар том өөрчлөлт ирж явааг төсөөлж болно. Том хотуудад нь суудлын машинууд өөрийгөө жолоодоод үйлчилгээнд гараад эхэлчихжээ.
Та бид ч бас 2040 он гэхэд машиндаа суугаад хүрдээ барихгүй ч хүссэн газраа аюулгүй очиж болох аж. Хүнийхээс илүү хурдан ажиллаж чаддаг хиймэл оюун ухааны “тархи”-тай автомат удирдлагын системүүд бий болж байна. Хүний хөдөлмөрийг робот хийх боллоо.
Интел компани 2014 онд 14 нанометр (1 нм гэдэг нь метрийг тэрбумд хуваасны нэг) чип бүхий процессор гаргасан нь 1 ам мм (миллиметр) талбайд 37.5 сая дамжуулагч (транзистор) суулгасан гэсэн үг. Гэтэл 2017 оны эцсээр гаргах шинэ чип нь 10 нанометр болж жижигрэх боловч 1 ам мм талбайд өмнөхөөсөө бараг 3 дахин их (100 сая) дамжуулагчтай, харьцангүй бага халдаг байх гэнэ (Моорийн хууль).
Зөвхөн энэ зөрөөн дээр ярьвал, одоогийн жолоочгүй машины процессор арын тэвшээ дүүрч байсан бол суудлын урд хайрцаганд багтахаар овор нь багассан ч, бодох хурд нь гурав дахин нэмэгдэх аж. Хурд нэмэгдсэнээр энэ процессор мэдээллийг аваад, боловсруулж, оптимизаци хийж чадах учир хүний тархинаас ч илүү хурдтай ажиллах юм. Жишээ нь машины моторын ажиллагааг тасралтгүй шалгаж, аль хэсэг нь хэзээ эвдрэхийг түрүүлж мэдэх, солих боломжтой гэсэн үг.
Мөн дэлхий даяар өрөмдлөгө явуулдаг компани олон мянган цооног бүрийн өрөмдлөгийн явц, зардлыг АНУ-д байгаа өрөөнөөсөө нэг дор шууд хянаж, нэгтгэн дүгнэж чадаж байна. Өрмийн ажилтан тосонд хутгалдсан хүн биш, програмын оператор болжээ. Интел-ийн энэ процессор бүх салбарт төсөөтэй хувьсгалт өөрчлөлт хийх гэж байна.
Тасралтгүй суралцах хэрэгцээ
Их сургууль төгссөн л бол олсон мэдлэгээ 20-30 жил ашиглаж амьдарна гэх ойлголт алга болж байна. Энэ нь сурах боловсрох үүргийн дийлэнхи нь сургуулиас хувь хүн рүү шилжиж байна гэсэн үг. Сурахад өөрийгөө зоригжуулах, шинийг тасралтгүй сурах нь амьдралын хамгийн чухал чадвар боллоо.
Одоо сургууль төгсөж буй хүүхэдтэй юу хийж амьдрахаас илүү яаж суралцаж байх тухай ярих нь илүү чухал болж байна. Аль ч мэргэжил олон мэргэжлийн уулзвар дээр тогтох цаг иржээ. Энэ нь тасралтгүй суралцаж, өөрчлөлтийг мэдэрч, мэдлэгээ хэрэгжүүлэхийг шаардаж эхэлсэн. Тэгж сурахад туслах Хаан Академи гэх мэт шинэ төрлийн сургалтын хэрэгслүүд улс орон бүрт бий болж байна.
Угаасаа боловсрол гэдэг нь зөвхөн мэдэхийн тулд суралцахаас гадна, хийхийн тулд, хүн болохын тулд, хамтарч амьдрахын тулд суралцахыг хэлдэг. Энэ дөрвөн багана дээр боловсрол тогтох ёстойг ЮНЕСКО тодорхойлжээ.
Мэдэхийн төлөө сурна гэдэгт дэлхий ертөнц, түүний иж бүрдлийг илүү сайн ойлгох танин мэдэхүйн багаж хэрэгслийг олгох, цаашдаа суралцахад нь шаардлагатай, тохирсон суурийг тавьж өгөхийг хэлдэг. Харин хийхийн төлөө сурах гэдэгт хувь хүнд даяаршсан эдийн засаг ба нийгэмд бүтээлчээр оролцох чадвар олгохыг хэлдэг ажээ.
Хүн болж оршихын тулд сурна гэдэг нь хувь хүмүүс өөрсдийн сэтгэл, нийгмийн чадавхиа бүрэн дайчлан ашиглах, бие бялдар ба сэтгэлзүйн хувьд өв тэгш хүн болж төлөвшихөд шаардлагатай өөрийгөө дүгнэх ба бусадтай харилцах чадварыг эзэмшихийг хэлнэ.
Харин хамтарч амьдрахад сурна гэдэгт хувь хүмүүс нийгэмтэйгээ эв эетэй, энх тайвнаар зохицон амьдрахын тулд хувь хүмүүсийг хүний эрх, ардчиллын зарчим, соёл хоорондын харьцаа, нийгэм ба хүний харилцааны бүх түвшинд энхийг эрхэмлэх, харилцан хүндэтгэхийн үнэ цэнийг ойлгуулахыг хэлдэг.
Энэ дөрвөн чиглэл бүрээр ижил, сайн боловсрол өгөх боломж Монголын сургуулиудад бага. Эхний хоёр буюу мэдлэгийг авах, түүнийг ашиглахад ямар өөрчлөлт орж буйг дээр ярьсан. Энэ хоёрыг мэдлэгийн оюун ухааны харьцуулалт - Intelligence quotient буюу IQ-гээр хэмждэг. Харин хүн болох, хамтарч амьдарч сурахад манай сургуулиуд тусгайлан бэлддэггүй. Гэтэл энэ хоёр баганын өндрөөс амьдралын аз жаргал эхний хоёроосоо эрс илүүтэй хамаардаг. Сэтгэлийн хөдлөлийн харьцуулалт - Emotional quotient буюу EQ нь IQ-гээсээ илүү чухал ажээ. Үндэсний соёл заншил, эх эцэг, найз нөхөд нь энэ хоёрт нь мөн илүүтэй нөлөө үзүүлдэг.
Хувь хүн ямар мэдлэг эзэмших, түүнийгээ юунд, яаж, хэзээ хэрэглэх вэ гэдгээ тооцож, урьдаас бодож тунгаасан, чиг зорилготой, зохион байгуулалттай суралцаж чадсан бол бусдаасаа давуу, илүү өрсөлдөх чадвартай болдог. Үүний тулд насан туршдаа суралцахыг шаардаж байгааг өөрчлөгдөн шинэчлэгдэж буй цаг үе харуулж байна.
Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.
| https://ikon.mn/n/11ah |
11aj | Бага цагт ихийг хийж бүтээ, Ихийг хийхийн тулд зөв ашигла | СУРТАЛЧИЛГАА | 06/14/2017 11:10:00 | Дэлхий бол хавтгай хэмээн өмнөх биш өнөө цагт оношилсон хүн бол Томас Фрийдман. Тэрээр “Дэлхий бол бөөрөнхий биш” хэмээх номондоо мэдээллийн технологийн цар хүрээ болон түүний хурдыг дурдсан байдаг.
Үүний нэг илрэл нь бидний мэдэхгүй, мэдээ ч үгүй, төсөөлөө ч үгүй зүйлийг бид сурч, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлсээр байна. Нөгөөтэйгүүр энэ нь хүний хязгааргүй хэрэглээтэй холбоотой бөгөөд хүн төрөлхтөн бидний мөнхийн эрдэнэ болох цаг хугацааг хэмнэх зорилготой байдаг билээ.
Гэвч унтаад сэрэх хооронд өөрчлөгдөж буй технологийн дэвшлийг бидэнтэй адил хүн бүтээж байгаа гэдгийг та тунгаагаад үзээрэй.
Мэдээллийн эрин зуунд хэн хамгийн эх сурвалжит мэдээлэл олж, түүн дээр боловсруулалт, гүйцэтгэл хийж чадсан нь амжилтанд хүрч байна. Хавтгайлагч хүчин гэрлийн хурдаар хөгжихөд, харин харилцагч та хөгжиж байна уу? Таны хурд нэмэгдэж байна уу?
Бага цагт ихийг хийж бүтээ. Ихийг хийхийн тулд зөв ашигла.
БАНКИНД ЗАРЦУУЛДАГ ЦАГАА АМЬДРАЛДАА ЗОРИУЛААРАЙ
ШИМТГЭЛД ЗАРЦУУЛДАГ МӨНГӨӨ ХУРИМТЛАЛДАА ЗАРЦУУЛААРАЙ
КАПИТАЛ БАНК
| https://ikon.mn/n/11aj |
11al | ЭЕШ-аа өгөхөөр явж байсан 18 настай гурван хүү осолд оржээ | Г.Мөрөн, iKon.mn | 06/14/2017 11:22:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөхөөр Замын-Үүдээс Сайншанд явж байсан хүүхдүүд осолдож, дөрвөн хүн амь насаа алджээ.
Энэ талаар Замын Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ц.Гэрэлмаагаас тодрууллаа.
Тэрбээр "Зургаадугаар сарын 13-ны шөнө буюу 22:40 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Норд Бенз болон Соната 6 маркийн автомашин мөргөлдсөн дуудлага ирсэн байна.
Ослын улмаас 49 настай эрэгтэй, 18 настай гурван эрэгтэй нас барж, хоёр хүн гэмтсэн.
Тус ослыг Дорноговь аймгийн Замын Цагдаагийн Газарт шалгаж байна" гэлээ. | https://ikon.mn/n/11al |
11am | Панам дипломат харилцаагаа тасалсны дараа Тайваний ерөнхийлөгч Хятадад хандаж үг хэлжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/14/2017 11:30:00 |
Панам улс Тайваниас дипломат харилцаагаа тасалж, Бээжинтэй дотносох болсноо Мягмар гарагт зарласан юм. Ингэснээр дэлхийн 20 орчим улсаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлээд байсан Тайваний арлыг хүнд байдалд оруулжээ.
Тэгвэл Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн өчигдөр энэ талаар мэдэгдэл гаргахдаа Бээжингийн эрх баригчдад хандсан хатуу үгсийг чулууджээ. Тэр Панамын засгийн газрын шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд “хэдийгээр бид нэгэн түншээ алдаж байгаа ч дипломат харилцааны төлөө өрсөлдөөнд автахгүй гэдгээ дахин мэдэгдэж байна” гэж хэлсэн юм.
“Бид бол тусгаар тогтносон улс. Тусгаар тогтнолыг үгүйсгэж, арилжиж болдоггүй юм. Хэдийгээр Хятадын эрх баригчид ‘Нэг Хятад’ бодлогоо тулгаж, Тайваний олон улсын орон зайд дарамт үзүүлж, Тайваний ард түмний эрх чөлөөнд заналхийлж байгаа ч Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань) тусгаар тогтносон хэвээр орших болно. Үүнийг БНХАУ хэзээ ч үгүйсгэж чадахгүй” гэж Цай Ин Вэн хэлжээ.
Тайваний эрх баригчид өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж олон жил тэмцэж байгаа. Гэвч Бээжин сүүлийн арван жилд Тайваньтай дипломат харилцаатай цөөхөн орнуудыг урвуулахын тулд хөрөнгө оруулалт, санхүүгийн тусламж дэмжлэгээр хөшүүрэгдэх болсон юм. Харин Тайвань түншүүдээ хадгалж үлдэхийн тулд Бээжинтэй хөрөнгө мөнгөөр уралдахгүй гэдгээ зарлаад байгаа.
Мягмар гарагт Тайваний гадаад хэргийн яам Панам дахь элчин сайдын яамаа даруй хааж, бүх ажилтнуудаа татах болсноо мэдэгдсэн байна. 2016 оны зургаадугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Цай Ин Вэн ердөө сар орчмын дараа Панамд айлчилж, Панамын сувгийн өргөтгөлийн нээлтэд оролцож байв. Дараа нь энэ оны нэгдүгээр сард тэр Никарагуа, Гватемал, Хондурас зэрэг төв Америкийн орнуудаар айлчилсан нь түншүүдээ хадгалж үлдэх гэсэн Тайпэйн бодлого байсан юм.
Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь тус арал улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн явдал болсон. Гэвч удалгүй Трамп Ши Жиньпинтэй уулзаж, Бээжинтэй харилцаагаа сайжруулсан нь Тайпэйд томоохон цохилт болжээ.
Эх сурвалж: Business Insider
| https://ikon.mn/n/11am |
11an | 40-65 насны иргэдийн хепатитийн В, С вирүсийн ҮНЭГҮЙ шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ? | А.Төгөлдөр, iKon.mn | 06/14/2017 11:50:00 |
Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны /1952.01.01-1977.12.31-ний хооронд төрсөн/ иргэдийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил энэ сарын 15-ны өдөр буюу маргааш нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг эхэлнэ. Шинжилгээнд хамруулах ажил 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Иймд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатай юм байна.
Хепатитийн В, С вирүсийн шинжилгээ өгөхдөө өрхийн эрүүл мэндийн төвдөө баталсан хуваарьт өдрөө ирж бүртгэл хийлгэн, эмчид асуумжийн дагуу зохих мэдээллийг үнэн, зөв өгсний дараа цусны шинжилгээ өгнө.
Бүрдүүлэх бичиг баримт:
Иргэний үнэмлэх
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /ЭМД-ын дэвтэр шимтгэл төлсөн, зөрчилгүй байх/
Амбулаторийн үзлэгийн карт /Картгүй иргэд шинээр нээлгэх боломжтой/.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан.
Энэхүү шийдвэрийг үндэслэн нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг зохион байгуулжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар | https://ikon.mn/n/11an |
11ao | Хонг Конгод автомашины зогсоол $664,300-ын үнэ хүрлээ | Р.Төмөр, ikon.mn | 06/14/2017 12:20:00 |
Үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадаж байгаа Хонг Конгод дахин шинэ дээд амжилт тогтоосон үйл явдал болжээ. Хонг Конг аралд орших 17.5 метр.кв талбайтай автомашины зогсоолыг 5.18 сая хонгконг доллар буюу $664,300-аар өнгөрсөн сард зарсныг өмч бүртгэлийн мэдээллээс сурвалжлан Мин Пао сонин мэдээлсэн байна.
Энэ нь зарим дүүрэг дэх 2 унтлагын өрөөтэй байрны үнээс давж гарсан тохиолдол болжээ. Тухайлбал Хонг Конгийн шинэ газар нутаг (New Territories) дахь Ша Тин дүүргийн 2 унтлагын өрөөтэй 26.3 метр.кв байр 4.2 сая хонгконг доллараар зарагдаж байсан юм.
Хүн амын нягтрал дээд цэгтээ тулсан Хонг Конгийн эрх баригчид орон сууцны үнийг буулгахын тулд худалдан авалтын татварыг нэмэгдүүлсэн ч худалдаа бусад үл хөдлөх хөрөнгө болох оффис, автомашины зогсоол руу чиглэж, үнийг нь хөөргөдөх болжээ.
Эх сурвалж: Bloomberg
| https://ikon.mn/n/11ao |
11ap | “МИАТ” энэ сарын 22-нд УБ-Бусан чиглэлийн Анхны ШУУД нислэгээ хийнэ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/14/2017 12:24:00 |
Гэрэл зургийг mpa.mn
“МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар-Бусан чиглэлийн анхны шууд нислэг энэ сарын 22-ны Пүрэв гарагт өглөөний 06:05 цагаас болно.
БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусан уруу долоо хоногт хоёр удаа буюу Пүрэв, Ням гарагт нислэг үйлдэх юм байна.
Аж үйлдвэрийн томоохон энэ хот үйлдвэрлэлтийн хөгжлөөрөө Солонгосдоо тэргүүлдэг учир Монголын бизнес эрхлэгчид Бусан хоттой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахад энэхүү шууд нислэг гүүр болох юм.
Бусан хот нь Солонгосын төдийгүй Зүүн өмнөд Азийн томоохон хотуудын нэг бөгөөд барууны орнуудын томоохон хотуудыг санагдуулам далайн эрэг дээр байрласан зөөлөн уур амьсгалтай, ялангуяа зуны улиралд цаг агаар нэн тааламжтай байдаг.
Далайн эрэг, наран шарлагын газраараа гайхам сайханд тооцогдох Хайнан аралтай харьцуулашгүй сайхан далайн эрэгтэй гэгддэг энэ газарт Солонгосчуудаас гадна бусад орны жуулчид ихээр очиж амардаг байна.
Бусан хот руу аялах бас нэгэн шалтгаан нь аялал жуулчлалын улирлын үеэр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг огцом хямдруулж жуулчдад бэлэг барьдаг аж.
Эх сурвалж: “МИАТ” ТӨХК | https://ikon.mn/n/11ap |
11aq | Нийслэлд хийгдэж буй замын урсгал засварын ажил 90 хувьтай байна | ikon.mn | 06/14/2017 12:49:00 |
2017 онд нийслэлийн гол болон туслах 25 гудамжны 200,000 урт метр замд хучилтын хөндлөн болон дагуу хагаралын засварын ажил хийхээр төлөвлөж, энэ сарын 2-ны өдөр дуусгажээ.
Мөн гол болон туслах 84 гудамж, замд 25,000 ам метр нүхэн эвдрэлийн урсгал засварын ажил хийхээс 22,750 ам.метр засварын ажлыг гүйцэтгэж, ажлын явц 90 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар Их сургуулийн гудамж, Үндсэн хуулийн гудамжны зам засварын ажил хийгдэж байна.
Иргэдийн зорчих ая тухыг хангах, хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс зам засварын ажлыг шөнийн цагаар 22:00-06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэж байгаа юм.
Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөөнд дугуйн мөрний ховилын засварын ажлыг хийсэн. Авто замын нэгдүгээр эгнээгээр байнга хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчсоны улмаас дугуйн мөрний ховил үүссэн бөгөөд 4 метр өргөнтэй, 4-5 см суулттай ховилыг тэгшлэн засах ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ гүйцэтгэж, замын ховилыг зорж, асфальт хучилт хийжээ.
Урсгал засвар нь дууссан Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөнд Замын тэмдэглэгээний ажил хийж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/11aq |
11au | Seedstars World-ийн шилдэг 12-т багтсан түүхээс: “Бид гайхалтай илтгэл бэлдэж чадсан” | ikon.mn | 06/14/2017 13:26:00 | 2017 оны 4-р сард олон улсын гарааны бизнес эрхлэгчдийн уралдаан болох Seedstars World тэмцээн эцсийн дүнгээ гаргалаа. Энэхүү уралдаан нь 2016 оны 10-р сараас 2017 оны 4-р сар хүртэл үргэлжилж 80 гаруй орны 3000 орчим бизнес эрхлэгчид оролцсон байна.
Эцсийн шатанд шилдгийн шилдэг 12 баг шалгарч оролцсоноос Төв болон Зүүн Европын бүсийг төлөөлж ОХУ-ийн Хиймэл Оюун Ухаан бүхий Цахим банкны үйлчилгээг нэвтрүүлж буй TalkBank.io баг оролцжээ. Энэхүү арга хэмжээнд оролцсон тухай сэтгэгдлээ тус төслийн санаачлагч Михайл Попов ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан байна.
Нэгдүгээр алхам. Seedstars Москва
Seedstars World-ийн эцсийн шатанд шалгарч үлдэхийн тулд бид олон шалгуурыг давах хэрэгтэй болсон ч хамгийн түрүүнд өөрийн улсын Seedstars Москва тэмцээнд түрүүлэх хэрэгтэй байлаа. Энэхүү тэмцээнд оролцохын тулд бид эхлээд онлайн бүртгэлд хамрагдах хэрэгтэй болсон юм.
Seedstars Москва тэмцээний хамтран зохион байгуулагчаар Tseh Коворкинг оролцож байсан бөгөөд бид түүгээр дамжуулан анх энэ уралдааны тухай мэдээллийг олж үзсэн юм. Хэдийгээр онлайн бүртгэл дуусахад хэдхэн цаг дутуу байсан ч бид өмнө нь ФРИИ бүртгүүлэхэд зориулан бичиг баримтаа цэгцэлсэн байсан учир богино хугацаанд бүртгүүлж амжсан.
Орон даяар 300 орчим компани уралдаанд оролцохоор бүртгүүлсэн ч бид тэмцээнд оролцох азтай 18 багийн нэгээр шалгарч чадсан. Өрсөлдөгчид маань маш сайн бэлтгэлтэй амжилттай ажиллаж буй, зарим нь бүр хөрөнгө оруулалт босгож гадаадад бизнесээ тэлээд амжсан шинэхэн компаниуд байсан юм.
Тэд танилцуулгаа мэргэжлийн дизайнераар бэлтгүүлж бүхий л илтгэл, асуулт хариултыг Англи хэл дээр түгдрэлгүй давж байсныг дурдах хэрэгтэй.
“Тухайн үед бид ФРИИ-н зөвлөгөө дэмжлэгээр анхны картаа гаргаж хэрэглэгчдийн гарт хүргээд нэг сар орчим болж байсан юм. Тухайн үед манай чатбот туршилтын шатандаа явж байсан бөгөөд хүмүүс манай хэрэглэгч болохын тулд заавал өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай байлаа”
Уралдааны эцсийн шатны шалгаруулалт ФРИИ-н хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд хэдий бидэнд боломж бага мэт санагдаж байсан ч бид ФРИИ-г төлөөлж буй цорын ганц баг байсан учир ядаж эхний гуравт багтчих юмсан гэсэн бодолтой байлаа.
Гэсэн ч бидний илтгэл гайхалтай сайн болсон. Шүүгчид төрөл бүрийн асуулт асууж зарим нь өөрсдийн ажлын туршлагаа хуваалцаж байлаа. Энэ бүхний эцэст ялагчийг зарлах мөч болоход бид чихэндээ ч итгээгүй. Бүхий л өрсөлдөгчдөө ардаа орхиж Европ тивийн хэмжээнд өрсөлдөх боломжтой болсон нь үнэхээр том амжилт байсан юм.
“Бид өөрсдийн илтгэлээ танилцуулахдаа хэрэглэгчдийн өнцгөөс харж танилцуулсан нь маш зөв сонголт болсон. Бидэнд илтгэлээ хэрхэн танилцуулах талаар зөвлөгөө өгч дэмжсэн Ренат Гарипов талархал илэрхийлье”
Бидний илтгэлээ бэлдсэн байдал болон илтгэлийг танилцуулсан Наталя Ширяевагийн ачаар шүүгчид өөрсдийгөө хэрэглэгчдийн оронд тавьж бидний санал болгож буй үнэ цэнийг ойлгоход илүү хялбар болсон. Хиймэл оюун бүхий цахим банкны үйлчилгээг ашигласнаар хэрэглэгчид банканд өөрийн биеэр очих, утсаар залгах аль эсвэл гар утсандаа ямар нэгэн апп суулгах шаардлагагүй данс нээх болон хаах, гүйлгээ хийх гэх мэт бүхий л үйлчилгээг чатботтой харилцах замаар авах боломжтой юм.
Бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зах зээлийн байдлыг тодорхойлохоос илүүтэй хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийг тодорхойлох маягаар илтгэл танилцуулахад хөрөнгө оруулагчдад ойлгомжтой ч хэрэглэгчдэд төрөх мэдрэмжийг тодорхой гаргахад маш хэцүү байдаг. Ялангуяа санал болгож буй үйлчилгээ нь хэрэглэгчдийн хоорондын харилцааг зохицуулах шийдэл болж байгаа бол энэхүү санааг тодорхой ойлгуулахад илүү хүндрэлтэй болдог.
Дийлэнх гарааны бизнесүүд хэрэглэгчийн сегмент тус бүрээр асуудал дэвшүүлж түүндээ шийдэл санал болгосноороо алдах магадлалтай. Энэ нь ямарваа нэгэн зүйлд төвлөрөлгүй төөрөлдсөн мэт сэтгэгдэл төрүүлж илтгэлийг онцгүй харагдуулах аюултай байдаг юм.
