id
stringlengths
1
4
title
stringlengths
4
194
author
stringlengths
3
40
date
stringlengths
19
19
content
stringlengths
0
342k
url
stringlengths
19
22
11in
Д.Золбаяр: Эмнэг сургаж, уургалж, булгиулж ирсэн ард түмнийг дэлгэцэд мөнхлөх учиртай
Өглөөний сонин
06/21/2017 08:32:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зохиолч, найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 30-нд Монголд нээлтээ хийж, цаашлаад дэлхийн тайзнаа гарахад бэлэн болжээ. Монгол хүүхдийн тэсвэр тэвчээр, эр зориг, Монголчуудын дахин давтагдашгүй амьдралын онцлог, морин уралдааны өнөөгийн уламжлал, соёлыг харуулсан бүрэн хэмжээний энэхүү уран сайхны киног АНУ-д гаргах эрхийг Холливудын “Варнес брос”/ Warner bros/ компани авсан бөгөөд “Бүх насныханд” ангилалтайгаар гадаадын үзэгчдэд хүрэх гэж байна. Олон улсын түвшинд хүрсэн чадварлаг баг хамт олны хамтын хүч хөдөлмөрөөр бүтсэн “Чингисийн хүүхдүүд" киноны зохиолч, найруулагч, продюсерээр “Монгол фильм групп’’-ын үүсгэн байгуулагч Доржийн Золбаяр ажилласан юм. Тэрбээр урын сандаа дэлгэцийн олон бүтээлтэй бөгөөд англи, франц, герман гээд долоон хэлээр орчуулагдан дэлхийн зах зээлд гарсан “Аравт” киноны найруулагч гэдгээрээ олонд нэр хүндээ бататгасан. Тийм ч учраас тун удахгүй нээлтээ хийх түүний дараагийн бүтээл “Чингисийн хүүхдүүд”кино олон олон үзэгчдэд хүлээлт үүсгээд буй. Ингээд зохиолч, найруулагч Д.Золбаярыг урьж, шинэ бүтээлийнх нь талаар ярилцсан юм. -Юуны өмнө олон улсад гарах эрхтэй шинэ бүтээлээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Хэдхэн хоногийн өмнө “Чингисийн хүүхдүүд” кино Бүх Хятадын Оскар буюу “Алтан тахиа” наадамд оролцох урилга хүлээн авсан мэдээг дуулсан. Энэ сайхан мэдээгээр яриагаа эхлэх үү? -Баярлалаа. БНХАУ-ын киноны дээд шагнал гардуулах “Алтан тахиа” наадам энэ жил есдүгээр сард Хөх хотод болно. Энэ наадамд гаднын орноос хоёр кино зочноор уригдсан нь ОХУ-аас Сергей Бодровын “Монгол”, Монгол Улсаас “Чингисийн хүүхдүүд" кино оролцох боллоо. Гэхдээ энэ наадам БНХАУ-ын дотоодын кино наадам учир манай кино өрсөлдөх бус зочноор оролцох юм. -Ирэх сард мөн Италийн кино наадам хүлээж байгаа. Одоогоор хэдэн наадамд уригдаад байна вэ? -Кино маань дөнгөж үзэгчдэд хүрч эхэлж байгаа учир хэчнээн фестиваль, наадамд оролцохыг хэлэхэд эрт байна. Амжилттай явж чадвал олон олон наадамд оролцоно гэдэгт итгэлтэй байна. Одоогоор бол Каннын кино наадамд өнгөрөгч тавдугаар сард амжилттай оролцоод ирлээ. Энд тэмдэглэн хэлэхэд “Чингисийн хүүхдүүд" киног олон улсын наадамд явуулах ажлыг “Culture Distributor” компани хариуцан ажиллаж байгаа. -Зохиолч, найруулагчаас нь киноны гол санааг нэн тэргүүнд асуух ёстой болов уу? Энэ киногоор та юу өгүүлэхийг, ямар санаа үлдээхийг зорьсон бэ? -Миний сонирхдог сэдэв бол монгол ахуй, зан заншил. 15, 16 жилийн өмнө өгсөн ярилцлагадаа ч Монгол кино энэ онцлогоор гарч ирнэ гэж хэлж байсан, үүнийгээ ч гол болгож ажиллаж ирсэн. Орчин үеийн кино хийж л байсан. Гэхдээ мэдэхгүй, хөдөө өссөн болоод ч тэр юм уу миний зүрх сэтгэлд Монгол ахуй, уламжлал том орон зайд оршдог. Киноны уран бүтээлч, монгол хүнийхээ хувьд би морьтон монгол ард түмнийг кинондоо харуулахыг хүсдэг. Бид морин дэл дээр өссөн, морьтон монголчууд гэж бахархдаг ч одоо болтол хурдан морины уралдааныг хамгийн сүүлийн үеийн техник технологиор харуулсан кино хийж чадаагүй байсан. Үүнд би эмзэглэж явдаг байлаа. Монгол хүн моринд гарамгай гэдгийг харуулахыг хүссэн.Энэ бодлоос маань киноны гол санаа гарсан. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Цаашдаа их олон санаа бий. Жишээ нь, монголчууд 500 гаруй мянган агтыг Дэлхийн хоёрдугаар дайны үед бэлэглэж байсан гэдэг. Гэтэл түүхчид 500 мянган биш 1 сая морь бэлэглэж байсан гэсэн шинэ судалгаа гаргаж ирээд байна. Монгол морь Берлинд хүрч байсан түүхэн эх сурвалж ч бий. Эмнэг хангалыг сургаж, уургалж, булгиулж ирсэн ард түмэн байхад киноны уран бүтээлчид бид дэлгэцэд харуулж, мөнхлөх ёстой бидний үүрэг гэж боддог юм. -Гадаад хүмүүс монголчууд яагаад ийм жаахан хүүхдээр морь унуулдаг юм бэ гэж гайхдаг. Дэндүү эрсдэлтэй санагддаг байх л даа. Харин энэ яагаад гэсэн асуултад “Чингисийн хүүхдүүд” хамгийн сайхан, хамгийн үнэн, хамгийн энгийнээр хариулж чаджээ гэж санагдсан? -АНУ-д "Варнер брос” кино компанид урьдчилсан үзлэг хийхэд америкууд ч энэ асуултыг асууж байсан. Хурдан морины уралдааныг одоо цагт их шүүмжлэх болсон. Баячууд хүүхэд, мориор зугаа хийж байна гэх мэтээр. Үүнд би хувьдаа эмзэглэдэг л дээ. Гэхдээ энэ киногоороо баячууд бузар булай юм гэж, эсвэл хурдан морины уралдаан байх ёстой юм гэх зэргээр аль нэг талд орохыг хүсээгүй. Харин монгол хүн, монгол ёс заншлаараа хэзээнээс бага балчир хүүхдүүдээ хурдан морь унуулж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг алдахгүй юмсан, муугаар бодоход сайхан уламжлал тасрахад хүрвэл кино маань үлдээсэй гэсэн үүднээс энэ киног яаран хийсэн. -Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцасны асуудлыг тусгасан байсан? -Улсын болон аймгийн наадамд хүүхдүүдэд хамгаалалтын хувцас өмсгөж уралдуулдаг болсон. Үүнийг шүүмжлэх ч хүн ч бий, дэмжих нь ч бий. Гэхдээ би мөн л аль нэг талд ороогүй. Яагаад гэвэл манай ард түмний уламжлалд унаач хүүхдүүдэд өмсгөдөг хувцастай байсан. Энэ хувцас мартагдахад хүрэх гээд байна. Нөгөө талаар тэр жаахан хүүхдүүдийг адгуус дээр хамгаалалтын хувцасгүй гаргана гэдэг осолтой. Тиймээс энэ ч мөн ач холбогдолтой гэдгийг харуулахыг зорьсон. Тэгэхээр бид энэ киногоор ямар нэг асуудлыг шийдэх бус ийм соёлтой ард түмэн гэдгээрээ бахархах сэтгэл төрөөсэй гэсэн бодлоор л хийсэн. -Киноны пост продакшныг АНУ-д хийлгэсэн нь их сенсааци болсон л доо. Холливудын том компанийн шалгуурыг хангаж, АНУ-д гаргах, тэр дундаа хамгийн өргөн цар хүрээтэй “Бүх насныханд” ангиллын эрх авахад юу нөлөөлөв? Энэ үйл явц хэрхэн өрнөв? -Өнгөрсөн жил зураглаач, продюсер Д.Ангараг бид хоёр интернетээр харьцаж, ийм кино хийх санаа байгаагаа би хэлсэн. Д.Ангараг энэ талаар цааш нь АНУ-ын “Варнер брос” кино компанид танилцуултал үнэхээр ийм утга агуулга, сэдвээрээ сайн кино хийж чадвал дэлхий даяар түгээх боломжтой гэж сайхан хүлээж авсан. Мэдээж тэр компани дистрибьютер болж, манай киног хүлээн авах учир тодорхой санал тавьсан. Жишээ нь кинонд америк жүжигчин тоглуулах, пост продакшнаа Америкт хийлгэх гэх зэрэг. Би зохиолоо гаргачихсан байсан ч тэр жүжигчний дүрийг зохиолд огт нөлөөлөхгүйгээр нэмсэн Үүнээс гадна америкчуудын тавьсан бас нэг гол санал нь гэгээлэг кино байлгахыг хүссэн нь миний бодож байсантай нийлж чадсан. Хэрэв киног үзвэл ямар нэг согтууруулах ундаа, мансууруулах бодис, хөрөнгө мөнгөний зовлон гачаал, нарийн яривал эсрэг дүр ч байхгүй. Тийм ч учраас бидний кино АНУ-ын зах зээлд General audience буюу “Бүх насныханд” гэсэн ангиллыг авч чадсан. Ингэснээр манай киног ямар ч насны, ямар ч улсын хүн үзэж болно. Бидний хувьд бахархах зүйл нь аль ч улсад киногоо гаргасан Монгол гэж ийм улс ийм хүмүүс байдаг юм шүү гэдгийг энэ кино бүрэн дүүрэн харуулж чадна. -Үнэхээр ч “Чингисийн хүүхдүүд" кино Монгол Улсыг дэлхийд сурталчлах болсон нь маш их ач холбогдолтой шүү -Кино маань амжилттай явж, дэлхийд нээлтээ хийсний дараа Монгол Улсыг, Монгол ёс заншил амьдрал ахуй, уламжлалыг олон сая үзэгчдэд харуулж, сурталчилна гэж найдаж байна. -Киноны гол дүрд нэг айлын гурван хүүхэд тоглосон нь их "амьд” сэтгэгдэл төрүүлж байсан. Ер нь кино бүхэлдээ их энгийн ойлгомжтой, үнэн жүжиглэлттэй болсон нь харагдсан л даа. Дүр сонголтыг хэрхэн хийсэн бэ? -Жүжигчдээ сонгох гэж их явсан. Зарим хүн жүжигчнээ сонгочхоод зохиолоо бичдэг. Харин би зохиолын санаагаа гаргачхаад жүжигчдээ хайсан. Найруулагч Д.Бямбасүрэн “Ингэн нулимс” киногоо хийчхээд говийн гурван аймгаар олон cap хайж байж Амгаабазар гэх хот айлыг олж байсан. Би бас тэгэх л байх гэж бодож байлаа. Гэтэл яг үнэндээ надад аз таарсан. Миний хоёр шавь дипломоо авчхаад аав, ээждээ очихоор нутгаа зорихдоо намайг хамт явахыг хүссэн юм. Хоёулаа багадаа морь унадаг байсан, Архангайн хүүхдүүд. Тэгэхээр нь жүжигчнээ ч хайя, таарч юуны магад, кино зураг авалтаа хийх нутаг ус ч үзье гээд Архангай аймгийн Цэнхэр сум явсан. Тэр хоёр надад “Манай нутгийн Дамбий гээд хоёр хүүтэй айл бий, тэд л их хөөрхөн таарна даа” гэж байсан юм. Сумын төвөөс 40 орчим км зайтай тэр айл руу бартаа ихтэй замаар явахдаа хэд хэдэн ч хүүхэд, айлтай таарсан. Юмыг яаж мэдэх вэ гээд зургийг нь аваад л яваад байлаа. Явсаар байгаад нөгөө айлдаа очтол ерөөсөө яг л миний хайж байсан яв цав нийлсэн. Очсон даруйдаа хараад л шууд “За миний кинонд тоглох хүүхдүүд энд байна" гээд шууд шийдсэн. Гэтэл тэр айл хоёр биш гурван хүүтэй болж таарч, бүр их олзуурхсан. Бага нь аавтайгаа биднийг очиход эзгүй байсан юм. Хоёр ахыг нь сүртэй ч проб хийлгүй, ганц нэг яриулж үзсэн. Тэр айл ч сайхан хээр морь уяж байсан, ойр орчмын нутаг нь сайхан байгальтай гээд нэг ёсондоо тэнгэрийн ивээл гэмээр азтай тохиол болсон л доо. Энэ тухай бид америкчуудад ч ярьсан. Угаасаа Монголын захын айлд ороход авьяастай хүүхдүүд, байгаль, мал ахуй бүгд байдаг. Тэгэхээр хурдан мориноос гадна өөр ямар ч кино хийхэд бэлэн натур Монголд байгааг хэлсэн. -Эгэл малчин айлын хүүхдүүд гэхэд их хөөрхөн тоглосон байсан шүү? -Хүнд байгаа нөөц бололцоог нь зөв ашиглавал болохгүй зүйл байхгүй. Жүжиглүүлэх гээд л орилоод л зандраал загнаад л, эсвэл ойлгохын аргагүй мэргэжлийн юм яриад байсан бол тэр хүүхдүүдийн толгой эргэчихнэ. Тэгэхээр эвийг нь олж тоглуулах л шаардлага гарсан. -Мэргэжлийн жүжигчдийн сонголт ч оновчтой болсон санагдсан. Жүжигчин Р.Анхням кинонд ээжийн дүр бүтээхдээ жинхэнээсээ хөл хүнд байсан гэсэн. Энэ үнэн үү? -Бид цөөхөн хүн амтай, цөөхөн жүжигчинтэй учир мэргэжлийн жүжигчдийг сонгоход их юм болдог л доо. Миний хувьд аль болох хэтэрхий олон кинонд тоглосон биш, харин ч эсрэгээрээ олон нийтэд нэг их танигдаагүй шинэ жүжигчдийг гаргаж ирэхийг зорьдог. Жишээ нь энэ кинонд Болдын дүр бүтээсэн найруулагч Ц.Батнайрамдал жүжигчний анги төгссөн ч кинонд барагтаа тоглоогүй 20 жил болсон. Тиймээс би зориуд сонгосон, хүмүүст ч хүрсэн. Аавын дүрийг бүтээсэн Б.Батмэнд ч хөдөө өссөндөө ч тэр үү дүрдээ сайхан тохирсон. Сундуй даргад тоглосон хүн бол Дорноговийн театрын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж. Түүний эхнэрт тоглосон ахмад жүжигчин н.Чойжилсүрэн эгч миний “Ээждээ л үнсүүлэх сэн” кинонд тоглож байсан. Жүжигчин Р.Анхням угаасаа чадалтай жүжигчин учраас амар байсан. Би зохиолоо бичиж байхдаа ээж нь гурван хүүтэй дархан бэр, дахиад жирэмсэн, тэр нь охин төрвөл их гоё гэгээн болно гэж бодож байсан. Энэ дүрд тоглосон жүжигчинд хиймэл гэдэс зүүж өгнө гэж бодож байтал Р.Анхнямыг жирэмсэн гэсэн сураг сонсоод санал тавьсан. Юу юугүй төрөх дөхчихсөн, Золоо ахаа хэцүү дээ гэж байхад нь гуйж байгаад тоглуулсан. Кино зураг авалтын үеэр бид ч төрчих вий гэж их сандарсан. Гэхдээ амжилттай.сайхан болж өнгөрсөн. -Америк жүжигчинтэй ажиллах хэр байв? -Гол нь тэр хүний тав тухыг хангах нь бидэнд чухал асуудал байсан. Харин ч алс холоос ирсэн жүжигчин бүсгүй Бритни маань их борогшуу, хээгүй хүн байсан. Түүнээс гадна дууны найруулагч маань мөн Эль-Салвадороос гаралтай хүн байсан. -Таны дээр хэлсэнчлэн энэ кино нээрээ эсрэг дүргүй байсан. Болд гуайн дүр өрнөл хэсэгтээ эсрэг мэт байсан ч төгсгөлдөө жинхэнэ монгол эр хүний уужуу ухааныг гаргаж байгаа нь их гэгээн бас өвөрмөц шийдэл болсон санагдсан? -Хятадын Жан Э Моу гээд алдартай найруулагчийн кинонд эсрэг дүр байдаггүй. Сүүлийн үед ийм кино олон ч гарч ирж байна. Кинонд эсрэг тэсрэг хоёр дүр байгаад, зөрчлийн дунд нь үйл явдал өрнөдөг онол байдаг. Гэтэл ийм эсрэг дүргүй мөртөө үзэгчдийг уйдаахгүй кино орчин үед гарч ирж байна. Ийм кино хийх юмсан гэж боддог байсан юм. Уяач Болдын дүрийг эсрэг мэт харагдуулах үг хэллэг, үйлдлийг дунд хэсэгтээ оруулж байгаад төгсгөлд нь эргэлт хийж, сайхан сэтгэлтэй, Монгол эр хүн байсан юмаа гэдгийг харуулахыг зорьсон доо. -Киног үзэхэд тэр нь жаахан тиймхэн болж дээ гэхийн аргагүй жигд байсан нь маш сайн баг бүрдэж, нэгдэн нягтарч ажиллаж чадсаныг харуулж байсан. Киноны баг хамт олноо танилцуулаач? Энэ баг хэрхэн бүрдэв? -Киноны баг бүрдүүлнэ гэдэг чухал ажил. Кино хийхийн тулд тал талаас цуглаж, баг болон ажиллаад эргээд тардаг. Ямар кино хийх гэж байгаа зорилгоосоо шалтгаалж зураглаач, зураач, жүжигчин гээд бүгдийг нь сонгож баг бүрддэг. Нэг үгээр хэлэхэд байгалийн шалгуур юм. Би хамтарч ажилласан багийнхаа залуусыг сургаж, дараа дараачийн бүтээлдээ улам туршлагажиж өсөж дэвжээсэй гэж хүсдэг. Энэ киноны тухайд ирээдүйтэй залуус цугларч гар нийлж ажиллалаа. Зураглаачаар Д.Ангараг, продюсерээр Д.Ангараг, дуучин Ж.Алтанцэцэг, миний бие, зураачаар ахмад туршлагатай Т.Гоош ах ажилласан. -Энэ киног найруулагч О.Батзориг “Хэтрүүлэг, чамирхалгүй, суун босгон өндөлзүүлсэн уран яруу "Монгол найруулга, зохиол" гэж дүгнэсэн байсан. Үнэхээр үзсэн хүний хувьд ч үүнтэй санал нийлж байна. Киног найруулахдаа та ямар барилыг ашиглаж, гол болгосон бэ? -Би энэ киног хийхдээ аль болох жүжигчдээ барихгүй чөлөөтэй байлгах гэж хичээсэн. Манай зарим кино хэт жүжиглэлттэй, драмын жүжиг шиг байдаг. Жүжиг кино хоёр бол өөр. Жүжигт урд талын эгнээнээс эхлээд хамгийн арын эгнээний хүнд ч сонсогдохуйц тод, чанга ярих нь чухал байдаг бол кинонд өчүүхэн жижиг хөдөлгөөнөөр их олон зүйлийг илэрхийлж ойлгуулж болдог. Тийм болохоор киногоо мэдэрч, киноны өөрийнх нь хийц хэлбэр боломжуудыг зөв ашиглах ёстой л доо. Үүнээс гадна сайн кино бүтээхэд хамгийн гол нь судалгаа их хийх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр хийсэн кино нэг өөр, судалсан бүтээл бол өөр. Дээр үеийн ахмадууд “Амьдралыг судал” гэж хэлдэг байсан нь их учиртай шүү дээ. Мөн уран бүтээлдээ зүрх сэтгэлээ зориулж, цаг үеэ зөв ашиглах ёстой. Жишээ нь би киноны зураг авалтын үеэр кино багийнхандаа нэг ч селфи хийхгүй шүү гэж зарлаж байсан. Тэр бол бага юм шиг мөртөө ажлын садаа. Селфи биш кино чухал. -Киноны хөгжмийн талаар дурдахгүй өнгөрөхийн аргагүй онцгой байсан. Хэний бүтээл вэ? -Саяхан Итали улсад зохион байгуулагдсан “Морис Равелийн" нэрэмжит олон улсын уралдааны шилдэг 20 хөгжмийн зохиолчийн нэгээр шалгарсан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын зөвхөн манай кинонд зориулж бүтээсэн хөгжмүүд эгшиглэсэн. -“Монгол фильм групп” энэ киногоор мөн л нэрээ дахин тамгалж, бататгаж байна. Энэ группийн тухай товч танилцуулаач? -Анх “Монгол фильм”-ийг 2002 он байгуулж байлаа. 15 жилийн хугацаанд 20 гаруй киног дангаараа болон хамтарч хийгээд байна. Анхны кино маань “Ээждээ л үнсүүлэх сэн” уран сайхны кино. Дараа нь “Сэргээш”, “Ийм нэгэн дурлал”, “Зөрлөг”, “Миний муу аав”, “Үхэж үл болно” гэх мэт хэд хэдэн бүтээл бий. -Сайн кино бүтээхэд 1-т сайн зохиол, 2-т сайн зохиол 3-т сайн зохиол гэсэн киночдын алтан үг байдаг. Ярилцлагынхаа төгсгөлд асуухад орчин үед киночид сэдвийн хомсдолд ороод байна гэж ярьдагтай та санал нийлэх үү? -Зохиол бол хамгийн чухал гэдэг нь үнэн. Гэхдээ манайхан юмыг их туйлшруулдаг л даа. Жишээ нь америк киночид санаа сэдэвгүй болчхоод, зохиолын өлсгөлөнд орчихлоо гэж байдаг. Хэзээ ч тийм юм байхгүй. Хүн амьдарч л байгаа бол ямар нэг сэдэв байж л таараа. Сэдвийг хайж олох биш амьдралыг судлах л ёстой юм. Судлаад ирэхээр маш их сэдэв, санааг олдог. Монголчууд бид баялаг түүхтэй гэж бардамнадаг шигээ сайн зохиол бичээд гаргах л ёстой. Солонгосууд түүхээ киногоор харуулж чадаж байна шүү дээ. Энэ бол зохиолын сэдвийн тухайд. Харин зохиолын ур чадварын тухайд яривал үнэндээ хэцүү. -Яагаад тэр билээ? -Ер нь манай утга зохиол тэр чигтээ уначихсан. Хэвлэх үйлдвэрүүд олноороо орж ирж, ямар нэг цензургүй хэвлэдэг болсон. Мөнгө төлж л байвал ямар ч ном гаргаж болно. Маш ч их ном гарч байна. Харин яг чанартай зохиол олоход хэцүү. Ихэвчлэн уран бүтээлийнхээ чанарыг биш сурталчилгаа, пиар, имижээ гаргах зорилгоор л ном зохиол гаргаад байна. Кино зохиол гэдэг өөрөө онцлогтой. Тэр онцлогоо мэддэггүй, цэвэр өөрийнхөө авьяасд дулдуйдаж бичээд байна. Гэтэл онол, түүх байх ёстой. Монголын кино урлагийн 80 жилийн түүхийг, дэлхийн киноны, утга зохиолын, дүрслэх урлагийн түүхийг судлах ёстой. Гэтэл юу ч судлахгүйгээр хэдэн кино үзчихээд сэтгэгдлээрээ “би чадах юм байна” гээд л биччихдэг. Бид кино зохиолын уралдаан ч зохиож үзсэн. Маш их зохиол ирдэг ч хангалтгүй. Бичсэн хүмүүс өөрсдөө мундаг, агуу байна гэж боддог. Гэтэл тэр зохиол нь ямар кино болох, хийж байгаа хүмүүс нь чадах уу гэх зэргээр бодит байдлаа дүгнэх ёстой. Ур чадварын асуудал дутагдалтай байна. Тийм учраас би киногоо сүүлийн үед өөрөө бичиж байгаа. Энэ яриаг сонссон зохиолч эгдүү нь хүрэх л байх. Гэхдээ хэрэв эгдүүцэж байвал надад үнэхээр сайхан зохиол бичээд өг, би кино хийхэд бэлэн байна.
https://ikon.mn/n/11in
11io
Барьцаат зээл, банк бусынхан башийцгааж байна
Н.Норжин, Монголын мэдээ
06/21/2017 08:43:00
Эдийн засаг хямрахын хэрээр ашиг орлого нь нэмэгдэж байдаг салбар бол банк бус санхүүгийн байгууллага. Бас хэн дуртай нь хөл тавьж чаддаггүй бизнес. Дэнчингийн хэмжээ нь өндөр, тэрбумаар яригддаг учраас тэр биз. Босго оноо буюу хөрөнгийн сангийн хэмжээ 2.5 тэрбум төгрөг юм билээ. Ийм хэмжээний бэлэн мөнгөтэй хүн хэд билээ хэмээн бодож, асуудлыг хөндөлгүй орхиж болох ч он гарсаар 30 орчим бичил санхүүгийн байгууллага шинээр байгуулагдаж, тамга тэмдгээ авсан тухай статистик тоон мэдээлэл сонирхлыг минь өөрийн эрхгүй татав. Улсын хэмжээнд 2017 оны хагас жилийн байдлаар 245 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 105 нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол гуравхан сая хүн амтай жижиг зах зээлд бага тоо биш. Дампуурч хаалгаа барьсан банк бус санхүүгийн байгууллагын тухай мэдээлэл байхгүй байгаа нь бүгд л ямар нэг байдлаар ашигтай ажиллаж байгааг нотлох баримт юм. Банк бус санхүүгийн байгууллагууд иргэнд тавих нөхцөлөө зөөлрүүлэхийн хэрээр хүүгээ өсгөх бодлого баримталж буй. Барьцаалах хөрөнгөтэй л бол хаалга нь үргэлж нээлттэй байдаг энэ байгууллагаар үйлчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд бус сараас сард нэмэгдсээр байгаа нь ард түмний амьдрал тэр хэрээр доройтож байгаагийн илрэл байж мэднэ. Ядарч тэвдэхийн цагт толгойд хамгийн түрүүнд хүү өндөр ч бодлого нь уян хатан, явдал суудал багатай Банк бус санхүүгийн байгууллага санаанд буух нь бий. Тэгээд л хөл дүүжлэх унаанаасаа өгсүүлээд үнэ хүрэх бүхнээ барьж очин хэдэн төгрөг болгож аваад санаа амрах ч сарын дараа сахил аваад шал дордов гэгч болдог нь худлаа биш. Нөгөөтээгүүр, банк бус санхүүгийн байгууллагаар хэн үйлчлүүлдэг вэ гэхээр банкны зээлээр орон сууц худалдаж авсан иргэд байдаг гэнэ лээ. Банк давхар зээлтэй иргэнд зээл өгөхгүй учраас очдог газар нь банк бус. Орон тооны цомхотгол, уул уурхай зогссоноос үүдэн хэдэн зуун мянган иргэн энэ байгууллагад байдгаа барьж очиж байгааг тоон баримт харуулж байх юм. Харамсалтай нь зээл авсан өдрөөс хүү бодогдож, банкны зээл дээр банк бус байгууллагын хүү өндөртэй зээл нэмэгдэнэ. Хойд хормойгоороо урдахаа нөхсөөр нэг өдөр таг зогсоно. Зарим нь ч яах вэ, яаж ийж байгаад учрыг нь олдог л байх. Харин банк бусууд өндөр хүү, өдрийн алданги хоёроороо хармаа хотоо түнтийлгэн, илүү ихийг олохын төлөө улайраад зогсохгүй хураасан эд хөрөнгөө өөрсдийн нэр дээр шилжүүлснээр хөрөнгөжиж эхэлдэг аж. Ерөөс байшин болгоны буланд ломбард, банк бус хоёр нээгдэж, нийслэлийн дүүрэг болгонд салбараа нээцгээн “дөвчигнөж” байна. Чамлахааргүй ашиг олсон зарим нь мөнгө угаах бас нэгэн хувилбар болох зээл чөлөөлдөг бизнесийг эрхэлдэг болсон байгаа талаар ядарсан иргэд гомдол мэдүүлэхээс өөр шид алга. Нөгөө нэг нь жижиг худалдаачдад өдрөөр мөнгө зээл олгоод оройд нь хүүтэйгээр эргүүлж авах жишээтэй. Бүр том “гарууд” нь газрын наймаа, барилгын бизнес рүү шилжинэ. Энэ бүхэн ард түмний нус нулимсан дунд цэцэглэж буй хэрэг. Мөн ийм аргаар мөнгө угаагчдын нэг нь дээр хэлсэнчлэн барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээ бүхий ломбардууд. Байшингийн булан тохой, үйлчилгээний байгууллагын үүдэнд голдуу төвхнөсөн ломбард банк бус санхүүгийн байгууллагын дэргэд эргэлтийн мөнгөөрөө чигчий хурууны дайтай ч төрийн албан хаагч, оюутан сурагчдын нэг удаагийн хэрэгцээг өлхөн хангачих чадалтай. Хүү нь ч өндөр 6-8 хувь. Сүүлийн үед сараас бус 7-10 хоногийн хугацаатайгаар зээлээ олгодог болсон гэж дуулдсан. Банкны зээлийн шалгуур улам л нарийсаж, нийгмийн даатгалыг хүртэл лавлагаагаар нэхдэг болов. Арга ч үгүй. Хувь, хувьсгалын байгууллагуудын өр төлөөс нийгмийн даатгалын салбарт овоорчихсон учраас бичсэн дэвтэрт бус лавлагаанд итгэхийг илүүд үзэх болжээ, тэд. Тиймээс энэ сиймхийгээр ломбард баяжих аж. Ломбардуудыг цэгцлэх, хяналттай болгох тухай УИХ-ын гишүүд удаа дараа ярьж, хуулийн төсөл ч боловсруулж байв. Гэвч өнөө хэр ахиц гарсангүй. Энэ сиймхийг ломбардууд тун овжин ашиглаж, хотын төвд оффис барихаас наагуур л хөлжиж байх юм. Хугацаа хэтэрсэн хоногт тутамд алданги тооцохоо хамгийн сайн чадна. Зөвхөн нэг өдрийнх нь алданги мянган төгрөгөөс эхэлнэ. Тэр нь арван өдөр болоход үндсэн хүүтэйгээ нийлээд явж өгнө дөө. Бас үнэт зүйлийг нь хэрхэн үнэлэхээ биднээр заалгахгүй. Жишээ нь 150 мянган төгрөгийн үнэтэй бөгж байлаа гэхэд үнийн дүнгийн 70 хувиар үнэлнэ гээд 105 мянгаар үнэлж байгаа юм. Цаашлаад энд, тэнд нь ийм зураач гарчхаж мэтээр өөлж гоочилсоор 60-70 мянган төгрөгөөр үнэлж орхино. Тодорхой хугацааны дараа үнэт зүйлийг нь ашгаа хоёр нугалсан үнээр борлуулчхаад маадгархан суух. Үйлчлүүлэгч бид ч тэдний эл араншинг мэддэг ч мөнгөгүйн гайгаар аманд нь багтаж л суух юм, яалтай билээ. Нийгэмд зовлон зүдгүүр нүүрлэсэн үед зөвхөн лам баяждаг байсан бол эдүгээ Банк бус санхүүгийнхэн бас хуваалцдаг болжээ. Зуданд нохой зоолж, зовлонд лам баяждаг гэх үг өнөө цагт өнгө төрхөө өөрчилж ард түмэн хямрахад ломбард, банк бусчууд зоолдог болсон цөвүүн цаг иржээ. Эцэст нь өгүүлэхэд, Монгол Улс гаднын улс орнуудад төлөх өрөө бус өртэй өрхөө тоолбол яасан юм бэ. Нэг айл лизинг, ломбард, банк бус, байрны гээд хамгийн багадаа л хоёр гурван зээлтэй байна. Гэтэл авдаг цалин нь ахиж дээшилсэн юм алга. Төр засаг нь хаа нэгхэн цалин нэмлээ гэж шоудахаас өөр шидгүй суух. Ядахад яр гэгчээр, цалин тэтгэврийн хүүг бууруулж буян үйлдлээ хэмээдэг ч эсрэгээрээ банкны шалгуурыг улам нэмэгдүүлж, хүү буурах бус хүүгийн сарын хугацааг л бууруулж орхидог нь гачлантай юм. Мэргэн төрийн шийдвэр болгон монгол түмний амьдралд нэмэр биш нэрмээс болж буйг ойлгох сайн цагийг үзэх сэн.
https://ikon.mn/n/11io
11ip
Ургийн бичгийн монгол түүх уламжлалаас
Монголын мэдээ
06/21/2017 09:00:00
Монгол ёс уламжлалд ургийн бичиг, тэмдэглэл хөтлөх нь бүр эртний түүхэн гаралтай нь товчлон өгүүлбэл: “Монголын нууц товчоо” номонд Чингис хааны дээд овог өвөг нь Тэмүүжингээс дээшхи Бөртэ-Чину хүртэлх 24 үеийг овог удмаар нь нэрсээр нь дэс дараалан бичсэн байдаг. Жишээ нь : Чингис язгуур: Бөртэ-Чину гэргий Гуа- марал нар, Батичихан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ. Батицигааны хөвгүүн нь: Тамча Тамчагийн хөвгүүн: Хорчир мэргэ Хорчир мэргэний хөвгүүн нь Уужим-буурал гэх мэт нэрээр нь дараалж Есүхэй баатар, түүний хөвгүүн нь Тэмүүжин Чингис гэж бичсэн байдаг. Дээр үед нууц товчоог бичсэн хүмүүс Тэмүүжин Чингисээс дээшхи тэр 24 өвөг, удмын нэрийг ураг, удмын тэмдэглэлээр нь бичсэн нь тодорхой. Монголчууд эрт дээр үеэс “ургийн бичиг”, “өрхийн түүхээ” хөтлөж, түүнийгээ өвөг, дээдэс, ахан дүүс, хамаатан садан, үр хүүхдүүд нь нарийн дагаж мөрддөг байжээ. Энэ уламжлал нь амьдралын үндсэн хоёр шаардлагаас үүсэн монгол хүний оюун ухаанаар үүсжээ. Энэ уламжлал нь бүр феодалын нийгмийн үеэс өмнө үүссэн байна. Нэгдүгээрт: Хамгийн гол зорилго нь цус ойртох аюулаас хамгаалдаг уламжлал юм. Монголчууд айл-өрх нэг бүрээрээ эрт дээрээс “ургийн” буюу “гэрийн үеийн бичиг” гэдэг тэмдэгтэй байжээ. Үр хүүхэд, залуусаа гэрлэх үед хоёр тал нь тэмдэглэлээ үзэж, удмаараа харилцдаг нарийн заншилтай байсан байна. Ер нь монгол уламжлал болон шинжлэх ухааны үндэслэлээр нь авч үзвэл, хүний цус ойртолт нь есөн үе дотор болдог байна. Орчин үед мөн адил шүү дээ. Монгол заншилд аль нэг эр, эм хоёр залуу ойртож харилцаа үүсгэж эхэлбэл хоёр талын аав ээж нь нөгөө тэмдэглэлээ үзэж, ахан дүүсийн мэдлэгээрээ шалгаж, хэрэв хоёр залуу есөн үе дотроо тав, зургаа долоо гэх мэт үе дотроо байвал шууд салган үерхлийг нь зогсоодог нарийн ёс уламжлалтай байжээ. Хэрвээ үерхэгч хоёр есөн үе дотроо хамааралгүй бол шинэ айл гэр бүлийн ёсоор дэмждэг уламжлалтай байна. Энэ нь монгол хүний оюун ухаан эрүүл биеийн үндэс юм. Цус ойртсон хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд оюун ухаан мэдрэлийн согогтой, бие эрхтэн дутуу, ядууралтай байдаг нь тодорхой ажээ. Тэр нь өнөө үеийн тодорхой жишээ судалгаагаар нотлогддог. Монгол уламжлалд ураг-удам, ахан дүүсээ мэддэггүй хүнийг "Ойд төөрсөн сармагчин адил" гэж шоолон хэлдэг байжээ. Тэр нь үнэн. Монгол төрийн олон зууны уламжлалаас үзвэл ургийн бичгээ: “Төрийн ургийн бичиг” “Гэрийн үеийн бичиг” “Гэрээс гарсан тэмдэгт бичиг” гэж гурван үндсэн ангиллаар бичдэг байжээ. Төрийн ургийн бичиг Төрийн хаад, ноёд, ихэс дээдсээ удам, угсаагаар нь дээд албанд дэвшүүлэн томилдог учир тэр бичгээ “Ургийн бичиг” гэжээ. Ургийн бичгийн товч түүхээс дурдвал: Хавт хасар, Бэлгүүтэй, Батмөнх “Даян хаан” жайлаар хун тайж Гэрсэнз нарын ургийн бичиг зэрэг олон бичиг байдаг. Эдүгээ Үндэсний Төв Архивт Цэцэн хаан аймгийн Шолой цэцэн хааны ургийн бичиг байдаг. Энэ бичиг нь: "Их дүгриг" хэмээх 5- 6 метрийн диаметртэй том цагаан даавуун дээр монгол бичгээр бичсэн бичиг байдаг. Шолой цэцэн хааны /1577-1652/ нэрийг их дүгрэг даавууны гол дунд нь монгол бичгээр бичээд Хоёрдугаар тойрогт түүний 11 хөвгүүний нэрийг Гуравдугаар тойрогт тэдний 54 хөвгүүний нэрсийг Дөрөвдүгээр тойрогт тэдний 175 хөвгүүний нэрсийг Тавдугаар тойрогт тэдний 474 хөвгүүний нэрсийг Зургаадугаар тойрогт тэдний 920 хөвгүүний нэрсийг Долоодугаар тойрогт тэдний 1127 хөвгүүний нэрсийг Наймдугаар тойрогт тэдний 1427 хөвгүүний нэрсийг Есдүгээр тойрогт тэдний 2214 хөвгүүний нэрсийг Аравдугаар тойрогт тэдний 2296 хөвгүүний нэрсийг Арваннэгдүгээр тойрогт тэдний 2595 хөвгүүний нэрсийг Арванхоёрдугаар тойрогт тэдний 5917 хөвгүүний нэрсийг Арвангуравдугаар тойрогт шинээр төрсөн 15 хөвгүүн /хүүхдийн/нэрсийг бичжээ. Эдүгээ ҮТА-т улсын номын санд хадгалагдаж буй. Монгол төрийн ургийн бичгүүд, Шолой цэцэн хааны ургийн бичиг зэрэг нь олон улсын аль ч архивд байхгүй. Товч тодруулга, тайлбар Айл өрхийн “гэрийн үеийн бичиг”-ийн эрт үед “модон самбар”-т ургаа модны салаа мөчир хэлбэрээр тэмдэглэдэг онцлогтой байжээ. Мөн даавуу, цаасан дээр зурах тохиолдол ч байсан аж. Эртний аймаг , шавь, хошуудын айл нэг бүрд бичигтэн хүмүүс цөөн байсан учир: Гэрийн үеийн бичгээр тэмдэглэдэг тусгай бичигтнийг орон нутгийн төр томилон ажиллуулдаг байжээ. “Төрийн ургийн бичигт" зөвхөн эрэгтэйчүүдийг тэмдэглэдэг. Учир нь хаад, ноёд, түшмэд зэрэг төрийн албанд удмын эрэгтэйчүүдийг томилдог байв. Харин "Гэрийн үеийн бичигт" эрэгтэй, эмэгтэй, үр хүүхдийг нь бүгдийг нэрсээр нь тэмдэглэдэг заншил түүхтэй. Монголчууд түүх уламжлалынхаа дагуу орчин үед л “Гэрийн үеийн бичиг”-ээ хөтөлдөг болмоор байна даа. Энэ нь бодлогоор зохицуулагдах асуудлын нэг билээ. МУСГЗ, доктор профессор Г.Норовсамбуу
https://ikon.mn/n/11ip
11iq
Нацистуудын их хэмжээний эд зүйлс Аргентинаас олджээ
Р.Төмөр, ikon.mn
06/21/2017 09:02:00
Энэ сарын эхээр Аргентины цагдаа нийслэл Буэнос Айрес хотын нэгэн урлагийн бүтээл цуглуулагчийн гэрт нэгжлэг явуулах үеэр Нацистуудын их хэмжээний эд зүйлс бүхий өрөөг илрүүлжээ. Өрөөнд Адольф Гитлерийн том хөрөг, хутга, томруулагч шил, эмнэлгийн багаж, баримал зэрэг зүйлс хадгалагдаж байсан нь бүгд дэлхийн хоёрдугаар дайны үеийнх юм байна. Олдворуудын дотор хүний толгойг хэмждэг багаж байгаа нь Ари хүнийг бусад үндэстнүүдээс ялгаж таних зорилготой зүйл гэж судлаачид үзэж байгаа гэнэ. Аргентины холбооны цагдаагийн газрын дарга Нестор Ронкалиа “урьд нь ийм зүйлс бөөнөөр олдож байгаагүй” гэжээ. Одоо мөрдөгчид Өмнөд Америкийн энэ оронд нацистуудын ийм их хэмжээний эд зүйлс хэрхэн ирснийг судалж байна. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр нацист Германы олон тоны офицер Аргентинд дүрвэж ирсэн баримт байдаг юм. Эх сурвалж: Associated Press
https://ikon.mn/n/11iq
11ir
ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн Засаг дарга С.Батболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Г.Мөрөн, iKon.mn
06/21/2017 09:13:00
Гэрэл зургийг mpa.mn ХНХЯ-нд 09:00-14:00 цагт "Залуучууд судлал-2017" эрдэм шинжилгээний бага хурал болно. Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 11:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэдээлэл хийнэ. MN-Мэдээллийн төвд 11:00 цагт “Туурайн төвөргөөн” Олон улсын хөгжмийн XVII их наадам маргааш зохион байгуулагдах тухай мэдээлэл өгнө. Гандантэгчэнлин хийдийн Мэгзэджанрайсаг бурхны урд талбайд болох наадмын нээлтэд Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээр дуулж, лам нар хүслийн таван тахил өргөх аж. 11:30 цагт Г.Доржзодовын өмгөөлөгч хэвлэлийн бага хурал хийнэ. Богд хааны ордон музейд 17:00 цагт "Эд өлгийн барилдлага: Хаанс Лэдэрийн мөрөөр" үзэсгэлэн нээгдэнэ.
https://ikon.mn/n/11ir
11it
Дэлхийд үнэлэгдсэн дуучин Г.Ариунбаатарын багш ярьж байна
Т.Батсайхан, Зууны мэдээ
06/21/2017 09:36:00
“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнээс гавьяат жүжигчин Г.Ариунбаатар романсын төрөлд тэргүүлсэн. Мөн дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан билээ. Энэ цаг мөчид түүний багш гавьяат жүжигчин О.Ичинхорлоотой ярилцлаа. -Таны шавь дэлхийн сонгодог урлагийн тайзан дээр эх орныхоо нэрийг цуурайтуулж явна. Шавиараа бахархах, баярлах, хайрлах сэтгэлээр дүүрэн суугаа биз? -Тийм ээ. “BBC” телевиз дээр сувгаа тааруу­лаад тэмцээнийг сэтгэл догдлон үзлээ. Хэдэн шөнө нойр ч хүрсэнгүй. Сэтгэл сайхан байна. Бахархахгүй байх аргагүй үйл явдал юм. Дэлхийн мэдээллийн томоохон сувгийг түшиглэсэн их өвөрмөц, сонин зохион байгуулалттай тэмцээн болдог. Би СУИС-д 40-өөд жил багшилж байна. Энэ сургуулийн бүтээгдэхүүн дэлхийн сонгодог дуурийн урлагт хөл тавьж амжилттай яваад баярлаж суулаа. Г.Ариунбаатар маань Монгол Улсынхаа нэрийг гаргаад зогсохгүй, энэ салбарт ажиллаж байгаа бүх л уран бүтээлчдэдээ урам зориг хайрлалаа. Мөн уран бүтээлчид маань энэ тэмцээнд цагаан толгойн үсгийн дарааллаар оролцож амжилт үзүүлж байна даа хэмээн багш бид хошигнон яриад л суулаа. Г.Ариунбаатар маань дэлхийн хүү боллоо үнэхээр баяртай байна. -Энэ тэмцээнд өмнө нь Э.Амартүвшин оролцож, мөн л амжилт гаргаж байсан байх аа? -Тийм шүү. Э.Амартүвшин өмнө нь энэ тэмцээнд оролцож сайхан амжилт үзүүлж байлаа. Сая Г.Ариунбаатартай хамт ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал мөн энэ тэмцээнд оролцсон. Олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг тахлан оролцож байгаа бүхий л хүүхдүүддээ баярлаж өмнөөс нь залбирч суудаг даа. Асар их хөдөлмөрийн дараа ард түмнээ баярлуулж байгаа нь аз жаргал юм. Энэ удаа Г.Ариунбаатар Монголын сонгодог урлагийн хөгжил дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн оршиж буйг мөн харуулсан. Ер нь багшийн хувьд шавиараа их л бахархан омогших юм. -В.И.Чайковскийн уралдаан бол сонгодог уран бүтээлчдийн мөрөөдөл байдаг. Энэ тэмцээнд оролцоход нь таныг их л хичээж бэлдэж байсан гэдэг? -Дөрвөн жил тутамд болдог В.И.Чайковскийн урлагийн наадмаас 21 жилийн дараа дуучин хүн Гранпри шагналыг авсан нь миний шавь Г.Ариунбаатар байлаа. Олон орны уран бүтээлчид оролцож дандаа хөгжмийн төрлүүд эсвэл өөр урлагийн бүтээлүүд Гранпри авдаг байсан. Энэ байдлыг Монголын уран бүтээлч эвдсэн юм шүү дээ. 21 жилийн өмнө ОХУ-ын нэгэн эмэгтэй дуучин авсан байдаг. Би маш их баярлаж, баярласандаа зүрхний өвчтэй болохоо дөхсөн шүү дээ. /инээв/. Багшийгаа тэгж их баярлуулж байсан даа. -Сая “Дэлхийн дуучин” тэмцээнд Монголынхоо уран бүтээлийг эгшиглүүлсэн нь онцлог байлаа. Сонгодог урлагийн алдартай эксперт Г.Ариунбаатарын дуулахыг сонсоод нулимс унагаж байсан. Уран бүтээлч хүний бас нэгэн аз жаргал омогшил юм даа? -Тийм ээ. Английн маш их алдартай, дуулах урлагийн эксперт эмэгтэй уйлж байсан. Тэр “Монголын авьяаслаг хүү миний төрсөн өдрөөр, энэ тайзан дээр надад ийм том бэлэг барилаа. Ямар гайхамшигтай дуучин, гайхамшигтай хөгжим бэ” гэж байсан. Дэлхийн сонгодог урлаг судлалын энэ том төлөөлөл Монголын хөгжмийн урлагт уярна гэдэг бидний хувьд том үнэлгээ байлаа. Би тэссэнгүй хөгжмийн зохиолч Б.Шарав руу залгаж баяр хүргэсэн. Н.Жанцанноровтоо баяр хүргэмээр байна. Энэ хоёрын маань бүтээл хосгүй юм гэдгийг үүнээс харж суулаа. -Г.Ариунбаатартай багш шавь болсон түүхээсээ хуваалцахгүй юу. Ямар хүүхэд ирж байв? -Аравдугаар ангиа төгсөөд СУИС-д элсэж байсан юм билээ. Анх Ардын жүжигчин Д.Банди багшийн ангид орж байсан хүү. Тэгээд жил гаруй хичээллээд төлбөр мөнгөний асуудлаас болж хоёр жил гаруй сургуулиасаа завсардсан гэдэг. Тэр хугацаанд хар ажил хийж, зах дээр тэрэг хүртэл түрж байсан гэж дурсдаг юм. Тэгж явахад нь цагдаагийн “Сүлд” чуулгын дарга, хурандаа Л.Гаваасүрэн тусалж, чуулгадаа дуучнаар авч, эргээд СУИС-ийн дуулаачийн ангид оруулж байлаа. Тэгээд би Г.Ариунбаатартайгаа багш шавь болж байсан. Их сайхан хоолойтой, авьяаслаг хүүхэд байлаа. Анх сонгодог бүтээлүүдийг онолын ямар ч мэдлэггүй яг л хүүхдээрээ ари романсыг хамаагүй дуулж орж ирсэн. Тэгээд багш хүний хувьд “Чи ямар хамаагүй, хаанаас ирсэн амьтан бэ” гээд л загнаж байсан. Тэгсэн Г.Ариунбаатар маань инээд алдаад л зогсож байна. Ер нь дандаа инээж явдаг хүн шүү дээ. Тухайн үед би хүүхдийнхээ авьяасыг олж харсан учраас тийм ааш гаргаж байсан юм. -Тэгээд хэзээнээс та хоёр хичээллэж эхлэв? -Загнуулаад гарснаас хойш хоёр хоногийн дараа Д.Банди багшийн концертмейстер Ц.Уртнасан орж ирээд “Та Г.Ариунбаатарыг авч дуучин болгооч. Д.Банди багш маань нас барчихлаа. Энэ хүүхдийн авьяас нь хайран байна” гэдэг юм байна. Тэгээд хэд хоногийн дараа Г.Ариунбаатар “Багшаа уучлаарай. Та намайг шавиараа аваач. Би хичээж зүтгэх болно оо” гэсээр ирж билээ. Тэгж бид хоёр албан ёсоор багш шавь боллоо. Хичээлээс завсардсан байсан ч уйгагүй хичээллэсэн. Их онцгой хүүхэд байлаа. Хүний зааж байгаа зүйлийг салхи залгиж байгаа мэт өөртөө авдаг. 10-аад хичээлийн дараагаас онцгой авьяастай, онцгой хичээл зүтгэлтэй нэгэн болох нь мэдрэгдсэн. Би их олон жил багшилсан хүн. Гэхдээ Г.Ариунбаатартай хичээллэх тусам улам л их зүйлийг заамаар санагдтал багшийн хайрыг татсан хүүхэд. Багш хүн эргээд сурагчаасаа их зүйл сурдаг шүү дээ. Түүн шиг шавиасаа маш их зүйл сурсан. -Анхны тэмцээн М.И.Глинкийн уралдаан байсан уу. Ер нь Г.Ариунбаатарын дуучин болсон зорилго нь олон улсын уралдаануудад орох байсан уу. Аль эсвэл тухайн үеийн зохиолын дуучид шиг уран бүтээлч болох байв уу? -Анхнаасаа л сонгодог урлагийн дуучин болох хүсэлтэй орж ирсэн. Сургуулиа төгсөөд амьдралын эрхээр нэг хэсэг зохиолын дуу дуулсан. Сургуулиа төгссөний дараахан нь би шавьдаа “Одоо дөрвөн жилийн дараа Чайковскийн уралдаан болно. Тэрэнд чи орно. Одооноос бэлтгэх ёстой” гэсэн. Ариука маань “За багшаа тэр нь юу байдаг юм бол. Та мэдээрэй л” гэж байна. Тэгээд хоёулаа уйгагүй хичээллэсэн. Нотоо тэврээд л гүйгээд байдаг байлаа. Уйдна ч гэж үгүй, уйгагүй ч гэж жигтэйхэн хүүхэд шүү дээ. Би 2011 онд өөрийн уран бүтээлийн сонгодог тоглолтоо Дуурийн тайзнаа хийсэн байлаа. Тэнд Г.Ариунбаатараараа В.И.Чайковскийн хоёр ч том романсыг оркестртой дуулуулсан. Маш сайхан дуулсан. Хөгжимчид болон хүрэлцэн ирсэн хүмүүс босож баяр хүргэж байлаа. Ер нь тэр тоглолтод оролцсон миний шавь нарт үзэгчид маш их урам өгсөн дөө. Түүний дараа Г.Ариунбаатар “Багшаа Буриадад нэг уралдаан болох гэнэ. Би тэрэнд орвол яах бол” гэсээр ирсэн. Тэгэхээр нь “Үгүй ээ. Чи бид хоёр болоогүй. Бид хоёр Чайковскийн уралдаанд л орно” гээд гаргасан. Тэр үед миний толгойд энэ уралдаанд л асар их бэлтгэх хэрэгтэй гэсэн бодол байсан. Шавийгаа өөр ямар ч уралдаанд оруулахгүй гэсэн бодолтой. -Гэхдээ В.И.Чайковскийн уралдаанаас өмнө Глинкт орж тэргүүн байрт орсон шүү дээ. Тэр Г.Ариунбаатарын шийдвэр байсан юм уу? -Надтай зөвлөсөн. Нэг өдөр “Багшаа Глинкийн уралдаанд орж үзвэл ямар вэ” гэсээр орж ирсэн. Би ч бас хичээл зүтгэлийг нь үнэлэх хэрэгтэй гэж шийдээд зөвшөөрч байлаа. Тэгээд тэр тэмцээнд жил гаруй бэлтгэсэн дээ. Тэмцээнд явахыг даваан дээр би нуруугаа гэмтээсэн юм. Гэхдээ шавийнхаа хичээл зүтгэлийг хараад орхиж хагалгаанд орох, хэвтээд байх надад утгагүй санагдсан. Суга таягтай хөгжмөө тоглоод л заавар зөвлөгөөгөө өгөөд явсан. Яг явуулсны дараа жаахан айж байлаа. Олон улсын том тэмцээн учраас уран бүтээлч жаахан л алдаа гаргах юм бол хонх цохиод л зогсоочихдог. Тэгэх вий. Хүсэл зорилгыг нь мөхөөчих вий гэж эмээж байлаа. Харин шавь маань тэнд гайхамшгийг үзүүлж Олон улсын томоохон тэмцээнд анх удаа оролцоод тэргүүн байр эзлээд ирсэн дээ. Явахад нь суга таягтай үлдсэн би ирэхэд ч юун өвчин зовлон маш богино хугацаанд эдгэсэн. Онгоцны буудал дээр байдгаараа гангараад л угтаж авсан. Ер нь би ямар ч шавьдаа ээжийн ёсоор ханддаг. Нэгэнт миний лабораторид сураад амьдралын, уран бүтээлийн замд гарч байхад нь би сэтгэл тавихгүй бол болохгүй шүү дээ. -Г.Ариунбаатарын хоолой баритон дотроо яг аль ангилалд нь багтдаг вэ? -Баритон дотроо өндөр, өндөрлөг хоолой. Өөрөөр хэлбэл уянгын баритон хоолой гэх юм уу даа. Дээшээ их өндөр гардаг. Нарийн өнгийг их сайн дуулдаг. Тийм сайхан хоолой доо. Зарим дуучид ихэнхдээ дээд талын өнгөн дээр тээглээд байдаг. Тэгэхэд манай Г.Ариунбаатарын хоолой дээшээ маш сайн гардаг. Энэ хүүхдэд юу сургаж, юу өгсөн түүнийхээ хариуг авч чадлаа гэж бодож байна. Энэ л багш хүний жаргал юм даа.
https://ikon.mn/n/11it
11iu
Цаасгүй, цахим и-баримт ePOS үйлчилгээ шинээр гарлаа
СУРТАЛЧИЛГАА
06/21/2017 09:21:00
Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк нь Датабэйнк ХХК болон програм хангамжийн салбарын тэргүүлэгч 15 компанитай хамтран төлбөрийн карт хүлээн авах цаасгүй, цахим ePOS үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. еPOS үйлчилгээг ААН, иргэд үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр: Цаасгүй, цахим и-баримт олгох НӨАТ-ын баримтыг карт уншигчаас автоматаар шивэх Олон төрлийн кассын програмтай шууд холбогдон ажиллах Үнийн дүнг карт уншигч машинд шууд дамжуулах ба гүйлгээний дүнг буруу хийх эрсдэл үүсэхгүй. Өөрийн бизнестээ хямдрал урамшууллын хөтөлбөр нэвтрүүлэх боломжтой болох юм. Мөн ePOS үйлчилгээг нэвтрүүлсэн худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй иргэд НӨАТ-ын баримт автоматаар шивэх, цахим баримт авах болон тухайн байгууллагын хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт давхар хамрагдах давуу талтай юм. Энэхүү үйлчилгээг авахын тулд Монгол улсын татварын нэгдсэн системд “Хэрэглэгчийн системийн шаардлага” хангасан компаниудын кассын машин болон програмыг ашигладаг, интернэт холболттой байх шаардлагатай юм. ePOS карт уншигч: ePOS гэдэг нь НӨАТ-ын баримтыг автоматаар бүртгэж банкны картаар хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтой бэлэн бус төлбөр тооцоог хийдэг карт уншигч юм. ААН болон хувь хүн та ePOS үйлчилгээг авах бол www.epos.mn хаягаар и-мэйл илгээнэ үү.
https://ikon.mn/n/11iu
11iv
Аялал жуулчлалын компаниуд Америкийн иргэдийг Хойд Солонгос руу аялуулахаас татгалзаж эхэлжээ
Р.Төмөр, ikon.mn
06/21/2017 09:22:00
Хойд Солонгосын шоронгоос суллагдсаныхаа дараа нас барсан Отто Уормберийг Пёньянд аялуулж байсан жуулчлалын компани дахин Америкийн иргэдэд үйлчлэхгүй гэдгээ зарлажээ. Оюутан Уормбер өнгөрсөн жил Бээжингийн Young Pioneer Tours компанийн шугамаар Хойд Солонгост аялж байхдаа баривчлагдаж, 15 жилийн хорих ял авсан юм. Зочид буудлаасаа үзэл суртлын зурагт хуудас хулгайлсанд буруутгагдсан 22 настай оюутан 17 сарын дараа гэртээ ухаангүй ирээд Даваа гарагт нас барсан билээ. “Отто Уормберийн эмгэнэлт үхэл биднийг Америк жуулчдад үйлчлэхээс татгалзахад хүргэлээ. Хойд Солонгост аялуулсан үйлчлүүлэгчдэд маань ийм харамсалтай явдал өмнө нь тохиолдож байгаагүй. Тэгвэл одоо Америкчуудыг Хойд Солонгост аялуулах нь хэтэрхий өндөр эрсдэлтэй үйлдэл болоод байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлжээ. Түүнээс гадна Хойд Солонгосын аялал жуулчдад санал болгодог хоёр компани америк жуулчдын талаарх бодлогоо эргэн харж байгаагаа мэдээлсэн байна. Тэдний нэг нь Бээжинд төвтэй Корё групп бөгөөд тэд Пёньян дахь түншүүдтэйгээ ямар бодлого цаашид баримтлахыг хэлэлцэж байгаа гэжээ. Корё групп нь Хойд Солонгосоос гадна ОХУ, Монгол, Туркменистан, Тажикистан зэрэг орнуудад аялал зохион байгуулдаг юм байна. Нөгөө нэг компани нь болох Uri Tours мөн америк жуулчдад үйлчлэх эсэхээ шийдэхээр ажиллаад эхэлжээ. Эх сурвалж: Travelweekly
https://ikon.mn/n/11iv
11iw
Борооноор үерт автсан тухай 71 дуудлага Онцгой байдлын албанд иржээ
Б.УЧРАЛ, iKon.mn
06/21/2017 09:34:00
Улаанбаатар хотод 2017.06.19-ний өдрийн 22:00 цагаас 20-ны өдрийн 21:00 цаг хүртэл их хэмжээний усархаг бороо орсны улмаас орон сууц, барилгын зоорийн давхруудад их хэмжээний ус орсон, айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай нийт 71 дуудлагыг Нийслэлийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хүлээн авсан байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах 105 анги, төвийн 6 дүүргийн 11 анги, нийт 13 ангийн 179 алба хаагч, 30 техник хэрэгсэлтэйгээр иргэд, аж ахуй, нэгж байгууллагын аюулгүй байдлыг хангаж ажиллав. Тухайлбал Баянгол дүүргийн 4-р хороо 28, 29 дүгээр байрны автомашины граж усанд автсан байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид соруулж аюулгүй болгосон. Мөн дүүргийн 4-р хороо Голден парк 2 хотхоны 301-р байрны автомашины граж усанд автасныг нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид соруулж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/11iw
11ix
С.Сайханбаяр: Бидний гол амбиц дэлхийд гарах
Л.Цэцэгжаргал, ЗУУНЫ МЭДЭЭ
06/21/2017 10:09:00
“Naad” брэндийн угсардаг гэр сүүлийн үед гаднын жуулчид төдийгүй гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд хамгийн их эрэлт үүсгээд байна. Тиймээс бид энэхүү төслийн санаачлагч “Талын эзэн” компанийн захирал С.Сайханбаярыг “Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн зочноор урьж ярилцсан юм. -Танай бүтээсэн угсардаг гэр зах зээлд хүмүүсийн сонирхлыг маш ихээр татаж байна. Бүтээх болсон анхны санаа хаанаас төрсөн талаар яриагаа эхэлье? -Миний хувьд маркетингийн чиглэлээр МСS, Юнител зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан. Маркетингийн хүмүүст брэнд бүтээгдэхүүн гаргах маш том амбиц байдаг юм. Манай дотоодын зах зээл бага учраас юу хийвэл дэлхийн зах зээлд гарч болох талаар нэлээд их судалгаа хийсэн. Монгол Улсын онцлог өгөгдөл бүхий зүйл байх ёстой юм байна гэж үзээд, монгол гэр хийхээр болсон. Дэлхийн тоглоомын зах зээлийг судлаад үзтэл, нэлээд өндөр дүн эргэлддэг төдийгүй орох боломж нь харьцангуй гайгүй байсан. Тэгэхээр тоглоом болон сувинерийн зах зээл нь боломжийн гэж үзээд гурван жилийн өмнөөс монгол гэр хийхээр оролдож эхэлсэн. Хүүхдийн тоглоом учраас эрүүл ахуйн асуудал маш чухал. Манай бүтээгдэхүүнийг гаднын жуулчид маш ихээр сонирхож байгаа. Жуулчид Монголд ирээд хамгийн түрүүнд гэрт орж үзэхийг хүсдэг юм байна. Цаашлаад барьж үзэхийг хүсдэг ч боломж нь олдохгүй байсаар буцдаг. Тиймээс бид гэрийг авч үзсэн. Гэрээр эхэлсэн бидний бүтээгдэхүүн цаашлаад эд өлгийн соёл руу орж хэд хэдэн бүтээгдэхүүн хийхээр төлөвлөөд байгаа. -Дараагийн бүтээгдэхүүн нь юу байх бол? -Дараагийнх нь гэртэй холбоотой бүтээгдэхүүн байна. Гаднынхан биднийг “Та нар гудамжиндаа мориороо явдаг уу” гэж асууж байгаа нь угтаа бол доромжлол биш юм. Монгол хүн морь хоёрыг салгаж харах аргагүй. Дэлхий дахинаа биднийг ингэж төсөөлж байхад, үүнийгээ хэрхэн гаргаж таниулах вэ гэдэг нь маш чухал. Тал нутаг, таван хошуу мал, гэр гурав нь нүүдэлчин монголчуудыг тодорхойлох өгөгдөл юм. -Материалыг нь яагаад хуванцраар хийсэн юм бэ. Модоор хийсэн бол яг монгол гэрийн жижиг хувилбар байх байсан юм биш үү? -Анхны загваруудаа модоор хийж үзсэн л дээ. Арваад загвар гаргаад хүмүүст үзүүлэхэд наадах чинь нэг л биш байна гэдэг байсан. Монгол гэр гэхээрээ л ийм болхи байх ёстой юм уу, дэлхийн стандарт руу дөхүүл гэсэн санал их ирсэн. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ явцад гурван жилийн хугацаанд маш их туршилтуудыг хийсэн. Амжилттай, амжилтгүй бүх хувилбаруудаа бид хадгалаад явсан. Зарим улсад модон бүтээгдэхүүн зарахыг хориглодог юм байна. Хаанаас тайрсан ямар модоор хийсэн гэхчлэн гарал үүслийг нь шаарддаг. Тэгэхээр хуванцар материалыг эко бус гэж байгаа ч мод тайрч хийх нь бүр ч эко бус болж байна. Ер нь дэлхийн зах зээлд бараагаа худалдана, тухайн улсын хэрэглэгчээ ойлгоно гэдэг асар том асуудал юм байна. Тиймээс бид дэлхийн стандартад нийцүүлэхийн тулд маш их судалгаа хийсэн. Тоглоомын зах зээлийн гол тоглогчид болох Лего, Маттел, Хасбро, Хэйп зэрэг брэндүүдийг судлахаас өөр зам байгаагүй. Тэгээд судалгааны дүнд хуванцрын технологи хамгийн тохиромжтой болж таарсан. Хүүхдийн тоглоом учраас эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Тиймээс Солонгосоос бэлдцээ авч байна. Түүхий эд орцын хувьд яалт ч үгүй гаднаас авч байгаа ч 100 хувь Монголдоо үйлдвэрлэж байгаа. Манай улсын нэр гарах учраас Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн сайн байх ёстой шүү анхаараарай гэх хүмүүс олон байсан. Бидний гол амбиц дэлхийд гарах. Тиймээс Монголчууд юм хийхээрээ сайн хийж чаддаг гэдгийг харуулахын тулд нэлээд чармайсан. Стандартад нийцээд эхлэхээр дэлхий өөрөө сонирхоод ирдэг юм байна. Бидэнд дистрибютер болох саналууд ч их ирж байгаа. Дэлхийд гаргахаар Монгол гэдэг нэр хамт гарах учраас чанар стандартын дагуу гаргахын тулд амжуулах ажил их байна. Хуванцраа шийдсэний дараа эсгийний асуудал гарч ирсэн. Монгол эсгийний орон гэгддэг ч Монголд үйлдвэрлэсэн эсгий халуун болон чийглэг оронд очихоороо үнэр гардаг юм байна. Монгол хонины ноос бүдүүн ширхэгтэй учир завсраар нь нян орж үрждэг төдийгүй хүүхдийн ам хамарт орох эрсдэлтэй байсан. Тийм учраас бид эсгийгээ одоогоор гаднаас авч байгаа ч алсдаа Монголдоо үйлдвэрлэхээр зорьж, мэргэжлийн байгууллагад ч хандаад байна. -Таны ярианаас үзэхэд маш их судалгаа хийсэн тухай ярьж байна. Салбараа судална гэдэг бизнест чухал гэдэг? -Тийм шүү. Дээр хэлсэнчлэн МСS, Юнител зэрэг байгууллагын соёл сайтай том компанид ажиллаж байсан маань надад их туршлага болсон. Аливаад судалгаа шинжилгээтэй, ул суурьтай хандах сонирхолтой болдог. Ер нь монголчууд бид бүгдийг өөрөө хийх гээд гүрийгээд байдаг. Гэтэл дэлхий дээр бизнесийн загвар маш өөр болсон. Iphone-г Хятадад үйлдвэрлээд угсраад, дизайныг Калифорниад, оюуны өмчийг Америк компани эзэмшдэг. Хаана, юуг сайн хийж байна тэнд нь хямд хийлгэхийг зорьдог болсон. Бид энэ моделийг ашиглахыг хичээж байгаа. Бараа материалаа Хятад, Солонгос, Оросоос татаж үйлдвэрлэлээ 100 хувь Монголд явуулж байна. Бүрээсээ оёдлын компаниар оёулж, хуванцрын үйлдвэрээр хуванцраа, хайрцгаа “Эко пак” үйлдвэрт хийлгэх зэргээр монгол компаниудын нэгдэл манай бүтээгдэхүүн дээр ажиллаж байна. Оёдлын ажлыг гэхэд л дан тэтгэврийн хүмүүс хийдэг. Өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд анхны бүтээгдэхүүнээ өлгийдөж авсан. Хүүгийн минь төрсөн өдөртэй давхацсан болохоор бүтээгдэхүүний дээжээ хүүдээ бэлэглэсэн. Олон сар зовж хийсэн бүтээгдэхүүнээ хүүдээ бэлэглэх гоё мэдрэмж юм билээ. -Брэнд бүтээгдэхүүнд нэр хамгийн чухал байдаг. Яагаад “NAAD” гэж нэрлэсэн юм бэ? -Манай брэндийг үүсгэн байгуулагч таван хүн байдаг. Санаачлагчид, зөвлөх, зохион бүтээгчид, санхүүч, зах зээлд нэвтрүүлэгч гээд манай баг маш сайн бүрдсэн. Тийм болохоор цаашид нэлээн хол явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Анх тоглох наадах гэсэн үгийн үндэс “Наадгай” нэрийг гаргаж ирж байсан. Манай төслийн зөвлөх, үүсгэн байгуулагчдын нэг ШУ-ны гавьяат зүтгэлтэн проффесор С.Дулам багш өв соёл талаас нь зөвлөгөө өгч хамтарч ажилладаг. Тэр хэлэхдээ “ай” эгшгийг гаднынхан ихэнх нь хэлж чаддаггүй. Тэгэхээр “NAAD” гэж нэрлэсэн дээр гэж зөвлөсөн. -“NAAD” брэндийн гол худалдан авагч нь хэн байна вэ? - Нийт худалдан авалтын 80 орчим хувь нь гадагшаа чиглэж байна. Гадаад найздаа бэлэглэх гэсэн юм. Монгол хэлээ мартсан шахуу зээдээ явуулъя. Монгол гэрээ ч болсон мэдээд аваг гэсэн хүмүүс манай гэрийг их авдаг. Өвөрмонголчууд манай бүтээгдэхүүнд үнэхээр хүндэтгэлтэй хандаж байгаа. Анх дэлгүүрт орж ирээд баярлаад, хайрцагтай бүтээгдэхүүнд мөргөж байсан. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэхээр гоё. Энэ бол бахархал. Би энэ бүтээгдэхүүнийг нутагтаа аваачиж худалдаална гээд авч явсан. Бид өвөрмонголчуудыг ийм хурдан авна гэж бодоогүй. Өвөрмонголын Хөх хотод манай гэр маш сайн зарагдаж байгаа. Сүүлийн үед үндэсний том компаниуд гаднын зочдодоо бэлэглэхээр ихээр худалдаж авч байгаа. Компанийнхаа логог гэрийн бүрээсэн дээр оёулж авч байна. Монгол улсаа сурталчлан өв соёл, түүхээ таниулах тал дээр үндэсний компаниудтай хамтарч ажиллахдаа бид баяртай байх болно. Гадагшаа явуулах ямар нэгэн бэлэг хэрэгтэй бол бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна. -Аmazon.com, ebay.com, alibaba.com зэрэг онлайн худалдаагаар олон улсын зах зээлд гаргах төлөвлөгөө бий юу? -Судалж үзсэн л дээ. Amazon, ebay-тэй хамтаръя гэвэл Америкт компанитай байх ёстой. Америкт данстай эргэлтийн хөрөнгө шаарддаг юм билээ. Танай бүтээгдэхүүний дистрибютер больё гэж олон хүн санал тавьж байсан. Бид дэлхийн том сүлжээ рүү аль болох өөрсдөө орохыг хүсэж байна. Харин Хятадын худалдааны Аlibaba.com-ийг “Тэсо” компани төлөөлж байгаа болохоор тэдэнтэй хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. -Хөрөнгийн зах зээлд IPO хийвэл илүү өргөн хүрээнд бизнес хийх боломж бүрддэг. Ер хөрөнгө оруулъя хамтаръя гэх хүмүүс байх юм уу? -Хөрөнгө оруулалт мэдээж хэрэгтэй байгаа. Бизнес өөрөө өсөлттэй байх ёстой. Хөрөнгө оруулалт хийвэл тоног төхөөрөмжөө шинэчлэн хагас автоматаар хийгдэж байгаа зарим зүйлсээ бүрэн автоматжуулах боломж бий. Ер нь олон улсын зах зээлд гаргахын тулд нэлээд хөгжих хэрэгтэй юм байна лээ. Олон үзэсгэлэнгүүдэд оролцож, өөрийгөө таниулах хэрэгтэй байна. Бизнесийн уулзалтуудад очиж өөрсдийн хүсээд байгаа амбицаа, бизнес төсөл болгоод танилцуулмаар байна. Иймэрхүү байдлаар хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Санаагаа тодорхой түвшинд хүргээд дараагийн шат руу ороход тодорхой дэмжлэг хэрэгтэй л байна. Манайхаас гадаадын зарим орон руу татваргүй бараа гаргах жагсаалт гаргасан байдаг юм билээ. Тэрэнд орсон эсэхийг мэдэхээр судалж байна. Төр, засаг заавал мөнгө хөрөнгө гаргахгүйгээр бодлогын дэмжлэг үзүүлэх нь их хэрэгтэй санагдсан. Тэгэхээр улс ямар үед нь дэмжих вэ гэдэг их чухал юм байна. Мэдээллийн Технологийн Үндэсний паркаас хөнгөлөлттэй үнээр оффисоо түрээслүүлж байгаа нь гарааны бизнес хийж байгаа компанид маш том дэмжлэг болж байна. Энэ дашрамд тус байгууллагын удирдлагуудад баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Манай бүтээгдэхүүнийг http://www.naadbrand.com/ хаягаар орж сонирхоорой. Бидэнтэй 77118844 утсаар холбогдоорой.