Хоёрдугаар алхам. Төв болон зүүн Европ
Дараагийн шат нь Астана хотод зохион байгуулагдсан бөгөөд Төв болон Зүүн Европын орнуудын ялагчид оролцсон. Үндэсний шатнаас ялгаатай нь Европын шат нь 7 хоног үргэлжилж энэ хугацаанд экспертүүдийн лекц, зөвлөхүүдтэй уулзах, хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулах зэргээр үргэлжилж сүүлчийн өдөр нь DemoDay арга хэмжээ болдог.
Энэхүү үйл ажиллагаанд оролцсоноор бид дэлхийн зах зээлийн талаар тодорхой ойлголттой болж Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг нарийн судлах боломжтой болсон. Түүнээс гадна олон орны гарааны бизнес эрхлэгчидтэй туршлага солилцон зах зээлийн нөхцөл байдлаа харьцуулан харахад илүү дөхөмтэй болсон.
“Сүүлийн өдөр нь нэг минутын хугацаанд илтгэл танилцуулсан. Богино хугацаанд бизнесийн гол санаагаа шүүгчид болон үзэгчдэд хүргэх нь нэн чухал байлаа. Өмнөх өдрүүдэд олон тооны мэргэжилтнүүд болон зөвлөхүүдтэй уулзаж бизнесийн тал бүрийн зөвлөгөө авсан амжилт гаргахад ихээхэн дэм болсон”
Сүүлийн өдөр ялагчаар тодорсон нь бидний хувьд бас л гэнэтийн явдал болсон. Учир нь өөрийн улсын тэмцээндээ түрүүлж бизнесийн загвараа баталгаажуулсан хэрэглэгчдэд өөрийн гэсэн үнэ цэнийг өгч чадах гарааны бизнесүүдтэй өрсөлдөж ялна гэдэг том даваа.
Гуравдугаар алхам. Seedstars Summit
Тэмцээний эцсийн буюу гуравдугаар шат нь Швейцарийн Лаусанне хотод зохион байгуулагдаж орон бүрийн ялагчид нэгэн дор цугларсан томоохон арга хэмжээ болсон. Чуулга уулзалтын үеэр олон төрлийн мэдлэг, мэдээлэл олгох арга хэмжээ зохион байгуулагдсаны дотор салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж өөрсдийн бизнесийнхээ сул болон давуу талыг тодорхойлох зөвлөгөө авах боломж олдсон нь олзуурхууштай.
Хоёр өдрийн турш чуулганы төрөл бүрийн арга хэмжээнд оролцсоны дараагаар нийт оролцогчид нэг минутын илтгэл тавьсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн 12 шилдэг бизнесийг шалгаруулж тэдгээр нь үзэгчдийн өмнө 5 минутын илтгэл танилцуулж ялагчаа тодруулах болсон.
“Манай баг шилдэг 12 бизнесийн нэгээр шалгарч чуулганы нийт оролцогчид болон үзэгчдийн өмнө бизнесээ танилцуулах боломжтой болсон юм”
Хэдийгээр манай илтгэл тэргүүн байр эзлээгүй ч мэргэжилтнүүдийн зүгээс “хамгийн шилдэг илтгэлүүдийн нэг байсан” гэсэн үнэлгээг авч тэмцээний үеэр хэвлэл мэдээллийн нийтлэлд багтсан. Түүнчлэн танилцуулга хийсний дараагаар Европын хэд хэдэн байгууллагаас манай төсөлд хөрөнгө оруулах санал тавьсан.
ФинТекийн ертөнцөд юу болж байна вэ?
Seedstars Summit чуулга уулзалтад 65 компани оролцсоноос, ФинТек төслүүдийг танилцуулвал
Bit.one Олон улсын төлбөр тооцооны гүйлгээг Bitcoin ашиглан хийх санаа гаргасан Бразил компани
Jamii – Танзани улсын орлого багатай иргэдэд зориулсан мобайл даатгалын үйлчилгээ
Akiba – Хувийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд туслах Уганда улсын компани.
Mesfix – Жижиг дунд бизнес эрхлэгчдэд crowdfunding зарчмаар хөрөнгө оруулахад туслах платформ. Колумб
2nate – Иран улсын crowdfunding платформ
Acudeen - Жижиг дунд бизнес эрхлэгчдэд crowdfunding зарчмаар хөрөнгө оруулахад туслах платформ. Филиппин
Democrance - Орлого багатай иргэдэд зориулсан мобайл даатгалын үйлчилгээ. Арабын Нэгдсэн Эмират
Fentury – Хувийн санхүүгийн зөвлөх. Молдав
A Pap Inuka – Орлого багатай иргэдэд зориулсан мобайл эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ. Кени
Online MyCash – Малайзын иргэдэд зориулсан онлайн санхүүгийн зах
OueroQuitar – зээл чөлөөлөх онлайн үйлчилгээ. Бразил
Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах нь: Мэргэжилтнүүдийн 7 зөвлөмж
Чуулганы мэдлэг, мэдээлэл олгох үйл ажиллагаа нь бизнесээ хэрхэн дэлхийн хэмжээнд гаргах тал дээр төвлөрсөн бөгөөд олон улс дамнасан бизнес эрхлэх талаар туршлага хуваалцахын тулд АНУ, Швейцар, Франц, Өмнөд Африк, АНЭ, Малайз зэрэг улсын мэргэжилтнүүдийг урьж гарааны бизнес эрхлэгчидтэй уулзуулсан байна.
Эдгээр мэргэжилтнүүдийн зөвлөгөөг нэгтгэн дараах 7 зөвлөмжийг хүргэж байна. үүнд:
Хэн ч хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн
Чиг хандлагыг мэдрэх
Шинэлэг шийдэл
Эдийн засгийн дасан зохицох чадвар
Дотоодын хөрөнгө оруулагч түншүүд
Дотоодын хурдасгагч
Бизнесийн бус давуу талууд
Хэн ч хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн
Төлбөр тооцооны болон тээврийн үйлчилгээг жишээ болгоё. Paypal болон Uber компани нь дэлхий даяар мөнгөн тэмдэгт, хил хязгаар хамаарахгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Манай тохиолдолд банкны төлбөрийн картын үйлчилгээ нь дэлхий даяар ашиглагдаж байгаа бөгөөд эрэлт нь улам өссөөр байна.
Чиг хандлагыг мэдрэх
Энэ нь тодорхой гадаад хүчин зүйлсээс шалтгаалан үүсэн бий болж буй өөрчлөлтийг мэдрэх тухай асуудал юм. Жишээлбэл өнөөдөр салбар бүрт шинжлэх ухаан, технологийн хөгжлийн даган автоматжуулалт болон цахимжих үзэгдэл ажиглагдаж байна. Харин дэлхий дахиныг шуугиулсан Pokemon Go тоглоомын амжилт гэх мэт тухайн компанийн шийдвэр, бүтээгдэхүүний хөгжүүлэлтээс хамааралтай чиг хандлага нь урьдчилан тооцох боломжгүй юм.
Манай бизнес нь дараах томоохон чиг хандлагад суурилсан үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
ФинТек буюу санхүүгийн үйлчилгээний цахимжилт
Мессенжер болон бусад зурвас солилцох үйлчилгээ
Хиймэл оюуныг өдөр тутмын амьдралдаа ашиглах
Шинэлэг шийдэл
Зах зээлийн нийтлэг шийдлээс ялгаатай шинэлэг шийдэл санал болгох нь чухал. Эс бөгөөс нийтлэг шийдлийг нэвтрүүлсэн туршлагатай өрсөлдөгчидтэй нүүр тулах болно. Харин шинэлэг шийдлийг санал болгосноор зөвхөн шинэ шийдэл гэдэг санаа чинь л танд анхны хэрэглэгчийг тань авчрах болно.
Жишээлбэл Whatsapp анх өөрийн утасны дугаараа ашиглан үнэгүй зурвас бичих үйлчилгээг Голланд улсад танилцуулахад хэдхэн өдрийн дотор тус аппликэйшныг утсандаа суулгасан хэрэглэгчдийн тоо хэдэн саяд хүрсэн бөгөөд бараг Whatsapp-ийн тухай сонссон хүн бүр утсандаа суулгасан байдаг.
Өнөөгийн байдлаар 100 хувь цахим банкны үйлчилгээ тийм олон биш ч гэсэн мэр сэр үзэгдэх болсон байна. Тиймээс бидний хувьд өрсөлдөгчдөөсөө нэг алхам түрүүлж яваа юм. Анхдагчийн давуу тал бидэнд байгаа учир хаана ч бүтээгдэхүүнээ танилцуулахад хэрэглэгчдийн сонирхлыг татах магадлал өндөртэй байгаа.
Эдийн засгийн дасан зохицох чадвар
Эдийн засгийн аюулгүй байдлаа дотоодын зах зээлдээ баталгаажуулах нь нэн чухал. Ингэснээр гадаад зах зээлд амжилт олох магадлал нь нэмэгддэг. Жишээлбэл Uber АНУ-ийн зах зээлд бизнес загвараа баталгаажуулж чадаагүй бол бусад улсын зах зээлд нэвтрэх боломжгүй байсан.
Бид ФРИИ-н хурдасгуурын тусламжтайгаар дотооддоо эдийн засгийн тогтвортой байдлаа баталгаажуулаад байгаа ч гадаад зах зээлийн нөхцөл байдал манай орныхоос өөр байх нь гарцаагүй. Гэсэн ч бид үйл ажиллагааны үр дүнтэй загварыг бий болгосон учир гадаад зах зээл дэх хамтрагчидтай холбоо тогтооход бэлэн байгаа.
Дотоод хөрөнгө оруулагч түншүүд
Сайн түнш буюу хөрөнгө оруулагчтай болсноор олон тооны хэрэглэгчдийг татах, хууль эрхзүй болон санхүүгийн хамгаалалтад орох, бусад түншүүдтэй харилцахад зуучлагч болгох зэрэг олон давуу талууд бий болдог. АНУ-ийн зах зээлд нэвтрэхээр зэхэж буй компаниуд Цахиурын хөндийгөөс түнш хайдаг нь ийм учиртай.
Бид Европ дахь бизнесийн үйл ажиллагаандаа консалтингийн тэргүүлэх компаниудын нэг болох PwC-тэй хамтран ажиллаж байгаа нь бизнесийн болон хууль эрхзүйн орчинд дасан зохицох, ажилтнуудаа ажлын болон амьдрах байраар хангах зэрэг бүхий л асуудлуудыг шийдэхэд томоохон тус болж байгаа.
Дотоод хурдасгагч
Дотооддоо сайн хурдасгагч байгууллагатай хамтарснаар бизнесийн загвараа богино хугацаанд туршиж зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлж хөрөнгө оруулагчдыг татах боломжтой болдог.
Тиймээс бид өнөөгийн байдлаар Европын тэргүүлэх хурдасгах хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж Европ бизнес загвараа нэвтрүүлэх талаар идэвхтэй судалгаа хийж байна.
Бизнесийн бус давуу тал
Энэ бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнес загвараас шалтгаалахгүй давуу талуудыг тодорхойлох ойлголт юм. Жишээлбэл томоохон эрх мэдэл бүхий хүнтэй хувийн харилцаатай байх, нийтэд хаалттай худалдан авах боломжгүй нөөцийг эзэмшдэг байх гэх мэт.
Энэ тал дээр бид Централ Банк-тай санхүүгийн салбарын шинэчлэлийн тал дээр урт хугацаанд хамтран ажилласан туршлагатай бөгөөд энэ тал харилцан ойлголцож хамтран ажиллахад дөхөмтэй түүнчлэн 1.5 сая хэрэглэгч бүхийнeasyfinance.ru сүлжээг ашиглан бүтээгдэхүүнээ сурталчлах боломжтой юм.