https://ikon.mn/n/11ix
11iy
51 орны 3,640 ажил хэрэгч, манлайлагч, олон улсын идэвхтэй залуус Улаанбаатарт чууллаа
ikon.mn
06/21/2017 09:37:00
Чуулган Зохион Байгуулах Хорооны Дарга Г.Баярмагнай “JCI Монгол” байгууллагын эрхэм гишүүд ээ, Ази-Номхон далайн бүсийн “АСПАК-2017 Улаанбаатар” чуулган Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болсон “JCI Монгол” байгууллагын олон зуун гишүүддээ баяр хүргэе, бас баярлалаа. “JCI” олон улсын байгууллага бол итгэл үнэмшил, сайн дурын үндсэн дээр нэгдсэн дэлхийн 127 оронд 250 мянга гаруй гишүүнтэй залуусын хүчирхэг нэгдэл. Мөн JCI-чуудын хувьд Ази–Номхон далайн бүсийн байр суурь нэлээд чухал. Яагаад гэвэл гишүүд дэмжигчдийн хувьд, “JCI” олон улсын байгууллагын 60 орчим хувь нь Ази-Номхон далайн бүсэд хамаардаг. Дэлхийн түвшний энэ нэгдлийн хамгийн хүчирхэг хэсэгт Монгол Улс, Монгол залуус харъяалагдаж буй нь нэг талаар өндөр завшаан, нөгөө талаар басхүү сорилт мөн билээ. Учир нь өндөр зэрэглэлийн энэ байгууллагын өнөө цаг үеийн бүхий л удирдагчид болон өмнөх үеийн лидерүүд, ирээдүйд энэ байгууллагад манлайллаар өнөөдөр бэлтгэгдэж буй гишүүд бүгд Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалт “АСПАК”-ийг жил бүр зорин оролцдог. Тиймээс бид “АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, түүнийгээ ч нэр төртэйгээр биелүүллээ. Юун түрүүнд Монгол Улсыг дэлхийн залуучуудын анхааралд оруулсан “АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалтыг зохион байгуулахад олон зуун хамт олон, олон зуун сэтгэл зүтгэл оролцсон гэдгийг онцолмоор байна. Энэхүү чуулганд оролцохоор өнгөрсөн өдрүүдэд дэлхийн 51 орноос 3640 залуус хүрэлцэн ирлээ. Мөн бид энэ арга хэмжээний хүрээнд 127 үйл ажиллагаа зохион байгуулж, бидний хариуцаж, хийсэн ажлын тоо 1800 давжээ. Тоон дүнгээр харвал 3600 гаруй хүн Монгол эх оронд минь хувиасаа зардлаа гарган МИАТ-ын нислэгээр нисэж ирж, өөрсдийн зардлаар зочид буудалд бууж, өөрсдийн оролцооны хураамжаараа энэхүү арга хэмжээнд ирэхэд Монгол Улсад маань нийт 12 орчим сая ам.доллар хөрөнгө оруулалт болж орлоо. Энэ бол цэвэр бизнес эрхлэгчдийн гар дээр орлого болж очсон учраас улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. “АСПАК-2017 Улаанбаатар” уулзалт үнэхээр “JCI Монгол” байгууллагын залуусын үйл ажиллагааны нэгдэл, зүтгэлийн шинэ давалгаа байлаа. Чуулганыг дэмжсэн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд онгойлон талархаж байна. Засгийн газрын агентлаг нэгжүүд, тэр дундаа Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаад хэргийн яам зэрэг газруудад талархал илэрхийлье. Мөн Нийслэлийн засаг дарга С.Батболдод гүнээ талархаж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж, хүлээн авагч хот нь Улаанбаатар хот учраас нийслэл иргэдийн хандлага, соёл, дэлхий дахинд нэгэн шинэ имиж, өнгө төрхөө олон улсад сурталчлагдсанд бид итгэлтэй байна. Хэдийгээр бид анх удаагаа энэ арга хэмжээг зохион байгуулсан ч асар их зүтгэл, оролцоо бий болгож чаддаг, нэгдэн нягтардаг гэдгээ сэтгэл хангалуун олж харлаа. Чуулганыг зохион байгуулахад оролцож, өдөр шөнөгүй ажиллаж, суралцаж, хамт олон болж ажилласан сайн дурын 300 залууд тусгайлан талархал илэрхийлье. Бидэнтэй хамтарч ажилласан бизнесийн байгууллагуудад мөн чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний ноён нуруу болж, дэмжиж ажилласан эдгээр спонсор компаниуд байгаагүй бол Ази-Номхон далайн бүсийн ийм том чуулганы ард гарахад бэрхшээл учирах байлаа. Нэр дурдвал, “APU Company”, “Скайтел групп”, “Шунхлай” ХХК, “MCS Холдинг”, Голомт банк, “Говь” ХК, “KPMG” компанид гүнээ талархая. Мөн “JCI монгол” байгууллагын гишүүдийн нэр бүхий компаниудын хүч урам зориг бидэнд ихээхэн дэм тус болсныг хэлэх хэрэгтэй. Гишүүд маань өөрсдөө энэхүү чуулганд оролцохоос гадна эрхэлдэг бизнесээрээ дэмжиж оролцсон юм. Тухайлбал, “Summit” ХХК, “НВЦ групп”, “Саунд оф Монголиа”, CRM компаниудыг энд алдаршуулмаар байна. Түүнчлэн хэвлэлийн дэмжигчиддээ талархал илэрхийлэх нь зүйтэй. “Медиа групп”, “Блүүмберг телевиз”, “25 р суваг”, VTV телевиз тэргүүтэй бүх л хэвлэлийнхэндээ баярлалаа. Дэлхийн хөгжил, өөрчлөлтийн талаар ярилцахаар ирсэн 3640 залууг хүлээн авахад Улаанбаатар хотын 30 гаруй шилдэг зочид буудал, 50 орчим ресторан хамтарч ажиллав. “Шангри Ла”, “Блью скай” “Корпрейт конвеншн центр” тэргүүтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр зэрэглэлийн үйл ажиллагаа зохион байгуулахад бүрэн төлөвшсөн зочид буудлуудын үйлчилгээнд ирсэн зочид маань ч, зохион байгуулагчид бид ч сэтгэл хангалуун байлаа. Нэгэн зүйлийг онцлон өгүүлэхэд “АСПАК-2017 Улаанбаатар”-ыг зохион байгуулах эрхийг авснаас хойш 790 хоногийн турш “JCI Монгол” байгууллагын залуус бид хоног тоолон бэлдэж эхэлсэн. Харин энэхүү томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаас нэг жилийн өмнө АСЕМ буюу “Ази-Европ”-ын дээд хэмжээний уулзалт Монгол Улсад болсон нь бидэнд маш том туршлага болсон юм. Яагаад гэвэл энэхүү дээд хэмжээний уулзалт бидэнд, монгол залууст их зүйл сургасан. Иргэд маань ч олон улсын томоохон чуулганд эергэ хандлагаар ханддаг болжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бид талархаж байна. Мөн 3000 гаруй залуусыг хүрэлцэн ирэхэд МИАТ компанийн үйл ажиллагаа, хичээл зүтгэл үнэхээр үнэлж баршгүй чухал байлаа. Чуулганд оролцогчдод зориулж олон арван нислэг зохион байгуулж, Монгол Улсынхаа нүүр царай болсон МИАТ компанид бид дахин дахин талархал илэрхийлье. Энэ дашрамд би тун саяхны мэт боловч “JCI Монгол” байгууллагын хувьд дотно нэгэн түүхийг дурсмаар байна. 1992 онд С.Зориг, Д.Галсанбуян, Б.Жаргалсайхан нарын залуус анх Монголд JCI хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш 26 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд “JCI Монгол” байгууллагын үе үеийн үндэсний ерөнхийлөгч нар “АСПАК” буюу Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг эх орондоо авчрахыг хүсэж байлаа. Бидний энэхүү нийтлэг хүсэл мөрөөдлийг одоогоос 10 жилийн өмнө 2007 онд “JCI Монгол” байгууллагын үндэсний ерөнхийлөгч П.Батсайхан олон улсад тууштай илэрхийлж, дэлхийн JCI байгууллагад санал тависан юм. Улмаар түүнээс хойшх үе үеийн ерөнхийлөгч нар энэхүү хүсэл эрмэлзлэлийг уламжлан илэрхийлж ирсэн хичээл зүтгэлийн үр дүнд 2015 онд бидэнд боломж нээгдсэн. Малайз улсын Кота Кинабалу хотод болсон тэр жилийн Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтад “JCI Монгол” байгууллагын залуус бид нийслэлийн Засаг даргын хамт очиж эрхийг нь өрсөлдөж авсан нь дөнгөж өчигдрийн үйл явдал мэт санагдаж байна. Тэгэхэд Малайз улс руу залуус бид хувийн зардлаар 165 уулаа очиж, “АСПАК”-ийг зохион байгуулах 700 гаруй шалгуур үзүүлэлтийг хангаж чадсан. Миний бие тэдгээр өдрүүдэд Өрсөлдөх хорооны даргаар ажиллаж, нөхдийнхөө хамт тэрхүү 700 гаруй шаардлага бүхий материалыг бүрдүүлэх ажлыг хийхдээ урам зориг, итгэл зүтгэл, эерэг сайхныг бүтээх урмаар огтхон ч дутаагүй. Бид хамтдаа Кота Кинабалу хотод очин Хотын даргатайгаа хамт олон орны залуусаар дамжуулан дэлхий дахинд улсаа сурталчилсан. Улмаар бид Улаанбаатар хотноо “АСПАК”-ыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, ойрын жилүүдэд “АСПАК” зохион байгуулсан таван улсын үндсний ерөнхийлөгч нартай уулзаж, JCI байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдэд саналаа тавьсан юм. Ийм хичээнгүй чармайлтын үр дүнд бид Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулах олон жилийн хүсэл тэмүүллээ 2015 онд сая нэг биеллүүлж “АСПАК-2017”-г зохион байгуулах алхыг ёслол төгөлдөр цохиулж, эрхээ авсан. Харин өнөөдөр бид энэхүү томоохон чуулганыг амжилттай зохион байгуулаад байна. Энэ бол “JCI Монгол” байгууллагын хувьд түүхэн үйл явдал болсон гэдгийг дахин дурдъя. Эцэст нь хэлэхэд аливаад чин сэтгэлээсээ зорьж, хүсэж, тэмүүлэн түүнийхээ төлөө төвлөрч, төлөвлөж, сэтгэл гарган зохион байгуулж, суралцаж, хөгжиж чадвал монгол залуус өнөөдөр гадны хөгжилтэй улс орнуудын залуусын дэргэд огт хоцрохгүй, мөр зэрэгцэж чаддагаа харууллаа. Цаашид бид илүү дээшээ гарах манлайллын төлөө явах ёстой. Боломжтой гэдгийг ч бид бүгд харлаа. Монгол залуус урам зориг хөгжлийн галаа асааж, үлгэр жишээ манлайллыг бий болгож, улс орондоо, амьдарч буй хотдоо, хамт олондоо, гэр бүлдээ, найз нөхөддөө шинэ Монголын залуу хүний хөгжлийн түлхүүрийг атгуулах манлайллын эхлэл цэг ийнхүү эхэлж байна. Бий болгосон манлайллаараа ирээдүйн зүг дэвшилтэйгээр алхах, илүү их дэвшлийг авчрах ийм цаг үе нэгэнт иржээ. Бидний энэ ололт цаашдаа уламжлал болж, илүү их амжилт өөд урагшилна гэдэгт машид итгэж байна. Та бүхнийг хүндэтгэсэн, "JCI ASPAC-2017" Чуулган Зохион Байгуулах Хорооны Дарга Г.Баярмагнай
https://ikon.mn/n/11iy
11iz
QUIZ: Аль ҮГ нь бусдаасаа өөр утгатай вэ?
Р.Түвшин, iKon.mn
06/21/2017 10:14:00
Англи хэлний үгийн баялаг шалгах сорил.
https://ikon.mn/n/11iz
11j
Ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэхийг дэмжлээ
Х.Алтанзагас, iKon.mn
11/06/2013 18:00:00
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс хойш эхэлж хуралдааны эхэнд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Ингээд дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Санал хураалтын явцад УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм.
https://ikon.mn/n/11j
11j0
Хөвсгөл нуурын усыг жуулчны баазууд 1.5 саяар үнэлжээ
Б.Энхзаяа
06/21/2017 10:19:00
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын тооцооллоор гэртээ тоолуургүй өрхийн нэг хүний хоногийн усны хэрэглээг 230 литрээр тооцдог. Иргэн энэ хэрэглээгээрээ нэг сард цэвэр усны төлбөрт 3,201.8 төгрөг, бохир усанд 1,465.91 төгрөг төлдөг. Энэ тоог жилээр тооцвол 56,010.12 төгрөгийг улсад тушаадаг гэсэн үг. Тэгвэл энэ тоо Хөвсгөл нуурын усыг жуулчдынхаа унд, хэрэгцээ бүхий л зүйлсэд ашиглаад үйл ажиллагаагаа явуулдаг захын нэг жуулчны баазын ус ашигласны төлбөртэй тэнцдэг гээд бод доо. Нэг иргэн, нэг жуулчны бааз. Харьцангуй хэрэглээ, харьцангуй төлбөр биш гэж үү. Нэг жуулчны баазаар жилд хэчнээн хүн үйлчлүүлж, хэр хэмжээний ус хэрэглэх вэ. Лавтай нэг иргэнийхтэй тэнцэхгүй. Дэлхийн цэнгэг усны нэг хувьтай тэнцдэг, Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувийг агуулдаг Хөвсгөл нуурын бохирдлын асуудлыг “Зууны мэдээ” сонин хөндөн бичиж буй. Энэ удаа нуурын эрэг дээрх жуулчны баазуудын хэрээс хэтэрсэн усны хэрэглээний талаар хөндөж байна. Хөвсгөл нуурын эрэг дагуу тусгай зөвшөөрөл бүхий 118 гэр буудал, 38 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг гэсэн салбарын яамны мэдээлэл байгаа ч газар дээрээ үүнээс ч илүү болохыг төрийн бус байгууллагууд онцолж байгаа. Усны тухай хуулиар аж ахуйн нэгжүүд ус ашиглах дүгнэлт гаргуулах ёстой. Дүгнэлтээс үндэслэн зөвшөөрөл олгож, төрийн захиргааны байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулна. Мэдээж гэрээг үндэслэн тухайн аж ахуйн нэгж гэрээний хугацаанд хэр хэмжээтэй ус ашиглаж, түүндээ хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойг баталгаажуулдаг. Ингэж ус ашиглах эрхтэй болсноор тухайн байгууллага үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Харамсалтай нь Хөвсгөл нуурын эрэг дээрх жуулчны бааз, гэр буудлууд энэ хуулийг хэрэгжүүлдэггүй юм байна. Ханх суманд гэхэд 2015 онд жуулчны 10 баазаас усан орчин ашигласны төлбөрийг дөрөв нь л төлжээ. Тэд усан орчин ашигласныхаа төлбөрт 60-160 мянган төгрөг төлдөг аж. Тэгвэл ус ашигласны төлбөрт 20-130 мянган төгрөг төлөх ёстойгоос хоёр бааз л хуулиа хэрэгжүүлж төлбөрөө төлсөн баримт байна. Энэ бол Ханх тосгоны байгаль хамгаалагчийн гаргасан судалгаа. Жуулчны баазууд ус ашигласны төлбөрөө төлдөггүй. Төлсөн хэдийнх нь төлбөр гэж үнэндээ ичмээр. Нэг жуулчны хоногийн зардалд ч хүрэхээргүй 20 мянган төгрөгийг бүхэл бүтэн жуулчны бааз бүтэн жил ашигласан усныхаа төлбөрт төлдөг юм байна. “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас хийсэн судалгаагаар Хөвсгөл дэх жуулчны баазуудын усны төлбөрийг бүтэн жилээр тооцоход 1.5 сая төгрөг л болжээ. Монгол Улсын стратегийн ач холбогдолтой усны нөөц бүхий газраас хэдэн зуун тонноор яригдах ус ашигласныхаа хариуд бүтэн жилийн хугацаанд ганцаар тогтохгүй баазуудаас нийлүүлээд иймхэн төлбөр авчихаад суудаг төрийн хяналтын байгууллагууд гэж байх уу. Ямар хууль, журам болохоор иргэнээс 56 мянга, аж ахуйн нэгжээс 20 мянган төгрөг авдаг ялгарал, гадуурхал, завхрал вэ. Иргэнээс бол нэхэж шаардаж, хэрэглээг нь хязгаарлаж байгаад төлбөр, хураамжаа авчихдаг төр засаг аж ахуйн нэгжүүдийг ингэж толгойг нь илдэг нь үнэхээр гутамшиг. Тэр тусмаа Монгол төдийгүй дэлхийд ач холбогдолтой усан бүхий газартаа төр засаг нь, ашиг хүртэгч нөхөд нь ингэж хандахаар Хөвсгөл нуур хог, ялгадас, угаадаст дарагдахгүй яах билээ. Жуулчны баазууд нийлээд жилдээ 1.5 сая төгрөг ус ашигласныхаа хариуд төлдөг судалгаа одоогоос таван жилийн өмнөх хэдий ч одоо ч энэ байдал дээрдээгүйг тус төрийн бус байгууллагынхан онцолж байгаа юм. Хөвсгөл нуурын усыг ашиглах байдал эх захгүй байгааг зөвхөн “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас ч судлаад зогсохгүй аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар ч тогтоогдоод байна. Тус газрын шалгалтаар Хөвсгөл нуур дахь жуулчны баазууд ус ашиглах дүгнэлтээ аймгийн Байгаль орчны газраар гаргуулахгүйгээр ус ашигладаг гэж дүгнэжээ. Хөвсгөл далай, Далай тур зэрэг жуулчны бааз гэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд дурдсан байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тодотгол хийлгээгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу хөрс, ус, агаарын шинжилгээг хийлгээгүй гэж байна. Ийм байдлаар жуулчны баазуудын Усны тухай хуулийн хэрэгжилт дөнгөж 30 хувьтай байгааг мэргэжлийн хяналтын байгууллага нь тогтоосон байна. Тус шалгалтын дүгнэлтэд дурдсанаар “...Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2012 оноос хойш газар олголт эрчимтэй олгогдсоноос шалтгаалан Хатгал тосгоны нутаг дэвсгэрийн Усан зам орчим газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Хүзүүвчийн шил, Тойлогт, Онгологийн цагаан эрэг орчим газруудад ус, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчлүүд илэрсэн. Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ус авах цэг, шугам хоолойг тоолууржуулах ажил хийгдээгүй, тусгай хамгаалалттай газрын отог байгуулсан газар нь эрүүл ахуйн бүсэд байрлаж, хог хаягдал, хүний өтгөн, шингэн хаягдлын бохирдол үүсгэж байгаа зэрэг зөрчлүүд илэрч байв” гэжээ. Усны төлбөрийн тухай хууль нь байгаа хэр нь ингэж хэрэгжиж байна. Тэгвэл эдүгээ гол асуудал болоод буй Хөвсгөл нуурыг бохирдуулсны төлбөрт жуулчны баазуудаас түй ч төгрөг авдаггүй. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль гэж 2012 онд УИХ-аас баталсан ч одоог хүртэл хэрэгжүүлэхгүй байсаар дахин шинэчлэлд оруулж буй хууль бий. Угтаа хамгийн их ус хэрэглэж, хамгийн ихээр бохирдуулж байгаа нь иргэнээс илүү аж ахуйн нэгж. Хөвсгөл нуур дээр бол жуулчны баазууд болон гэр буудлууд. Харамсалтай нь тэдэнд хууль зөрчих, том толгойлох боломжийг нь төр өөрөө ингэж олгодог ажээ.
https://ikon.mn/n/11j0
11j2
Ёс зүйн алдаа гаргасан ЗУРГААН САЙТ уучлал гуйв
Ч.Болортуяа
06/21/2017 10:43:00
Монголын Хэвлэлийн Зөвлөл иргэд, уншигч, үзэгчдээс хэвлэл мэдээллийн ёс зүйтэй холбоотой гомдлыг хүлээн авч хэрэв тухайн редакц ёс зүйн алдаа гаргасан бол зөвлөмж гаргаж, улмаар сэтгүүлчийг шүүх, хуулийн байгууллагын үүд татахаас сэргийлж, уншигч, хэвлэл хоёрын харилцааг эвлэрүүлэх үүргийг гүйцэтгэж байна. Харин иргэдээс ирсэн гомдол нь ямар нэгэн үндэслэлгүй, тухайн хэвлэл мэлээллийн хэрэгсэл ёс зүйн алдаа гаргаагүй бол түүнийг нь хариу болгон явуулж байна. Монголын Хэвлэлийн Зөвлөлийн гол зорилго иргэдийн мэдэх үндсэн эрхийг тулгуур болгож улмаар хэвлэл мэдээллийн салбартаа мэргэжлийн ёс зүйгээ баримтлах, хэвшүүлэх зорилготой бөгөөд салбарын өөрийн зохицуулалтын байгууллага гэдэг утгаараа хүлээн авагчдыг ч, сэтгүүлчдийг ч хууль, шүүхийн хаалга татахгүй байгаасай гэсэн эрмэлзлэлтэй ажиллаж байгаа юм. Хэвлэлийн Зөвлөл нь үндсэн хоёр ёс зүйн хороотой. Үүнд: Радио, Телевизийн Ёс зүйн хороо Сонин, Сэтгүүл, Сайтын Ёс зүйн хороо ажиллаж улирал бүр иргэдээс ирсэн гомдлыг хүлээн авч хэлэлцэж байна. Хамгийн сүүлд гэхэд Сонин, Сэтгүүл, Сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан энэ сарын 10-ны өдөр болж, шинээр ирсэн хоёр гомдол, хэлэлцэхийг хойшлуулсан байсан нэг өргөдлийг тус тус хэлэлцэж шийдвэрлээд байна. Энэ хуралдааны талаарх мэдээллийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэнээр та бүхэнд танилцуулж байна. Нэг дэх гомдол: Хербалайф монголиа ХХК-аас “Oдоо цаг” сонины 2017 оны 3 дугаар сарын № 03 дугаарт нийтлэгдсэн “G-time-аас ч хортой “Herbalife” гэх сүлжээний бохир бизнесийг Америкийн тусгай албад шалгаж эхэллээ” гэсэн нийтлэл нь Хербалайф компанийн нэр хүндэд ноцтойгоор халдсан, тус компани болон компанийн бүтээгдэхүүний талаар гүтгэлэг, явуулгын чанартай, үндэслэлгүй сөрөг мэдээлэл тараасан хэмээн үзэж гомдол гаргажээ. Гомдолдоо мөн няцаалт өгөх, залруулга болгохоор өөрсдийн мэдээллээ нийтлүүлэх тухай Хербалайф компанийн төлөөллийн хүсэлтэнд “Одоо цаг” эрс татгалзсан хариу өгсөн гэжээ. Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд “Одоо цаг” сонин дээрх нийтлэлээрээ олон нийтийн сонирхолд байгаа сэдвийг хөндөж бичсэн хэдий ч уг нийтлэлд дурьдагдсан “Хербалайф сүлжээний бүтээгдэхүүнд кокайн агуулагдсан” гэснийг эх сурвалжаар баталгаажуулаагүй, тус компанийн бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн талаарх мэдээлэл нь ам дамжсан таамаг ярианд үндэслэн бичигдсэн байна гэж дүгнэлээ. Тиймээс тус сонины редакцийг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1 дэх заалтад “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.2 дахь заалтад “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг, 1.6 дахь заалтад “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана” гэснийг, 1.8 дахь заалтад “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнээд “Одоо цаг” сонины нэрийг дурьдаж, зөрчлийг олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргав. Хоёр дахь гомдол: Иргэн Ж.С нь вolod.mn, zaluu.com, shuurhai.mn, jirgee.mn, ugluu.mn, tsag.mn зэрэг мэдээллийн сайтуудад хаяглан гомдол ирүүлэхдээ эдгээр сайт “Үндэсний шуудан” сонины 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 092 дугаарт хэвлэгдсэн “Ш.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул дураараа дургиж эхлэв үү!!!” нийтлэлийг өөрсдийн сайтдаа нийтлэхдээ зургийг нь өөрчилж, миний охин С.Эрдэнэтуулын (өөр хамааралгүй нэр нэгтэй хүний зураг) зургийг тавьсан нь алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг санаатайгаар гутаасан үйлдэл хэмээн үзжээ. Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд дээрх нэр бүхий мэдээллийн сайтууд нь Хэвлэл мэдээлийн ёс зүйн зарчмын 1.3 дахь заалтад “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ. Вolod.mn, zaluu.com, shuurhai.mn, jirgee.mn, ugluu.mn, tsag.mn сайтуудаас Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн хариу тайлбартаа алдаагаа бүгд хүлээн зөвшөөрч, ёс зүйн хорооны хурлаас өмнө залруулга хийж, иргэн Сэрээтэрийн Эрдэнэтуулаас хүлцэл өчсөн байна. Дээрх сайтуудын редакц нь алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйж байгаа нь уншигчдынхаа өмнө хариуцлагаа хүлээж чаддаг хэвлэл мэдээллийн байгууллага гэдгээ нотлон харуулах соёл юм гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэж, ёс зүйн хорооны шийдвэрийг өөрсдийн сайтуудад хэвлэн нийтэлж, иргэн С.Эрдэнэтуул, түүний гэр бүлээс албан ёсоор уучлал хүсэх нь зохистой гэсэн зөвлөмжийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хүргүүлэв. Иргэн Ц.Оюундариас МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны “Цагийн хүрд” нэвтрүүлэгт хаяглан Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн гомдлыг хэлэлцээд гаргасан Радио, телевизийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/02 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, дээрх гомдлыг дахин хэлэлцэж өгөхийг хүссэн өргөдлийг иргэн Ч.Батцэнгэлээс гаргасан. Хариуцагч хэвлэл мэдээллийн байгууллагаас гомдлыг дахин хэлэлцэж өгөх албан ёсны хүсэлт ирүүлээгүй бөгөөд иргэн Ч.Батцэнгэлийг МҮОНРТ-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзэж уг хүсэлтийг Ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзлээ. Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба
https://ikon.mn/n/11j2
11j3
ХасБанк ажлын байранд урьж байна
СУРТАЛЧИЛГАА
06/21/2017 10:38:00
Хасбанк салбарын захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна. Өөрийгөө сорин ажиллахыг хүсч байгаа, эрч хүчтэй, үр дүнд чиглэн ажилладаг, манлайлах ур чадвартай ажил горилогчидыг урьж байна. Албан тушаал: Архангай аймаг дахь салбарын захирал Булган аймаг дахь салбарын захирал Шаардлага: Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр баклавраас доошгүй зэрэгтэй; Банк санхүүгийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан; Удирдах ажил хийж байсан туршлагатай; Удирдах, манлайлах ур чадвартай; Зээлийн болон санхүүгийн шинжилгээ хийх чадвартай; Санхүүгийн тайлагнал болон нягтлан бодох бүртгэлийн стандартын талаар мэдлэгтэй; Тухайн орон нутагт ажиллаж байсан бол давуу тал болно Сонирхож буй ажил горилогчид өөрийн CV, цээж зураг болон боловсролын гэрчилгээний хуулбарыг [email protected] хаягаар 2017.06.30-ны дотор ирүүлнэ үү. Холбогдох утас: 75771888-804 Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
https://ikon.mn/n/11j3
11j4
Улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймэр цурманд байна
ikon.mn
06/21/2017 10:44:00
Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан нийт 5 түймрийг бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Асч байгаа түймэр: Булган аймаг Тэшиг сумаас 70 км Хужирт багийн “Эг тарвагатайн бэлчир” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 50, Зэвсэгт хүчний 186-р ангиас 63 алба хаагч, орон нутгаас 29 иргэн, нийт 142 хүн 11 автомашин, 21 морьтойгоор ажиллаж байна. Цурманд оруулсан: Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумаас баруун хойш 160км 2-р багийн “Дааган дэл” гэдэг газар гарсан /2017.06.18/ түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 49, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24, орон нутгаас 88 иргэн, нийт 161 хүн 15 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн тус аймгийн Биндэр сумаас хойш 80 км Баянгол 3-р багийн “Өвөртарвагатай” гэдэг газар /2017.06.16/ гарсан түймрийг цурманд оруулсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 45 иргэн, нийт 75 хүн 11 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Сэлэнгэ аймаг Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим /2017.05.17/ гарсан түймрийг 2017.06.15-ны өдрийн 08:16 цагт түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 27, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12, Дархан УУл аймгийн Онцгой байдлын газрын 21, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгаас 7, нийт 91 хүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/11j4
11j5
Нас насны хүмүүс “ЗАЛУУ” ба “АХМАД” нас хэзээ дуусдаг, эхэлдэг тухай…
Р.Төмөр, ikon.mn
06/21/2017 10:52:00
Нас насны хүмүүс хүний “залуу” ба “ахмад” нас яг хэдэн наснаас төгсөж, бас эхэлдгийг янз бүрээр хэлэх нь тодорхой. Тэгвэл АНУ-ын U.S. Trust байгууллагын 2017 оны “Insights on Wealth & Worth” тайланд энэ тухай судалгааны дүн нийтлэгджээ. Тэд нас насны 800 гаруй хүнээс судалгаа авч дээрх “насны босгын” талаар үзэл бодлыг нь сонссон байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн насны ангилал нь “Millennials” буюу 21-36 насныхан, “Generation X” буюу 37-52 насныхан, “Baby boomers” буюу 53-72 насныхан, “Silent generation” буюу 73 ба түүнээс дээш насныхан байжээ. Тэднээс асуусан асуулт нь “Ахмад нас хэдэн наснаас эхэлдэг вэ?”, “Залуу нас хэдэн насанд дуусдаг вэ?”, “Амьдралын хамгийн оргил нас хэд вэ?” байсан гэнэ. Сонирхолтой нь “Millennials” буюу хамгийн залуу оролцогчид залуу насны дуусах цэгийг хамгийн өндрөөр (40) тодорхойлсон байна. Энэ нь сүүлийн үед хүн амын насжилт нэмэгдэж, амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаагийн илрэл байж магадгүй юм. Энэ оны эхээр Япончуудын гаргасан судалгааны дүнд тус улсын хүн ам нийтээрээ “ахмад” насны ангиллыг “75-89” хэмээн тодорхойлж, “65-74” насыг ахмад настанд тооцохгүй (ахмад насанд шилжихийн өмнөх шат) гэж үзсэн нь харагдаж байв. Харин 90-ээс дээш насыг “супер ахмад” гэж нэрлэж байжээ. Эх сурвалж: Time.Com
https://ikon.mn/n/11j5
11j7
"Туурайн төвөргөөн" хөгжмийн XVII их наадам “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” дуугаар эхэлнэ
А.Төгөлдөр, iKon.mn
06/21/2017 11:23:00
“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмын нээлт зургаадугаар сарын 22-ны 11:00 цагт Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд болох гэж байна. Наадмын хүрээнд Ноён Хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг хуучин эх хувиар нь монгол хүн бүр сурч, монгол эх орон даяар, мөн дэлхийд тархан сууж буй монголчууд, монгол туургатнууд нэг өдөр, нэг цагт дуулж, даян дэлхийн энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх юм. Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017” XVII олон улсын хөгжмийн их наадам 6 сарын 22 - 7 сарын 04-ны өдрүүдэд Улаанбаатар – Өвөрхангай Хархорин – Сайншанд Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулагдана. МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Хансүр, Гавж Д.Нанзаддорж тэрүүтэн лам хуврагууд айлдвар сургаалиа айлдаж, ХБНГУ-ын Проф. Бернхард Вульф /Монголын Соёлын Өргөмжит Элч,“Туурайн Төвөргөөн ” олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч/, МУСТА С.Бадамхорол /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын үүсгэн байгуулагч, Захирал, ХБНГУ-ын Фрайбург дэх Монголын Соёлын Төвийн захирал/ олон улсын алдарт урлаг соёлын эрхэмүүд, Төрийн их найрал хөгжмийн оркестр, өв уламжлал тээгч уртын дуучид маргааш болох нээлтэд оролцоно. Нээлтийн үеэр “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ дуулах юм байна. “Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмыг Монголын бурханы шашин ба соёлын өв, түүхэн уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байгаа аж. ВИДЕО: Туурайн төвөргөөн олон улсын хөгжмийн XVII их наадмын нээлтийн хөтөлбөр /Улаанбаатар хот. 2017 оны 6-р сарын 22/ 11:00 Нээлтийн үг С.Бадамхорол, С.Бадамханд /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын захирал, ХБНГУ-ын Фрайбург дахь Монголын соёлын төвийн захирал/ 11:05 Мэндчилгээ Профессор Бернхард Вульф / Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч, Монголын соёлын элч/ 11:10 Уртын дуу / Уртын дууны өв тээгчид, “Зуунтай холбоо”/ 11:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их Хамба лам, Гавж Д.Чойжамцын айлдвар сургааль 11:25 Хүслийн 5 Тахил өргөх / МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд / 11:30 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Да Лам Х.Бямбажав /Дүрст тахил өргөх/ 11:35 Шилмэл загвар салон /Бурхадын өмсгөл, тахил өргөл/ 11:40 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, Гавж Д.Нанзаддорж /дуут тахил, хөгжим/ 11:50 СТА С.Бадамхорол, Уртын дуу, Профессор Бернхард Вульф төгөлдөр хуурын ая эгшигээр тахил өргөнө. 12:00 Үлэмжийн чанар дууг бүх нийтээр дэлхий дахинаа дуулна 12:10 IX Ноён хутагт Данзанлувсантүдэв Айлдвар айлдана. 12:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, Гавж С.Гантөмөр /үнэр тахил өргөх, хүж, арц/ 12:25 Сан уншлага /Чингисийн сан монголоор / 12:30 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гавж, “Жавзандамба хутагт төв”-ийн номын багш Д.Нямсамбуу 12:40 Жамчод /Цай, Амттанаар тахил өргөх/ 12:45 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны Дарга Ж.Одгарьд /Хүрэлцэхүйд тахил өргөх, хадаг/ 12:55 Ардын урлагын тоглолт /Бүх нийтээр дуулна/
https://ikon.mn/n/11j7
11j9
Улсын III эмнэлэгт зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн хагалгааг гурван хүүхдэд амжилттай хийжээ
С.Бадрал, iKon.mn
06/21/2017 12:18:00
Рафаэл сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна. Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, АУ-ны Доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн ба хүүхдийн зүрхний мэс заслын эмч 4, сувилагч 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18- 25-ны өдрүүдэд тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллах юм. Тухайн өдрүүдэд тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч нартай хамтран Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай нярай, бага насны, бага жинтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж нэн шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээг хийж байна. Одоогийн байдлаар нийт 60 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, 3 хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн бөгөөд цаашид нийт 25 хүүхдэд үе шаттайгаар мэс засал эмчилгээг хийх юм. Мөн тус багийн ажлын төлөвлөгөөнд тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нарт “Хүүхдийн зүрхний мэс засал”–ын чиглэлээр сургалт, семинарыг зохион байгуулах аж. Улсын гуравдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай 3 дахь жилдээ хамтран орчин үеийн дэвшилтэт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Эх сурвалж: ЭМЯ
https://ikon.mn/n/11j9
11ja
Амралтын өдрүүдэд нойроо нөхөх нь жингээ хасахад тустай гэж дүгнэжээ
Р.Төмөр, ikon.mn
06/21/2017 12:24:00
Ажлын өдрүүдэд хангалттай унтаж чадаагүй бол амралтын өдрүүдэд нөхөж илүү цагаар унтах нь биеийн жингээ нэмэгдүүлэхгүй байх ач холбогдолтой гэж Өмнөд Солонгосын судлаачид дүгнэжээ. Хангалттай унтаж чадахгүй байх нь бодисын солилцоог алдагдуулж, жин нэмэгдэхэд хүргэдэг. Тэгвэл Өмнөд Солонгосын 19-82 насны 2,000 гаруй хүнд хийсэн судалгаагаар амралтын өдрүүдэд нөхөж унтах нь биеийн жинд ямар нөлөө үзүүлж байгааг илрүүлжээ. Ингэхдээ судалгаанд оролцогчдын биеийн жингийн BMI (Body Mass Index) үзүүлэлтийг харьцуулан хэмжсэн байна. BMI нь хүний биеийн өндөр ба жингийн харьцаагаар таргалалт, илүүдэл жинг үнэлдэг арга юм. Ингэхэд амралтын өдрүүдэд нөхөж унтдаг буюу ажлын өдрийн унтах цагаас доод тал нь 2 цаг илүү унтдаг хүмүүсийн BMI дунджаар 22.8 байхад нөхөж чаддаггүй хүмүүсийнх 23.1 байжээ. Хэдийгээр энэ зөрүү нь бага мэт боловч статистикийн хувьд тооцохгүй байхын аргагүй үзүүлэлт гэнэ. Үүнээс гадна амралтын өдрийн унталт нь их байх тусам BMI нь буурах хандлагатай байжээ. Ажлын өдрүүдийн дундаж унтах цагаас илүү унтсан цаг тутамд BMI нь 0.12-оор буурч байсан гэнэ. “Ажлын өдрөөр нойрны дутагдалтай явдаг бол амралтын өдрөөр аль болох сайн унтаж нөхөх хэрэгтэй. Ингэх нь таргалалтаас сэргийлдэг байх өндөр магадлалтай байна” хэмээн судалгааг удирдсан Сөүлийн үндэсний их сургуулийн Будан эмнэлгийн эмч Чан Хо Юн зөвлөжээ. Гэхдээ энэ нь нойр дутагдлыг эмчлэх шалгарсан арга биш бөгөөд нэмж унтсан цаг нь нэмэгдээд ч хүний унтах ёстой нийлбэр цагийн хэмжээнд хүрэхгүй бол үр дүн муутай байхыг тэр бас анхааруулсан байна. Эх сурвалж: Japan Today
https://ikon.mn/n/11ja
11jb
Туулын бургасыг сүйтгэсэн компанийн газар ашиглах лицензийг цуцалснаа мэдэгдлээ
А.Үлэмж, iKon.mn
06/21/2017 12:51:00
Туул голын эрэг дагуу, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Маршалын гүүрний зүүн талд “Зүүнбаян рефайнери” ХХК бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулж, бургас мод ихээр сүйтгэж, байгаль орчинд багагүй хохирол учруулж байгаа талаар гомдол хүсэлт иргэдийн зүгээс БОАЖЯ-нд их ирэх болжээ. Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-аас мэдээлэл хийлээ. Богдхан уулын дархан цаазат газрын Багатэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч “Зүүнбаян рефайнери” ХХК нь Байгаль орчны сайдын 2008 оны наймдугаар сарын 22-ны өдрийн тушаалаар 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар эрх авч, газар ашиглах гурвалсан гэрээг мөн оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна. Эрх авч, гэрээ байгуулсны дараа зөөврийн сууц байрлуулан, хамгаалалтын хашаа барьжээ. Тусгай Хамгаалалттай Газруудын ахлах мэргэжилтэн Ч.Гал "2014 оны тавдугаар сард манай Хамгаалалтын захиргаанаас тухайн ашиглаж буй газарт хяналт шалгалт хийж, бургас мод сүйтгэсэн зөрчилд 6 сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийг ногдуулж төлүүлсэн байдаг. Мөн 2016 оны есдүгээр сард тухайн компанийн ашиглаж байгаа талбайд дахин хяналт шалгалт хийхэд бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулсан, бургас мод ихээр сүйтгэсэн зөрчлүүд дахин илэрч, бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг нүүлгэх албан шаардлага хүргүүлсэн боловч компанийн зүгээс улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэх боломжгүй байна гэсэн утгатай хариуг тухайн үед өгч байсан юм. Улмаар 2017 оны тавдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн байгаль хамгаалах газартай хамтран огтлогдсон бургас, модны экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу “Зүүнбаян рефайнери” ХХК-д БОХУлсын байцаагч Ойн тухай хуулийн дагуу 12 сая орчим төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан. Уг төлбөрийг төлж барагдуулсан. Гэвч “Зүүн баян Рефайнери” ХХК-ийн байгальд учруулж байгаа хохирол, тус компанийн зөрчил, дутагдал арилахгүй байсаар байна. Иймд “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн талбайн хэмжээ хэтрүүлсэн, ДЦГ-ын нийтлэг горим зөрчсөн, байгаль орчныг сүйтгэж, унаган төрхийг алдагдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох шаардлагатай гэж үзэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган тус компанийн лицензийг цуцалсныг албан ёсоор мэдэгдэж байна" гэв. Цаашид аялал жуулчлалын зориулалттай газар авсан хэр нь байгалийн унаган төрхийг алдагдуулж, зориулалтын бусаар ашиглаж буй аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар албан ёсны шаардлага тавьж, цуцлах хүртэлх арга хэмжээг авч ажиллана хэмээн БОАЖЯ-аас мэдэгдлээ.