Эх сурвалж: https://rb.ru/opinion/my-seedstars-world/ | https://ikon.mn/n/11au |
11av | Н.Номтойбаяр: 2018 оны нэгдүгээр сараас ТЭТГЭВЭР НЭМЭХ шийдвэр гаргалаа | ikon.mn | 06/14/2017 14:35:00 | Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны хурлын танхимд өнөөдөр мэдээлэл хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/682209678631270/
Сайд Н.Номтойбаяр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл өгч байна. 2016 онд хямралтай маш хүнд Засгийн газрыг хүлээн авсан. Ерөнхий сайд Засгийг удирдаж эхэлснээр сайн үр дүнгүүд гарч эхэлсэн.
Өнгөрсөн Даваа гарагийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдсан. Хуралдааны үндсэн дээр 2018 оны нэгдүгээр сар гэхэд тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан.
Гэхдээ тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг бага хувиар нэмэх зарчмыг баримтална.
Хоёрдугаарт, цалин нэмэх асуудал чухлаар тавигдаж байгаа. 2013 оноос хойш цалин нэмэгдээгүй, цалин тэтгэврийн худалдан авах чадамж үнэхээр бага байгаа.
Хүн амын орлогын 86 хувийг бүрдүүлж байгаа тэтгэвэр тэтгэмж, цалинг нэмж эдийн засагт ногоон гэрэл асахын хэрээр төсвийн алдагдлаа нөхөх, тооцоолсноор тэтгэврийг ямартай ч нэмэх шийдвэр гаргаж байгаа юм.
Хэд орчим төгрөгийг тэтгэвэр нэмэхэд тавих вэ гэдэг асуудал бол чухал. Урьдчилсан байдлаар дунджаар 150 орчим тэрбум тэтгэврийг дээр хэлсэн зарчмаар нэмэгдүүлнэ.
Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдийн тоо 186,100 байна. Харин Монгол Улсын хүн ам 3.1 сая байна.
Тэгэхээр бид цалин нэмнэ гэхээс илүүтэйгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын Үндэсний хорооны төлөвлөгөөт ажлын хүрээнд 3.1 сая иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхэд хэчнээн төрийн албан хаагч байх ёстой юм бэ гэдэг тооцоо судалгааг гаргана. Өнгөрсөн 27 жилийн турш энэ тооцоо алдагдсан.
Тэгэхээр төр ямар ажлыг хийх вэ, ямар ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх вэ гэдгийг судалж үзэж байж, цалин нэмж худалдан авах чадварыг дээшлүүлнэ.
Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө нэмэх боломж байхгүй. Гэхдээ бид цалинг нэмэх талын бодлогыг баримталж ажиллах болно.
Төрийн албан хаагчдыг цомхотгон, чадавхжуулж цалинг нэмнэ
Гэрэл зургийг mpa.mn
Судалгаагаар манай яам, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг шийдвэр гарган, төрийн албан хаагчдыг цомхотгон, чадавхжуулж цалинг нэмэгдүүлэх юм.
Хэчнээн төрийн албан хаагч хасагдах вэ гэдгийг ХНХЯ, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан энэ долоо хоногтоо багтан Ажлын хэсэг байгуулж, судалгааг хийнэ.
Мөн цалингийн тогтолцооны асуудал бий, хүн хэдий чинээ хөдөлмөрийн бүтээмжтэй байна тэр хэрээрээ урамшуулал тооцогддог байх судалгааны ажлыг БСШУСЯ, ЭМЯ-тай хамтран эхлүүлсэн.
150 тэрбум төгрөгөөр тэтгэврийг нэмэгдүүлнэ. Судалгааны хэсгийнхэн буюу яамны зүгээс 600,00 айлын амжиргааны түвшний судалгааг хийж, үзүүлэлтүүдийг гаргаж дууссан.
Энэ бүх тооцооллын үндсэн дээр хэдэн хэдэн ангилалаар шугам татана.
Дараа нь хэчнээн ахмадын тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх талаар тодорхой мэдээлэл гарна. Энэ бүхний боломжийг урьдчилсан байдлаар 150 тэрбум төгрөг гэж харж байгаа.
Үүнийг шийдвэрлэх үйл явц маш тодорхой. Тун удахгүй Засгийн газар 2018 оны төсвийг хэлэлцэнэ. Засгийн газар УИХ-д ямартай ч 2018 онд тэтгэвэр нэмэгдүүлэх байдлаар төсвийг өргөн барина.
Гэхдээ энэ зөвхөн УИХ, Засгийн газар, Байнгын хороо дангаар шийддэг асуудал биш. Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын зөвшил буюу Үндэсний хорооны байр суурь саналыг харгалзаж шийдвэрлэдэг зохицуулалттай" гэв. | https://ikon.mn/n/11av |
11aw | ФОТО: ЭЕШ эхэллээ | ikon.mn | 06/14/2017 13:59:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Элсэлтийн Ерөнхий Шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар өнөөдөр 12:00 цагт орон даяар эхэллээ.
Энэ жил ЭЕШ-д нийт 40,388 шалгуулагч бүртгүүлсэн байна. Үүний 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа юм.
Нийт шалгуулагчдын хичээл сонголтыг хичээл тус бүрээр нь авч үзвэл математикийн хичээлийг хамгийн их сонгожээ.
ЭЕШ зургаадугаар 18-ныг дуустал дөрвөн өдөр үргэлжилнэ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн II дунд сургууль дээрээс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна
Гэрэл зургийг Г.Өнөболд /mpa.mn/
| https://ikon.mn/n/11aw |
11ax | Тэнэглэлийн тухай СУУТНУУД юу гэж хэлэв? | Р.Түвшин, iKon.mn | 06/14/2017 14:11:00 |
Суутнууд тэнэг, мунхаг байдлын тухай юу гэж хэлж байсныг эмхэтгэн хүргэж байна.
“Тэнэгээ ойлгох нь жинхэнэ мэдлэг юм” Күнз
“Тэнэгүүд өөрийгөө ухаантай гэж боддог, ухаантнууд өөрийгөө мунхаг гэж боддог” Уилльям Шекспир
“Мунхаг байдал нь мэдлэгээс илүү өөртөө итгэх итгэлийг бий болгодог” Чарльз Дарвин
“Тэнэгүүд өөртөө маш их итгэлтэй байдаг бол ухаантнууд эргэлзээгээр дүүрэн байдаг нь бидний эмгэнэл юм” Бертран Рассель
“Тэнэг ба ухаантай хүн хоёрын ялгаа нь ухаантанд хил хязгаар байдагт оршино” Альберт Эйнштэйн
“Хорвоо ертөнц болон хүний тэнэглэл хоёрт л хязгаар байдаггүй” Альберт Эйнштэйн
“Улс төрд мунхаг байдал саад болдоггүй” Наполеон Бонапарт
“Бурхан хүний оюун ухаанд хязгаар тавьсан мөртлөө тэнэглэлийг хязгаарлаагүй нь шударга бус санагддаг” Конрад Аденауэр
“Бид өөр дээрээ мэдрэхээс нааш тэнэглэлийг ойлгодоггүй” Пол Гоген
“Тэнэглэл яриагаар, бардамнал үйлдлээр илэрдэг” Виктор Хюго
“Миний үзэн яддаг зүйлс: тэнэглэл, дарангуйлал, гэмт хэрэг, харгислал, хөнгөн хөгжим” Владимир Набоков
“Зорилгоо мартах нь тэнэглэлийн хамгийн түгээмэл хэлбэр” Фридрих Ницше
"Киноны салбарын бүх мөнгө телевиз болон Америкчуудын тэнэглэлд зарцуулагддаг" Жерар Депардье
“Тэнэглэл болон хулчгар зангийн илэрхийлэл нь хүнлэг ёс юм” Адольф Гитлер
“Хүний өвчнийг эмч нар, гэмт үйлдлийг шүүгч нар, тэнэглэлийг шашныхан олж хардаг” Артур Шопенхауэр
“Тэнэглэл нь бас л Бурхны бэлэг, гэхдээ буруугаар ашиглах ёсгүй зүйл” Пап Иоан Павел II
| https://ikon.mn/n/11ax |
11ay | Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатарт 1,000 айлын орон сууц барина | ikon.mn | 06/14/2017 14:14:00 |
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 1,000 айлын орон сууц барихаар болсон. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн ахалсан төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод ажиллаад ирсэн байна.
Улаанбаатар хотод баригдах 1,000 айлын орон сууцны төслийг ӨМОЗО-ны Бугат хотын захиргаа хариуцаж байгаа юм. Тиймээс хоёр талын ажлын хэсэг Бугат хотноо хуралдаж Ерөнхий сайд нарын хэлэлцээрээс хойш өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, төслийнхөө талаар хэлэлцсэн байна.
Ажлын хэсгийнхний уулзалтын үеэр БНХАУ-ын Бугат хотын дэд дарга Зан Жианьзүн “Манай улсын Худалдааны яамнаас томилогдсон инженер техникийн багийнхан Улаанбаатарт очиж ажиллласан. Тэд яг одоо ажлын төлөвлөгөөгөө хийж байна.
Урьдчилсан байдлаар төслийн нийт хөрөнгө оруулалт, цаг хугацааны төлөвлөгөө гарсан. Бугат хотын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн шилдэг инженерүүдээ бид Улаанбаатар луу илгээнэ” гэв.
Барилга хот байгуулалтын сайд Ш.Лхамсүрэн “Ерөнхий сайд Эрдэнэбат энэхүү төслийг энэ жилдээ багтаан эхүүлэх үүрэг өгсөн. Тиймээс өнгөрсөн 1 сарын хугацаанд манай талаас зураг төсөл, холбогдох зөвшөөрөл зэрэг бичиг баримттай холбоотой асуудлуудаа нэг мөр цэгцэлсэн” гэлээ.
Бугат хотод чөлөөлсөн газартаа хамгийн түрүүнд зам, дэд бүтцээ тавьдаг
Мөн энэ үеэр төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэнд Бугат хотынхон өөрсдийн хийж буй дахин төлөвлөлтийн ажлаа танилцуулжээ. 2013 оноос Бугат хот дахин төлөвлөлтийн ажлаа эхлүүлж, 2019 онд иргэдээ бүрэн орон сууцжуулж дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Бугат хот 2.8 сая хүн амтай. Манайхаар бол гэр хороолол гэж хэлж болох хятад хэв маяг бүхий шавар байшингуудтай хоёр том дүүрэгтэй байжээ.
Гэр хорооллын айлуудын газрыг нь чөлөөлж, дахин төлөвлөх ажил 4 жилийн өмнөөс л эхэлсэн байна. Ингэхдээ чөлөөлсөн газартаа хамгийн түрүүнд зам, дэд бүтцээ тавьдаг байна. Нарийн төлөвлөлт хийж байж сүүлд нь орон сууцаа барьдаг аж.
Дэд сайдын ахалсан бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/11ay |
11az | Үндсэн хуулийн Цэцийн даргаар Д.Одбаяр сонгогдлоо | А.Төгөлдөр, iKon.mn | 06/14/2017 14:24:00 |
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцжээ.
Ингээд олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаяр сонгогдлоо.
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг УИХ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 19-нд албан ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний оронд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Д.Одбаяр ҮХЦ-ийг удирдахаар болж байна.
Эх сурвалж: Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч | https://ikon.mn/n/11az |
11b | "Болор" дүрмийн алдаа шалгах програм гарлаа | Г.Номин, iKon.mn | 11/06/2013 15:30:00 |
"Болор" дүрмийн алдаа шалгах програм ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн худалдаанд гарах гэж байна.
Энэхүү програм нь албан байгууллага болон хувь хүний хэрэгцээнд тохирсон хоёр хэлбэртэй бөгөөд хэрэглээний програмууд дээр нэмэлтээр сууж ажиллах юм байна.
Програмд 2011 онд эцэслэн батлагдсан маргаантай бичигддэг 700 үгийн зөв хувилбарыг багтаасан. Програм өөрөө алдаатай үгийг зөв бичсэн хувилбараар солино.
Зөвхөн дүрмийн алдаа засаад зогсохгүй бас оновчтой үгийн сонголтыг харуулах болон хэрэглэгч хувийн үгийн сан үүсгэж болох юм байна.