https://ikon.mn/n/11jb
11jc
"Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гарсан хуулийн төсөл батлагдана"
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
06/21/2017 13:23:00
Гэрэл зургийг Mpa.mn Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд цаг үеийн асуудлаар өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өчигдөр УИХ-д Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Шинэчилсэн найруулгад ямар, ямар зохицуулалтыг тусгасан байгаа талаар Нийслэлийн Засаг дарга танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “1994 оноос мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалт өнөөдөр зарим талаараа үүргээ алдаж байгаа. Шинэ зохицуулалтуудыг зайлшгүй оруулах шаардлага байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод хүн амын тоо Монгол Улсын бараг 50 хувь болсон. Улаанбаатар хот Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд 60-70 хувийн үүрэг гүйцэтгэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувийн Нийслэл хот үйлдвэрлэх жишээтэй. Тэгэхээр хотын энэ байдлыг үндэслэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэсэн саналыг боловсруулаад бид Засгийн газарт өргөн барьсан. Энэ хуулийг УИХ-д маш хурдан хугацаанд хэлэлцэж, Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гарсан хуулийн төсөл батлагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээн тайлбарлалаа. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад Нийслэлийн удирдлагын нийслэлийн хөгжлийн талаар баримтлах бодлого, Нийслэлийн удирдлага, зохицуулалтын үндсэн зарчмыг шинээр томьёолох, Хуулийн төслийн зорилтод Нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг нэмж оруулах, Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж, олон төвт, суурьшлын оновчтой тогголцоонд суурилсан хот байгуулах, дэд төв, дагуул хотуудыг хөгжүүлэх үйл ажиллагааг төрөөс татварын бодлогоор зохицуулах талаар хуулийн төсөлд тодорхой зохицуулах, Нийслэлийн авто замын сүлжээ, авто тээврийн зохицуулалт зэргийг тусгасан байна.
https://ikon.mn/n/11jc
11jd
"Гудамж талбайд тогтсон их хэмжээний борооны усыг соруулахаас өөр аргагүй байна"
Г.Мөрөн, iKon.mn
06/21/2017 13:02:00
Гэрэл зургийг Mpa.mn Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг С.Батболдоос сэтгүүлчид ус зайлуулах шугамыг сайжруулах ажлын талаар тодруулахад “Өчигдөрийн борооноор хүмүүс урд жилийн зургуудыг нийгмийн сүлжээнд тавьсан байсан. Нийслэл хотын Захирагчийн ажлын алба бүх ус тогтсон газруудад ажиллаж усыг соруулж авсан. Хуучин гудамжуудыг ус зайлуулах шугамгүй хийж байсан. Нийслэлийн гудамжны 80 гаруй хувь нь ус зайлуулах бололцоогүй. Сүүлийн үеийн бүх шинэчилж байгаа гудамжууд ус зайлуулах байгууламжтай байгаа. Тэгэхээр хуучин гудамжуудыг ус зайлуулах байгууламжтай болгоход замыг зайлшгүй эвдэх шаардлагатай болж байгаа юм. Энэ нь маш их хөрөнгө шаардсан ажил. Одоохондоо бидэнд бүх гудамжийг дахиж сэтэлж, хоёр талаар нь ус зайлуулах байгууламж барих хөрөнгө, мөнгөний бололцоо байхгүй учраас бороо орсон тохиолдолд соруулах, инженерийн машин техникийг бэлэн байлгах замаар нэг хэсэг явахаас өөр аргагүй байна” гэв.
https://ikon.mn/n/11jd
11jf
Сурагчийн дүрэмт хувцасны үнийг яам тогтоодоггүй гэв
ikon.mn
06/21/2017 13:48:00
Гэрэл зургийг mpa.mn Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хэвлэлийн албанаас сурагчийн дүрэмт хувцасны үнийн талаар тайлбар гаргажээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Боловсролын тухай хуулинд орсон 2012 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу нэгдсэн загварын дүрэмт хувцсыг өмсөж байна. Засгийн газраас сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний түүхий эдээр, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож эх орондоо бүтээх, үндэсний үйлдвэрлэгчдээр үйлдвэрлүүлэх бодлого барьж байна. Батлагдсан загвар, стандартын дагуу сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж, зах зээлд худалдан борлуулах, сургуультай гэрээ байгуулж нийлүүлэх эрх нь оёдлын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж бүрт нээлттэй байна. Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл, нийлүүлэлт нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны аливаа оролцоогүйгээр хэрэглэгчийн сонголт, чанарын хяналт, хэрэглэгч, нийлүүлэгчийн өөрсдийнх нь хамтын ажиллагаа, хэлэлцээний үндсэн дээр зохион байгуулагддаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг сонгодоггүй, үнийг тогтоодоггүй, зах зээлийг хуваарилдаггүй. Мөн дүрэмт хувцсыг төсвийн хөрөнгөөр худалдан авч нийлүүлдэггүй бөгөөд ийм арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хэрэгжүүлж байгаагүй болно. Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хэвлэлийн алба
https://ikon.mn/n/11jf
11jg
Америк оюутны үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй гэжээ
Р.Төмөр, ikon.mn
06/21/2017 14:04:00
Хойд Солонгосын шоронд хоригдсон гадаад иргэдийн эрүүл мэндийн байдлыг мэдэх ямар ч боломжгүй гэдгийг саяхан болсон үйл явдлууд харуулж байна. Дэлхийн тэргүүлэх гүрэн АНУ-ын эрх баригчид хүртэл 17 сар хоригдсон оюутан Отто Уормберийн биеийн байдлыг дөнгөж энэ сарын эхээр мэдсэн юм. Өчигдөр буюу Мягмар гарагт Охаио мужийн шүүх эмнэлгээс талийгаач Уормберийн үхлийн шалтгааныг гаднаас нь тодорхойлох боломжгүй гэж зарлажээ. Түүний эцэг эх нь шарилд задлан шинжилгээ хийхийг зөвшөөрөөгүй тул ийм дүгнэлтэд хүрсэн байна. 22 настай Уормберийг зургаадугаар сарын 13-нд Хойд Солонгосоос АНУ-д авчирсан бол 19-нд тэрээр нас барсан юм. Хойд Солонгосын тал түүнийг ноднин жил болсон шүүх хурлын дараахан хоолонд хордож, нойрны эм өгсний дараа ухаан алдаж, дахин сэрээгүй гэж байгаа ч үүнийг нь нотлох баримт олдоогүй байна. Харин Америкийн эмч нар талийгаачийн тархийг цусаар хангах суваг тасарсны улмаас зүрхний шигдээс болсон байх гэж таамаглаж байгаа юм. Уормберийг зодож тамалсан гэх шинж тэмдэг байхгүй байгааг тэд бас мэдээлсэн байна. Гэвч эцэг эх нь Хойд Солонгосын эрх баригчид хүүг нь эрүүдэн шүүснээс үхэлд хүргэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм. Уормбер АНУ-д анх ирэхдээ ямар ч ухаан, мэдрэлгүй мөртлөө сэрүүн байдалтай байсан ба учир битүүлэг шалтгаанаар тархи мэдрэлийн хүнд гэмтэлтэй болсон гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Түүний нүд нээлттэй, анивчиж байсан ч орчин тойрондоо юу болж байгааг огт мэдрэхгүй байсан гэнэ. Нэг үгээр хэлбэл Хойд Солонгосын шоронд яг юу болсныг мэдэхээс нааш Отто Уормберийн үхлийн нууц тайлагдах аргагүй болжээ. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/11jg
11jh
БНХАУ-аас өгөх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг дахин төлөвлөлтөд хэрхэн зарцуулах вэ?
С.Бадрал, iKon.mn
06/21/2017 14:18:00
Гэрэл зургийг mpa.mn Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газраас энэхүү тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар гэрээ хийн хамтран ажиллаж байгаа компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дээрх хөрөнгө оруулалтын талаар мэдээллийг өгсөн юм. Мөн хэрхэн зөв зохистой зарцуулах, цаашид дахин төлөвлөлтийн ажлыг илүү хурдацтайгаар өрнүүлэх арга замын талаар санал солилцлоо. Цаашдаа ч бид аливаа хөрөнгө оруулалтыг дэд бүтэц рүү хийнэ Гэрэл зургийг mpa.mn Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлын эсрэг бүхий л боломж бололцоог ашиглана. Эхний ээлжийн шийдвэрүүд гараад байна. Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-аас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болсон. Энэ мөнгийг бүхэлд нь дахин төлөвлөлт, шугам сүлжээнд зарцуулах шийдвэрийг гаргаад байгаа юм. Энэ бол та бүхний хувьд маш чухал шийдвэр болж байна. Цаашдаа ч бид аливаа хөрөнгө оруулалтыг дэд бүтэц рүү хийнэ. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт, дэд бүтэц байхгүй учраас дахин төлөвлөлтийн бүх ажил зогссон байна. Мөн зарим компани өөрийн хүчин чадлаасаа илүү ажил авч гэрээ хийсэн нь энэ ажлыг удаашруулж, зогсооход хүрч байна. Гуравдугаарт, иргэдийн хүлээлт маш их байна. Бид гурван чиглэлээр ажиллахаар болсон. Нэгдүгээрт, та бүхэнд дутагдаж буй хөрөнгө оруулалт дээр дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ ажлын үр дүнг түргэн шуурхай байлгах үүднээс талбайн хэмжээ дээр ярилцах хэрэгтэй байгаа. Хүчин чадал багатай компани том талбай авч байгаа нь ажлыг удаашруулж байна. Үүнийг бид хувааж олон компани нэгэн зэрэг оруулна. Дараагийн асуудал шугам сүлжээ хүрч чадахгүй байгаа алслагдсан газруудад түлхүү хөрөнгө зарцуулахаар төлөвлөөд байна” хэмээлээ. Хотын зүгээс дэд бүтцээ шийдвэрлэсний дараа тэр талбайг барилгажуулах ажил үлдэж байна Гэрэл зургийг mpa.mn “Монгол Улсын Засгийн газраас гэр хорооллыг орон сууцжуулахад томоохон дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзээд өчигдөр санхүүгийн эх үүсвэрийг шийдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил урагшлахгүй, гацаад байгааг бид бүх талаас нь судалж үзсэн. Нийслэл болон төрийн дээд байгууллагууд анх судалгаа муутай, туршлагагүй эхлүүлсэн. Мөн компаниудын санхүүгийн чадавхигүй байдал, зохион байгуулалтын буруу төлөвлөгөө зэрэг олон асуудал гарч байна Судалгаагаар одоо төлөвлөсөн байгаа талбаруудад зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг гүйцээж барихад 70 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байгаа. Үүний санхүүжилтыг ирэх жилүүдэд шийдвэрлээд явах бололцоо бий. Хотын зүгээс дэд бүтцээ шийдвэрлэсний дараа тэр талбайг барилгажуулах ажил үлдэж байна. Бид нэг компаниар гүйцэтгүүлээд олон жил хүлээгээд суух биш олон компанийг нэгэн зэрэг ажиллуулж түргэн шуурхай, богино хугацаанд хямд өртөгтэй барилга барих нь чухал уу гэдгийг өнөөдөр ярилцах хэрэгтэй байна” хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн юм. Мөн тэрбээр “Хот болон холбогдох яамны зүгээс дэд бүтцийг шийдвэрлэсний дараа барилгын компанийн хүчийн чадалд тохирсон газрыг олгож ажлыг эхлүүлэх болно. Мөн дахин төлөвлөгдөх орон сууцнууд өртөг хямд, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой” гэдгийг онцолж байв. Барилгын компаниудын зүгээс дэд бүтэц болон баригдсан барилгын борлуулалтын асуудал дээр бодлогоор дэмжиж ажиллахыг салбарын сайд болон нийслэлийн Засаг даргаас хүсч байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
https://ikon.mn/n/11jh
11ji
ФОТО: Дарь-Эхийн замыг Чингэлтэйн гудамжтай холбох ШИНЭ ЗАМын ажил эхэллээ
С.Бадрал, iKon.mn
06/21/2017 14:48:00
Гэрэл зургийг mpa.mn “Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих” ажил эхэллээ. Энэ гадна тойрог зам нь хотын төвийг тойрсон гол гудамж байх бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг жигд хуваарилан өнгөрүүлэх үүрэгтэй юм. Төслийн хүрээнд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн зам барихаар төлөвлөсөн. Энэ замыг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, хотын хойд хэсэг болон зуслан чиглэлийн авто замын ачааллыг бууруулна. Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийг холбон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдасгах чухал ач холбогдолтой юм. Төслийн хэрэгжүүлэгчээр “Мотор сервис” ХХК шалгарсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр 6,353,399,881 төгрөгийн гэрээ байгуулан, ажлаа эхэлж байна. Бүтээн байгуулалтын ажлын нээлт /2017.06.21/ Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11ji
11jj
Зуны хамгийн анхны загварын шоунд ирж НААДМЫН ГОЁЛОО сонгоорой
А.Төгөлдөр, iKon.mn
06/21/2017 14:47:00
Энэ зуны хамгийн анхны загварын шоуны нээлтийг O Couture Mongolian Fashion Brand энэ сарын 23-ны Баасан гарагт 20:00-04:00 цаг хүртэл Park Castle & Хар сувд хөлөг онгоц дээр SUMMER FASHION SHOW 2017-оор эхлүүлэх гэж байна. SUMMER FASHION SHOW 2017 дээр O Couture Brand-ийн Наадам болон зуны цоо шинэ загварууд танилцуулагдах болно. Загварын шоу нь үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт O Сouture Brand-ийг үүсгэн байгуулагч Азийн шилдэг загвар зохион бүтээгч СТА Д.Отгонжаргал болон O Couture Brand-ийн шилдэг залуу дизайнеруудын загварын цуглуулгуудаас бүрдэнэ. 2 дахь хэсэгт Дуучин Гантогоо, Номинжин, Баярцэнгэл, Бархүү, Индиго, Бэхи хамтлаг, Мс Амгаа нар хүрэлцэн ирж өөрсдийн ая дуугаа өргөнө. Харин 3 дахь хэсэгт DJ Дашка болон МNG Эвентийн шилдэг DJ нар сэтүүдээ үүрийн 04:00 цаг хүртэл тоглож, залуустайгаа хөгжилдөх болно. SUMMER FASHION SHOW-ны Хамтран зохион байгууллагчаар GMMG, MNG Event, Монголын Загвар Уралгын холбоо, Ерөнхий спонсороор Eden Brand, спонсор Moёt & Chandon Дэмжигч байгууллагаар Монгол Модел Агентлаг, Хос шагай, Grace Make Up, D-Lights, Le Specs нар оролцож байна. ВИДЕО: https://www.facebook.com/otgoo.couture/videos/836702899831480/ Энэ зуны хамгийн анхны загварын шоунд та бүхнийг хүрэлцэн ирж энэ зуны наадмын гоёлоо сонгохыг урьж байна.
https://ikon.mn/n/11jj
11jk
Гурван нэр дэвшигчийг БИЧГИЙН ХЭВЭЭР нь шинжээрэй
Б.УЧРАЛ, iKon.mn
06/22/2017 08:00:00
iKon.mn сайтаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бичгийн хэвийг хүргэж байна. Нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий Хороонд өгсөн анкетаа өөрийн гараар бөглөсөн юм. Дэлхий дахинд бичгийн хэвээр хүний зан араншин, шинж чанарыг тодорхойлох судалгаанууд олон хийгдсэн байдаг. Түүний нэг жишээ болгож Business Insider сайтын гаргасан бичгийн хэвээр хувь хүнийг тодорхойлсох нийтлэлийг өмнө нь манай редакц орчуулан хүргэж байсан билээ. Уг судалгааг бичгийн хэв судлаач Кэти МКнайт гаргажээ. Та доорх мэдээллийг үндэслэж гурван нэр дэвшигчийн бичгийн хэвээр зан араншин, шинж чанарыг нь тодорхойлох боломжтой юм. /Дараалал: Зүүн гар талаас М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар. Бичгийн хэв дээр хоёр удаа дарж томруулж харах боломжтой/ Намтар бүрэн эхээрээ М.Энхболд Х.Баттулга С.Ганбаатар
https://ikon.mn/n/11jk
11jl
Uber компанийн гүйцэтгэх захирал огцорлоо
Р.Түвшин, iKon.mn
06/21/2017 15:03:00
Такси дуудлагын онлайн сүлжээний бизнес эрхэлдэг Uber компанийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Травис Каланик албан тушаалаасаа огцорч байгааг саяхан мэдээлжээ. “Би энэ дэлхий дээр юунаас ч илүү Uber-т хайртай. Миний хувийн амьдралд тохиолдсон хүнд цаг үед би хөрөнгө оруулагчдын хүсэлтээр компаниасаа холдож байна. Ингэснээр Uber дотрох хэрүүл тэмцэл зогсож, цаашдын хөгжилд нь нэмэр болно гэж бодож байна” хэмээн Каланик мэдэгдэлдээ бичсэн байна. Тэр цаашдаа компанийхаа ТУЗ-д гишүүнээр ажиллах гэнэ. Сүүлийн хэдэн сар Uber компанийг тойрсон ноцтой дуулиан олноор дэгдэж, эцэстээ хөрөнгө оруулагчид Каланикийг огцрохыг хүчтэй шаардаж эхэлсэн юм. Нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлснээр хэдэн цаг үргэлжилсэн ширүүн хурлын дараа гүйцэтгэх захирлыг огцруулах шийдэлд хүрсэн байна. Каланикийн эсрэг тус компанийн хамгийн том таван хөрөнгө оруулагч ширүүн тэмцэл явуулсан гэжээ. Маш амжилттай aжиллаж байгаа Цахиурын хөндийн стартап компаниудын тоонд ордог Uber-ийг тойрсон дуулиан энэ оны хоёрдугаар сарын 19-нд эхэлсэн юм. Тэр өдөр Uber-т ажиллаж байгаад гарсан инженер Сюзан Фаулер хувийн блогтоо тус компанид хэрхэн нэг жилийг өнгөрөөсөн түүхээ бичсэн байна. Өөрийнх нь менежэр Фаулерт бэлгийн харилцаанд орох санал тавьж байсан гээд түүнээс хойш өрнөсөн үйл явдлуудыг бичсэн байжээ. Гэвч Uber компанийн захиргаа түүний бичсэн баримтуудыг няцааж, нэр дурдагдсан менежэрийг өндөр чадвартай удирдагч гэж өмөөрсөн юм. Фаулер өөрийнх нь гомдлыг компанийн захиргаа хүлээж аваагүй бөгөөд менежэр нь гомдол гаргасны төлөө ажлаас нь халахаар сүрдүүлж байсныг блогтоо өгүүлсэн байв. Энэ бол Uber-т тохиолдсон гамшгийн дөнгөж эхлэл байлаа. Дараа нь тус компанийн таагүй соёлтой холбоотой хэд хэдэн гомдол ил гарч, түүнд нь дээд удирдлагуудын нэр хүртэл холбогдсон юм. Сүүлдээ 20 орчим зүй бус ажлаас халсан тохиолдол, 200 гаруй гомдлын мөрөөр дөрвөн сар үргэлжилсэн шалгалт эхэлсэн нь одоо болтол үргэлжилж байгаа ажээ. Эх сурвалж: Techinsider
https://ikon.mn/n/11jl
11jn
Ч.Гантулга: Нийслэл хотын нутаг дэвсгэрийн есөн метр квадрат бүр хаягтай болж байна
ikon.mn
06/21/2017 15:14:00
Гэрэл зургийг mpa.mn НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга Англи улсад байгуулагдаж Монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж буй what3words компанийг нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд анхаарал хандуулан Монгол дахь what3words-н багтай хамтран ажиллаж байна. Энэхүү төслийг Нийслэлийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж хэрэгжүүлэхээр болжээ. What3words бол дэлхийн гадаргууг 3мХ3м хэмжээтэй 57 их наяд квадратуудад хувааж квадрат тус бүрт нь дахин давтагдашгүй 3 үгт хаяг оноосон шинэлэг хаягжилтын систем юм. Өнөөдөр дэлхий дахинаа хувь хүмүүс, компаниуд, албан байгууллагууд энэхүү энгийн хирнээ өндөр нарийвчлалтай хаягжилтын системийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна. What3words хаягжилтын системийг Монгол улсад анхлан нэвтрүүлэхээр болж байгаа бөгөөд дэлхийн хаягжилтын энэхүү шинэ системийг нийслэл хотдоо нэвтрүүлж ашиглахад Монгол дахь what3words-н багтай хамтран ажиллаж буй НИТХ-ын төлөөлөгч, Санхүү эдийн засгийн хороо, Хууль эрхзүй төрийн байгуулалтын хорооны гишүүн, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хороон дарга, Замын түгжрэл ажлын хэсгийн гишүүн Ч.Гантулгатай ярилцаж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. -what3words буюу 3 үгт хаягжилтын системийг нэвтрүүлэх ажил хэр явагдаж байна вэ? -what3words компани анх “Ард санхүүгийн нэгдэл” компаниар дамжуулан Монгол Шуудан ХК-тай холбогдсон. Ингээд Монгол Шуудан ХК үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж эхэлснээр Монгол улсад анх 3 үгт хаяг ашиглагдаж эхэлсэн. Гурван үгт хаягжилтын системийг Нийслэлийн засаг дарга С.Батболдод танилцуулахад дэлхийн хэмжээнд нэвтэр буй хаягжилтын шинэ системийг манайх нэвтрүүлэх нь зүйтэй юм байна гэж дэмжсэн тул нийслэлийн эрүүл мэнд, цагдаа гэх мэт төрийн үйлчилгээний газруудаас төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энгийн иргэдээс эхлэн Улаанбаатар хотод үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа идэвхитэй хэрэглэж эхлээд байна. what3words-н технологийг дэлхийн нийт 170 гаруй оронд 14 гаруй хэл дээр ашиглаж байгаа бөгөөд Монгол улсын хэрэглэгчиддээ зориулан Монгол хэлтэй апп гаргаснаар бидэнд энэ системийг Монголд хэрэглэх бүрэн боломжийг олгож байна. 3үгт хаягийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын хэсгийн гол нь эхлээд хаягжилт хангалтгүй бүсүүд буюу гэр хорооллын өрх бүрийг өөрсдийн үндсэн хаяг дээр 3 үгт хаягийг нэмэлтээр ашиглан төрийн үйлчилгээ авах боломжоор хангах, цаашлаад улсын хэмжээнд хаягжилттай холбоотойгоор үүсэж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд 3 үгт хаягийн шийдлийг ашиглах зорилготой байна. what3words-г хамгийн энгийнээр ойлгуулахад дэлхийн бөмбөрцөгийн 9м² бүр хаягтай болчихож байна гэсэн үг. Тэгэхээр 9м² бүрийг нэрлэсэн 3 үгээр бид дэлхийн бөмбөрцөгийн аль ч хэсгийг олох боломжтой. Манай дээр ярихад нийслэл хотын нутаг дэвсгэрийн есөн метр квадрат бүр хаягтай болж байна. -Манай нийслэл бол Амарын гудамж, Доржийн гудамж гэх мэтээр тогтсон хаягтай...? -Тийм ээ, өнөөдөр Монгол улс хуулиар баталгаажсан хаягтай. Гэхдээ бид үүнийхээ хажуугаар төрийн үйлчилгээг сайжруулах мөн дэлхийд нэвтэрч буй инноваци, технологийн хөгжлийг дагаж хамт алхах ёстой. 3 үгт хаягжилтын систем нь ямарваа нэгэн байдлаар одоогийн хаягжилтыг өөрчлөх биш харин одоо байгаа систем дээр нэмэлтээр ажиллаад явна гэж ойлгож болно. Ухаалаг утсандаа what3words-н технологид суурилсан апп-аа татаж аваад 3 үгт хаягаа хийгээд сурчихад л болно. Манай улсын хаягжилтын хувьд зах руугаа эмх замбараагүй бол төв хэсэгтээ албан ёсны хаягаа ашиглаж хэвшээгүй ажиглагддаг. Бид таксинд суугаад Сөүлийн гудамжны 2 дугаар байшин гэвэл шууд хүргээд өгөх таксины жолооч байх уу. Энэ бол асуудал. Ер нь дэлхийн улс орны 75 хувь нь хаягжилтын хувьд асуудалтай байдаг бол 25 хувь нь нийтлэг бус, алдаатай хаягжилтын системтэй байдаг байна. Энэ нь улс орны эдийн засагт олон тэрбум төгрөгний алдагдал учруулдаг байна. Тэгэхээр нийтээрээ what3words –г ашиглавал хүн бүр, газар бүр хялбархан хаягтай болно. Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан цаг алдалгүй хүргэхэд нэн тустай. -Манай компаниудын идэвх санаачилга ямархуу байна? -Хэдийгээр шинээр нэвтэрч буй технологи хэдий ч манай бизнес эрхлэгчид их идэвхи, санаачилгатай, сайшалтайгаар хүлээн авч байна. Учир нь 3 үгт хаягийг ашигласнаараа хүргэлт, тээврийн зардал мөн хамгийн чухал нь цаг хугацаа хэмнэж чадаж байгаа учраас эргээд олон давуу талыг авчирч байна. “Монгол шуудан” ХК бол улсын хэмжээнд түгээлт хийдэг. 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд явж байна.“Пицца хат” хамгийн анх 3 үгт хаягаар пицца хүргэж эхэлсэн.Бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд одоо бас хамтран ажиллаж эхэлж байна. Уг нь болдогсон бол бид гэр хорооллоор яваад айл болгоны үүдэнд зогсож апп-аараа 3 үгийг татаж аваад хашаа бүр дээр наагаад явчихмаар байна. Даанч 180 мянган айлаар явна гэдэг хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацааны асуудал их байгаа учраас өнөөдөр үйлчилгээ үзүүлж байгаа компаниудад хүргээд хамтарч ажиллаад туршаад явж байна. 2-3 жилийн дараа нийтээрээ хэвшсэн байдлаар нэвтрүүлээд ашиглаад явах боломж бий. -Зардал мөнгөний тухайд...? -what3words-ийн тухайд технологийг энгийн хэрэглэгчид апп дээр үнэгүй татан ашиглах боломжтой. Хүссэн хэрэгчлэгч бүр апп-аа татаж аваад үнэ төлбөргүй хэрэглэх боломжтойгоос гадна мөн интернетгүй орчинд ажилладаг тул хот хөдөө хаана ч хэрэглэх боломжтой. Бизнесийн байгууллагын хувьд ашиглалтын хэлбэрээс хамааран төлбөртэй, төлбөргүй гэсэн 2 төрөлтэй байгаа. what3words.com -Баярлалаа.
https://ikon.mn/n/11jn
11jo
"Төрийн 500 гаруй төрлийн үйлчилгээг үнэлэх ухаалаг аппликэйшн 9 дүгээр сард бэлэн болно"
ikon.mn
06/21/2017 15:31:00
Нээлттэй засгийн түншлэлийн Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Ажлын хэсэгт төр засгийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд багтаж байгаа юм. Тус ажлын хэсэг нь Монгол Улсын “Нээлттэй засгийн түншлэл”-ийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний биелэлтийн явцыг дүгнэх, цаашид хэрэгжилтийг ханган ажиллах үүрэгтэй бөгөөд хуралдааны үеэр гишүүд өөрсдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Хуралдааныг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Ажлын хэсгийн дарга У.Бямбасүрэн хэлэхдээ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгагдсан засаглалыг бэхжүүлэх зорилтуудад тулгуурлаж Нээлттэй засгийн түншлэлийн ил тод байдлыг хангах, авилгатай тэмцэх, шинэ технологийг нэвтрүүлж ашиглах, иргэдийн оролцоог дэмжин Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагууд түншлэх нь төр засгийн үйлчилгээг ил тод, хариуцлагатай байлгах, авилгаас ангид байх нөхцөлийг бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэх ёстой” гэлээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Улаанбаатар хот дахь төрийн 500 гаруй төрлийн үйлчилгээг үнэлэх ухаалаг аппликейшний хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн өргөдөл гомдлын хэсэгтэй холбох холболтууд үргэлжлэн 9 сард нээлтээ хийхээр бэлтгэл ажлын ханган ажиллаж байна гэж ажлын хэсгийн гишүүн, иргэний нийгмийн төлөөлөгч Ардчиллын боловсролын төвийн захирал Г.Ундрал танилцууллаа. Ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр гишүүд байр сууриа илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлж, ажлын хэсгийн хуралдааныг тогтмолжуулах, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг илүү нягтаршуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн тохиролцсон юм. Монгол Улс хоёр дахь “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-гөө Нээлттэй засгийн түншлэлээс тодорхойлсон 5 үндсэн сорилтоос 4 сорилтын хүрээнд 13 зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байгаагаас “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах Засгийн газрын 11-11” төвийн гар утасны аппликэйшн”, “Шилэн дансны системийг сайжруулах” гэсэн хоёр зорилт өмнөх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-өөс үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, улам боловсронгуй болгохоор тусгажээ. “Нээлттэй засгийн түншлэл”-ийн зарчим, шалгуурт нийцсэн “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бий болгох”, “Уул уурхайн салбар дахь бенефициал өмчлөлийн талаарх мэдээллийн ил тод байдал” зэрэг зорилт, арга хэмжээг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.