Мөн дүрэм шинэчлэгдсэн тохиолдолд хэрэглэгч интернэтэд холбогдон үнэ төлбөргүйгээр програмаа шинэчлэх боломжтой ажээ.
Personal хувилбар нь 45 мянга, байгууллагын хэрэглэгчийнх нэг бүр нь 39 мянган төгрөгний үнэтэй аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://spell.bolorsoft.com/ | https://ikon.mn/n/11b |
11b0 | ФОТО: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай мэдээлэл Төв талбайгаас аваарай | С.Бадрал, iKon.mn | 06/14/2017 15:10:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Төв талбай дээр өнөөдөр геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна.
Өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг тус салбарын шилдэг төлөөлөл болсон аж ахуйн нэгжүүд оролцож, ажил үйлсээ олон нийтэд танилцуулж байна.
Тухайлбал, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ерөнхий үйл ажиллагааны танилцуулгаас гадна “Эрдэнэт үйлдвэр”, “Шивээ овоо”, “Шунхлай”, “Петровис”, “Монполимет”, “Саус Гоби Сэндс”, “Бороо Гоулд” зэрэг компаниуд танилцуулгаа хийж байлаа.
Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн дарга М.Батбаяр "Манай салбарын ихэнх мэргэжилтэнгүүд энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байгаа. Иргэд нээлттэй хаалганы өдөрлөгт ирсэнээр кадастрын мэдээлэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлантай танилцаж, хийгдэж буй төслүүдийн талаар, мөн салбарын хүрээнд сонирхсон асуултууддаа хариулт авах боломжтой юм" гэв.
Өдөрлөг хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар хамтран зохион байгуулж буй юм.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/11b0 |
11b1 | Саналын хуудсыг аймгуудад тагнуулын байгууллагын хяналттай, цагдаагийн хамгаалалттай хүргэж байна | ikon.mn | 06/14/2017 14:54:00 | Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг санал авах байранд хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу өнөөдөр эхлүүллээ.
Архангай,
Өвөрхангай,
Өмнөговь,
Хөвсгөл аймгийн сонгуулийн хороодын төлөөлөлд сонгуулийн саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг санал авах байранд тагнуулын байгууллагын хяналттай, цагдаагийн хамгаалалттай хүргэж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
| https://ikon.mn/n/11b1 |
11b2 | Хүнсний хомсдолд орсон Катар 4,000 үнээг онгоцоор зөөх гэж байна | Р.Төмөр, ikon.mn | 06/14/2017 15:08:00 |
Катар улсад Ойрх Дорнодын орнууд улс төр, эдийн засгийн хориг тавьсан нь хүнсний хомсдолд хүргээд байгаа юм. Тэгвэл сүүний хангамжаа тасалдуулахгүйн тулд Катарын бизнесмэн холстейн үүлдрийн 4,000 үнээг агаараар тээвэрлэн нутагтаа авчрахаар төлөвлөжээ. Хөрш улсууд нь хил, боомтоо хааж, агаарын тээврийг нь хориглосон тул Турк, Иран улсуудаар дамжуулан түүхэнд байгаагүй том хэмжээний үнээний нүүдэл хийх гэнэ.
Катарын Power International Holding компанийн ерөнхийлөгч Мутаз аль Хаяат энэхүү төлөвлөгөөнийгөө тухай өчигдөр Блүүмберг сувагт ярьсан байна.
Бүх үнээг тээвэрлэхэд 60 нислэг шаардагдах бөгөөд АНУ, Австрали улсуудаас худалдан авах ажээ. Терроризмийг ивээн тэтгэдэг гэх шалтгаанаар Саудын Араб тэргүүтэй Ойрх Дорнодын орнууд энэ сарын 5-нд Катараас дипломат харилцаагаа тасалсан юм. Үүнээс өмнө Катарчууд ихэнх сүүн бүтээгдэхүүнээ Саудын Араб зэрэг хөрш орнуудаасаа импортлон авдаг байжээ. Катарын цорын ганц хуурай газрын боомтыг нь Саудын Араб хааснаар 2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг зохион байгуулах $200 тэрбумын төсөлд шаардагдах түүхий эд, материалууд саатах аюултай болоод байгаа.
Катартай харилцаа сайн байгаа Турк, Иран, Морокко зэрэг улсууд хүнсний хомсдлыг нь нөхөхөөр ажиллаж байгаа юм. Далайн замд нь оршдог АНЭУ боомтоо хаасан тул хамгийн ойр Оман улсын боомтоор дамжин тээвэрлэлт хийх болжээ. Хямралаас гарахын тулд Катарын гадаад хэргийн сайд сүүлийн өдрүүдэд Москва, Лондон, Берлинийг зориод байна.
Өнгөрсөн Ням гарагт Саудын Арабын өрсөлдөгч Иран улс хүнс ачсан таван нисэх онгоц, 350 тонн хүнс тээвэрлэсэн гурван тэнгисийн хөлөг Катар руу илгээж байгаагаа зарласан юм.
Эх сурвалж: The Guardian
| https://ikon.mn/n/11b2 |
11b3 | Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг ХААНА | С.Бадрал, iKon.mn | 06/14/2017 15:45:00 |
Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажлыг “Наранбулаг Хан ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 16-ны 23.00 цагаас эхлэн 2017 оны зургаадугаар сарын 21-ний өглөөний 07.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл автозамын урд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/11b3 |
11b5 | Лондон хотод асар том түймэр гарч, амиа алдагсдын тоо тодорхойгүй байна | Р.Төмөр, ikon.mn | 06/14/2017 15:52:00 |
Лондон хотын баруун хэсэгт орших 27 давхар орон сууцанд өнгөрсөн шөнөөс эхлэн гал түймэр гарч, одоо болтол үргэлжилж байна.
Доод давхраасаа эхлэн шатаж эхэлсэн байранд олон зуун хүн байгаа бөгөөд хохирлын хэмжээ тодорхой болоогүй байгаа юм. Оршин суугчид түймэрт автсан байр дотроос сошиал сүлжээнд нөхцөл байдлыг мэдээлсээр байна.
Иргэд цонхоор амь аврахыг гуйн хашхирч байгаа бол зарим нь орны даавуунуудыг холбон зангидаж цонхоор буухыг оролдож байгаа гэнэ.
Лондон хотын гал унтраах албаны 200 ажилтан маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Гал байрны 2 давхараас 27 давхар хүртэл хамраад байгаа юм.
Түймрийн газарт 20 гаруй түргэний тэрэг ирээд байгаа ба одоогоор дөнгөж 30 гаруй хүнийг авраад эмнэлэгт хүргэсэн байна.
Галын шалтгаан тодорхой болоогүй байгаа юм. Орон нутгийн цагаар шөнийн 01:16 цагт эхэлсэн түймэр одоо болтол үргэлжилж байна.
Түймрийн улмаас хүний амь хохирсон нь гарцаагүй гэж үзэж байгаа ч яг хэдэн хүн хохирсон нь мэдэгдээгүй байгаа ажээ.
Эх сурвалж: The Mirror, CNN
| https://ikon.mn/n/11b5 |
11b6 | ФОТО: СХД-ийн 25, 26 дугаар хороонд 920 хүүхэд хүлээн авах сургуулийн шавыг тавилаа | ikon.mn | 06/14/2017 15:56:00 |
Гэрэл зургийг mpa.mn
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд долоон сургууль, нэг цэцэрлэг барихаар санамж бичиг үзэглэсэн юм. Тэгвэл энэхүү хэлэлцээр ажил хэрэг болж, Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороодод баригдах шинэ сургуулийн шав тавих арга хэмжээ өнөөдөр /2017.06.14/ боллоо.
Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй тус дүүрэгт цэцэрлэгт хамрагдаагүй 10 гаруй мянган хүүхэд байгаа бол таван сургууль гурван ээлжээр хичээллэж байна.
Харин дээрх хороодод шинэ сургууль баригдсанаар ачаалал буурч, хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэх юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 20 орчим мянган оршин суугчтай ч огт сургууль, цэцэрлэггүй аж.
Тэгвэл БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 920 хүүхдийн суудалтай сургууль баригдахаар боллоо. Тус хороо нь 2-5 насны 1,903, 6-14 насны суурь боловсрол эзэмших 2,664 хүүхэдтэй бөгөөд хамран сурах тойрог нь III хорооны 65 дугаар сургуульд харъяалагддаг аж. Харин 25 дугаар хорооны хувьд 2-5 насны 1,462, 6-14 насны суурь боловсрол эзэмших 1,943 хүүхэдтэй. Тус хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар 104 дүгээр сургуулийн ачаалал буурч, хоёр ээлжинд бүрэн шилжих боломж бүрдэнэ.
Түүнчлэн 25 дугаар хороонд баригдах сургууль Кембрижийн сургалттай байхыг ч холбогдох албаны хүмүүс энэ үеэр онцолж байлаа. Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх, хороо бүрийг цэцэрлэгтэй болгох асуудлыг тусгасан юм.
Шав тавих арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай, Хөрөнгө оруулалт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/11b6 |
11b8 | Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсонтой уулзав | ikon.mn | 06/14/2017 16:37:00 | https://www.facebook.com/mfamongoliaMN/videos/1341835449196841/
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсонтой уулзлаа.
Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалахын салбарт идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлов.
Саяхан хүчин төгөлдөр болсон “Ил тод байдлын хэлэлцээр” зэрэг баримт бичгүүдийг хэрэгжүүлж, америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүхий л бололцоог ашиглан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, америкийн бизнес, аж ахуйн нэгжийг үүнд нэгдэн орохыг уриалав.
Мөн хоёр улсын хоорондын боловсрол, соёлын харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон энэ жил тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд ийнхүү айлчилж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Монгол Улс нь дэлхийн хоёр их гүрний дунд оршдог, томоохон зах зээлд нэвтрэх стратегийн ач холбогдолтой байршилтайг дурьдаж, эдийн засгийн хувьд өөрийн онцлог, давуу талыг хөгжүүлэхийн чухлыг онцлов. Мөн тэрбээр Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох болсонд талархал илэрхийлж, бүс нутаг, олон улсын тавцанд болж буй үйл явдлын талаар санал солилцов.
Сайд Ц.Мөнх-Оргилын АНУ-д хийж буй айлчлал нь хоёр улсад шинэ Засгийн газар тус бүр байгуулагдсанаас хойш Монголын талаас сайдын түвшинд хийгдэж буй анхны айлчлал бөгөөд АНУ-ын шинэ Засаг захиргааны өндөр албан тушаалтан, америкийн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулах, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцэн тодорхойлоход ач холбогдолтой боллоо.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/11b8 |
11b9 | ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигч УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМЫН асуудалд ямар байр суурь баримтлах вэ? | Ч.Болортуяа | 06/15/2017 08:47:00 |
Гэрэл зургийг mpa.mn
- СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛД -
Сонгогчид нэр дэвшигчдийн сонгоход нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйлийн нэг нь Мөрийн хөтөлбөр гэж үздэг талаарх судалгааг бид танилцуулсан. Тэгвэл сонгогчдын хувьд хамгийн чухал баримт бичгийн нэг болдог мөрийн хөтөлбөрийн харьцуулалтаар бид дөрөв дэх буюу сүүлийн цувралаа уншигч та бүхэндээ танилцуулж байна.
Нэр дэвшигчдийн боловсруулсан мөрийн хөтөлбөртэй нэг бүрчлэн танилцаж цар хүрээний хувьд харьцуулж болохуйц 19 асуудлаар амлалтуудыг нь харьцуулж байгаа юм.
Өнөөдөр та бүхэндээ гурван нэр дэвшигчийн:
16. Шинжлэх ухаан, Технологи, инновацийг хэрхэн дэмжих вэ?
17. Хөдөө орон нутгийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
18. Уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах вэ?
19. Төмөр замын асуудалд ямар байр суурьтай байх вэ? гэсэн сүүлийн дөрвөн асуултын хүрээн дэх харьцуулалтыг хүргэж байна.
Жишээ болгон сонирхуулахад, төмөр замын талаар гэхэд нэр дэвшигч М.Энхболд "Улаанбаатар хотыг тойрон гарах төмөр зам барих Засгийн газрын үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ" гэсэн бол Х.Баттулга нэр дэвшигч "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоор баталсан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулж, хоёр хөршийн болон дэлхийн зах зээл рүү чиглэсэн төмөр замын чиглэлүүдийг барьж байгуулах бодлогыг дэмжиж ажиллах" зэрэг зорилтыг мөрийн хөтөлбөрүүддээ тусгажээ.
Өмнөх гурван харьцуулалттай доорх холбоосуудаар орж танилцах боломжтой. Мөн нэр дэвшигч бүрийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр нь танилцаж тулгалт хийж болно.
ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАРЬЦУУЛАЛТ - 1
ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАРЬЦУУЛАЛТ - 2
ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАРЬЦУУЛАЛТ - 3
16. Шинжлэх ухаан, Технологи, инновацийг хэрхэн дэмжих вэ?
М.ЭНХБОЛД
Х.БАТТУЛГА
С.ГАНБААТАР
• Хүүхэд багачуудыг үндэсний соёл, монгол дархлаатай иргэн болгон хүмүүжүүлэх, чөлөөтэй уран бүтээл туурвих, шинэ технологитой танилцан бодит сургалтад хамрагдаж, туршлага хуримтлуулахыг дэмжинэ.
• Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бүс нутгийн дундаж жишигт ойртуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Технологи, мэдлэг бий болгох, импортлох тогтолцоог бүрдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил хамтарсан аливаа санал санаачилгыг дэмжиж, шилдэг инноваторуудыг төр, бизнесийн салбарт ажиллуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.
• Мэдээллийн технологи, ХАА-н чиглэлээр дэлхийн тэргүүлэх технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг дэмжиж, УИХ, Засгийн газарт чиглэл болгоно.
• Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдмэл байдлыг хангах, инновацийг хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжин, ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
• Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх бүх санаачилгыг дэмжих;
• Анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжиж, монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээ хийлгэх боломж бололцоог бүрдүүлэхийг дэмжих;
• Бэлчээрийн даацад тохируулан малын тоог чанарт шилжүүлэх, ашиг шим, хүртээмжийг сайжруулах, удмын санг хамгаалах, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, эрүүлжүүлэх, био технологийн ололтыг нэвтрүүлэх, шинэ үүлдэр бий болгох,мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийг чадавхжуулах, бэлчээрийг усжуулах, малчдын эдийн засгийг дэмжсэн малжуулах санаачилгыг дэмжин ажиллах;
• Гадаад худалдаа, хөрөнгө оруулагчдын аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчилсөн технологи, үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг хууль тогтоомжид нийцүүлэн байгуулахыг дэмжих;
• Монгол Улсын түүх соёл, уламжлалыг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд анхаарал тавьж, уламжлалт болон тоон технологиор бүтээсэн уран бүтээл, агуулга контентийг (дүрст бүтээл, дуу хөгжим, бусад оюуны бүтээлүүд) олон улсын зах зээлд экспортлох санаачилга, төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллах;
• Эдийн засгийнхаа бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох бодлого хэрэгжүүлж, инновацид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч ажиллана. 2016 оны 2 сарын 5-ний өдөр УИХ-ын №19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг дэмжин ажиллана.
Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой
17. Хөдөө орон нутгийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
М.ЭНХБОЛД
Х.БАТТУЛГА
С.ГАНБААТАР
• Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамаарлыг бууруулах чиглэлээр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарыг дэмжих бодлогыг бодит ажил болгохыг Засгийн газраас шаардаж ажиллана.
• Атрын аяны хүрсэн төвшинг ахиулах, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулах бодлогод анхаарна. Хөдөө орон нутагт амьдардаг иргэдээ татвар, зээлийн бодлогоор дэмжинэ.
• Аялал жуулчлалыг бүс нутгийн онцлогт тохируулж бүсчлэн хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
• Мал сүргийн удмын санг хамгаалах, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын мал эмнэлгийн тогтолцоог сэргээн хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлнэ.
Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
• Малчид, тариаланчдын орлогын эх үүсвэр болсон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгахад чиглэсэн бодлого, аж амьдралын нөхцөлийг сайжруулахад чиглэсэн санал санаачилгуудыг дэмжин ажиллах;
• Улсын хөгжлийг орон нутгаас эхлүүлж, нутгийн өөрөө удирдах ёс, иргэдийн оролцоог дэмжих нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үндсэн чиглэл байна.
• Агаарын бохирдлыг бууруулах бодлого нь эн тэргүүний зорилт байна. Иргэдийн эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг газар зүйн байршлаас үл хамааран адил тэгш нөхцөлөөр хүргэх боломжийг хангах хот байгуулалт, орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллана.
• Орон нутаг, аймаг сумын төвүүдийг тухайн бүс нутгийнхаа онцлог давуу талуудад тулгуурлан аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэн эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг төрийн бодлогоор тууштай дэмжих;
• Орон нутгаас төвлөрүүлсэн татварын тодорхой хувийг тухайн нутагт нь зориулах, зарцуулалтыг ил тод болгох, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, санаачилгыг дэмжих;
• Төрийн захиргааны байгууллагуудыг оновчтой байршуулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан хүртээмжит бодлогыг дэмжиж ажиллах;
Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлцгээе!
18. Уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах вэ?
М.ЭНХБОЛД
Х.БАТТУЛГА
С.ГАНБААТАР
Уул уурхайн болон дагалдах дэд бүтцийн томоохон төсөл дэх төр, иргэдийн оролцоог оновчтой болгох, төслүүдийг цаг алдахгүй эхлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, орхигдсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг буруутай этгээдээр бүрэн хийлгэх бодлого баримтална.
Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
• Байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыг санаачилж эрх зүйн орчныг бүрдүүлэх;
• Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийг тэгш, шударгаар эзэмших, хувь хүртэх, үр өгөөжийг нь ашиглах боломжийг хуулиар хамгаалах бодлого, үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжих;
• Монгол Улсын эдийн засаг дахь “Хүрэн эдийн засаг”-ийн хувийн жинг тогтвортой бууруулж, байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой, ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжих;
• Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болгохоос сэргийлж, баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэл эс үйлдэхүйтэй тууштай тэмцэж, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Монгол хүн Монгол эх орныхоо эзэн нь байна.
Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байх ёстой. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.
Оюутолгой гэж олон жил ярьж, тэмцэж яваа минь үүнтэй шууд холбоотой. Тавантолгойг тавиад туучихаж болохгүй, тасдаад тараачихаж хэрэггүй гэж ахин дахин хэлж байгаа минь үүнтэй холбоотой.
Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
19. Төмөр замын асуудалд ямар байр суурьтай байх вэ?
М.ЭНХБОЛД
Х.БАТТУЛГА
С.ГАНБААТАР
Улаанбаатар хотын тээврийн хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хүн, ачаа тээврийн шинэ чиглэл бий болгох зорилгоор хотыг тойрон гарах төмөр зам барих Засгийн газрын үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ.
Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
• Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоор баталсан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулж, хоёр хөршийн болон дэлхийн зах зээл рүү чиглэсэн төмөр замын чиглэлүүдийг барьж байгуулах бодлогыг дэмжиж ажиллах;
• Монгол Улсыг олон улсын агаарын болон автозам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн зангилаа болгох, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн ороход үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн манлайлан оролцох;
Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой
| https://ikon.mn/n/11b9 |
11ba | Нислэгийн тийзний үнийг 20-40 хувиар бууруулах боломжтой гэв | ikon.mn | 06/14/2017 16:57:00 |
Гэрэл зургийг mpa.mn
БНСУ-ын “Асиана Эйрлайнз” компанийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Жон Илнам Инчон–Улаанбаатар–Инчон чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлтэй уулзах үеэрээ тавьсан байна. Хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөжээ.
Мөн тус уулзалтын дараа Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Хүннү Эйр компани болон Эйр Монголия компанийн удирдлагууд нислэгийн тийзний үнийг хэрхэн хямдруулж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар мэдээлэл хийлээ. Дээрх компаниуд нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтой гэдгийг хэлж байв.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Зам, тээврийн хөгжлийн яам байгуулагдсан цагаасаа бүхий л түвшиндээ нислэгийн тийзний хөнгөлөлтийг хэрэгжүүлэх талаар зорьж ажиллаж байна. Олон улсын агаарын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар тодорхой үе шаттайгаар тийзний үнийг бууруулах боломжийг эрэлхийлж байна.
Эхний ээлжинд БНСУ-тай байгуулах агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулснаар иргэд, олон нийт хөнгөлөлттэй, хямд үнээр зорчих бас нэгэн боломж нээгдэнэ” хэмээн мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Мөн дотоодын тээвэрлэгч компаниуд нислэгийн тийзэндээ ямар хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаараа мэдэгдлээ.
Төрөөс иргэний нисэхийн салбарт аль болох чөлөөт үнийн бодлого, аль болох олон нислэг үйлдэх боломжийг шат дараатайгаар судалж, хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал Хүннү эйр компани Улаан-үдийн чиглэлд шинэ нислэг, МИАТ Бусаны чиглэлд шинэ нислэгийг хөнгөлөлттэй үнээр нээж байгаа талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлж байв.
Мөн Бусан болон Сөүлийг холбосон нислэгээс гадна Тайланд, Бангкок чиглэлд шинэ нислэг нээхээр төлөвлөжээ.
2013 оноос хойш ам.долларын ханш огцом өссөнтэй холбоотойгоор санхүүгийн алдагдал хүлээсэн ч нислэгийн тийзний үнийг нэмээгүй гэдгийг МИАТ компанийнхан хэлж байв. Нийт 26 төрлийн тарифыг цаг хугацаа болон ангиллаас хамааруулж тогтоосон. Тийзээ эрт захиалж авсан тохиолдолд хамгийн бага үнээр тийз худалдан авах боломжтой бөгөөд 60-70 хувийг хямд тийз эзэлж байгаа аж.
Тухайлбал хоёр талын тийз 970 мянган төгрөгөөс эхэлдэг талаар энэ үеэр мэдээллээ. Мөн оюутнууд, гэр бүл, ахмад настны гээд хямдралууд байдаг бөгөөд тарифын хөнгөлөлтийн талаар ажлын хэсэг байгуулж, судалгаа хийж эхэлжээ.
Эх сурвалж: ЗТХЯ | https://ikon.mn/n/11ba |
11bb | Голомт банк: Ажилд урьж байна | СУРТАЛЧИЛГАА | 06/14/2017 16:59:00 | https://ikon.mn/n/11bb |
|
11bc | "Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 06/14/2017 17:43:55 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:43 2017/06/14
Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.06.14/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу:
11-39-4-8-27-29 +21
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
4-1-2-5-2-3
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
5-8-8-2
2-р зэргийн хонжворын хариу:
5-3-1-1
3-р зэргийн хонжворын хариу:
2-0-5-3
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:07 2017/06/14
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн /2017.06.14/ ээлжит тохирол эхэллээ.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/682254038626834/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:43 2017/06/14
Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.06.14/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу:
11-39-4-8-27-29 +21
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
4-1-2-5-2-3
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
5-8-8-2
2-р зэргийн хонжворын хариу:
5-3-1-1
3-р зэргийн хонжворын хариу:
2-0-5-3
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/11bc |
11bd | ҮЙЛ ЯВДАЛ: ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийнэ | Г.Мөрөн, iKon.mn | 06/15/2017 08:00:00 |
Төрийн ордонд
09:00 цагт Монгол, Орос, Хятадын Худалдаа эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалт эхэлнэ.
ГХЯ-ны Зөвшилцөл танхимд
09:00 цагт "Улаанбаатарын яриа хэлцээ" олон улсын IV бага хурал болно. “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлыг ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн, ГХЯ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дотоод, гадаадын нийт 150 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцоно.
Улаанбаатар зочид буудалд
09:00-13:00 цагт Австралийн Бичил төслийн хөтөлбөрийн санхүүжилт хүлээн авсан байгууллагуудын тайлангийн хурал болно.