https://ikon.mn/n/11jo
11jp
ФОТО: Арьс ширний 10 дугаар байрны суурин дээр ШИНЭ ОРОН СУУЦны шав тавилаа
А.Төгөлдөр, iKon.mn
06/21/2017 16:07:00
Гэрэл зургийг mpa.mn Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн хэлж заншсанаар арьс ширний нийтийн 10 дугаар байр. Хагас зуун жилийн насжилттай уг байранд ашиглалтад орсон цагаас хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй байна. Мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөнд тэсвэргүй болж, дээвэр туурга хана нь цуурсан энэ байранд 70 гаруй иргэн амьдардаг аж. Хотын дарга өнгөрсөн 5 дугаар сард оршин суугчидтай уулзах үеэрээ “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажлыг эрчимжүүлж, иргэдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна” гэж амласан. Энэ амлалт ажил болж арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын шавыг өнөөдөр тавилаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хийе гэвэл арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог” гэдгийг онцлоод “Эхний ээлжинд 20 айлын 10 дугаар байрны суурин дээр 40 айлын 2 давхар орон сууц баригдана. Дараагийн ээлжинд мөн 40 айлын орон сууц ашиглалтад орно. Иргэд урд нь 16 м байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 м2 бүхий душ угаалга, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууц баригдах юм. Нийслэлийн зүгээс иргэдээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хуучин байсан м2 дээр нэмж 8.32 м2 талбайг илүү бодож өгч байна. Энэ ажил иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр эхэлж байна” хэмээлээ. Арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нью Биг Фиш Констракшн” ХХК ажиллаж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс асуудлыг шийдвэрлэж, иргэдээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг өмнөө тавьсан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барих ажил үргэлжилсээр байна. Фото Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11jp
11jq
Үйлдвэрлэл, технологийн гурван парк байгуулна
Г.Мөрөн, iKon.mn
06/21/2017 16:08:00
Засгийн газрын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 178 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналын дагуу үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо. Тодруулбал “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ болон “Эрдэнэ хүнс-САМО” ХХК-д тус тус 4 жилийн хугацаагаар олголоо. Уг тогтоолоор, Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх, паркийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав. Эх сурвалж: ХХААХҮЯ
https://ikon.mn/n/11jq
11jr
Л.Баатарцогт: Улсын баяраар Улаанбаатар бүхэлдээ зүлэгтэй, нов ногоон болно
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
06/22/2017 08:52:00
Гэрэл зургийг Mpa.mn Нийслэлийн хэмжээнд жилд 400-500 гаруй мод сөөг тарьж, ургуулан ногоон байгууламжийг сайжруулдаг байна. Гэвч Улаанбаатар хотын нийт гудамжны 50 гаруй хувь нь одоогоор ногоон байгууламжгүй, сул шороо, хайрга чулуутай байгаа юм. Хотын ногоон байгууламжийг сайжруулах, ихэсгэх ажилд бага хөрөнгө мөнгө зарцуулдаг учраас бид өнөөдрийг хүртэл хотын бүх гудамжийг моджуулж, зүлэгжүүлэх боломжгүй байгаа талаар Хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Л.Баатарцогт ярьж байсан юм. Нийслэлийн ногоон байгууламжийн ажилд энэ зуны байдлаар 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд арваннэгдүгээр сарын 30-нийг хүртэл ажил үргэлжлэх гэнэ. Энэ талаар бид дараах зүйлийг түүнээс асууж, тодрууллаа. -Энэ зун Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сайжруулах тал дээр ямар ажил хийж байна? -Нийслэлийн Захирагчийн ажлын алба нийтийн эзэмшлийн гудамж талбайн мод сөөг, зүлэгний арчилгааг хариуцдаг. Улаанбаатар хот нийт 240 гаруй гудамжтайгаас одоогоор 110 орчим нь л ногоон байгууламжтай байна. Энэ жил технологийн дагуу услах, бордох, сэргээх, тарих, шохойдох, тэгшлэх зэрэг 21-22 нэр төрлийн ажилбарыг дөрөвдүгээр сараас эхлэн хийж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд 450,000 орчим мод сөөг тарьсан. Гол төлөв ургамлан хашилгад хайлаас, шар хуайс гэсэн сөөгүүдийг тарьжээ. Үүнээс гадна том хэмжээний улиас, шилмүүст мод, тэр дундаа 2,000 гаруй том оврын шилмүүст нарс модыг гурван талд нь тулгуур хийж, тарилаа. Урд жилүүдэд ийм ажил хийгддэггүй байсан. Ингээд нийтдээ Улаанбаатар хотын хэмжээнд 93.5 га ногоон байгууламжийг арчилж, тордох, услах, ургуулах ажил хийгдэж байна. Арваннэгдүгээр сарын 30-нийг хүртэл үргэлжилнэ. Үүнээс хойш цас орж, хөлдөж, өвлийн байдалд шилжинэ. Ингээд дараа жилийн гуравдугаар сарын 15-наас ажил эхэлнэ. -Тарих нэг хэрэг. Цаашид арчилж, ургуулах чухал асуудал шүү дээ? -Хамгийн гол хөрөнгө мөнгө, анхаарлаа мэдээж арчилгаанд зарцуулж байгаа. Гурав хоноод нэг услах, бордоо, нэмэлт тэжээлийг Солонгос, Хятад улсаас оруулж ирж, хийж байна. Гэрэл зургийг Mpa.mn Ерөнхийдөө эхний гурван жил сайтар арчилж, ургуулж чадвал цаашаа мод сөөгүүд өөрөө байгалиасаа шим тэжээлээ аваад ургачихдаг. Тэгэхээр 2020 он дуустал үүнийг бид онцгой анхаарч ажиллана. -Мод сөөг тарихаас гадна зүлэг ногоо тарих, цэцэгжүүлэлтийн ажил хийгддэг. Хотын өнгө үзэмжийг ч нэмдэг шүү дээ? -Энэ жилийн хувьд Нийслэлийн хэмжээнд 200,000 м.кв зүлэг шинээр тариад байна. Нэг хэсэг гантай байсан учраас зүлэг огт гараагүй. 30-40 м-ийн гүний усаар услаад ч нэмэргүй байсан. Харин бороо орсноор 20-30 см гүн хөрсөнд ус нэвчсэн байна. Тэгэхээр тарьсан зүлэг удахгүй соёолж гарна. Улсын их баяр наадам гэхэд Улаанбаатар хот бүхэлдээ зүлэгтэй, нов ногоон болно гэж мэргэжлийн хүний үүднээс үзэж байна. Манайд ногоон байгууламжийг сайжруулах бүх материаллаг бааз бий. Ганцхан хөрөнгө мөнгийг энэ ажилд бага зарцуулдаг. Харин цэцэгжүүлэлтийн хувьд сүүлийн жилүүдэд бусад орнуудын жишгийн дагуу гоёл чимэглэлийн цэцгийг хотын төвийн гол, гол уулзваруудаар тарьж байгаа. Энэ жил нийт 3 га газар 200,000 орчим цэцэг тарьж, ургуулсан. Энэ бол Нийслэл хотын маань өнгө үзэмжинд гол үүрэг гүйцэтгэх зүйл шүү дээ. Бид цэцэгсийн нэр төрлийг улам олшруулж, харагдах байдал, ургуулах хэв маяг, архитектор шийдэл талаас нь жил бүр шинийг санаачилж, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулж байна. Гэрэл зургийг Mpa.mn -Хэдий хэр хэмжээний хөрөнгө мөнгийг энэ жил төсөвлөсөн бэ? -Усалгаа, бордоо, цэцэг, мод сөөг тарих зэрэг ногоон байгууламжийн бүхий л ажилд нийт 5.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэтэл 16-17 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Нийслэлд энэ чиглэлээр 600 гаруй цэцэрлэгч, 60-70 усны машин ажиллаж байна. Уг нь манайд хотын ногоон байгууламжийг сайжруулах боловсон хүчин, цэцэрлэгч, ойн инженерүүд, машин техник, тариалах мод сөөг гээд бүх потенциал, материаллаг бааз нь байна. 50 гаруй мод үржүүлгийн аж ахуй манайд ажиллаж байна. Ганцхан хөрөнгө мөнгийг энэ ажилд бага зарцуулдаг. -Баярлалаа.
https://ikon.mn/n/11jr
11jt
Бүтээн байгуулалтын ажил нь өнөөдөр эхэлж буй Дарханы шинэ зам 2018 онд ашиглалтад орно
А.Төгөлдөр, iKon.mn
06/21/2017 16:58:00
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдөр эхэлээ. Тус замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цементбетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж ирэх 2018 онд хүлээлгэн өгнө. Энэ удаагийн шинэчлэлтээр хоёр эгнээ бүхий дөрөвдүгээр зэрэглэлийн замыг нэгдүгээр зэрэглэлийн дөрвөн эгнээтэй болгон шинэчилж, 12 төмөр бетон гүүр, 2 туннел, түр зогсоолын талбай, гадаргуугын ус зайлуулах, урсгал залах байгууламжтай болгох гэнэ. Мөн хар цэг буюу осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-н даваа, 60-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ. Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий Азийн авто замын сүлжээнд холбогдсон Замын-Үүд Алтанбулаг чиглэлийн замын нэг хэсэг болсон Улаанбаатар- Дархан чиглэлийн 204.6 км замыг цементбетон хатуу хучилттай 1-р зэрэглэлийнх болгох бас нэгэн түүхэн үйл явдлын гэрч болж байна хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцлон хэлээд их ажлын анхны шороог хөндсөн юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан бөгөөд 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж байна. Энэ чиглэлийн зам нь Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг. Тус замаар хоногт 3,800 автомашин зорчдог байна. Стандартаар бол 600 орчим автомашин зорчих ёстой аж. Эх сурвалж: ЗТХЯ
https://ikon.mn/n/11jt
11ju
Өмнөд Солонгосчууд гадаадын иргэдийг ажиллуулахын эсрэг жагсаж байна
Р.Төмөр, ikon.mn
06/21/2017 17:08:00
Өнөөдөр буюу Лхагва гарагт Сөүл хотын төвд 8,000 гаруй барилгын салбарын ажилчин эсэргүүцлийн жагсаал хийж байна. Тэд барилгын компаниудыг солонгос ажилчдыг ажиллуулах, гадаадын хууль бус ажилчдыг ажиллуулахаа зогсоохыг шаарджээ. Тэд бас компаниудыг хуулиар зөвшөөрсөн тоо хэмжээнд гадаад иргэдийг ажиллуулж байгаа эсэхэд хяналт тавихыг засгийн газраасаа шаардсан байна. Жагсаал өчигдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Тэд “Солонгос хүнийг ажиллуул!” гэсэн уриаг жагсаж байхдаа хэлж байгаа ажээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын барилгын ажилчдын цалин, хангамж төдийлөн сайжраагүй нь компаниуд хямд зардалтай гадаад ажиллах хүчийг ихээр авах болсонтой холбоотой гэж жагсагчид дүгнэж байна. Хууль ёсоор 67,000 гадаад ажилчин ажиллуулах хязгаартай ч нууцаар ажиллуулж байгаа хүний тоо нь 300,000 давсан гэж үзэж байгаа гэнэ. Эсэргүүцлийн жагсаал нь ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг сонгогдсоноос хойш болж байгаа анхны тэмцэл, солонгос хүнийг ажилд авахыг шаардсан агуулгаараа анхдагч жагсаал болж байна. Жагсаал ерөнхийлөгчийн ордон, SK, Hyundai, Daewoo зэрэг томоохон барилгын компаниудын байрны дэргэдүүр явжээ. Нийтдээ 2,700 цагдаа аюулгүй байдлыг сахиулахаар ажиллаж байна. Албаны тоо баримтад дурдсанаар өнгөрсөн онд солонгос биш ажилчдын тоо барилгын салбарт өсөн 290,000-д хүрсэн нь нийт ажиллах хүчний 35 хувь болжээ. Өмнөд Солонгост өнгөрсөн онд 2,049,441 гадаадын иргэн амьдарч байсан нь хүн амын 4 хувь болж байгааг хууль зүйн яамны тоо баримт харуулж байна. Эх сурвалж: Korea Times
https://ikon.mn/n/11ju
11jv
"Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн ШУУД тохирлын ХАРИУ
ikon.mn
06/21/2017 17:47:00
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 17:47 2017/06/21 Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.06.21/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу: 3-17-33-16-23-11 +26 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 5-6-3-9-6-7 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 1-5-6-3 2-р зэргийн хонжворын хариу: 4-0-4-6 3-р зэргийн хонжворын хариу: 3-4-7-5 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909 17:16 2017/06/21 - https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо - "Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн /2017.06.21/ ээлжит тохирол эхэллээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/686334511552120/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм. ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү. "Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой. 17:47 2017/06/21 Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.06.21/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу: 3-17-33-16-23-11 +26 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 5-6-3-9-6-7 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 1-5-6-3 2-р зэргийн хонжворын хариу: 4-0-4-6 3-р зэргийн хонжворын хариу: 3-4-7-5 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909
https://ikon.mn/n/11jv
11jw
ЖАГСААЛТ: Элэгний B, C вирус ТООЛОХ шинжилгээг ҮНЭГҮЙ хийх 22 лаборатори
Г.Мөрөн, iKon.mn
06/21/2017 17:26:00
Гэрэл зургийг Mpa.mn 40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна. “Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лабораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад байна. Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлнэ. Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд: № Эмнэлгүүд 1 Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2 Улсын хоёрдугаар төв эмнэлэг 3 Халдварт өвчин судлалын үндэсний төв 4 Хавдар судлалын үндэсний төв 5 Багануур эрүүл мэндийн төв 6 Интермед эмнэлэг 7 УБ Сонгдо эмнэлэг 8 Грандмед эмнэлэг 9 Аллергимед эмнэлэг 10 Монгол Хьюндай эмнэлэг 11 Итгэл эмнэлэг 12 Онкоген лаборатори 13 “Гялс” Анагаах ухааны төв 14 Мобио лаборатори 15 Оношмед лаборатори 16 “Бона Вита” лаборатори 17 “Протолаб” лаборатори 18 Элэгний төв лаборатори 19 “Гэгээн Ар Үр” лаборатори 20 Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/ 21 “Евростандарт лаборатори 22 Хаппи веритас Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
https://ikon.mn/n/11jw
11jy
ҮЙЛ ЯВДАЛ: Хар тамхины эсрэг эцэг эхчүүдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ
Г.Мөрөн, iKon.mn
06/22/2017 08:00:00
Сүхбаатарын талбайд 09:30 цагт Чингисийн одонт, МУГЖ Г.Ариунбаатар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болно. Төрийн ордны А танхимд 10:30 цагт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт Дархан-Уул аймгийн хувьчлагдсан барилгуудын талаарх "но"-той асуудлаар орон нутгийн иргэд хэвлэлийн хурал хийнэ. 11:30 цагт "Хөвсгөл нуураа хамгаалъя" ТББ-аас Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төсөл, лиценз олголтын хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ. БСШУСЯ-нд 11:40 цагт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар дэлхийд нэр алдраа цуурайтуулсан дуучин, МУГЖ Г.Ариунбаатарыг хүлээн авч, баяр хүргэнэ. Ногоон нуурын орчимд 11:40 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1,000 айлын орон сууцны хотхоны шав тавих ёслолын үйл ажиллагаанд оролцож үг хэлнэ. MN-Мэдээллийн төвд 12:00 цагт Хар тамхины эсрэг эцэг эхчүүдийн нэгдсэн холбооноос “Хүү нь ухаарсан аян”-ы талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
https://ikon.mn/n/11jy
11k
Цахилгааны хязгаарлалт хийнэ
Х.Алтанзагас, iKon.mn
11/07/2013 08:00:00
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 8, 9, 16-р хороо Буянт-Ухаагийн 1-14, Дэнжийн 7, 9, 10, 11, Бурхантын 2-8 дугаар гудамж болон Эко хотхон барилгад цахилгааны хязгаарлалт хийнэ. Харин 8-ны өдөр буюу маргааш Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Хонхорын 1-7 дугаар гудамж, 31-р хороо Цаг уурын станц орчмын хэрэглэгчдийг цахилгаанаар тэжээдэг 10 кВ-ын Буянт-Ухаа, Хөтөл агаарын шугамуудад шинэчлэлтийн ажил хийгдэх тул 10.00-18.00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ. Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Монлаа, Баянзүрх дүүргийн Монель, Амгалан, Чингэлтэй дүүргийн Тасган, Зүрх-Уул, Хан-Уул дүүргийн Нисэхийн зарим хэсэг, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Хайлааст, Согоот, Хангайн гудамж орчмын 36 мянга гаруй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, хэт ачаалагдсан зарим дэд станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор хийгдэж буй 5 тэрбум төгрөгийн өртөгтэй UB-56 төслийн ажил 85 хувьтай явагдаж байгаа аж.
https://ikon.mn/n/11k
11k1
Л.Цэрэндолгор: Гар утас хор нөлөөгөөрөө компьютероос илүү байдаг
А.Үлэмж, iKon.mn
06/22/2017 11:06:00
Техник, технологи хөгжихийн хэрээр хүний хэрэгцээг хангах маш олон зүйлс гарч ирсээр. Тухайлбал, гар утас хөгшин, залуу хүн бүрийн хэрэглээ болжээ. Компьютер тоглоом буюу PC-г өсвөр үеийн хөвгүүд болон насанд хүрсэн залуучууд шимтэн тоглосоор л... Зурагт бол айл бүрийн хэрэглээ. Гэвч аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг нөлөөтэй байдаг нь бичигдээгүй хууль. Хэтэрхий олон цагаар дэлгэц ширтэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Наад зах нь нүдний хараа муудахаас эхэлнэ. Гар утас,зурагт, компьютерт донтохыг дэлхий нийтэд “дэлгэцийн дон” хэмээн томъёолсон байна. Бид энэ удаад “Дэлгэцийн дон” өвчний талаар болон хүүхдүүд энэ өвчинд хэрхэн өртөж байгаа талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн их эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа. -Насанд хүрээгүй хүүхдүүд ихэвчлэн ямар шалтгаанаар СЭМҮТ-д хандаж байна вэ? -Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн үндэсний клиникт кабинетийн болон хэвтэн эмчлүүлэх гэсэн үйлчилгээг үзүүлдэг. Кабинетаар үзүүлж байгаа хүүхдүүдээс шаардлагатай хүүхдүүдийг нь хэвтэн эмчлүүлдэг байгаа. Манай эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь архаг ядаргаа, мэдрэлийн ядаргаа, булчин татваганах эмгэг, газ үнэрлэх, мөн PC буюу компьютер, гар утасны тоглоомыг хэтрүүлэн тоглох зэрэг шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн үед компьютер,гар утсаар хэтрүүлэн тоглох шалтгаанаар хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо ихсэж байна. Эдгээр өвчнүүдийн дийлэнх шалтгаан нь гэр бүлийн асуудалтай холбоотой байдаг. -Компьютер, гар утас хэтрүүлэн тоглох, зурагт үзэх зэрэг нь дэлгэцийн дон хэмээх өвчин шүү дээ. Энэ өвчин нь ямар сөрөг нөлөөтэй вэ? -Нэг удаагийн суултаар 4-5 цагаас илүү өдөр бүр тоглож, дэлгэц ширтэж байвал дэлгэцийн дон гэсэн үг юм. Компьютер тоглоом, гар утсанд хэт их автсанаар хүүхдүүд мэдрэлийн ядаргаанд орох тохиолдол элбэг байна. Мэдрэлийн ядаргаанд орсон нь нойргүйдэх, дархлаа сулрах, уур уцаартай болох зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Ингэж явсаар сүүлдээ донгийн хэлбэрт шилжинэ. Энэ үед хүүхэд зөвхөн компьютер тоглоом тоглохын тулд гэрээсээ дайждаг, хичээлээ тасалдаг, худлаа ярьж , хулгай хийх цаашлаад гэмт хэрэгт холбогдоход хүрдэг. Компьютер, утас, зурагт юунд ч донтсон бай яг л архичин шиг байдаг. -Цаашид энэ өвчин нь ямар үр дагаварт хүргэдэг вэ? -Эцэг эхчүүд хүүхдэдээ ямар өөрчлөлт орж байна, нойр хоолондоо ямар байна, уур уцаартай болж байгаа эсэхийг байнга анхаарч байх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн өөрчлөлттэй байвал эртнээс эмчид хандах хэрэгтэй. Эрт эмчид хандсанаар эрт арга хэмжээ авч тухайн хүүхдийн өвчин донгийн хэлбэрт шилжихгүй. Эмчилгээ хийлгэхгүй, хэтрүүлэн хэрэглэж тоголсоор байгаа хүүхдүүд донгийн хэлбэрт шилждэг. Дон гэдэг нь яг архичинтай адил. Компьютер, утас, зурагт юунд ч донтсон бай яг л архичин шиг байдаг. Ухаан санаанд нь зөвхөн тэрхүү компьютер тоглох, зурагт үзэх, утас оролдох гэсэн бодол л эргэлдэж байдаг, өөр зүйл боддоггүй. Ойр орчмын хүмүүсийн шаардлагыг хүлээж авдаггүй. -Дэлгэцийн дон нь утаанаас илүү их эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар? -Утаа бол хүний биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг, уушиг болон дархлааны систем гэх мэт. Харин дэлгэцийн дон нь тухайн хүүхдийн зан ааш, сэтгэц, цаашлаад биеийн байдалд нөлөөлдөг. Хүүхдийн сэтгэц, зан ааш өөрчлөгдхөөр хүмүүжлийн доголдолд ордог. Хүмүүжлийн доголдолд орсон хүүхдийг засах маш хэцүү. Тиймээс урьдчилан сэргийлэлт маш чухал. -Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? -Нэн түрүүнд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илүү их нээлттэй, амьд харилцааг өрнүүлж байх хэрэгтэй. Хүүхдээ спортоор, урлагаар, сонирхлыг нь хөгжүүлэхэд туслах хэрэгтэй. Байнга хүүхэддээ хараа хяналт тавьж, ямар хүүхдүүдтэй найзалж нөхөрлөж , юу хийж яваа зэргийг нь энгийнээр айлгахгүй асууж харьцдаг байх хэрэгтэй. Сүүлийн үед эцэг эхчүүд өөрсдөө гар утсаараа их оролдож, зурагтаа байнга үзэж буруу үлгэр дуурайл үзүүлдэг болсон байна.Тиймээс өөрсдөдөө ч анхаарч, үлгэр жишээ эцэг эх байгаарай. Тэгээд 5 хүртэлх бага насны хүүхдийг гар утас, Ipad, Tablet, компьютерт ойртуулахгүй байвал сайн. Эсвэл хүүхдээ цагийн хувиартай зурагт үзүүлж, өдөрт 2 цагаас илүүгүй компьютер, гар утсаар тоглуулж байх хэрэгтэй. -Дэлгэцийн донд хэдэн насны хүүхдүүд хамгийн их өртөж байна вэ? -Энэ өвчинд өсвөр насныхан буюу 10-19 насныхан хамгийн их өртдөг. -Дэлгэцийн дон туссан тохиолдолд ямар эмчилгээ хийдэг вэ? -Манай СЭМҮТ-ийн зүгээс шинж тэмдэгт нь тохируулан эмчилгээ хийдэг. Хэрвээ ядаргаа, сульдалт их байвал түүнд нь тохируулан хүүхдийг амраах, нойрсуулах, физик эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ, витаминт эмчилгээ, тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ зэргийг хийдэг. Ер нь ямар ч донг эмчилхэд сэтгэл заслын эмчилгээ хамгийн чухал байдаг. Тухайн хүүхэдтэй ганцаарчилж уулзах, сэтгэл санааг нь тайван байлгах тал дээр анхаарч, сэтгэл зүйчийн зөвлөгөөний дагуу эмчилдэг. -Эмчилгээг хэр удаан хийдэг вэ? -Манай тасагт бол 10 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг. Эмнэлэгт байх хугацаанд нь суурь эмчилгээг нь тавиад өгдөг. Харин эмнэлэгээс гарсанаас хойш дор хаяж зургаан сар сэтгэл заслын эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ эмнэлэгээс гарсны дараа эргэн сэтгэл зүйчид нь хандах тал дээр их хойрог хандаж байгаа. -Гар утас компьютер хоёрын аль нь илүү сөрөг нөлөөтэй вэ? -Гар утас хор нөлөөгөөрөө компьютероос илүү байдаг. Ухаалаг утсанд бүх зүйл ороод ирсэн. Интернэтгүй утас гэж байхгүй болсон. Наад зах нь дэлгэц нь жижиг учраас түүнийг харах гэж нүдний булчин хэвийн хэмжээнээсээ илүү ажилладаг. Тархи нь хөгжиж амжаагүй байгаа хүн ийм зүйл рүү ороод ирэхээр хөдөлгөөний хомсдолтой, сурах идэвх багасч, найз нөхөдгүй болж, худлаа хэлж, зорилго чиглэлгүй болдог. Гэхдээ аль нь илүү хор хөнөөл багатай, ихтэй гэж ялгаж болохгүй юм. Хоёулаа л хүүхдийг донтуулж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. -Сүүлийн үед газ үнэрлэснээс болж СЭМҮТ-д хандаж эмчлүүлж байгаа хүүхдүүд цөөнгүй болсон гэсэн шүү дээ. Газ үнэрлэх нь ямар сөрөг нөлөөтэй вэ? Хар тамхи, мансууруулах бодисноос ямар ялгаатай вэ? -Хүүхдүүдийн сонирхлыг татах болсон бас нэг зүйл нь ахуйн газыг уутанд цацаж байгаад түүнийгээ сорж үнэрлэж донтож, мансуурах. Энэ бол бас нэг донгийн хэлбэр. Энэ байдал сүүлийн үед их элбэг болсон. Газ бусад мансууруулах бодисыг бодвол багаар хэрэглэсэн тохиолдолд хэсэг хугацаанд мансуурж байгаад буцаад гарчихдаг. Харин нэг дор их хэмжээгээр хэрэглэх юм бол амьсгал хураах эрсдэлтэй. Мөн мансуурсан үед хүүхдийн сэтгэцэд нөлөөлж нисэж байгаа, аз жаргалтай байгаа мэт мэдрэмж төрж, маш их зоригтой болдог. Тэгээд бэртэж гэмтэх эрсдэл гарна. Ер нь аливаа мансууруулах бодис, газ, PC тоглоом, гар утас юуг ч бай хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хүний бие махбодь, сэтгэц, эрүүл мэндэд маш их хор нөлөө үзүүлдэг. Тийм учраас хэрэглээгээ хязгаарлаж зөв болгох нь хамгийн чухал.
https://ikon.mn/n/11k1
11k2
ХҮН нам нэр дэвшигч С.Ганбаатарын үйлдсэн ноцтой хэргийг цагдаад шалгуулахаар хандсан байна
ikon.mn
06/21/2017 19:10:00
ХҮН нам энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг нам, нэр дэвшигчийг дэмжин оролцохгүй. Монгол Улс ерөнхийлөгчөө, өөрсдийгөө төлөөлөх хүнийг сонгох хариуцлагатай ажил тул нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, ерөнхийлөгчөөр сонгогдвол ямар бодлого баримтлах, юу хийхээр төлөвлөж байгаад нь дүгнэлт хийж, ул суурьтай сонголт хийх ёстой. Харамсалтай нь сонгуулийн сурталчилгаа бодлого, зарчим, шийдэл ярихаас илүү хувь хүнд чиглэсэн, хувийн чанартай жижиг зүйлсээр үнэн худал нь мэдэгдэхгүй гүтгэлгийн чанартай мэдээллээр дүүрч, иргэд сонгогчдыг залхаан, доромжилж байгаа нь харамсалтай. Тэр дундаа гурван нэр дэвшигчтэй холбоотой ноцтой гэмээр мэдээлэл баримтууд дэлгэгдэж байна. Үнэн бол үнэхээр ноцтой хэргүүд тул ХҮН нам энэ гурван хүнийг гурвууланг нь хуулийн байгууллагад шалгуулж, үнэн мөнийг тогтоож, нотлогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтийг гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулинд заахдаа хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг ч өнөөдрийн энэ цаг үед иргэд, сонгогчид үнэн зөв мэдээллийг хүртэх ёстой. Үүний дагуу хууль, хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэх ёстой. Харин иргэд, сонгогчид бид худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл дагаж хошуурч, талцахын оронд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хийх зүйлсийг нь сонирхож, сонголтоо зөв хийцгээе. Нэр дэвшигчдийн штаб, нэр дэвшигчид үлдэж буй 4 хоногт гүтгэлэг, элдэв худал мэдээлэл тарааж, олон нийтийг залхаах явдлаа зогсоохыг шаардаж байна. Энэ 4 хоногт гүтгэлэг, хэрүүл биш бодлого, мөрийн хөтөлбөрөө ярилцаж сонгогчдыг хуурмаг мэдээлэл бус ирэх 4 жилд хийх ажлаараа өрсөлдөх хэрэгтэй байна. ХҮН намаас шалгуулахаар өгсөн нэр дэвшигчидтэй холбоотой асуудал нь: МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар нь БНСУ-ын иргэнээс 50,000,000 вон авч байгаа бичлэг нь Сонгуулийн тухай хуулийн 49.2, 52.1.4, 52.1.9-р заалтуудыг тус тус зөрчсөн эсэх. Мөн С.Ганбаатар нь МҮЭ-ийн байгууллагын харьяа цэцэрлэгийн газрыг (Баруун 4 замын) Солонгосын шашны байгууллагад худалдсаны төлбөрт авлига авсан эсэхийг тогтоох, МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдтой холбоотой 60 тэрбумын асуудлыг шалгаж үнэн эсэхийг тогтоох, АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгатай холбоотой 720 тэрбумын асуудлыг шалгаж, үнэн эсэхийг тогтоох зэрэг болно. ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ 2017 оны 06 сарын 21
https://ikon.mn/n/11k2
11k4
Холестерины түвшнийг бууруулагч вакцины туршилт эхэлжээ
Э.Мөнхзаяа
06/22/2017 08:14:00
Венийн анагаах ухааны их сургуулийн судлаачид шинэ төрлийн эмчилгээний аюулгүй байдлыг сайн дурын 72 хүнд турших ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү вакцин нь судасны ханан дахь холестерины товруунуудыг арилгах зорилготой аж. Уг вакцин нь зүрхний шигдээс, судасны хатуурал, тархины цус харвалтын эрсдэлийг бууруулах өдөр тутмын эмийг орлох сайн эмчилгээ болох магадлалтай байна. Дахин вакцинжуулалт “European Heart Journal” эрүүл мэндийн сэтгүүлд бичсэнээр доктор Гюнтер Стаффлер болон түүний Нидерландын хавсарга шинжлэх ухааны судалгааны байгууллагын хамт олонд энэхүү вакциныг хүнд үр дүнтэй, аюулгүй гэдгийг тогтооход нэлээд хэдэн жил шаардлагатай гэнэ. Энэ вакцин зургаан жилийн дараа хэрэглээнд гарсан ч биеийн дасгал хөдөлгөөн, эсвэл эрүүл хооллолтыг орлож чадахгүй гэж эмч нар тэмдэглэж байна. Уг вакцин нь хүний дархлалын системийг бага нягтралтай липопротеиныг цусанд бага хуримтлуулдаг PCSK9 уурагтай тэмцэхэд туслах юм байна. Судлаачдын таамаглаж буйгаар ирээдүйд өвчтөнүүд жил бүр вакцинжуулалтад орох замаар холестерин хуримтлагддаг дархлаагаа дэмжих боломж бүрдэнэ. Оготно дээр явуулсан туршилтын явцад 12 сарын хугацаанд бага нягтралтай липопротеин холестерины түвшин 50 хувиар багассан аж. Үүнээс гадна энэхүү вакцин нь судасны хананд холестерины товруунууд үүсэхээс сэргийлэх юм байна. Холестерин гэж юу вэ? Холестерин гэдэг нь цусанд агуулагдах ханасан өөх тос юм. Энэ нь хүнд зайлшгүй байх ёстой ч “муу” холестерин (бага нягтралтай липопротеин) нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. “Сайн” холестерин гэгдэх өндөр нягтралтай липопротеин нь эсрэгээрээ элгэнд боловсорсон цусан дахь бусад төрлийн холестериныг тээвэрлэхэд тустай. Зарим хүн удамшлын шалтгаантай холестерин өндөртэй байдаг. Буруу хооллолт, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, хөдөлгөөн бага байх нь холестерины түвшнийг нэмэгдүүлдэг аж. Холестериныг бууруулдаг эм бий юу? Холестерины түвшин өндөртэй хүмүүс зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах бэлдмэл хэрэглэдэг. Хэдийгээр ийм төрлийн эм нь хямд, үр дүнтэй ч хүн бүрд эерэг өөрчлөлт авч ирдэггүй. Үүнээс гадна зарим хүний хувьд өдөр бүр эм уух хүсэлгүй байдаг бол зарим хэсэг нь өвдөөгүй үедээ эм уухыг мартдаг. Түүнчлэн эдгээр эм нь ховор тохиолдолд гаж нөлөө үүсгэдэг аж. Цаашид яах вэ Энэ оны сүүлч гэхэд сайн дурын 72 хүнд хийгдсэн вакцины үр дүнгийн эхний шат гарна. Энэ шатанд вакцин аюулгүй байна уу, ямар нэгэн гаж нөлөө үүсгэж байна уу гэдгийг шалгах бөгөөд үүний дараа л хүмүүс дээр турших ажлаа үргэлжлүүлэх юм байна. Тухайлбал, энэхүү урьдчилан сэргийлэх вакцин нь чихрийн шижин үүсгэх өндөр магадлалтай байгаа юм. Венийн анагаах ухааны их сургуулийн судлаачид энэ асуудалд онцгой анхаарч байна. Шеффилдийн их сургуулийн зүрх судасны эмч, доктор Тим Чико “Энэ ажил хүнд хэрхэн нөлөөлөх тал дээр олон асуулт үлдээд байна” хэмээжээ. Тэрбээр холестериныг зүрх судасны өвчин үүсгэдэг гэдгийг эргэн сануулаад үүнийг бууруулбал энэ өвчин дагаад буурна гэжээ.
https://ikon.mn/n/11k4
11k5
Оросын батлан хамгаалахын сайдын сууж явсан онгоцыг NATO-гийн сөнөөгч онгоц “сүрдүүлжээ”
Р.Төмөр, ikon.mn
06/22/2017 08:32:00
Балтийн тэнгисийн дундын бүсэд ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн зорчиж явсан онгоцыг NATO-гийн F-16 сөнөөгч онгоц дагаж “айлгасан” явдал өчигдөр тохиолджээ. Сайдын онгоцыг хамгаалж явсан Оросын Су-27 сөнөөгч онгоц удалгүй түүнийг шахаж холдуулсан байна. Шойгу сайд далайн чанадад орших ОХУ-ын муж болох Калининградад аюулгүй байдлын сэдвээр албаныхантай уулзахаар явж байсан гэнэ. Сайдын онгоцонд зорчиж явсан сэтгүүлчид энэхүү үйл явдлыг камерт буулгах, анх мэдээлжээ. NATO-гийн онгоц Оросын иргэний нисэх онгоцонд ойртох үед Су-27 сөнөөгч түүнд ойртож, далавчаа хазайлган зэвсгээ харуулсны дараа F-16 онгоц холдон явсан байна. Балтийн тэнгисийн усан дээр Оросын гурван онгоц нисэж явсныг дагаснаа NATO сүүлд хүлээн зөвшөөрчээ. Тэд онгоцонд ОХУ-ын сайд явааг мэдээгүй гэнэ. “Онгоцнууд агаарын хяналтын системд хариу өгөхгүй, өөрсдийгөө таниулаагүй учраас NATO-гийн сөнөөгч онгоц тэдний хэн болохыг тодруулахаар ойртсон. Энэ бол онгоцонд хэн яваагаас үл хамааран үйлддэг NATO-гийн стандарт ажиллагаа юм” гэж мэдэгдэлд дурджээ. Дараа нь Шойгуг Калининградаас буцахад нь хэд хэдэн Су-34 онгоц нэмж дагалдан хамгаалсан байна. Энэ үед NATO-гийн мөн хэд хэдэн онгоц сайдын онгоцонд ойртолгүйгээр зайнаас дагалдаж ниссэн гэнэ. Сүүлийн үед ОХУ ба NATO-гийн онгоцнууд Балтийн тэнгисийн дээр тулгарах нь улам бүр ойрхон давтагдсаар байгаа юм. Балтийн эргийн улсуудыг Оросын түрэмгийллээс сэргийлэхийн тулд Польш, Литва зэрэг улсуудад умард Атлантын эвслийн орнууд цэрэг зэвсгээ бөөгнөрүүлээд байгаа нь хүйтэн дайны үеэс хойш Европт бий болсон хамгийн том тулгаралтад тооцогдож байна. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/11k5
11k6
XX зууны хамгийн алдартай эмэгтэйн нууц тэмдэглэл ил боллоо
Э.Мөнхзаяа
06/22/2017 08:32:00
Энэхүү бичлэгийн зарим материалыг 1992 онд гэрлэлтээ цуцлуулсных нь дараа гарсан “Диана: үнэн түүх" номд ашигласан аж. Гэвч хатагтай Спенсерийн олон дурсамж хэтэрхий задгай, нууж хаагаагүй байсан тул намтар зохиогч зөвхөн одоо л үлдсэн хэсгийг нь гаргахаар зориг шулууджээ. Энэ явдал өчигдөрхөн болсон мэт санагдаж байвч хэдийнээ 20 жил өнгөрчээ. Папарациас зугтах гаж байдгаараа хурдалсан хар өнгийн “Мерседес” машин Парисын гүүрэн доогуурх туннелд осолдож, дурлалт хос хамгийн нандин үгээ ч хэлж амжилгүй нас барсан түүх. Британийн гүнж Диана, Египетийн баян эр Доди аль-Файедын амрагийн эмгэнэлт түүх тэртээ он жилд шарлан үлдсэн ч “Ардын гүнж”-ийг бишрэгчид түүний амьдрал, үхлийн оньсого мэт ээдрээг тайлахыг оролдсоор байгаа юм. Тэгвэл өдгөө ч леди Ди бидэнд дахин мэдээлэл явуулсаар байна. Тодруулбал, Дианагийн өөрийнх нь намтрыг зохиогч Эндрю Мортонд илгээхээр диктафонд бичүүлсэн аудио өдрийн тэмдэглэл олны хүртээл болжээ. Түүний амраг дэргэд минь байсан Диана дөнгөж 20-тойдоо 32 настай Чарльз хунтайжтай гэрлэжээ. Мэдээж нас бие гүйцсэн эр хүнд амрагийн асуудал өчнөөн байсан нь ойлгомжтой. Тэр ч байтугай багын найз Камилла Паркер-Боулзтай амрагийн холбоотой гэдэг нь ч ургийн барилдлагад нь саад болсонгүй. “Гэгээн Павелын сүмд болох хуримын ёслолоос хоёр хоногийн өмнө бид ёслолоо давтсан юм. Тэр үед л намайг юу хүлээж байгааг ойлгож, нүдээ ширгэтэл уйлж билээ. Нэг зүйл намайг бүрэн мухардалд оруулж байсан. Энэ зүйл бол Камилла. Би асуудлаас зайлсхийх гэж оролдсон боловч хэнтэйгээ ч ярихаа мэдэхгүй байсан" хэмээн леди Ди дурсжээ. Хуримын өмнөх сүүлчийн шөнө тэрээр мэдрэлийн гаралтай ховдоглон идэж бөөлжих эмгэг тусжээ. “Би гарт дайралдсан бүхнээ идээд л байлаа. Надад юу болсныг хэн ч ойлгохгүй, би тийм сул дорой болчихсон байсан... Заазанд орох гэж буй хурга шиг болсон байлаа. Энэ бол миний эрх чөлөөтэй байх сүүлчийн шөнө байсан юм” хэмээжээ. Дэлхий даяар шимтэн сонирхсон нүсэр том хуримын ажиллагаа залуу бүсгүйн гэр бүлийн амьдралын хамгийн гэрэл гэгээтэй цөөхөн өдрийн нэг байлаа. “Би нөхөртөө маш их хайртай байсан болохоороо нүдээ ч салгаж чадахгүй байсан. Энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай эмэгтэй нь зөвхөн би юм шиг санагдаж байлаа. Гэтэл би хэчнээн их алдаж эндүүрсэн хэрэг вэ!... Сүмийн хаалгаар ороод л харцаараа Камиллаг хайж эхэлсэн. Түүнийг тэнд байгааг мэдэж байлаа... Ингээд ёслолоо үйлдчихээд буцах үедээ түүнийг торон гивлүүр бүхий цайвар саарал бүрх малгайтай байгааг анзаарсан. Түүний бага хүү Том сандал дээр зогсож байлаа. Энэ өдрийн бүх зүйлийг бид маш тодхон санаж байна” хэмээн ярьжээ. Ингээд л түүний хувьд үгээр хэлэхийн аргагүй хүнд өдрүүд эхэлжээ. “Цонхны цаана эцэс төгсгөлгүй бороо ороод л байгаа мэт санагддаг байлаа. Би сэтгэл гутралд орж, бугуйгаа сахлын хутгаар ч зүсэх гэж оролдов. Бас дөрвөн сартай жирэмсэн байхдаа шатнаас доош унаж ч үзсэн. Нөхрийнхөө анхаарлыг татах гэж, тэр намайг сонсдог болоосой гэж тэр шүү дээ’’ хэмээн өгүүлсэн байна. Гэсэн ч Чарльз хүйтэн хөндий хэвээр байлаа. Азаар сайн сэтгэл зүйчид гүнжийн эрүүл мэндэд онцгой анхаарал тавьжээ. Гэвч хэн ч түүний гэр бүлийн амьдралыг авч үлдэж чадсангүй. Эр хүнтэй араар тавьж байсан уу? Чарльзын найз, хувийн туслахыг Майкл Фосетт гэдэг байлаа. Тэд хэтэрхий дотно байсан тул Диана хүртэл тэр хоёрыг хардахад хүрчээ. (Британийн язгууртан эрчүүдийн дунд бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай холбоотой дуулиан олон байдаг). Энэ тухай Диана гүнж “Тэр Фосеттой хэтэрхий ойр дотно байсан. Ер нь нөхөр нь албаттайгаа эрүүл бус харилцаатай байхад юу хийх ёстой юм бэ? Чарльз Майклтайгаа надаас илүү дотно “нөхөрлөдөг байсан”. Энэ бүхэн үнэхээр утгагүй, яг л буланд шахагдсан мэт санагдаж байлаа. Нэг удаа би тэднийг Чарльзын өрөөнд хамт хонохыг хүртэл шаардаж байсан шүү. Тэд ч цочирдож, надад дургүйцлээ илэрхийлсэн" хэмээн ярьжээ. Их Британийн шар сонинуудад бичиж байсан өөр нэгэн дуулиант түүхийг ч Диана гүнж баталжээ. Энэ бол өнөөх Фосетт нь хунтайжийн өрөөний зарц Жорж Смиттэй архи уугаад, түүнийг хүчиндсэн гэсэн яриа аж. Энэ хэргийг Чарльзын нөлөөгөөр дарж чаджээ. ...Ийм таагүй уур амьсгалд тэдний хүүхдүүд өсөж бойжиж байлаа. Диана гүнж “Чарльз надаас Уильям, Харри хоёрыг авахыг оролддог байсан. Харин би хүүхдүүдээ энгийн хүмүүстэй харилцаж, хорвоо дэлхий гэж үнэн хэрэгтээ ямар болохыг мэдээсэй гэж хүссэн” хэмээжээ, Зовлонт эхийн энэ хүсэлтийг ч сонссон бололтой. Өдгөө 30 гаруй настай ax дүү хоёр ханхүү дуулиан шуугианд бузарлагдсан хатан хааны гэр бүлийн шинэ нүүр царай, шинэ итгэл найдвар болон гарч ирж байгаа билээ. Диана гүнжийн тухай... Диана Френсис Спенсер нь 1961 онд Английн язгууртны гэр бүлд төрсөн. Ордны хүний охин болохоор леди хэмээх цол авах эрхтэй байв. Тэрээр , 16 насандаа Спенсерүүдийн төрөлх эдлэнд ан хийхээр ирсэн Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Чарльзтай танилцжээ. Хос 1981 оны зун гэрлэж, Уильям, Харри хэмээх хоёр хүүтэй болсон юм. Диана сайн үйлсийн аян, өрнүүлж, "Ардын гүнж" хэмээн нэрлэгдтэлээ алдаршсан боловч нөхөртэйгөө харилцаа нь тааруу байсан аж. Нөхөр нь түүнийг хуучин амраг Камилла Паркер-Боулзтайгаа араар нь тавьсаар байлаа. (Хожим нь тэд гэрлэсэн). Хос 1992 оноос тусдаа амьдарч, 1996 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан билээ. Харин 1997 оны наймдугаар сарын 31-нд “Ардын гүнж” найз Доди аль-Файедтай машинаар явж байгаад осолдон амиа алдсан юм.
https://ikon.mn/n/11k6
11k7
Монголчуудыг залилсан Америк эмэгтэй 15 жилийн ял сонсов
Н.Заяа
06/22/2017 08:39:00
“Уул уурхайн хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн монгол иргэдээс их хэмжээний мөнгө залилсан АНУ-ын иргэнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр үргэлжилж шүүх бүрэлдэхүүн өчигдөр шийдвэрээ танилцуулав. А.Р.Марита гэгч нь манай улсын иргэдтэй үгсэн 20 гаруй хүнээс 13 тэрбум төгрөг залилжээ. Шүүхээс , А.Р.Маритад хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хорих ял, түүний хамсаатан У.Цэдэнгээс нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил оноожээ. Уг хэрэгт оролцсон Л.Бадарч, Б.Баяраа нарт холбогдох гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж хэрэгсэхгүй болгожээ.
https://ikon.mn/n/11k7
11k8
Архины шил түймэр болдгийг мэдэх үү
Г.Ганчимэг Монголын мэдээ
06/22/2017 08:51:00
Онцгой байдлын газрын алба хаагчид Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрүүдийг бүрэн унтрааж, орон нутгийн удирдлагуудад хүлээлгэж өгсөн байна. Одоогоор улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг түймэр асаж, гурван түймэр цурамд орсон байдалтай байгаа аж. Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумаас 70 км-т Хужирт багийн Эг Тарвагатайн бэлчирт гарсан ойн түймрийг унтраахаар Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 50, Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас 63 алба хаагч, орон нутгаас 29 иргэн, нийт 142 хүн 11 автомашин, 21 морьтойгоор ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд дурдагджээ. Эдгээр түймрийн хэд нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс болж гарсан бол. Дархан цаазат Богд ууланд байсхийгээд л их бага хэмжээгээр түймрийн гал улалзаж, хар модны гашуун хар утаа хоолой ам хорсгодог байдал энэ жил ч давтагдав. Гэм буруутай этгээд нь мэдээж самар хийгээд халиар түүгчид. Булган, Сэлэнгэ, Хөвсгөлийн уулархаг нутагт гарсан түймэр ч тэднээс үүдэлтэй. Самарчид эдүгээ ч уулнаас буугаагүй, самраа түүсэн хэвээр. Аягүй бол шинэ самартай залгах биз. Тэднийг байсхийгээд уулнаас албан хүчээр буулгах авч маргааш өглөө нь хөнжил, гудсаа үүрсэн самарчид хүний хөл хүрэхгүй, цагдаагийн машин явж чадахгүй аглаг тайгыг зорьж оддог. Амьдрал ядуугийн гай хэмээн тэднийг өршөөж болох ч эх орноо түймэрдсэн самарчдыг өршөөж үл болно. Хэдхэн өдрийн дараа сонгууль өндөрлөн, ялагдсан, ялсан улс төрийн хүчнүүд баярлах нь баярлаж, ялагдсан нь гунигаа тайлж байна гээд хаа нэг тийш архидахаар одох нь мэдээж. Үүнтэй зэрэгцээд аймаг, сумын наадам эхэлнэ. Улсын их баяр наадам ч залгана. Монголчууд намрын эхэн сарыг найрлаж өнгөрөөдөг заншлаараа нутаг ус, ижий аав гээд байгалийн үзэсгэлэнт газрыг зорих нь бий. Бас нэг хэсэг нь аялж таарна. Шулуухан хэлэхэд, та бид бүтэн сарын турш наргиж цэнгэнэ. Тийн аялахдаа нэг л зүйлийг анхаарна уу гэх байна.Тодруулж хэлбэл, та амарч зугаалахдаа байгаль орчинд эхийн сэтгэлээр хандаач гэх гэсэн юм. Авдар авдраар ачиж явсан хоол хүнснийхээ сав суулгыг буцаагаад машиндаа яагаад ачиж болохгүй гэж. Уугаад хаясан шар айраг, ундаа, сокны шил хуурайшилттай үед түймэр болдгийг мэдэх үү. Ингэж хэлэхээр гайхах нэгэн таарч мэдэх л юм. Та бид хүүхэд байхдаа физикийн хичээлд үзсэнээ туршин нарны туяа ашиглан шилний хагархайгаар хуурай өвс ноцоодог байснаа санаж байна уу. Томруулдаг шилээр л гал гаргадаг бус уу гэж бүү эгдүүцээрэй. Шил бол шил шүү дээ. Гуу жалга, ойн цоорхой, голын эрэг дагуу хэдэн арваар нь хаяж орхисон архи, шар айраг, компот, сокны шил их үдийн наранд халахдаа дээр дурдсанчлан ойн түймэр гарах нөхцөл болдог байна. Ядаж байх нь ээ, энэ зун хур бороо ховор, хуурайшилт ихтэй байдаг. Ийм нөхцөлд ой хээрийн түймэр гарах магадлал хамгийн өндөр. Байгаль дэлхий ангаж цанган хуурайшиж хатаж буй энэ цагт амралт зугаалгаар явахдаа уусан ундаа, амссан сархдынхаа шилийг аваад явах сэтгэлтэй байгаарай. Мөн дүрсгүй бяцхан үрсдээ энд тэнд, модны дор хаяж орхисон архины шилийг хагалж зугаацахгүй байхыг сануулах ч илүүдэхгүй биз. Нийслэлийн иргэдийн явган аялал хийдэг хамгийн ойрын маршрут нь Богд Дүнжингарав. Даанч “алтыг нь аваад авдрыг нь хаях” атгаг хорон санаа хүний үрээс л гарах юм даа. Амьдарч буй орчноо аятай таатай байлгаж чадаагүйгээсээ болоод “боож үхэх”-дээ тулсан Улаанбаатарчууд хүчилтөрөгч хайж, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх нь холгүй уул өөд мацаж байгаагаа маргаж мэлзэж чадахгүй биз. Ингэхдээ зүгээр явж чадахгүй уулын зам, ойн жим дагуулаад уусан ундааны сав, амссан сархдын шилээ хээв нэг шидэж байгаа харагддаг. Уг нь хэдхэн алхмын цаана байх хогийн сав руу түүнийгээ хийчихэд л болох юм. Сүүлийн үед “Би байгальд хог хаядаггүй” ч гэх балай балай чэйлэнж хийх болсон байна лээ. Хамгийн гол нь үг, үйлдэл хоёр чинь яв цав таардаг, зөв хүн байгаасай, залуус аа. Үүнээс гадна уул ус тахих нэрээр лус савдаг хилэгнүүлдэг лам, бөө гэх мэт нөхдүүдэд зориудаар сануулах хэрэгтэй юм байна. Сан тавьж, арц уугиулахдаа анхаарал болгоомжтой байгаарай. Өнгөрсөн хавар, зуны заагаар гарсан түймрийн нэг нь иймэрхүү явдлаас улбаатай байсан шүү.
https://ikon.mn/n/11k8
11k9
П.Сэргэлэн: ХХАА-н салбарын мэргэжилтнүүдээ дэмжих бодлого баримталж байна
Г.Мөрөн, iKon.mn
06/22/2017 09:00:00
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Мал хамгаалах сангийн дарга н.Цэдэндамба болон бусад албаны төлөөлөл Архангай аймагт ажиллалаа. Тодруулбал, Архангай аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж тулгамдаж байгаа асуудлын талаар сонсож, харилцан санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Архангай аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж газрынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Тус аймгийн ХХАА-н салбар нь ДНБ-ний 72.3 хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 65.7 хувь нь тус салбарт ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2017 онд 2138501 толгой хээлтэгч мал төллөхөөс 1848168 толгой мал төллөжээ. Газар тариалангийн хувьд энэ онд үр тариа 9040 га, тэжээлийн ургамал 400 га, тосны ургамал 200 га, төмс 491 га, хүнсний ногоо 163 га, нийт 10294 га талбайд тариалалт хийхээс 10500 га-д тариалалт хийсэн байна. Энэ хаврын тариалалтад шаардлагатай 92.8 тонн шатахууныг 40 гаруй аж ахуйн нэгж иргэдэд 50 хувь, 952.0 тонн улаанбуудайн үрийг 30 хувийг урьдчилгаатайгаар олгож санхүүгийн дэмжлэг үзүүлсэн талаар ХХААГ-ын дарга П.Гомбодорж хэлэв. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, ХХААХҮЯ-ны бодлого зорилтуудтай уялдуулж ажлаа явуулж байгаа. Тодруулбал, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 21:100”, “Атрын III” аяны үргэлжлүүлэх зэрэг хөтөлбөрүүдтэй хийж хэрэгжүүлж буй ажлаа уялдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар дурьдсан юм. Үүний дараа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон ХХААХҮЯ-ны газрын дарга нар салбар бүрийн талаар мэдээлэл өгсөн юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “21 аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаад дуусч байна. Харилцан адилгүй байна. Ихэнх газар нэг хэвийн хэмнэлд орсон хариуцлага хяналт гэх зүйл байхгүй болсон харагдаж байна. 1990 оноос хойш бид хийж чаддаг зүйлээ хийхээ больж, мэддэг зүйлээ мэдэхээ байсан. Үүнийг засахын тулд төр зөв бодлого явуулж байж манай улсын ХХАА-н салбар дэлхийн түвшинд хүрнэ. Тийм ч учраас Засгийн газраас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” гэсэн том зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 21:100”, “Атрын III” аяны үргэлжлүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Мал эрүүлжүүлэх чиглэлээр ОХУ-тай хамтарч ажиллахаар болсон” зэргийг онцлон хэлэв. Мөн ХХААХҮЯ-наас ХХАА-н салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Салбарын ажилчдын эрүүл мэнд, ажиллах нөхцөл байдал, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтад хамруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэж өгнө” гэв. Уулзалтын төгсгөлд ХХААХҮ-ийн сайдын төсвийн багцаас аймаг бүрийн сумдын мал эмнэлэг үржлийн тасагт Япон улсад үйлдвэрлэсэн мотоциклыг өгч байгааг дуулгаад батламжийг гардуулсан юм. Сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн үйл ажиллагааг хурдан шуурхай явуулах малчидтайгаа ойр ажиллахад чухал үүрэг гүйцэтгэх мотоциклыг долдугаар сард багтаан өгөх юм. Эх сурвалж: ХХААХҮЯ
https://ikon.mn/n/11k9
11kb
Г. Баттулга: Хар тамхины үйлчлэл гарч эрүүл болохоос айдаг байсан
Б.Заяа, Зууны мэдээ
06/22/2017 09:09:00
Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 26-нд тохиож байна. Монгол Улсад хар тамхины хууль бус эргэлт, хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж, цагдаагийн байгууллагын хяналтаас гарах хэмжээнд хүрээд буй. Иймээс Засгийн газраас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Дэлхий дахинаа цагаан тахал хэмээн нэрлэгдсэн энэ аюулаас урьдчилсан сэргийлэх, монгол залууст сануулга болох ярилцлагыг хүргэж байна. Түүнийг Г.Баттулга гэдэг. “Каннибал ” Тулгаа гэдгээр нь эрүүгийнхэн мэднэ. Монгол Улсын шүүх анх удаа хар тамхины хэргийг дэнсэлсэн нь 2001 он байв. Тухайн шуух хурлын шүүгдэгч Г.Баттулга байжээ. Тэрээр Төв аймаг дахь Мааньтын хорих ангиас өнгөрсөн долоо хоногт суллагдсан байна. Хар тамхинд толгойгоо мэдүүлж, торны цаана хэдэнтээ суусны эцэст энэ аюулаас биеэ татан авч чадсан тэрээр ярилцлагын хүсэлтийг уриалгахан хүлээн авсан юм. -Монгол Улсад хар тамхины анхны хэргийг хуулийнхан илрүүлж, тухайн үеийн урлагийн залуус холбогдсон нь шуугиан дэгдээж байсан. Тэр хэргийн гол эзэн нь та байж. Одоо суллагдаж байгаа хэрэг үү? -Би 2014 оны есдүгээр сарын 26-нд Замын-Үүдийн боомт дээр хар тамхины хэргээр Эрүүгийн цагдаагийн албаныханд баригдсан. Өмнө нь намайг хоёр удаа хар тамхины хэрэгт холбогдсон болохоор хуулийнхан хэрэглэсэн гэж бодсон юм билээ. Хамт явсан хоёр хүн маань хэрэглэсэн нь нотлогдож, хэргээ хүлээсэн. Харин би энэ аюулаас өөрийгөө татаж авсан болохоор хэрэгт холбогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болж хэрэгсэхгүй болж байлаа. Гэхдээ би энэ хэргээр тав, зургаан cap байцаагдаж, хоригдсон. Цагдаагийнхан олон cap хорьчхоод бүрэлдэхүүнгүй болчихоор намайг хэлмэгдүүлсэн болж таарах гээд өөр хэрэг тохсон. Хүн амины хэрэгт ч холбох гэж оролдож байлаа. Эцэст нь аль эрт болж өнгөрсөн, хохирогч гээд байгаа нөхөр гомдолгүй болсон дээрмийн хэргээр зургаан жил зургаан сарын ял оноогоод, тэр ялыг нь эдэлж дуусаад гарч ирж байна даа. -Таныг “Каннибал” гэж хочилдог нь хар тамхины хэрэгтэй холбоотой юу? -Би 1990-ээд оны сүүл үсэр Оросод нэг хэсэг амьдарсан юм. Тэнд байхдаа оросуудтай нэг байранд өссөн болохоор их дотно байлаа. Тэр үед оросууд “Найрамдал” зуслан дээр олсны ургамал каннабис ургуулж хэрэглэдэг. Түүнийг нь татна. Орцонд ч татна. Тэр үеэс л хар тамхинд орж, 1999 онд орос найзтайгаа хар тамхины хэргээр баригдаж шүүхээр шийтгүүлсэн. -Манайд хар тамхины хэрэглээ 2001 оноос өмнө байсан байх нь ээ? -2001 он ч биш, 1995 оноос л дэлгэрч эхэлсэн. Би 1998 онд Орос руу явж хоёр жил амьдарсан юм. Тэнд бол хэрэглээ ойлгомжтой, бүгдийг нь хийж хэрэглэж сурсан. Энд ирээд ч жинхэнэ эсэн бусаар нь хийж өгсөн. Гэхдээ тухайн үед хэн нэгнийг хордуулъя, ашиг олъё гэсэн сонирхолтой биш. Одоогийн залуус эсрэгээрээ. Хэн нэгнийг гэмт хэрэгт татаж хэдэн төгрөгийг нь авах зорилготой болчхож. Харин миний үед хөгжим сонсоод кайф авах маягаар л хэрэглэдэг байсан. Би ч тэр үед баар ажиллуулдаг. Тухайн үед “Хурд” хамтлагийн тоглолт Бөхийн өргөөнд болсон юм. Тэр үед хар тамхины хэргийн анхны том баривчилгаа болж, бүх дүүргийн цагдаа нар, хэчнээн ч прокурор ирлээ дээ. Цагдаа нар тоглолт үзсэн залуусыг гаргаад, тойрч зогсоод тоглолт зохион байгуулсан хүмүүст үзлэг хийж, сэжигтэйг нь баривчилж эхэлсэн. Тэгээд шалгалтын явцад нэг нөхрийн халааснаас шилтэй тоос гарсан. Хуулийнхан аль 1990 оноос хар тамхи хэрэглэдэг залуусыг тандаж байсан юм билээ. Бүр альбом гаргачихсан. сэжигтэй хүмүүсийн зургаар. Альбомоосоо харж байгаад л түүгээд баривчлаад аваад явчихсан. Тэр үед хар тамхийг дандаа рок, металууд хэрэглэдэг байсан. Нийгмийн хэм хэмжээнд баригдахгүй, эрх чөлөөг эдэлнэ гэсэн үзэлтэй нөхөд. Анх дөчин хэдүүлээ баривчлагдсан. Биеэс нь тоос гарсан нөхөр надаас түүнийгээ авсан гэж мэдүүлээд, шалгагдаж байгаад орос найзтайгаа нэг жил зургаан сарын ял сонссон. Тэр үед маш их шуугиан болсон доо. Харамсалтай нь ялаа эдлээд гарч ирээд 2004 онд дахиад хар тамхины хэрэгт холбогдоод шоронд орсон. -Хар тамхинаас яаж гарав. Нэг орсон бол хараат болчихдог гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг шүү дээ? -Хоёр дахь удаа хар тамхины хэрэгт холбогдоод 2007 онд эрх чөлөөтэй болсон. Тухайн үед надаас хар тамхи авдаг байсан хүмүүс амраахгүй, байнга нэхнэ. Эрүүгийнхэн ч тайван байлгахгүй. Хүн олоод өг, хамтаръя гээд л гуйж үзнэ, гуядаж үзнэ. Арга ядаад Хар тамхи, мансууруулах төвийн тэргүүн Ш. Лхагвасүрэн эгчид хандсан. Хар тамхинаас, бусдын нөлөөллөөс гарахад надад маш их тус болсон хүн. Хар тамхи хэрэглэдэг байхдаа биеэс тамхины үйлчилгээ гарч эрүүл болохоос айдаг байлаа. Үйлчилгээ гарчихвал хэрэглэх зүйлсээ бэлдчихсэн биедээ авч явдаг. Хар тамхинаас гарах тийм амар ажил биш. Би гарахын тулд архинд хүртэл орж, живэх дөхсөн. Гэхдээ ямартаа ч өөрийгөө ялан дийлж, хараат болж чадсан. Харамсалтай нь хар тамхи хэрэглэж байгаа одоогийн залуус нэг зүйлийг андуураад байна. Хар тамхи хэрэглэхээр мундаг болоод, үнэтэй цайтай юм хэрэглэж байна гэж бодоод байх шиг байна. Сэтгэл санааны эрэмдэг хүмүүс хар тамхийг хэрэглэдэг юм. Эрүүл хүн, эрүүл ухаан гэдэг шал өөр. Ингэж хэрэглэж оролцож байгаад больчихно гэж бодоод байна. Үгүй. Энэ чинь тоглоом биш. Удахгүй гарчихна гэж хэрэглэсээр байгаад хараат болчихсон байдаг. Хүн амархан юманд уруу татагддаг. Эхний удаад таашаал аваад дараа нь дахиад өгөөч гэхээр нөгөө нөхөд нь “Одоо олдохгүй, мөнгөө өг” гэдэг. Зардаг нөхөд ч эрүүгийнхэнтэй дотно. Чи надаас авлаа гэхэд зөрүүлээд цагдаа руу мэдэгддэг. Тэд хоорондоо гинжин хэлхээ бий болгочихсон. Чи өөрийгөө бодохгүй юмаа гэхэд үр хүүхэд, эх орноо бодоорой.​ Эрх чөлөө гэдэг уяанаас алдуурсан нохой шиг жаргаж явдаг зүйл биш. -Ямартаа ч аюултай зүйлийг ялан дийлж чаджээ. Гэхдээ амьдралынхаа олон жилийн эрх чөлөөг хасуулсандаа харамсдаг биз? -Мэдээж өнгөрсөндөө харамсаж, гэмшдэг. Миний үед хар тамхины аюул дөнгөж хаалга тогшиж байсан. Гэтэл одоо бүр булингартаад учир нь олдохоо байж. Бид үүн дээр сөрж зогсох ёстой. Тиймээс би ёсгүй бүхэнтэй тэмцэнэ. Улаанбаатар бидний хот, Монгол бидний эх орон. Бидний үр хүүхэд амьдрах нутаг. Чи, би жаргаж байгаад яваад өгч болно. Гэхдээ үр чинь үлдэх хорвоо учраас зөв амьдрах ёстой. Энэ тал дээр би өнгөрсөн гурван жил маш их зүйлийг бодож, ухаарлаа. Эх орноо, эрх чөлөөгөө маш их саналаа. Бүх хог новшийг шүүрдэх ёстойг чинбат ойлгосон. Гэвч одоо Монгол Улс хар тамхины аюулд гүн гүнзгий өртсөн байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Зөвхөн хууль эрх зүйн хүрээнд хязгаарлана гэдэг хэцүү. Гол нь тухайн хүний хүмүүжил, өөрийн дархлаа мэднэ. Адгуус бол идэж уух, биологийн хэрэгцээгээ хангахын төлөө явдаг. Оюун ухаант хүн бол оюунаараа архийг шийднэ. Хар тамхины аюулаас болж би гурван найзаа алдсан. Бид нэгэн цагт булингартаж явсныг нуухгүй. Нүдэн дээрээ хайртай бүсгүйгээ ч алдаж байлаа. Тэр маань 1999 онд байрны дөрвөн давхраас унаж амиа хорлосон. Тухайн үед бид хар тамхи хэрэглэсэн байв. Тэр үед хорвоо хөмрөх шиг болж, амьдрал маань улам уруудаж эхэлсэн. Хар тамхи гэдэг бахархаад, чээж дүүрэн яриад байх зүйл биш шүү. Чи өөрийгөө бодохгүй юмаа гэхэд үр хүүхэд, эх орноо бодоорой. Эрх чөлөө гэдэг уяанаас алдуурсан нохой шиг жаргаж явдаг зүйл биш. Хайртай бүхнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байдаг. Би эх орон, гэр бүл, хүүгийнхээ төлөө хариуцлага хүлээсэн. Би эх орондоо хайртай. Хүнд юу эрхэм гэвэл эрүүл ухаан, эрүүл бие хэрэгтэй. Дараа нь эх орон, элгэн түмэн минь. Эх түүх минь. Одоо л би үүнийг ухаарч байна.