Шангри-Ла зочид буудалд
10:00 цагт “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиумыг зохион байгуулагдана.
Оюуны ундраа группын байранд
10:30 цагт Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийнэ.
Монгол Улсын шадар сайдын өрөөнд
11:00 цагт ОБЕГ, БОАЖЯ, Ус цаг уурын орчны шинжилгээний газраас ой, хээрийн түймрийн талаар хамтарсан мэдээлэл өгнө.
Мэдээлэл технологийн үндэсний паркад
11:00 цагт "Хятад хэлний үеийн галиг- Монгол хэлээр галиглах журам" гарын авлагын нээлт болно.
Гэрлэх ёслолын ордны урд талбайд
11:00 цагт “Дугуйтай Баянгол өдөрлөг” болно.
Зургаан буудлын Оргил худалдааны төвд
11:40 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрөв дэх салбарын нээлт болно.
Хэвлэлийн хүрээлэнд
12:00 цагт Эмзэг бүлгийн иргэдэд зориулсан 1,000 өрхийн орон сууцны асуудлаар "За юу тайж" нийгэмлэгийн тэргүүн Т.Тамара мэдээлэл хийнэ.
Мишээл экспо-д
14:00 цагт “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн Үйлчилгээ, Технологи-2017” Олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно. | https://ikon.mn/n/11bd |
11be | Татвараас чөлөөлөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталлаа | Г.Мөрөн, iKon.mn | 06/14/2017 17:52:00 |
Гэрэл зургийг MPA.mn
- Засгийн газрын өнөөдрийн /2017.06.14/ хуралдааны шийдвэр -
Гаалийн албан татвараас 2018 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тусгасан. Мөн Засгийн газрын өмнөх тогтоолыг сунгах, үйлдвэр эрхлэгчид болон мэргэжлийн байгууллагуудаас 623 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нэмж хөнгөлөх санал ч иржээ.
Иймээс татвараас чөлөөлөх жагсаалтад 27 салбарын 641 нэр төрлийн тоног төхөөрөмжийг тусгасныг хэлэлцэн баталсан байна.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2014 онд баталж, 2016 оныг дуусах хугацаанд дагаж мөрдсөн юм.
Ингэснээр 2014-2016 онд 1419 иргэн, аж ахуйн нэгж 3201 төрлийн 7000 гаруй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирсэн байна.
Засгийн газрын тогтоолын дагуу 13 тэрбум гаруй төгрөгийн гаалийн, 28 орчим тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн нийт 41 тэрбум орчим төгрөгийн татварын чөлөөлөлтөд хамрагдсан тоо гарчээ.
Чөлөөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бүтээмж ч 20-30 хувь өссөн байна.
Мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах, модон материал, ноос ноолуур, арьс шир, оёдол, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016 онд 2014 онтой харьцуулахад 18 хүртэл хувиар нэмэгджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/11be |
11bf | ХОЁР ТЭРБУМ ЮАНИЙН тусламжийг ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД зарцуулахаар боллоо | С.Бадрал, iKon.mn | 06/14/2017 17:54:00 |
- Засгийн газрын өнөөдрийн /2017.06.14/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм.
Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ чиглэлээр холбогдох төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болгожээ. | https://ikon.mn/n/11bf |
11bg | Гурван чиглэлд авто зам барихыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ | ikon.mn | 06/14/2017 17:56:00 |
Гэрэл зургийг MPA.mn
- Засгийн газрын өнөөдрийн /2017.06.14/ хуралдааны шийдвэр -
Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр:
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км,
Тавантолгой-Гашуунсухайтын 250 км,
Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай авто зам барихаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.
Нэг. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан. 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж байна.
Энэ чиглэлийн зам нь манай улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг юм.
“Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т “Улаан-Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Эрээн-Тяньжин” чиглэлийн замыг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглахаар тусгасан.
Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ч дээрх заалт байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас олон улсын дамжин өнгөрөх тээврийг эхлүүлэхээр төлөвлөсөн юм. Иймээс энэ замыг 2017-2020 оны хооронд дөрвөн эгнээтэй нэгдүгээр зэргийн автозам болгон шинэчлэхээр тогтлоо.
Хоёр. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км их даацын хатуу хучилттай автозамыг говийн бүсийн экосистемийг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, автотээврийг сайжруулах зорилгоор шинэчлэх юм.
Энэ чиглэлийн замаар өдөрт 1000-1300 хүртэл тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаагийн улмаас зам эвдэрч, осол, зөрчил ч их гарч байна. Замыг шинэчилснээр тээвэрлэлт 2.5 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдэн, тээвэр ашиглалтын зардал багасч, улмаар ажлын байр бий болж, орон нутагт ядуурал буурна гэж тооцооллоо. Замыг 2017-2019 онд шинэчилж дуусах юм.
Гурав. Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай зам барихаар тусгасан. Зам баригдсанаар Бичигт-Зүүнхатавч боомтын эдийн засаг, худалдааны чөлөөт бүсийг хөгжүүлэх дэд бүтцийн баталгаа бий болно. Ингэснээр экспортын чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж улмаар ачаагаа БНХАУ-ын Тяньжин, Жинжоу, Далиан боомтоор далайгаар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах юм. Замыг 2017-2020 онд тавьж дуусгахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: Засгийн газрын ХМА | https://ikon.mn/n/11bg |
11bh | Өнөөдөр Дональд Трамп 71 нас хүрч байна | Р.Төмөр, ikon.mn | 06/14/2017 17:59:00 |
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр буюу Лхагва гарагт 71 нас хүрч байгаа юм. Түүний хувьд ерөнхийлөгч болсны дараах анхны төрсөн өдөр нь тул онцгой өдөр байх нь мэдээж.
Америкийн ерөнхийлөгч нарын түүхэнд онцгой содон байдлаараа ялгарч байгаа Трампын сонгуулийн өмнө ба хойно хэлж байсан зарим дуулиантай үгсээс хүргэж байна.
Ерөнхийлөгчийн ажлын талаар:
“Өмнөх амьдрал минь сайхан байжээ. Харин энэ ажил илүү их ачаалалтай юм. Би урьд нь ерөнхийлөгчийн албыг амархан гэж төсөөлдөг байлаа”
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар:
“Алдагдсан мэдээллүүд бодитой, албан ёсны мэдээнүүд худлаа байдаг”
Эхнэр Меланиагийн тухай:
“Би түүнийг эртнээс мэднэ. Түүний тухай хэвлэлээр шуугиж байгаа зүйлс худлаа”
Цаг уурын өөрчлөлтийн талаар:
“Би цэвэр агаарыг таашаадаг. Цэвэр цэнгэг агаар…Харин цаг уурын өөрчлөлтөд итгэдэггүй”
Обамагийн тухай:
“Обамагийн төрсний гэрчилгээн дээр түүнийг муслим гэж бичсэн байж магадгүй. Гэхдээ би мэдэхгүй байна. Тэр үүнийгээ дэлгэхийг хүсэхгүй биз. Бүр түүнд гэрчилгээ ч байхгүй байж мэдэх юм”
Мексикийн талаар:
“Мексикээс шилдэг хүмүүс нь манайд ирдэггүй. Тэд хар тамхи, гэмт хэрэг, хүчирхийллийг л авчирдаг. Магадгүй, зарим нь сайн хүмүүс байх л даа”
Исламын улс бүлэглэлийн тухай:
“Би Исламын улсыг генералуудаасаа илүү мэднэ. Надад итгэ”
Путиныг дайснуудаа устгадаг тухай асуухад хариулсан нь:
“Манайд ч бас маш олон алуурчид бий. Өөрөө юу гэж бодож байна? Манай орон тийм ариухан юм гэж үү?”
Иванкагийн тухай:
“Хэрвээ Иванка миний охин биш байсан бол би түүнийг эргүүлэх байсан гэж хэлсэн минь үнэн”
Эмэгтэйчүүдийн талаар:
“Би гоо сайханд шууд татагддаг, яг л соронзон шиг. Хүлээж тэсэлгүй шууд тэднийг үнсэж эхэлдэг. Хэрвээ чи од бол тэд ингэхийг зөвшөөрнө. Чи тэдэнтэй юу ч хийж болно”
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/11bh |
11bi | ФОТО: "Говь" ХК-ийн үйлдвэрт гарсан ГАЛ | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/15/2017 07:56:00 |
Өчигдөр орой буюу зургаадугаар сарын 14-ний 20:45 цагт "Говь" ХК-ийн үйлдвэрийн байранд гал гарчээ. Галын тархац ихтэй байсан учир Нийслэлийн Онцгой Байдлын Газрын зургаан дүүрэг дэх арав гаруй аврах анги унтраахаар ажиллаж байна. Мөн УСУГ, Хот тохижуулахаас 12 автомашин ус зөөж ажиллажээ.
НОБГ-аас өгсөн мэдээллээр үйлдвэрийн дээвэр бүрэн шатсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй. Үйлдвэрт гарсан галын тархалтыг зогсоосон ч одоо хүртэл /07:00 цагт, 06-15/ бүрэн унтраагүй байгаа юм.
ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Мөн үйлдвэрт байсан бараа бүтээгдэхүүнийг зөөж, галын аюулаас аварсан байна. "Говь кашмер" ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад авчээ.
Говь ХК
Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. Тус компани нь 1,500 гаруй ажилтантай бөгөөд дэлхийн 30 гаруй орны 140-өөд харилцагчдад бүтээгдэхүүнээ экспортолдог. Мөн Герман, Польш, Швейцарь, ОХУ зэрэг нийт 12 улсад 51 салбар дэлгүүртэй. Тус компани улсын төсөвт жил бүр 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг.
Гэрэл зургийг MPA.mn
ФОТО СУРВАЛЖЛАГА:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
| https://ikon.mn/n/11bi |
11bj | ХҮН ашиг хонжоо хайсан С.Ганбаатартай хамтарсандаа олон нийтээс уучлал гуйлаа | Ж.Нарангэрэл | 06/15/2017 08:20:00 |
ХҮН-аас хэвлэлийн хурал зарлаж, Улсын Дээд шүүхийн 2017 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар намын даргаар нь Б.Найдалааг бүртгэсэн талаар мэдээллээ. Ингэхдээ тэд “Байгуулагдсан зорилгын дагуу ажиллах явцдаа улстөрийн туршлага дутаж, удирдлагын багтаа буруу хүн оруулж, алсын хараагүй, ашиг хонжоо харсан, ес зүйгүй хүмүүстэй хамтран ажилласнаас олны итгэлийг алдсанаа гүнээ ухамсарлаж, нийт иргэд, дэмжигчдээсээ уучлалт хүсье” хэмээж байлаа.
Түүнчлэн ХҮН үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ үеийн бодлого, мэдлэгтэй, улс орны хөгжлийг тодорхойлох улстөрийн хүчин болохоор бодлогоо тодорхойлсон. Цаашид бид анх байгуулагдсан зорилгынхоо дагуу улс орны тулгамдсан асуудалд дүгнэлт өгч, тууштай ажиллах болно гэсэн юм. Тус нам Б.Найдалааг даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд гурван удаа хандсан ч дотооддоо зөрчилтэй байгаа учраас хүсэлтийг цуцалж байсан.
Харин 2017 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар ХҮН-ын дотоод зөрчил арилсан учраас бидний хүсэлтийг биелүүлж, ХҮН-ын даргаар Б.Найдалааг сонгон бүртгэлээ гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-С.Ганбаатар намын гишүүнчлэлээ сольсон учраас одоо ХҮН-д дотоод зөрчил байхгүй гэсэн үг үү?
-Тухайн үед манай намын гишүүн байсан С.Ганбаатар болон дүрмийн дагуу сонгогдсон намын удирдлагын хооронд үүссэн үл ойлголцлоос болоод дотоод зөрчил гарч байсан.
Харин С.Ганбаатар тухайн үед ХҮН-аас гарч, өнгөрсөн 2016 оны сонгуульд өөр намаас нэр дэвшсэн. Гэтэл одоо МАХН-д элсэж орсон байгаа тул бидний дотоод зөрчил дууссан. ХҮН С.Ганбаатараас салж, үймээн үүгээр дууслаа.