https://ikon.mn/n/11kb
11kc
Саудын Арабын хаан ширээг 31 настай ханхүү залгамжлахаар боллоо
Р.Төмөр, ikon.mn
06/22/2017 09:15:00
Өчигдөр буюу зургаадугаар сарын 21-нд Саудын Арабын хааны гэнэтийн шийдвэрээр угсаа залгамжлах хүнийг зарлалаа. Энэ шийдвэр нь зөвхөн Саудын Араб төдийгүй, Ойрх Дорнодын бүс нутгийг цочроосон үйл явдал болсон юм. Үргэлж өндөр настай, хуучинсаг язгууртнуудаар удирдуулдаг байсан нефтийн эзэнт гүрнийг 31 настай Мохаммад Бин Салман удирдахаар болж байна. Үүнээс өмнө угсаа залгамжлах хүнийг 57 настай ханхүү Мохаммад Бин Наеф гэж байсан юм. Харин өчигдрийн шийдвэрээр түүнийг өөр хүнээр сольсон байна. Ханхүү Салман нь Саудын одоогийн хааны гурав дахь эхнэрийн ууган хүү. Саудын хаан нийт 13 хүүхэдтэй ба Салман тэдний нэг, төдийлөн анхаарал татдаггүй хүн байсан юм. Саудын Хааны их сургуулийг хуулийн мэргэжлээр төгсөөд хаан эцгийнхээ зөвлөхөөр ажиллаж, бас өөр хэд хэдэн албан тушаал хашиж байжээ. Тэр яг одоо улсынхаа батлан хамгаалахын сайдын албан тушаалд сууж, эдийн засгийн шинэчлэлтийг хариуцаж байгаа. Сүүлийн таван жил Салман улс орныхоо эдийн засгийн газрын тосноос хамаарах хамаарлыг багасгахын төлөө ажиллаж байгаа юм. Тэр бас олон улсад ихээхэн шүүмжлүүлж байгаа Иемен дэх цэргийн ажиллагааг удирдаж байна. Салман АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ойр холбоотой, Ираны эсрэг хатуу чиг шугам баримталдаг. Тэрээр Ираныг шийт урсгалын үзэл номлолыг дэлгэрүүлэх гэж оролддог, Исламын ертөнцийг захирахыг санаархдаг хэмээн буруутгадаг юм. Тиймээс ханхүү Салманы эрх мэдэл нэмэгдсэнээр Саудын Арабын түрэмгий бодлого улам бүр нэмэгдэнэ гэж судлаачид үзэж байна. Дотооддоо Салман иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн асуудлуудад голлон оролцож, залуу, барууны боловсролтой хүмүүсийг дэмжих бодлого барьдаг. Ард иргэдийнхээ дунд энгийн даруу байдлаараа нэлээд алдартай. Саудын Араб бол дэлхий дээр үлдсэн жинхэнэ утгаараа хаант засаглалтай сүүлчийн улс тул Салманы эрх мэдэлд бараг хязгаар байхгүй. Тиймээс дэлхий нийтийн анхаарал энэхүү залуу ханхүү дээр өнөөдөр төвлөрөөд байна. Эх сурвалж: Business Insider
https://ikon.mn/n/11kc
11kd
Гуравхан сая хүнийг бүртгэж чаддаггүй юм уу, хүсэхгүй байна уу
Б.Өнөртогтох
06/22/2017 09:40:00
Гэрэл зургийг mpa.mn Ахынх маань уг нь Баянгол дүүргийн ... дугаар хороонд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхэд нь насанд хүрээгүй, сургууль цэцэрлэгийн насных. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиа өгнө үү гэсэн урилгыг хорооноос өгөхдөө нийт таван ширхгийг өгчээ. Насанд хүрсэн хоёрхон хүн байдгийг хэлж гурван урилгыг буцаах гэхэд нь хорооны ажилтан “Танай байранд, таны амьдардаг тоотод бүртгэлтэй хүмүүс. Бид мэдэхгүй” хэмээгээд гарч оджээ. Ах маань хаяганд нь бичигдсэн гурван нөхрийг нэрийг ч нь мэдэхгүй огт танихгүй хүмүүс байсан аж. Ерөнхийлөгчийн сонгууль болж буй энэ өдрүүдэд манай ахынх шиг асуудал нэг биш нэлээд олон айлд тохиолдож байгаа нь ажиглагдах болов. Бүр эхнэр нөхөр хоёр өөрсдөө байхгүй атлаа өөрийнх нь гэрийн хаяг дээр долоон хүн бүртгэлтэй байсан тухай нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа бичсэн байх юм. Мөн өчигдөрхөн нэр дэвшигч Х.Баттулга иргэдтэйгээ уулзах үеэр Болор цомын эзэн, яруу найрагч Ц.Хулан өөрийнх нь гэрийн хаяг дээр хоёр ч хүн нэмэгдчихсэн гэдгийг баримтаар харуулав. Гэтэл өөрийнх нь хань, гадаадад сурдаг хүү хоёрынх нь нэр ор сураггүй алга болжээ. Иргэний бүртгэлийн ийм дампуу асуудал жил жилийн сонгуулийн үеэр сөхөгддөг ч асуудал тэгсхийгээд намждаг. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар ч гэсэн ийм асуудал бүр эрчээ авсан гэхэд болно. Төрийн түшээгийн суудалд ямар ч хамаагүй аргаар тухлах гэсэн улстөрчид аймаг аймаг алгасан автобусаар иргэдийг нүүлгэн шилжүүлж байлаа. Хөвсгөл, Баянхонгор, Увс аймаг руу түр шилжин иргэдийн тоо 5,000-аар тоологдож байсан нь худлаа биш. Нөгөөхийг нь манайхан “царцаа” хэмээн нэрлэчихсэн. Хаана ч хамаагүй үсэрч дэвхэрч явдаг богинохон настай энэ амьтантай зүйрлэсэн нь тун ч оносон мэт. Өөрийн гэсэн үзэл бодолгүй, хэдхэн халтар төгрөгийн төлөө сонгох эрхээ худалдаж буй эдгээр хүмүүст түүнээс илүү гоё нэр өгөх хэрэг байхгүй билээ. Тэгвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хутгасан бантан Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн дахиад л асуудал үүсгэж эхэлсэн бололтой. Уул нь 76 суудлын төлөө аймаг аймгаас сонголт хийх бус гуравхан хүний аль нэгийг Монгол Улс даяараа сонгох учраас царцааны хэрэг байхгүй баймаар. Тиймээс УИХ-ын сонгуулийн “царцаа” нар бууриа олж чадахгүй ийн хоёр сонгууль дамжин дэвхэрч яваа бололтой. Ерөөс Монгол Улс иргэний бүртгэлийн асуудлаа эргэж харан, цэгцлэх цаг нь болчхож. Хаягийн бүртгэлийг шинээр хийж, айл өрх, иргэний бүртгэлээ эмхэнд нь оруулахгүй бол жил жилийн сонгуулиар ам бүл нэмэгдсэн хэрүүл үүсдэг болоод байна. Дан ганц сонгуулийн бүртгэл ч бус нас барсан иргэдийн тэтгэвэр, халамжийн мөнгийг банкны ажилтантай хуйвалдан авч байсан тохиолдол ч нэлээд олон удаа гарч байсан. Баян-Өлгий аймаг, Баянгол дүүрэг зэрэг газруудад ийм асуудал гарч, хохирлын хэмжээ хэдэн арван сая төгрөгөөр тоологдож байлаа. Мөн оршин суух хаяггүй иргэд ч халамжийн луйврын золиос болж байсан мэдээлэл цахим сайтуудаар дүүрэн байх аж. Халамж авсан ганц нэг ажилтан л зохих ёсны шийтгэлээ аваад өнгөрснөөс биш энэ гажуудлыг засах талаар төрийн бодлого огт хэрэгжээгүй. Нам солигдож энэ асуудлыг хэсэг хугацаанд улстөржүүлсэн ч өнөөдөр таг чиг болчихжээ. Цаашлаад хөдөө орон нутгаас шилжин ирсэн ах дүү амраг саднаа өөрийнхөө хаяг дээр бүртгэлжүүлж явсаар ам бүлийнх нь тоо 10 гарчихсан тохиолдол ч олон бий. Айл болгоны хаяг дээр 1-2 хүн бүртгэлтэй бай­даг гэдгийг хэн ч мэднэ. Тэр тусмаа гэр хорооллын айл өрхүүдэд ийм асуудал олон байдаг талаар хорооны ажилчид ярьдаг юм билээ. Газрын гэрчилгээгээ авч ирээд ахыгаа, дүүгээ бүртгүүлнэ гээд суучихдаг учраас хуулийн дагуу бүртгээд явахаас өөр арга байдаггүй хэмээн ярьж байсан юм. Тэгвэл өнгөрсөн жил хотын дарга захирамж гаргаж хөдөө орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж, тодорхой хэмжээний шалгууртай болгосноор энэ асуудал бага ч гэсэн цэгцэрсэн гэнэ лээ. Тэгвэл одоо царцаа нараа цэгцлэх цаг нь болжээ, Р.Содхүү дарга аа. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн иргэдийн амьдардаг байр орон сууц, хашаа байшинд нэр зүсийг нь үл мэдэх бүстэй, бүсгүй хүмүүс нэмэгдсээр байгаа талаар иргэд өөр өөрсдийн чадах хэмжээнд мэдээллээ хуваалцаж байгаа. Бүр нэр дэвшигчид хүртэл энэ асуудлыг шалгуулах хүсэлтээ СЕХ-нд хүргүүлж байна. Оюуны өмч, улсын бүртгэл хэмээх том чухал салбарыг удирдаж суугаа Р.Содхүү энэ мэт тодорхойгүй асуудалд нэг мөр тайлбар өгч, царцаа цэгцлэх ажлыг сонгуулиас үл хамааран хийх учиртай бус уу. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль эхэлснээс хойш энэ эрхэм гэгээн дүрээ нэг ч удаа харуулсангүй. Ерөөс ажлаа хүлээж авснаас хойш өөрийн байгууллагын үйл ажиллагаагаа нэг ч удаа олон нийтэд танилцуулаагүй гэхэд хилсдэхгүй. Осолдохгүй л нээлттэй хаалганы өдөрлөг хийж нэг өдөр л шуурхай ажилласныг эс тооцвол энэ байгууллагын үйл ажиллагаа хэвлэл мэдээлэлд хүртэл хаалттай хэвээр өнөөдрийг хүрч байна. Төрийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа, ямар ажил хийж эхэлсэн, хийж хэрэгжүүлсэн нь дөрөвдөгч засаглал болох хэвлэл мэдээллээр дамжиж иргэдэд хүрдэг гэдгийг эрхэм дарга болон түүний багийнханд сануулчихъя. Иргэний бүртгэлийн эмх замбараагүй асуудалд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гэхээс илүү Р.Содхүү дарга хариулт өгөх учиртай бус уу. Бүртгэлд яагаад маргаан үүсэж буй, айлын хаяг дээр яагаад танихгүй иргэд олноор нэмэгдэж, амьдардаг хүмүүсийнх нь нэр алга болж орхисныг Р.Содхүү дарга та нэг сайн тайлбарлаад өгөөч. Эс бөгөөс элдэв янзын хардлага сэрдлэгэ нийгэмд үүсээд байна. Хурууны хээгээ уншуулаад санал өгчихдөг сонгуульд регистрийн дугаар, царцаа хоёр яагаад хэрэг болдгийг ойлгох ухаан хүрэхгүй нь. Бүртгэлтэй холбоотой энэ мэт маргааныг улс төржүүлэх хүсэл байхгүй ч дуугүй байх тусмаа илүү их хар төрүү­лээд байгааг нуух юун. Гуравхан сая хүнийг бүртгэж чаддаггүй юм уу, хүсэхгүй байна уу.
https://ikon.mn/n/11kd
11ke
“ХААН Бизнес” үйлчилгээ шилдгээр шалгарлаа
СУРТАЛЧИЛГАА
06/22/2017 09:26:00
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2017“ үзэсгэлэн” Мишээл экспо төвд 06-р сарын 15-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил 20 дахь жилдээ зохион зохион байгуулагдсан “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2017 “ Олон улсын үзэсгэлэнд ХААН Банк Алтан ивээн тэтгэгчээр оролцож, шинээр нэвтрүүлсэн ЖДБ эрхлэгчдэд зориулсан ХААН Бизнес үйлчилгээгээ танилцууллаа. Тус үзэсгэлэнгээс ХААН Банкны шинээр нэвтрүүлсэн “ХААН Бизнес” үйлчилгээг онцлон “Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгч байгууллага”-аар шалгаруулж, өргөмжиллөө. Та бүхэн иргэд харилцагчид, байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчдэд банкны үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэх үүднээс (ЖДБ) эрхлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л үйлчилгээг нэгтгэсэн “ХААН Бизнес” үйлчилгээг авахыг хүсвэл 333030 дугаар болон [email protected] хаягт хандаарай. Таны бизнесийн амжилтын төлөө уриатай “ХААН Бизнес” үйлчилгээг сонгосноор ЖДБ эрхлэгчдэд зориулсан банкны цогц үйлчилгээ, бүх төрлийн зээлийг тусгайлсан бизнес төвүүд, салбаруудаар дамжуулан авах онцгой боломжийг олгож байна.
https://ikon.mn/n/11ke
11kg
QUIZ: Уолт Диснейн АЛДАРТАЙ НОХДЫГ нэрлэж мэдэх үү?
Р.Түвшин, iKon.mn
06/22/2017 09:54:00
Хэрвээ та Уолт Диснейн фэн бол бүгдийг нэрлэж чадна. 0/18 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 ‹ › 1 Энэ нохойны нэр хэн бэ? Tramp Snowball Bolt Jolt 2 Энэ нохойны нэр хэн бэ? Tod Tramp Buster Copper 3 Eric Scott Jock Rufus 4 Lenny Bruno Lucifer Bilbo 5 Sherman and Lee Napoleon and Lafayette Edgar and Vincent Toulouse and Berlioz 6 Twist Dodger Codger Oliver 7 Spike Rover Butch Fido 8 Tramp Peggy Lady Darling 9 Pongo Perdita Pepper Penny 10 Perdita Anita Lucky Freckles 11 Pluto Goofy Brutus Donald 12 Truck Tricky Rusty Trusty 13 Peg Vampy Marilyn Billie 14 Thomas O'Malley The Artful Dodger The Tramp Little Brother 15 Penny Anton Percy Aloysius 16 Nanny Nana Nancy Ninny 17 Ling Little Brother Ping Mushu 18 General Codger Chief Captain Түр хүлээнэ үү...
https://ikon.mn/n/11kg
11kh
Л.Дүгэржав: Антарктидад “Уяхан замба тивийн наран”-гаа хадааж мөс хайлахыг харах нь миний мөрөөдөл
Г.Ганчимэг Монголын мэдээ
06/22/2017 10:13:00
Энэ удаагийн “Чухал хүн”-д уригдсан эрхэм бол Антарктид судлалын төвийн захирал, профессор, Sc.D Лхамсүрэнгийн Дүгэржав. Түүний унасан газар Азийн чээжин дэх хөх Монгол, харин хоёр дахь эх орон нь Болгар, гурав дахь “нутаг” нь зургаа дахь тив юм. Антарктидын “суугуул” тэрбээр төрөлх эх орондоо ирээд удаагүй байна. Холын зам, урт аяны хүнээс үг сонсохын тулд Монгол Улсын ШУТИС-ийг зорилоо. Түүний удирдаж, үйл ажиллагааг нь зангиддаг Антарктид судлалын төв энд байрладаг учраас тэр. “Хувьтай хүн хур бороон”- оор гэгчээр энэ зуны ган гачгийг тайлсан их уснаар бид уулзав. -Та бол олон хүний хувьд цоо шинэ ертөнц. Тиймээс ихэнх нь таныг Увс аймгийн Хяргас нуурын хөвөө хавьцаа төрсөн байх гэж таамаглаж байгаа болов уу. Ер нь та хаана мэндэлж, өссөн бол? -Би Тэсийн голын хүүхэд. Тэртээ 60 жилийн өмнө дүн өвлөөр буюу нэгдүгээр сарын найманд Увс аймгийн Тэс суманд төрсөн. “Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” гэдэг биз дээ. Гэхдээ зургаахан сартайдаа дутуу төрсөн юм билээ. Миний аав ээж тайж гаралтай. Аав минь хошуу ноёны ач хүү. Би эцэг эхээс 16-уул. Би айлын 10 дахь хүү. Намайг “За, энэ хүн болохгүй нь дээ” гэж бодож байсан гэнэ лээ. Тэгээд аавын малгайнд багтаад нарны аяс дагаад хананы толгой дамжсаар Майн баяр буюу тавдугаар сарын нэгэн болсон чинь “За, энэ хүн болох юм байна. Арай өнгөрчихгүй нь” гэсэн итгэл төрж миний зургийг авхуулсан байдаг. Би аав ээждээ баярлаж явдаг. Тэсийн гол зундаа +50, өвөлдөө -50 градус байдаг юм шүү дээ. Монголоос Антарктид тивд хүрсэн эхний дөрвөн хүн дөрвүүлээ Тэсийн голын хөвөөнд төрж өсөцгөөсөн байдаг юм. Ж.Цэрэндэлэг, Хөвсгөлийн Д.Чулуунбат /Тэсийн голын эх хэсэг тэнд бий/, тэгээд А.Батболд бид хэд байна. Ж.Цэрэндэлэг гуайн үг бий. “Хэр зэрэг хүйтэн юм бэ” гэж асуухад “Аа, манай Тэсийн гол шиг л байдаг юм байна” гэж хариулсан байдаг байхгүй юу. -Таны анхны мэргэжил газрын тосны инженер гэхээр бас л газрын хэвлийтэй холбогдож байна шүү дээ? -Тэсдээ наймдугаар анги, Улаангомд аравдугаар анги төгсөөд Болгарт газрын тосны өрөмдлөг, олборлолтын инженер гэсэн хуваарь авч суралцсан. Өрөмдлөг, геологийн инженер гэдэг чинь өргөн утгатай, олон шинжлэх ухааны дунд байж байдаг. Геологи, хайгуул, нефть, цэвдэг, техник, технологи, эдгээрийг чинь бүгдийг уялдуулж болдог нь өрөмдлөг юм. Өөрөөр хэлбэл, газрын дор барьж байгуулж буй барилга байгууламж байхгүй юу. Хаана ч очсон газрын гүнийхээ өрөмдлөг, судалгааг хийхгүйгээр судалгааны ажил хийх ойлголт байдаггүй. Тэр тусмаа хамгийн үнэтэй судалгааны ажил нь энэ байдаг юм. Антарктид тивд өчнөөн судалгааны ажлыг хийчихсэн, хүмүүс Орос, Америк хоёр өрөмдөж байна. Би өрмийн инженер хүн учраас азтай. Намайг дагаад өрмийн инженер мэргэжилтэй дөрвөн монгол залуу очсон. Тэд геологи, ус, цаг уураар мэргэшсэн залуучууд. Бид одоо газрын гүн руу нэвтэрч орох боломжтой. Яагаад бид Антарктид тив рүү яваад байна вэ гэвэл хүн төрөлхтөн нэг л дэлхийтэй. Чиний толгой өвдөнө үү, зүрх өвдөнө үү, хөл өвдөнө үү хамаагүй нэг л амьд бодгаль шүү дээ. Үүнтэй л адил зүйл өнөөдөр хүн төрөлхтөнд тохиолдож байна. Би саяхан “Дэлхийн дулаарал Монголд нөлөөлөх нь” сэдвээр илтгэл тавьсан. Яагаад дэлхийн дулаарал Монголд нөлөөлж байна вэ. Бидэнд ямар давуу тал, мөн ямар дутагдал байгаа юм бэ. Энэ амьд байгаль дотор амьдарч яваа монголчууд өөрийн гэсэн орон зайгаа зөв авч явж чадвал Монгол гэдэг нэр үргэлж л өөдөө явах ёстой юм. -“Антарктид тивд очих юмсан” гэдэг хүсэл сонирхол таны мөрөөдлийн учигт сүүмэлзэж эхэлсэн нь хэдий үеэс вэ. Ямар гаргалгаа, тойрог төөргөөр явж байж та энэ боломжоос атгаж авав? -Монгол орны цэвдгийн хил улам бүр хойшилж байгаа. Манай дэлхийн цэвдгийн хамгийн урд талын хил Монголоор буюу тал хээр, Алтай, Хангай, Хэнтийн уулсаар өнгөрдөг юм. Энэ нь одоо улам хойшилсоор байна. Дахиад 10 жилийн дараа Монгол орны цэвдгийн зураг дээрээс маш олон цэнхэр өнгө алга болно. Би 1991 онд “Монгол орны цэвдгийн доорх усны судалгаа” гэдэг сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж доктор болсон. Энэ бүхэн л надад дэлхийн дулаарал гэдэг зүйлийг судлах боломжийг олгосон юм. Монгол Улс бол дэлхийн нэг хэсэг шүү дээ. Дэлхийн хуурай газрын нэг хувь нь юм. Эмч нар миний яриаг сайн ойлгоно. Хүний өрөөсөн хуруу байхгүй болоход бие махбодод өөрчлөлт орж байдаг. Дэлхийн дулаарал гэдэг үүнтэй адилхан. Миний судалгааны ажлыг мэддэг учраас найз болгаруудынхаа дэмээр дөрвөн удаа Болгарын экспедицийн бүрэлдэхүүнд орж явлаа. Мөн олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд орж Өмнөд туйлд хүрсэн анхны монгол хүн болсон. Би түүндээ баярлаж явдаг. Миний нэрээр нэрлэгдсэн “Dugerjav peak” гэдэг оргил Антарктид тивд бий. Монгол Улсынхаа төлөө, үр хойчийнхоо төлөө хийсэн гавьяа минь энэ гэж би хувьдаа боддог. Бүхэл бүтэн экспедиц зохион байгуулах хэмжээнд хүрсэн. Манай Антарктид судлалын төв гэхэд 40 орчим гишүүнтэй. Түүнээс Антарктид явсан залуучууд маань бүгд докторын зэрэг хамгаалсан. Физик, математик, геологи, минериологи, газар зүйн ухаанаар. Одоо дараагийн ээлжийнх нь хүмүүс бэлтгэгдэж байгаа. Манайхан Антарктид очно оо очно. Яагаад гэвэл, тэр хүйтэн, эрс тэс нөхцөлд монголчууд хамгийн түрүүнд адаптаци /организм орчиндоо зохилдохыг ингэж хэлдэг/-д орж чаддаг. Тиймээс монголчууд хамгийн эхэлж тэнд соёл түгээгээсэй гэж хүсэж байна. “Уяхан замба тивийн наран”-г хадааж мөс хагарч байхыг үзээсэй. Монгол орны цаг уурын өөрчлөлт дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нэг барометр шүү гэдгийг ойлгож дэлхийн хэмжээний олон улсын төсөл хөтөлбөрт оролцдог, үүнийг манай улсын Засгийн газар ойлгож дэмждэг байгаасай гэж хүсдэг. Энэ бол шинжлэх ухаан. Эргээд амьдралтай холбогддог юм шүү. Хүссэн, хүсээгүй монголчуудад төдийгүй хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл. Тиймээс удирдах дээд төвшиндөө дэмжих хэрэгтэй байгаа юм. Дэмжлэггүй л бол уначихна. Бид одоохондоо явж л байна. Гэхдээ сая сая, тэрбум тэрбум ам.доллараар үнэлэгддэг ажил шүү дээ. Өнөөдөр “Улсын начин болоход тэдэн сая төгрөг хэрэгтэй гэнэ” гээд л яриад байдаг. Тэгвэл нэг улсын начны зардлаар жилийн хугацаатай экспедиц ажиллуулж, 4-5 монгол хүнийг тэнд аваачиж болно. Шинжлэх ухааныг үнэлж, Монгол Улсын нэр хүндийг өргөх асуудал. Төр нэгийг бодох л ёстой болов уу. Монголчууд тамирчид бөхчүүдийнхээ бяр чадал, хүч хөдөлмөр, урлагийнхны авьяас чадварыг үнэлж, ойлгодог болжээ. Харин одоо шинжлэх ухааныг ойлгож оюуны бядыг дэмжих хэрэгтэй. Ингэж байж л Монгол Улс хөгжинө. -Антарктид тивд “зочлоод” ирсэн хүмүүсийн үлгэр домог шиг яриаг сонсож төсөөлөл хуримтлуулах, анх хөл тавих хоёрын хооронд ялгаа зөрүү нь юу байв. Энэ бүхэн чинь л түүх болж үлдэнэ шүү дээ? -Социализмын үед буюу 70, 80-аад оны үед Ж.Цэрэндэлэг, Д.Чулуунбат гуай хоёр явсан. Тэр үед дэд бүтэц хөгжөөгүй байсан юм. Тэр хүмүүс хэчнээн мундаг Зөвлөлтийн экспедицийн бүрэлдэхүүнд орсон ч гэсэн маш их эрсдэлтэй нөхцөлд харанхуйгаар л явж байсан. Надаас 10 дахин илүү эрсдэлтэй нөхцөлд тэд маань явж байсан байхгүй юу. Орчин үед юм бүхэн хөгжиж байна шүү дээ. Тухайлбал, тэр үед өмсдөг байсан хувцсыг өнөөгийн бидний хувцастай зүйрлэвэл эрс ялгаатай. -70 градуст ажрахгүй хэр нь нимгэхэн термо хувцас өмсөөд явдаг. Ямар ч усанд унасан үхэхээргүй тийм гадуур хувцастай явдаг. Тэр үеийн хүмүүст хөлдөж үхэх эрсдэл ойрхон байсан бол өнөөдөр ийм эрсдэлээс зайлсхийх магадлал маш өндөр болчихсон. Ганцхан тэнд хүн хэр удаан тэсэж чадах вэ, амьдарвал яах вэ гэдэг нь арай ондоо асуудал болчихож байгаа юм. Мэдээж, тэр хүмүүсийн ярьсан, бичсэн номууд бол байгаа. Үүнийг үзээд тэдэнтэй уулзсан хүмүүс ч бий. Тухайн үедээ энэ нь мөрөөдөл л байсан. Би Антарктид судлалыг гурван үед хувааж үздэг. Хамгийн анхных нь 1910 оны үед Руаль Амундсен, Роберт Скоттын үед монгол морь тэнд хүрсэн. Монголын нэр нь үл мэдэгдэх хоёр адуучин Хөвсгөл нутгаас Скотт ахмадын багт орж яваад Антарктидын эрэгт хүрсэн байгаа юм. Дараагийнх нь социализмын үед ЗХУ-ын экспедицийн бүрэлдэхүүнд Ж.Цэрэндэлэг гуай, Д.Чулуунбат гуай хоёр арав арван жилийн зайтай оролцоод бүтэн жил тэнд ажиллаж амьдарсан. Бүтэн жил гэдэг бол нормальный хүн тэнд байх боломжгүй хугацаа. Гуравдах нь одоо буюу бидний үе. Би А.Батболдыгоо эхэлж явуулсан юм. Дараа нь би дөрвөн удаа Болгарын бүрэлдэхүүнд орж Ливингстоны арал дээр очоод, нэг удаа олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд орж Өмнөд туйлд хүрч нийтдээ таван экспедицид орсон. Түүний дараа манай далайчин Д.Ганбаатар гэдэг залуу явлаа. “Ус”-ны Д.Батмөнх гэдэг хүн явсан. Цаг уурч Х.Пүрэвдагва гэдэг залуу явсан. Өнгөрсөн жил Эрдэнэтийн судлаачид, инженерүүд явлаа. Мөн Японы экспедицийн бүрэлдэхүүнд манай нэг геологич шавь маань ороод явсан. Гавьяат уулчин Б.Гангаамаа Винсоны оргилд гарлаа. Түүний өмнө “Шар айраг”-ын Г.Ганхүү бас энэ оргил дээр гарч байсан. Монголчуудын хувьд Антарктид тив хол биш болжээ. Чингис хааны удмынхан дэлхийн хагасыг эзэлж байсан үе бий. Тэр үед “Уяхан замбативийн наран”-г дуулдаг байсан байгаа юм. Нарны тухай хүмүүс мэдэж байсан юм чинь дэлхийнхээ тухай мэдэж л байсан байж таараа. -Өмнөх хоёр үе маань олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд орж, заавар даалгавраар нь хөдөлмөрлөж байсан. Нэг талаараа бие даах эрхгүй байлаа. Харин таны үед зөвхөн монгол хүний хөлийн мөрийг үлдээх биш монгол гал голомт тэнд бий болж буй юм байна гэж ойлгож байгаа? -Олон улсын Антарктидын гэрээг 1959 онд үзэглээд 1962 онд анхны 12 улс гэрээнд гарын үсэг зурсан. Тэр улсууд Антарктидын хамгийн анхны гэрээний Засгийн газрын гишүүд нь. Одоогоор энэ гэрээнд 54 улс нэгдээд байна. Монгол Улс 53 дахь гишүүн нь. Монгол Улс 2015 оны зургаадугаар сард Антарктидын конвенцид гишүүнээр элссэн. Өмнө нь бид дандаа зочин гишүүнээр очдог байсан бол одоо Антарктидын конвенцийн бүрэн эрхт гишүүн болсон учраас бидэнд өөрийн гэсэн хөтөлбөр, баг, бааз, мэргэжилтнүүдтэй байх ёстой. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Байгаль орчны яам, Боловсролын яам 2015 онд хамтран энэ конвенцид элсэх бүх бэлтгэлийг хийж тодорхой мэргэжлийн хүмүүс үүн дээр ажиллан УИХ-аар соёрхон баталж АНУ-ын Төрийн департамент “оk” хэмээн зөвшөөрч байлаа. Нэгэнт УИХ соёрхон баталж, олон улсын гэрээнд нэгдсэн учраас жилийн төсөвт төлдөг тэр 20 мянга ч юм уу, 30 мянга ч юм уу ам.долларыг Сангийн яам батлаад оруулж байх ёстой юм. Тэгээд жил болгоны хөтөлбөрт оролцоход Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болов уу. Бид одоо тэнд баазаа байгуулж байгаа. Жилд 5-6 монгол хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Үүнийг би төр засгийн дэмжлэггүйгээр хийгээд дуусаж байна. Гэхдээ дэмжээсэй гэж хүсдэг. Уг нь төсөл маань 250-300 ам.долларын үнэтэй. Найз нөхөд, шавь нар маань хамгийн их тусалсан. Энэ жил би өөрөө нэг яваад ирнэ. Тэгээд жилд 5-6 хүнийг хэнийг ч гуйхгүйгээр хүлээж авна даа. Энэ зардал бол улсын начин төрүүлдэг тэр л мөнгө. Өнөөдөр яагаад Хятад, Өмнөд Солонгос, Европын холбоо, Орос тэнд долларыг тэрбум, тэрбумаар нь зараад байгаа юм бэ. Тэнэг хүмүүс ийм зүйл хийхгүй шүү дээ. Тиймээс бид их том зүйлийн төлөө явж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид тэнд үргэлж өөрийн гэсэн хэсэгтэй байж байх ёстой. Тэнд монголчуудыг НҮБ-ын индрээс дутахааргүй сурталчлах талбар болно. -Нийгэмд бас өнөө маргаашаа яая гэж байж тэр мөсөн дунд юугаа хийдэг юм бэ гэж үгүйсгэх хэсэг бий. Харин та юу гэж хариулах бол? -Хорвоо дэлхийн амьдрал биднээр дуусахгүй. Дэлхий ертөнц биднээс хэдэн сая живаа жилийн өмнө ч, биднээс хойш хэдэн сая жилийн дараа ч байж л байх болно. Харин хүн төрөлхтний хойч үе хязгааргүй орон зайд амьдарна. Тиймээс өнөөдөр бүгдийг заавал ч үгүй таван төгрөгөөр хэмжиж харахын оронд үүнд Монголоо яаж оролцуулах вэ гэдгийг бодолцох л ёстой. Бид 10 гаруй жил ажиллаад бүхэл бүтэн багийг бий болгочихлоо. Өнөөдөр Монголоос Антарктид тивд ихэвчлэн цаг уурын инженерүүд очиж байна. Гэтэл тэнд хүн юу идэж, юу өмсөх ёстой юм бэ. Цаашилбал, эрүүл байхын тулд яах ёстой вэ гэдгийг судлахын тулд эмч нар, тогооч нар очих ёстой. Бүр монголчууд яагаад маш эрсдэлтэй нөхцөлд адаптацид хурдан ордог вэ гэдгийг хүртэл очиж судлах хэрэгтэй байхгүй юу. Тиймээс бидний дараагийн үе бэлэн байх ёстой. Япончууд Антарктидын аялал жуулчлал гэж гайхалтай сайхан зүйлийг хийж байна. Жилд 10 мянган япон хүн мөсөн тивийг зорьдог болсон. Дахиад ард нь 600 мянган хүн дугаарлаж байна. Очерт орсон сүүлчийн хүн 60 жилийн дараа тэнд очихоор байгаа юм. Тэр агуу их гайхамшигтай цэвэр лаборатори, дэлхийн дулаарлыг зохицуулж байдаг байгалийн хөргөгч, дэлхийн цэнгэг усны нөөцийг цэвэр ариун байлгахын зэрэгцээ хүмүүсийн амьдрах орчныг Антрактидад яаж бүрдүүлэх вэ гэдэгт шинжлэх ухааны салбар анхаарлаа хандуулж байна. Өнөөдөр дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрлээ. Удахгүй ес, арван тэрбум болно. Дэлхий 30 тэрбум хүнийг амьдруулах чадалтай. Харин түүнээс дээш болчихвол яах вэ. Заавал ч үгүй цөмийн дайн болох ёстой юм уу. -Тэгвэл Антарктидад хүн амьдрах орчин байна уу. Үүнийг мэдэхгүй мянга мянган хүн бий. Тухайлбал, тэнд өдөр шөнө ээлжилдэг үү. Зуны улирал гэж байна уу. Одоо тэнд ямар улирал болж байгаа бол. Та нар очоод хоол хүнсээ яаж боловсруулж иддэг юм бэ. Нөөшилсөн хүнсээ л гал түлээд халааж иддэг юм уу. Мод ургамал байна уу гээд олон мэдэхгүй асуулт байна? -Тэнд ямар ч мод, ургамал тэр байтугай ямар ч вирус байхгүй. Тиймээс хамгийн сүүлчийн асуултаа март. Идэж уухдаа ч санаа бүү зов. Шинжлэх ухаан хөгжиж байна. Хүмүүс идэх уухаа эх газраасаа аваад очдог болчихсон. Тэнд газ аваад оччихно. Хоолоо хийгээд иднэ. Тэр битгий хэл халуун усанд орж, саунд ч сууж болно. Зурагт ч үзэж болно. Гэхдээ тэр газар чинь бидний цэвэр усны нөөц байхгүй юу. Дэлхийн хуурай газрын 10 хувийг эзлэх хэмжээний хөрстэй газар дээр дунджаар 2400 метр зузаантай мөс байгаа. Харин Хойд мөсөн далай бол хөлдчихсөн далай юм. Сүүлийн 10 жилээс энэ жил анх удаагаа хайллаа. Харин одоо Антарктидад жилийн дундаж температур -74-өөс -80 градус байгаа. Гэхдээ зургаадугаар сараас наймдугаар сар хүртэл Оросын экспедицийнхний хэмжсэнээр -90, -92, -94 градус хүрч байсан нь тэмдэглэгдэж үлдсэн. Тэнд нар баруунаас мандаж, зүүн зүгт шингэдэг. Ус буруу урсдаг. Цагаан баавгай тэнд үрждэггүй. Тэнд очиж байгаа хүн бүхэн өөрөө судалгааны объект болдог. -Та Антарктид судлаач, газрын тосны инженерээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Элчин сайд хүн. Олон улсын харилцаанд маш чухал үүрэгтэй, Монгол Улсыг төлөөлөх элч төлөөлөгч учраас энэ цолыг хэн бүхэнд хүртээхгүй нь ойлгомжтой. Та дипломат албанд хэдий үеэс зүтгэв. Дипломат алба таныг сонирхов уу. Эсвэл та өөрөө дипломат албыг сонирхов уу? -Антарктидыг судална гэдэг бол дэлхийн зургаа дахь тивийг судална гэсэн үг. Тиймээс энэ нь олон улсын харилцааны асуудал юм. Антарктидын конвенцид элсэнэ гэдэг бол Монгол Улсын гадаад харилцааны бодлого. Тиймээс энэ чинь дипломат албатай холбоотой л зүйл. Хувь заяагаар би Болгарт сургууль төгсөж, тэнд удаан амьдарсан хүн. Болгарын экспедицитэй хамтраад Антарктид руу таван удаа явчихсан байх үед надад ийм боломж гарч ирсэн. Антарктид судлалыг цаашид авч явахын тулд энэ албыг санал болгоход нь би татгалзаагүй. Түүнээс биш би албан тушаал хөөцөлдөж байсангүй. Би Болгарт дээд сургууль төгсөөд тэнд дэд эрдэмтэн, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалаад таван жил Антарктидийн экспедицид ажиллаж, дөрвөн жил Элчин сайдаар томилогдож нийтдээ 20 жил амьдарсан. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ болгараар ярьдаг. Миний хоёр дахь эх орон. -Өнөөдөр Болгар-Монголын харилцаа ямар төвшинд байна вэ? -Жаахан түвэгтэй. Яагаад гэвэл, бид аль аль нь социалист улс байсан. Тэр үеийн харилцааг одоотой харьцуулах аргагүй. Хуучин социализмын үед Болгар- Монголын харилцаа сайхан байлаа. 1950 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ жил 67 жилийн ой болж байна. Болгарын техник, эдийн засгийн тусламжтайгаар Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, Шарын голын жимс, ногооны аж ахуй, Баянхонгорын Жаргалантын алтны уурхай, Дорнодын мах комбинат, Говь-Алтай, Өвөрхангайн тоосгоны үйлдвэр мөн IV цахилгаан станцын ойролцоо “Дэвшил” сангийн аж ахуй байгуулж байсан түүхтэй. Дээрээс нь манай улсын урлаг, спорт, техникийн шинжлэх ухааны чиглэлийн анхны томоохон мэргэжилтнүүд тэнд төгсөж байлаа. Болгарт төгссөн Ардын жүжигчин зургаа, гавьяат гэхэд л 40 гаруй хүн байна. Орчин үеийн мэргэжлийн урлагийн байгууллагыг тэд босголцсон. Социализмын үед ардчилсан Германы дараах харилцаатай улс нь Болгар байлаа. Тэнд нийтдээ 700 гаруй хүн дээд сургууль төгсөж, 3000 гаруй хүмүүс мэргэжил дээшлүүлсэн юм. Зарим үедээ өнөөдрийн ханшаар тооцох аргагүй, хэмжээлшгүй их мөнгөөр хоорондоо харилцаатай байсан. Монголчууд Болгар руу мах, архи, нэхий дээл явуулдаг. Болгараас мөн архи, бүх төрлийн тамхи, эм, марль, брезент авдаг байсан. Харилцаа нэг хэсэг тасарсан ч одоо эргээд сэргэж байгаа. Бид кирилл үсгийг хэрэглэдэг. Оюун санааны хувьд ч сонирхолтой, түүхэн боломж бидэнд бий. Болгарууд Хүннүгийн үед Аттила хааны дараахан энд ирж амьдарч байгаад буцаж нүүсэн. Адилхан нүүдэлчин омгийн хүмүүс. Өнөөдөр ч үүнийгээ дурсацгаадаг. Жаахан европжсон ч бидэнтэй адилхан зан араншинтай хүмүүс. Түүнээс биш өглөг авлаг, өр ширний асуудал байхгүй. Одоо зөвхөн найрамдалт харилцаа л байна. -Антарктидад та Монголын Консулын газрыг нээлээ гэж байсан. Энэ нь яг ямар учиртай юм бэ? -Тэнд хэн ч виз хэрэглэдэггүй. Гэхдээ тэнд дэлхийн цэнгэг усны нөөц бий. Тэгээд ч хэний ч биш газар үргэлж ашиг сонирхлын зөрчлийг өдөөж байдаг. Тийм учраас 2009 онд монгол гэр аваачиж барин төрийн далбаагаа мандуулан анхны баазаа байрлуулж байлаа. Энэ нь миний ирээдүй хойчийнхоо төлөө хийсэн гавьяа юм. Өөрөөр хэлбэл, “Энэ манай газар шүү”, “Бид энд бүрэн эрхтэй шүү” гэж баталгаажуулсан гэх үү дээ. Одоо бол Монголын бааз өөрийн гэсэн усан онгоцны зогсоол, цаг уурын станц, өрөм тавиад хайгуул хийх чадалтай болж эхэлж байна. Ирээдүйд тэнд судлаачдаас гадна жуулчид очдог болно. Гэхдээ өнөөдрийг хүртэл дандаа л хүний юманд гуйж дайгдсаар л байгаа. Тиймээс өөрийн гэсэн юмтай, унаатай болох хэрэгтэй. -Зургаа дахь тивийг оцон шувуугүйгээр төсөөлөхөд бэрх. Ер нь тэндхийн амьтад шинэ зочдоо хэр найрсаг хүлээж авдаг вэ? -Хүмүүст эхлээд хоёр зүйлийг сануулъя. Антарктид бол цэвэр мөсөн тив. Харин эрэг хавиар нь цэнхэр халим, далайн хав, пингвин амьдардаг. Гэхдээ Антарктидын бэлгэ тэмдэг бол оцон шувуу. Энэ чинь их гайхамшигтай. Тэр 15 сая км хавтгай дөрвөлжин нутгийн хилийг Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далай ирж тэнд Өмнөд далай гэдэг газар зүйн цоо шинэ ойлголтыг бий болгодог. Тэр хүйтэн усанд асар их биологийн нөөц бий. Түүгээр хооллож амьдардаг амьтад нь далайн хав, цэнхэр халим, оцон шувуу юм. Гэхдээ энэ хэдээр хооллодог галт шувуу ч бий. Оцон шувууны тухайд бол асар ухаантай амьтан. Хосоороо амьдардаг. Нэг нь үхэхэд ахиж гэрлэх тухай ойлголт байдаггүй. Их сониуч, ухаантай амьтад болохоор үргэлж хүнд ойрхон байхыг хичээдэг. Бараг л нийгмийн зохион байгуулалттай амьтад. Үржлийн үедээ хөгшчүүл нь дүрсгүйчүүдээ аваад тусдаа байрладаг. Аав, ээж нь өндөг хагарч дэгдээхий болтол нь жижгүүдтэйгээ хамт байдаг. Ингэхгүй бол сахилгагүй нөхөд өндгийг нь гишгээд хагалчих гээд байдаг юм билээ. Сүлд дуу дуулахаар баазын ойролцоо ирж ёсолчихоод явдаг пингвин ч бий.