-Анх ХҮН байгуулагдахдаа гадаадад боловсрол эзэмшиж, ажиллаж байгаа залуус эх орныхоо хөгжлийн төлөө нэгдэх талаар ярьж байсан. Мэдээж тэр орон зай ч Монголд үгүйлэгдэж байсан. Гэтэл тэр хоосон зайг ХҮН нөхөж чадаагүй. Одоо намын зорилго тань өөрчлөгдсөн үү?
-Анх байгуулагдсан ХҮН-ын зорилго, шинж чанарт анхнаасаа ямар ч өөрчлөлт ороогүй, хэвээрээ байгаа.Бүрэлдэхүүн нь ч хэвээрээ. Зөвхөн богино хугацааны ашиг хонжоо харсан зарим хувь хүнийг бид эгнээндээ нэгтгэсэндээ, түүнээс сэргийлж чадаагүйдээ, хамгаалж чадаагүйдээ, түүнээс болж 2016 оны УИХ-ын сонгуульд орж чадаагүйдээ, бидэнд итгэж найдаж байсан олон мянган хүний итгэлийг алдсандаа үнэхээр гэмшиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлал эрж байгаагаа дахин илэрхийлье.
Цаашдаа нийгмийн захиалга байгаа. Монгол Улсын асуудал хэвээр байгаа цагт ХҮН тууштай тэмцэх болно. ХҮН хариуцлагатай, буруугаа хүлээх чадвартай нам гэдгээ үүгээр илэрхийлж байна. С.Ганбаатарт ХҮН хариуцлага тооцох ёстой.
-Танай нам цаашид ямар ажил хийх вэ?
-Өнгөрсөн оны хоёрдугаар сард үймээнээс хойш манай намд хэд хэдэн онцлох үйл явдал болсон Манайх УИХ-ын сонгуульд намаараа оролцож чадаагүй Манай намын гишүүн байсан хүн өөр намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байна. Үүнтэй холбоотой гишүүнчлэлийн хөдөлгөөн үүссэн. Бид гишүүнчлэлээ нягталж, цэгцлэхээс эхлээд ажлаа үргэлжлүүлнэ. Цаашдаа намынхаа стратеги төлөвлөлтийг эргэж харж, хянана.
-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжих вэ?
-Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвшсэн байна. Харамсалтай нь сонгогч бидэнд сонголт алга. Парламентад суудалтай гурван намаас шигшиж шигшиж гаргаж ирсэн гурван хүн нь гурван нэр дэвшигч байдаг. Бид хэнийг сонгох вэ гэдгээ мөрийн хөтөлбөрөөр нь шинжинэ. Харамсалтай нь хов жив, хувийн чанартай асуудал бидний тархийг боож байна. Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.
| https://ikon.mn/n/11bj |
11bk | Японы эзэн хаант засаглал дуусгавар болох уу? | Э.Мөнхзаяа | 06/15/2017 08:41:00 |
-Японы эзэн хаан Акихито юуны учир хаан ширээгээ орхих хүсэлт гаргав-
Япон улсад өмнө нь ийм зүйл огт тохиож байсангүй. Эзэн хаан нь эсэн мэнд ч биеийн байдал нь тааруу байгаа учраас парламент, Засгийн газраасаа өөрийг нь хаан ширээнээс салгаж, тайван байлгахыг хүсжээ. Ард түмэн ч үүнд эсэргүүцэхгүй байгаа боловч маш ихээр гуниглаж байгаа гэнэ. Яагаад гэвэл Акихито эзэн хаан дайны дараах Японы улсын бэлгэ тэмдэг болсон нэгэн юм.
Хаан ширээнээсээ буухыг хүлээн зөвшөөрнө үү
Хуулийн төслийг 235 хүн дэмжиж, нэг ч хүн эсэргүүцэлгүйгээр “Шууд баталлаа” хэмээн Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Cyra зарласан юм. Ийнхүү Япон улс энэ сарын 9-нд эзэн хаан Акихитогоо хаан ширээнээс буухыг нь хүлээн зөвшөөрч, шинэ эринд хөтлөх эхний замыг нь нээсэн байна. Энэхүү шинэ эрин 2019 оны нэгдүгээр сараас буюу Акихито 2018 оны арванхоёрдугаар сард хаан ширээнээсээ буусны дараа эхлэх юм.
Tyc улсын парламентын доод танхимын дарга Тадамори Ошима “Энэ хуулийг хууль тогтоогчдын бараг 100 хувийн саналаар дэмжсэн нь ямар чухал хууль болохыг харуулж байна. Энэ нь ард түмэн бүхэлдээ уг хуулийг дэмжиж байна гэсэн үг юм" хэмээн мэдэгджээ. Хууль батлагдахаас долоо хоногийн өмнө хуулийн төсөл төлөөлөгчдийн танхимаар ороход бараг бүх гишүүн дэмжсэн юм. Харин Либерал намын хоёр гишүүн нь эзэн хааныг суудлаас нь буулгахын тулд тусгай хууль батлах хэрэггүй гэж үзжээ.
Санал асуулгаас үзэхэд энгийн иргэд парламентын уг шийдвэрийг эерэгээр хүлээн авч байгаа гэнэ. Асуулгад оролцогчдын 85 гаруй хувь нь эзэн хааныг чөлөөндөө гарахыг дэмжжээ.
Эцсийн дүндээ түрүү булчирхайн хорт хавдраар шаналж буй, зүрхний хүнд хагалгаанд орсон 83 настай Акихито хаан өөрөө ийм хүсэлт гаргасан билээ. Тэрбээр телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ эрүүл мэндийн байдлаасаа болоод үүрэг хариуцлагаа зохих ёсоор биелүүлж чадахгүй болсон гэж мэдэгдсэн аж.
Дэлхийн хүн амын олонход нь энэ мэдээ тийм ч онцгой содон санагдаагүй нь лавтай. Дэлхийн хүн амын хувьд нас дээр гарсан нэгэн хүн гавьяаны амралтаа авч байгаатай л адил зүйл сонсогдоно. Харин Японд бол энэ нь жинхэнэ дуулиан шуугиан юм. Учир нь эзэн хаан нь амьд сэрүүндээ хаан ширээнээсээ татгалзаж байсан тохиолдол 200 жилийн турш гарч байсангүй.
Хаант төртэй ч удирдах эрхгүй
Японы эзэн хаад хаан ширээгээ өв залгамжлагчдаа шилжүүлэх замаар буудаг цаг үе өмнө нь байсан. Японы эзэн хааны ордон түүхэндээ өсөлт, уналтыг олон удаа үзсэн гэдэг. VII-VIII зуунд нэгэн омгийн дайчид улс орноо нэгтгэж, бүрэн эрхт захирагчид болсны зэрэгцээ төрийн шашинд синтоизмыг нарны дээд бурхан Аматэрасутай баталсан билээ. Японы эзэн хаад хэмжээлшгүй их засаглалтай, улсынхаа тэргүүн гэгээнтэн нь байдаг байлаа. Япончууд ч үе удмаараа ариун толь, сэлэм, хув зүүлттэй бурхны шууд удам улс орныг нь захирна гэдгийг мэддэг байв.
Харин бүх зүйл XIII зуунд шогунууд засаглалын эрхийг гартаа авсан үеэс өөрчлөгдсөн юм. Тэд бол авьяаслаг жанжид, нөлөө бүхий угсааны төлөөлөгчид аж. Ингээд эзэн хаанд хаанчлах эрхийг нь үлдээж, удирдах эрхийг нь хасжээ.
Энэ үед Японы эзэн хаад залуугаараа нас нөгчих буюу хаан ширээнээсээ салж байв. Энэ үед ‘‘дайже тэнно" буюу “хаан ширээгээ орхисон хаан’’ хэмээх тусгай цол хүртэл байлаа. Ингээд хуучин хаад буддын лам нар болцгоож, үлдсэн амьдралаа гэгээрэхэд зориулдаг байв. Эсвэл өөрсдөд нь тусгайлан барьсан ордон, эдлэн рүү нүүж, улс төрд идэвхтэй нөлөө үзүүлэн амьдардаг байжээ. Ерөнхийдөө Японы түүхэнд нийт 62 “дайже тэнно” байдаг.
Энэ үзэгдэл 1868 он хүртэл үргэлжилж, эзэн хаад шогуны засаглалд дургүйцсэн дээдсүүдийн тусламжтайгаар засаглалыг гартаа авчээ. Энэ үйл явдлыг Мэйжигийн сэргэлт гэдэг. Эзэн хаадын эрх мэдэл хязгааргүй болж ирэв. Тэд гүйцэтгэх засаглалын тэргүүн, ерөнхий командлагч бөгөөд парламентыг тараах, эсвэл түүнгүйгээр хууль батлах эрхтэй байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр эзэн хаан нь япончуудад ялалтад хүрэх хэмжээ хязгааргүй итгэл үнэмшлийн бэлгэ тэмдэг болж байлаа. Гэвч тэд ялагдал хүлээсэн юм.
Ингээд 1947 оны Үндсэн хуулиар төрийн тэргүүн нь улс орны амьд бэлгэ тэмдэг болж, улс орны асуудалд хутгалдах эрхээ хасуулжээ. Мэдээж эзэн хаанд ямар ч үед Засгийн газар, эсвэл парламентын шийдвэрт хориг тавиг эрхийг хүлээсэн байна. Хамгийн гол нь тус хуульд зааснаар эзэн хаан үүргээ насан туршдаа биелүүлэх ёстой аж.
Хисахитод бүх найдлагаа тавьж байна
Эзэн хаан Акихитогийн хувьд 1989 оноос хаан ширээнд сууж байгаа юм. Тэрбээр Америк хүмүүжүүлэгчийн асрамжинд өсч хүмүүжсэн болохоор англи хэлэндээ сайн, барууны соёлыг сайн мэддэг аж.
Тэрбээр 1959 онд угсаа залгамжлагч хунтайж байхдаа энгийн иргэн буюу тээрмийн бизнес эрхлэгчийн охин Митико Сёдатай гэрлэжээ. Үүнээс өмнө Японы эзэн хаад зөвхөн язгууртнуудтай гэрлэдэг байв. Хайр дурлалынхаа төлөө уламжлалыг эвдсэн залуу хунтайж япончуудын зүрх сэтгэлийг эзэмдсэн гэдэг. Тэд хүүхдүүдээ өөрсдөө өсгөж, үлгэр жишээ гэр бүл болж чадсан юм. Митико хүүхдүүдийнхээ өглөөний цайг өөрөө бэлтгэж, нөхрийнхөө эцэг эхийг байнга эргэж тойрон асардаг байв.
Акихито хааныг хаан ширээнээсээ буух хүсэлтэй байгаа тухай мэдээлэл гарсны дараа “BBC’’-гийн сурвалжлагчид Токиогийн гудамжаар хүмүүсээс санал асуусан байна. Хүмүүс одоогийн эзэн хааныхаа тухай ихэвчлэн сайн сайхан үг хэлж байсан бөгөөд түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй гэжээ. Хаан ширээ зөвхөн эрэгтэй талаа дагадаг. Акихито эзэн хааны хувьд Нарухито, Фумихито хэмээх хоёр хүүтэй.
Бага хүү нь Хисахито хэмээх 10 настай нэг хүүтэй, Тиймээс Нарухито гэнэт хаан ширээ залгамжлагч хүүтэй л болохгүй бол энэ суудал бага дүүгийнх нь хүүд шилжинэ гэсэн үг. Гэтэл Нарухито хунтайж өдгөө 57 настай, эхнэр Масако нь 53 настай учир дахиж хүүхэдтэй болох магадлал тун бага юм. Ийм учраас хаан ширээг шилжүүлэх шугам тасалдаж болзошгүй байна. Хисахито бол гурав дахь үеийн цорын ганц эрэгтэй залгамжлагч бөгөөд хэрвээ тэр том болоод хүүтэй болж чадахгүй бол эзэн хааны засаглал дуусгавар болох эрсдэлтэй аж.
| https://ikon.mn/n/11bk |
Subsets and Splits