https://ikon.mn/n/11kh
11kj
Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирнэ
Монголын мэдээ
06/22/2017 08:10:00
Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан "BBC Cardiff Singer of the World-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирэхээр болжээ. Түүнийг Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд угтаж, ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, өглөөний 06:30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах үйл ажиллагаа болж, дараа нь Г.Ариунбаатарын ажил амьдралын гараагаа эхэлж байсан Цагдаагийн Сүлд чуулгаас дуучинд хүндэтгэл үзүүлэх юм байна. Харин 09:30 цагт дуучин хүү Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төрсөн билээ.
https://ikon.mn/n/11kj
11kk
Исламын улс бүлэглэл өөрсдийгөө анх зарлаж байсан сүмээ дэлбэллээ
Р.Төмөр, ikon.mn
06/22/2017 10:11:00
Лхагва гарагийн шөнө Иракийн Мосул хотод оршдог аль-Нури сүм, түүний алдарт хазгай мөргөлийн цамхагт Исламын улс бүлэглэлийнхэн тэсрэх бодис байрлуулж дэлбэлсэн болохыг Иракийн засгийн газар мэдээллээ. Мосулын Их сүм гэгддэг энэхүү шашны байгууламжид 2014 онд Исламын улс бүлэглэлийн тэргүүн Абу Бакр Аль Багдади өөрсдийн халифат улсыг байгуулж байгаагаа дэлхий дахинд зарлаж байсан юм. Тус бүлэглэлийн мэдэлд байгаа сүүлчийн том хот болох Мосулын хуучин дүүрэгт Иракийн арми энэ долоо хоногийн эхээр довтолгоогоо эхэлсэн. Хотын уг хэсэгт Исламын улс бүлэглэл 100,000 орчим энгийн иргэнээр халхавч хийн хоргодож байгаа гэж НҮБ-ын мэдээлэлд өгүүлжээ. Иракийн хоёр дахь том хот Мосулыг чөлөөлөх ажиллагаа найман сар орчмын өмнө эхэлж, 850,000 орчим иргэн тус хотоос дүрвээд байгаа юм. Эх сурвалж: Associated Press
https://ikon.mn/n/11kk
11kl
“Насны хишиг” олгож эхэллээ
С.Бадрал, iKon.mn
06/22/2017 10:14:00
Гэрэл зургийг mpa.mn Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад "Насны хишиг" олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан. "Насны хишиг"-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан. Үүнд: 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг; 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг; 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг; 90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгох юм. Энэ жилийн эхний "Насны хишиг"-ийг өнгөрсөн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өгсөн юм. Цагаан сараар олгосон "Насны хишиг"-ийг нийт 114,434 ахмад настан авсан бөгөөд үүнд 9.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэгвэл Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан өчигдрөөс /06.21/ эхлэн хоёр дахь удаагийн “Насны хишиг”-ийг олгож эхэллээ. Улсын хэмжээнд 65-69 насны 44,696 ахмад, 70-79 насны 52,413 ахмад, 80-89 насны 17,559 ахмад, 90-ээс дээш насны 2,366 ахмад нийт 117,034 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг гэрээт банкуудад илгээж, 10.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Мөн “Насны хишиг”-ийг банкууд ахмадуудын өр зээлэнд суутгах хориотой юм. Эх сурвалж: ХНХЯ
https://ikon.mn/n/11kl
11kn
ЦЕГ: С.Ганбаатарт холбогдох асуудлыг шалгаж байна
ikon.mn
06/22/2017 10:34:00
ЦЕГ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд 2017.06.19-20-ны өдрүүдэд БНСУ-ын иргэн Юү Ван Сү болон Хөдөлмөрийн Үндэсний нам, “Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ, Монгол Улсын зарим иргэнээс нэр дэвшигч С.Ганбаатарыг шалгуулах тухай хүсэлт, гомдол ирүүлжээ. Уг хүсэлт, гомдлыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос харьяаллын дагуу 2017.06.21-ний өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахаар ирүүлснийг материалжуулан шалгаж байна. Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
https://ikon.mn/n/11kn
11ko
НҮБ: 2050 онд Дэлхийн хүн ам 9.8 тэрбумд хүрнэ
Р.Төмөр, ikon.mn
06/22/2017 10:36:00
Өнөөдөр 7.6 тэрбумд хүрээд байгаа дэлхийн хүн ам 2050 онд 9.8 тэрбум болж өсөхийг Лхагва гарагт гаргасан НҮБ-ын тайланд дурджээ. Тэр үед дэлхийн хамгийн олон хүн амтай улсаар Энэтхэг тодорч, Хятадыг ардаа орхих гэнэ. Харин гуравдугаар байрт АНУ-ыг гүйцсэн Нигери улс жагсах аж. Эдгээр тоо баримтуудыг НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн асуудал хариуцсан байгууллага тооцоолж гаргажээ. Тайланд “хэдийгээр төрөлтийн тоо буурсан ч жил бүр 83 саяар дэлхийн хүн ам нэмэгдэхээр байна” гэж тайлбарласан байна. Энэ хурдаараа хүн төрөлхтөн 2030 онд 8.6 тэрбум, 2050 онд 9.8 тэрбум, 2100 онд 11.2 тэрбум болж өсөхөөр байгаа гэнэ. Одоогоор хүн амаараа дэлхийд хоёрт бичигдэж байгаа буюу 1.3 тэрбум иргэнтэй Энэтхэг улс 2024 онд 1.4 тэрбум оршин суугчтай болж Хятадыг гүйцэх ажээ. Харин 2050 онд Африкийн 26 орны хүн ам доод тал нь хоёр дахин өсөх бол дэлхийд хамгийн хурдтай өсөх үндэстэн нь Нигеричүүд байх юм. Үүнтэй зэрэгцэн хөгшрөлт нэмэгдэж, 2050 онд 60-аас дээш настнуудын тоо хоёр дахин өсөх бол 2100 онд гурав дахин нэмэгдэх ажээ. Үүнийг тоогоор илэрхийлбэл 2017 онд 962 сая настантай байсан дэлхий 2050 онд 2.1 тэрбум, 2100 онд 3.1 тэрбум өндөр настантай болно гэж тайланд өгүүлсэн байна. Эх сурвалж: AFP
https://ikon.mn/n/11ko
11kp
Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо
С.Бадрал, iKon.mn
06/22/2017 10:52:00
Гэрэл зургийг MPA.mn, 2017.06.12 Нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон байсан. Гэвч шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням нар нь эрүүл мэндийн шатгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж энэ талаарх баримтаа хүсэлтийн хамт ирүүлсэн. Иймд шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09-00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа. Шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нар шүүх аж. Өмнө нь зургаадугаар сарын 12-нд болох байсан хурал өнөөдрийг хүртэл хойшлогдсон байсан юм. Өнөөдөр өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшлогдлоо. Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХМА
https://ikon.mn/n/11kp
11kq
Хотын дарга хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олголоо
А.Төгөлдөр, iKon.mn
06/22/2017 11:32:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр хоёр иргэний ар гэрт орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ, ажил үйлсээрээ тэргүүлсэн зарим байгууллагад өргөмжлөл гардуулж өглөө. Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ: Ус сувгийн удирдах газарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан н.Сүхбат агсны гэр бүл, УСУГ-т ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нурангид даруулж хөдөлмөрийн чадвараа алдсан н.Төрмөнх нарын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийг гэрчилгээг олголоо. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит 700 орчим төр захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай нийслэлийн Өмчийн харилцааны газар “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” байгуулан, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, нийслэлийн удирдлагуудад танилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, тэргүүний сайн ажиллаж байгаа байгууллагыг шагнаж урамшуулах, хангалтгүй ажиллаж байгаа байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох ажил уламжлал болоод байна. Энэ оны хувьд нийт 650 орчим байгууллагын гэрээг дүгнэснээс 78.1% бүрэн хангалттай, 17.7% хангалттай, 3.7% ажил сайжруулах үнэлгээ авчээ. “Нийслэлийн өмчийг эзэмшигч тэргүүний байгууллага”: Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, СХД-ийн 65 дугаар сургууль, ЧД-ийн “Эрүүл мэндийн төв”, БЗД-ийн 147 дугаар цэцэрлэг, СХД-ийн 163 дугаар цэцэрлэгүүдийг шалгаруулж өргөмжлөл гардууллаа. Дээрх байгууллагууд бүрэн хангалттай дүгнэгдэж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн, нийслэлийн өмчийг нэмэгдүүлэх талаар санал санаачлагатай, бусдыгаа манлайлан ажиллажээ. Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/11kq
11ks
Хятадын хувийн хөрөнгийн нийт хэмжээ ДНБ-ээсээ 2 дахин их болжээ
Р.Төмөр, ikon.mn
06/22/2017 11:47:00
Хятадын эдийн засагт эргэлдэж байгаа хувийн хөрөнгийн хэмжээ 165 их наяд юань буюу $24 их наядад хүрч, улсынхаа Дотоодын Нийт Бүтээгдэхүүнээс хоёр дахин их, 10 жилийн өмнөх дүнгээс зургаа дахин өссөн болохыг Лхагва гарагт нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлсэн байна. Энэ оны сүүлд дээрх тоо 188 их наяд юаньд хүрэхээр байгааг бас дурджээ. Судалгааг Bain & Co болон China Merchants Bank хамтран боловсруулсан байна. Гэхдээ энэ жилийн өсөлт 14 хувь байх нь сүүлийн 10 жилд хамгийн доод өсөлт болох гэнэ. 2014 ба 2016 онуудад өсөлтийн хэмжээ 21 хувьд хүрч байжээ. “Энгийнээр хэлбэл сүүлийн 10 жилийн өдөр бүр 400 хятад олон-саятан (multi-millionaire) төрөн гарч байжээ” гэж China Merchants Bank-ийн хувийн банкны салбарын ерөнхий менежэр Ван Жин хэлсэн байна. Судалгааны дүнгээс Хятадын баячуудын гадаад орнуудад хөрөнгө оруулалт хийх сонирхол ихээр өссөн нь харагджээ. Өнгөрсөн онд тэдний 56 хувь нь хилийн чанадад хөрөнгө оруулсан бол 2011 онд энэ тоо 19 хувьтай байсан байна. Хятад баячуудын хамгийн их хөрөнгө оруулсан топ 5 оронд Хонг Конг, АНУ, Австрали, Канад, Сингапур багтжээ. Хэл соёлын ойролцоо байдал нь Хонг Конгийг хөрөнгө оруулах тэргүүн сонголт болгож байгаа гэнэ. Бээжингийн эрх баригчид сүүлийн үед гадагш урсах хөрөнгийг хянах болсон ч баячуудын ихэнх нь гадаад зах зээлээс орлогоо олдог тул нөлөө бага байгааг судлаачид онцолсон байна. Эх сурвалж: Nikkei
https://ikon.mn/n/11ks
11kv
Ц.Цэнгэл: “Цайны зам” санаачилгад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбар хөгжинө
ikon.mn
06/22/2017 12:01:00
Аялал жуулчлалыг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх “Цайны зам” төслийн хоёр дахь шатны уулзалт Улаан-Үүд хотноо энэ өдрүүдэд болж байна. Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл оролцож байгаа билээ. Түүнийг уулзалтад явахаас нь өмнө ярилцсан юм. - “Цайны зам” төсөлд манай улс ямар оролцоотой байх вэ. Өнөө жилийн уулзалтаар ямар асуудлуудыг хэлэлцэх юм бол? -Аялал жуулчлалын сэдвээр Монгол, Орос, Хятад гурван улсын хүрээнд томоохон арга хэмжээ зохиогдсон нь “Цайны зам” төсөл юм. Уг төслийн анхны уулзалт өнгөрсөн 2016 оны есдүгээр сард Хөх хотод сайд нарын түвшинд болсон. Энэ удаагийнх нь Улаан-Үүд хотод болно. Энэ үеэр “Цайны зам”-ыг бүс нутгийн хэмжээнд яаж хөгжүүлэхэд ямар албан ёсны баримт бичиг байгуулах тухай талууд санамж бичигт гарын үсэг зурна. “Цайны зам”-ын асуудал түүхэн ач холбогдолтой. “Цайны зам”-ыг европт хүргэсэн алдарт тэмээн жингийн замын үргэлжлэлийг орчин үеийн галт тэрэг, онгоц, авто тээврийн хэрэгслүүдээр яаж аялал жуулчлалын бүс бий болгох талаар энэ удаагийн уулзалтаар ярилцах юм. Мөн хаана, хаана, ямар, ямар хот тосгодод аялал жуулчлалын цогцолборуудыг бий болгох асуудлууд анхан шатнаасаа яригдаад хэрэгжээд явна. Тэгэхээр манай улсын хувьд тус арга хэмжээнд идэвхтэй оролцоно. -Энэ төсөл “Нэг бүс-нэг зам”-тай яаж уялдах боломжтой вэ? -БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс-нэг зам” бол дэлхийн улс орнуудыг дэд бүтцээр холбох том төсөл. Ази Европыг холбох ихээхэн ач холбогдолтой. Энэхүү “Цайны зам”-ын хоёр дахь уулзалт нь “Нэг зам-Нэг бүс” төсөлд манай гурван улс яаж холбогдох уу. Ямар хот, тосгод хэрхэн оролцох юм. Газ, автозам, төмөр зам, агаарын тээврийн харилцаанд хөрш гурван улс хэрхэн оролцох талаарх томоохон баримт бичгүүдийн эхлэл болж байгаагаараа онцлогтой. Тиймээс дэлхий дахины сонирхдог уул ус, ан амьтны, үзэсгэлэнт байгалийн, өв уламжлалын, соёлын зэрэг аяллын маршрут маань гурван улсын “Цайны зам” уулзалтын хүрээнд хөндөгдөнө. Тус арга хэмжээний гурав дахь уулзалтыг 2018 онд манай улсад зохион байгуулах юм -Энэ хүрээнд жуулчдын урсгалыг яаж нэмэгдүүлэх вэ. Энэ талаар ямар тооцоолол гаргасан бэ? -Хүрээгээ тэлсэн, сурталчилгаа мэдээллээ бүрэн дүүрэн өгсний үр ачаар манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Жил тутамд долоо, найман хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр манай онгон зэлүүд байгаль, мал аж ахуй, нүүдэлчин соёл иргэншлийн тухай мэдээлэл европын болоод хөгжсөн орнуудад тархсан. Тэдний үзэж харах сонирхолыг ихээр татдаг. Мөн ирэх есдүгээр сард олон улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт БНХАУ-д болно. Тус арга хэмжээнд улс бүр өөрсдийгөө сурталчлах өдөртэй байх юм билээ. Энэ ч утгаараа Монгол Улсаас томоохон баг явж, улсаа сурталчлах юм. -Төмөр зам болон нислэгийн рейсийг нэмэгдүүлээд, тасалбарын үнийг буулгавал жуулчид ирэх юм биш үү? -Жуулчдыг татахад төмөр зам болоод агаарын тээврийн асуудалд онцгой анхаарах ёстой. Олон километр газар VIP зэрэглэлээр явж байгаа хэрнээ суудал нь ор болдоггүй, босоогоор зорчих, онгоц нь жижиг гэх мэт асуудлууд бий. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхгүйгээр гадаадын жуулчид олноор ирэхгүй юм билээ. Тиймээс тохитой тухтай хурдны галт тэрэгтэй болох, зундаа томоохон онгоц нойтон түрээсээр авах, найдвартай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бий болгох шаардлагатай. Дээр нь үйлчилгээний өндөр соёлтой байх ёстой. Үйлчилгээний хөтчийн боловсрол, ресторан, зоогийн газрын үйлчилгээгээ сайжруулж, хүмүүсийг эргэн татахуйц өндөр соёлд суралцах хэрэгтэй. Энэ хүрээнд томоохон сургалтуудыг хийх нь чухал гэж салбарын яам үзэж байгаа. Галт тэрэг, онгоцны рейсийг нэмэгдүүлж, тасалбарын үнийг хямдруулах тал дээр манай зүгээс саналаа Зам тээврийн яаманд тавьж байгаа. Тус яамнаас боломжит тооцоо судалгаагаа хийж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. -Манай улсад аялал жуулчлалын бодлого үгүйлэгдэж байгааг аяллын компаниуд хэлдэг. Жишээлбэл, гадны жуулчид, дотоодын аялагчдад хоёр өөр үнээр үйлчилдэг. Үүнийг бодлогоор зохицуулж болдоггүй юм уу. Ер нь аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдэд ямар шалгуур тавьдаг юм бэ? -Уг нь гадаад, дотоодын аялагчдад хоёр өөр үнээр үйлчилдэг байдлыг 20-иод жилийн өмнө болиулсан. Гэхдээ л энд тэнд хяналтгүй байдлаас болоод үнийн зөрүүтэй асуудлууд гараад байгаа. Үүнийг нэн даруй цэгцлэх нь зүйтэй. Аялал жуучлалын төв, холбоотой болохоор ажиллаж байна. Эдгээр байгууллага зочид буудалд стандартуудаа тавиад мэргэжлийн хяналтын байцаагч нар зүй ёсныхоо шаардлагыг тавиад ажиллабал хаана, хаанаа хариуцлагажина гэж итгэж байгаа. -Танай яам саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу? -Бичил уул уурхай эрхлэгчид буюу нинжа нарт манай зүгээс хаалт хориг тавьж чаддаггүй ч энэ хүмүүс байгалийг нэлээд ихээр сүйтгэж байна. Гэтэл манай яам энэ хүмүүст ямар нэгэн байдлаар хяналт тавьж чадахгүй байна. Тиймээс МХЕГ-ын зарим эрх үүргийг манай байцаагч, газрын дарга, хэлтсийн дарга нарт олгож хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээнд уул уурхай, амьтан, ургамлын бусад аялал жуулчлалын хяналтыг бид тавих юм. Гэрээгээр мэргэжлийн хяналтын байцаагчийн эрхтэй хязгаарлах эрхтэй ажиллана гэсэн үг. -Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Үүний дараахан та “их цэвэрлэгээ” хийгээд ирсэн байх аа. Энэ талаар дэлгэхүүлэхгүй юу? -Урьд нь гурван удаа Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгэхээс татгалзсан. Шалтгаан нь хил хязгаар нь тодорхой биш, намагтай, шуудуутай, гол горхийг нь нарийвчлан гаргаагүй гэдэг асуудал байсан. Гэхдээ бид бүртгүүлж чадсан нь бахархал юм. Юнескогийн хуралд дэлхийн 184 улс орон оролцож, 21 орон үг хэлэх эрхтэй байдаг. Тэдгээр улсуудтай нэлээд сайн ажилласны үр дүнд Чингис хааны өлгий нутаг, тахиж шүтэж байсан гэдэг утгаар 18 улс нь дэмжиж, дэлхийн өвд бүртгэсэн. Энэ хүрээнд манай тусгай хамгаалалтын захиргааныхан анх байсан шинжээр нь онгон дагшин байлгах үүрэг хүлээсэн юм. Бурхан халдун уулын онгон дагшин байдлыг нь хадгалан үлдэхийн тулд хүний мөр гаргаж болохгүй пайз хадсан. Тэгэхээр онгон дээр гарч болохгүй. Дээр нь байсан овоонуудыг уулын бэлд шилжүүлсэн. Ингэснээр уулын орой дээр биш бэлд нь тахилга хийдэг, шүтдэг эхлэлийг тавина гэж найдаж байна. -Богд ууланд аялагчдад зориулсан авто зогсоол барих асуудал юу болсон бэ. Мөн соёмбот уулыг нөхөн сэргээх ажил ямар шатанд байна вэ? -Улаанбаатар хотынхоо ард иргэдийг чөлөөтэй Богд ууландаа гарахдаа машин тэргээ байрлуулах зогсоол, ариун цэврийн газрын асуудлыг шийдэхээр зам, талбайг нь засъя гэж байгаа. Манайх газрыг нь гаргаад өгсөн. Улаанбаатар хот мэргэжлийн үүднээс барилга байгууламжийг нь барих ёстой. Уг нь Ерөнхий сайдын захирамжаар наадмын өмнө авто зогсоолыг барих ёстой л доо. Одоогоор баригдсан юм алга. Нэг нь үүрэг далгавар өгдөг. Нөгөөх нь ингэж хойрго хандаж болохгүй. Соёмбот уулыг хөндсөн хүмүүсийн газар ашиглах эрхийг цуцалж, нөхөн сэргээх үүрэг өгсөн. Нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөх хүсэлт тавьсан ч манай зүгээс дутуу байна гэж үзэж, хүлээж аваагүй. Үүнд мэргэжлийн хяналт, хууль хүчнийхэн оролцох ёстой. Ярилцсан М.МӨНХЦЭЦЭГ Эх сурвалж: БОАЖЯ
https://ikon.mn/n/11kv
11kw
Онцгойгийнхон 30 хоног цэнэгээ барьдаг гар утастай боллоо
С.Бадрал, iKon.mn
06/22/2017 12:10:00
Ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага олон байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Гамшгаас хамгаалах Хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны штабын 133 гишүүн сэтгэлийн хандив цуглуулж түймрийн голомтод үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад зориулан гар утас бэлэглэлээ. Энэхүү гар утас нь мобиком, юнителийн хос симтэй, сүлжээ сайн барьдаг аж. Ялангуяа ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад зориулагдсан энэхүү гар утас нь радиогийн суваг барьдаг, чанга яригчтай, 30 хоног цэнэгээ барьдгаараа давуу талтай юм. Мөн mp3 тоглуулагчтайгаас гадна цаг агаар, зурхай зэрэг өдөр тутмын хэрэглээний программуудыг багтаасан, гар чийдэн болгон ашиглах боломжтой. Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст энэхүү зургаан ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн. Гэрэл, цахилгаангүй, хөдөө, хээрийн нөхцөлд ашиглахад тохиромжтой энэхүү гар утастай болсноор алба хаагчид ар гэрийнхэнтэйгээ холбогдохоос гадна түймрийн голомтоос мэдээлэл дамжуулах, албаны бэлэн байдлыг хангахад чухал дэмжлэг боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/11kw
11kx
"Монгол дахь Италийн Элчин сайдын яамнаас Итали болон Шенгений орнуудын виз олгож эхэллээ"
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
06/22/2017 12:20:00
Гэрэл зургийг Mpa.mn Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Зургаадугаар сарын 19-нд буюу энэ долоо хоногийн Даваа гарагаас Монголчууд Итали улс руу зорчихдоо заавал Бээжин явахгүйгээр Монгол дахь Элчин сайдын яаманд нь хандаж виз авах боломжтой болсон байна. Бид үүнтэй холбоотой Элчин сайд Андре Дэ Фэлипээс товч тодруулга авсан юм. -БНИУ-аас Монголд суугаа Элчин сайдын яаманд шууд хандаж виз авах боломжтой болжээ. Визний төрөл, хугацааны талаар мэдээлэл өгнө үү? -Италийн Элчин сайдын яамнаас Итали болон Шенгений орнуудын визийг олгоно. Визний төрлийн хувьд аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих гээд бүгд хамаарна. Явж буй зорилго нь өөр өөр учраас визний хугацаа үүнийг дагаад өөр байна. Виз мэдүүлснээс хойш ажлын гурав хоногийн дараа бэлэн болох зохицуулалтыг манайх хийж байгаа. -Визний хураамж ямар байгаа вэ. Мөн цаг авахдаа яах вэ? -Визний хураамж ч мөн адил явж буй зорилго, төрлөөсөө хамаараад өөр өөр байна. Манай Элчин сайдын яаманд онлайнаар хандах, эсвэл утсаар ярьж цаг авч болно. Вэб сайт: http://www.ambulaanbaatar.esteri.it/ambasciata_ulaanbaatar/en/ Хаяг: ICC Tower 14 дүгээр давхарт -Өмнө нь Монгол иргэд Итали улсын виз мэдүүлэхдээ хаана ханддаг байсан бэ? -Манай Элчин сайдын яам виз олгож эхлэхээс өмнө Монгол иргэд Бээжинд байгаа Италийн Элчин сайдын яаманд очиж виз мэдүүлдэг байсан. Харин албан шугамаар явж байгаа хүмүүс Улаанбаатарт буй Германы Элчин сайдын яаманд хандаж визээ авдаг байсан. Гэрэл зургийг Mpa.mn Энэ Даваа гарагаас эхлээд /06.19/ Монгол иргэд Бээжин явах шаардлагагүй, Улаанбаатарт байгаа Италийн Элчин сайдын яаманд хандаад визээ авах бүрэн боломжтой боллоо. Ингэснээр хоёр улсын иргэд хоорондын болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. -Италид Монгол оюутнуудыг тэтгэлгээр сургана гэсэн мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? -Италийн сургуулиудаас олгож байгаа тэтгэлгийн нөхцөл нь сургуулиудаасаа хамаараад өөр өөр байна. Манай Гадаад Харилцааны Яамнаас олгож буй тэтгэлгийн хувьд сургуулийн төлбөр болон байрны төлбөрийг нь хариуцаж байгаа. Энэ жилдээ гурван оюутанд олгоно. Ирэх жилүүдэд хэдэн оюутанд олгох талаар одоо хэлэхэд хэцүү байна. Учир нь Монгол Улсад анх удаа нээгдсэн дипломат төлөөлөгчийн газар учраас цөөн тоогоор эхлээд, яваандаа суралцах сонирхолтой оюутнууд олон байвал би цааш нь асуудал тавихад хялбар болно. Би хувьдаа Италид суралцах Монгол оюутны тоо олон болоосой гэж хүсэж байна. Тиймээс Монголын боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Цаашид ч хамтран ажиллах болно.
https://ikon.mn/n/11kx
11ky
Германы цагдаа сөрөг агуулгатай мэдээлэл, сэтгэгдэл нийтэлсэн 36 иргэний гэрт баривчлах ажиллагаа явуулжээ
Р.Түвшин, iKon.mn
06/22/2017 12:14:00
Цагдаа нар онлайн орчинд бусдыг айлгасан, хүчирхийлэлд турхирсан, заналхийлсэн мэдээлэл, сэтгэгдэл зэргийг нийтэлсэн 36 иргэний гэрт нэг өдрийн дотор баривчлах ажиллагаа явуулсан тухай Герман улсын Холбооны Эрүүгийн Цагдаагийн газар саяхан мэдээлжээ. Тэдгээрийн ихэнх нь улс төрийн агуулгатай байсан бол нэг тохиолдол нь бусдыг бэлгийн чиг хандлагаар нь дайрч довтолсон агуулгатай байсан гэнэ. Аль нэг өдрийг цагдаагийн газар онлайн ертөнцийн сөрөг агуулгатай тэмцэхэд зориулж сонгодог болсон бөгөөд эхнийх нь өнгөрсөн жил хэрэгжиж байжээ. Онлайн сүлжээнд сөрөг мэдээ, мэдээлэл нийтлэх, сэтгэгдэл бичих нь Германд хууль зөрчсөнд тооцогдож шийтгүүлдэг. Тус улс яг одоо сошиал орчинд сөрөг агуулгыг хязгаарлах хатуу хууль гаргахаар бэлдэж байгаа. Зарим мэргэжилтнүүд уг хуулийг хэт хатуу, үндсэн хуулийг зөрчсөн гэж шүүмжилж байгаа юм. Зөвхөн хэрэглэгчид биш, сошиал сүлжээний компаниуд шинэ хуулиар сөрөг агуулгад хариуцлага хүлээхээр тусгагдсан юм. Тухайлбал тэд сөрөг агуулгыг өөрсдөө хянаж, 24 цагийн дотор устгах үүрэгтэй болох гэнэ. Хууль зөрчсөн компаниудад 50 сая евро хүртэл мөнгөн торгууль ноогдуулахаар заажээ. Энэхүү шинэ хуулийн төсөл хэлэлцэгдэж байхад Facebook компани мэдэгдэл гаргаж, торгуулиас айсан компаниуд хуулийн хүрээнд нийтлэгдсэн агуулгыг ч хэлмэгдүүлэн устгах нөхцөл үүсч байгааг анхааруулж байв. Шинэ хууль хэзээ батлагдах нь тодорхойгүй байна. Эх сурвалж: The Verge
https://ikon.mn/n/11ky
11kz
Манай улсад ажлын байр нэмэгдлээ
ikon.mn
06/22/2017 12:24:00
Гэрэл зургийг mpa.mn 2016 оны 1-р улиралд ажилгүйдлийн төвшин 11.6 хувьд хүрсэн, ажилгүй иргэдийн тоо 143.0 болсон байв. Засгийн газраас ажлын байр олноор бий болгох, ажлын байраар дамжуулан иргэдийн амжиргааг сайжруулах, эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхэлтийг дэмжих сангаар дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд 2017 оны 1-р улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо 115 мянга, ажилгүйдлийн төвшин 9.1 хувь болж тус тус буурлаа. Тухайлбал ХАА-д суурилсан хөнгөн үйлдэрээ дэмжих зорилгоор 42.0 сая ам долларын маш бага хувийн хүүтэй бизнесийн зээлийг Үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “Говь” ХК, оёдол эсгүүрийн “Денимон”, сүү үйлдвэрлэлийн “Хан-Брэнд”, махны чиглэлийн “Монголиан Катлл” , гахайн фермийн “Зургаан хошуу” зэрэг 10 гаруй компанид олголоо. Үндэсний тодотголтой энэ компаниуд 1,800-аас доошгүй ажлын байр бий болгохоос, 40% нь эмэгтэйчүүд байна. 2020 оны 4-р улирал гэхэд Монголын 3 компани олон улсын брэндтэй “Брэндийн түншлэл”-ийн гэрээ байгуулах зорилт тавьж байна. Эх сурвалж: Сангийн яам
https://ikon.mn/n/11kz
11l
Ц.Мөнхбаяр нарт зэвсэг нийлүүлсэн хүнийг саатуулжээ
Өглөөний сонин
11/06/2013 18:20:00
"Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг ТЕГ-т шалгаж байгаа. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод сар гаруй болж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Мөнхбаяр нар Дорнод аймаг Зэвсэгт хүчний нэгэн цэргийн ангиас буу, сум, тэсэрч дэлбэрэх бодис авсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалтын нууцад хамаарах учраас галт зэвсгийг цэргийн ангиас нийлүүлсэн эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ цэргийн ангиас нийлүүлсэн гэдэг зүйл тогтоогдоогүй байна. Тагнуулын байгууллага Ц.Мөнхбаяр нарт галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис нийлүүлсэн этгээдийг саатуулан шалгаж байгаа. Тухайн этгээд нь аль нэг цэргийн ангийн албан тушаалтан биш, хувь хүн” гэх хариулт өглөө.
https://ikon.mn/n/11l
11l0
Саймон Холт: Сэтгүүлчид бизнесийн ШИНЭ ЗАГВАР хайх аялалд гарах цаг болсон
ikon.mn
06/22/2017 13:01:00
“Хуурамч мэдээг шинэ үзэгдэл шиг ойлгоод байна. Доналд Трампыг төрөхөөс ч өмнө байсан л зүйл шүү дээ”, “Сэтгүүл зүй мөхөж байна гэж ярьдаг сөрөг үзэлтнүүдэд итгэж болохгүй. Сэтгүүл зүй хэзээ ч мөхөхгүй тул залуу сэтгүүлчид хүсэл тэмүүллээ дагах ёстой” хэмээн Австралийн “Brisbane Times” сайтын ахлах редактор асан Саймон Холт ярьж байна. Түүнтэй мэдээллийн вэб сайтаа удирддаг арга барилаас нь эхлээд орчин үеийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудлууд хүртэл өргөн сэдвээр ярилцлаа. 30 жил сэтгүүл зүйн салбарт ажилласан Саймон Холт мэргэжлийн карьерийн хувьд арвин намтартай. Түүний боловсруулсан “Орчин үеийн сэтгүүл зүйн инноваци” хичээлийг Австралийн гурван их сургууль сэтгүүл зүйн хөтөлбөртөө оруулсан бол “Орчин үеийн мэдээний өрөөтэй холбогдох 101 арга” ном нь сэтгүүлчдийн дунд эрэлттэй бүтээл болжээ. МЭДЭЭЛЛИЙН САЙТ УНШИГЧДАА ОЙЛГОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ “Brisbane Times” сайтын ахлах редактор асан Саймон Холт Монголын сэтгүүлчидтэй уулзаж байна. “Brisbane Times”-ын мэдээний өрөө. Брисбен хот. Австрали. 2017.05.03. Зургийг сэтгүүлч С.Болд-Эрдэнэ. -Австралийн хэвлэл мэдээллийн зах зээлийн хоёр гол тоглогчийн нэг нь танай сайтыг эзэмшдэг “Fairfax media” групп компани. “Brisbane Times” сайтыг өрсөлдөгч “News Corporation” группын “Courier-Mail” сонинтой өрсөлдүүлэхээр байгуулсан гэж сонссон. Зорилгоо биелүүлж чадсан уу? -“Brisbane Times”-ыг Зүүн-Өмнөд Квийнсланд мужийн зах зээлд өрсөлдүүлэхээр байгуулсан. Манай сайт 10 жилийн өмнө зөвхөн дижитал мэдээ, нийтлэл дагнан бэлтгэхээр 14 сэтгүүлчтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан. Дижитал мэдээгээр дагнасан дэлхийн хоёр дахь мэдээллийн сайт юм. Бид муждаа төдийгүй улсдаа танигдсан сайт болж чадсан. Давхардаагүй тоогоор манай сайтад сард сая гаруй хүн зочилдог. -Амжилттай яваа мэдээллийн сайт ямар зохион байгуулалттай ажилладаг нь уншигчдад маань сонин байх болов уу. Мэдээний редакцийнхаа үйл ажиллагааны талаар ярьж өгөөч? -“Brisbane Times” 20 сэтгүүлчтэй. Манай сурвалжлах баг дижитал бүтээгдэхүүн гаргахдаа цаг хугацаа болон хэлбэр гэсэн хоёр зүйлд маш их анхаардаг. Тухайлбал, өмнө нь манай сэтгүүлчид оройн 5 цагт эсвэл үүнээс хойш томоохон нийтлэлүүдээ өгдөг байсан. Харин одоо хүлээн авагчдын оргил цаг нь өдрийн цайны цаг болсон тул сэтгүүлчид маань нийтлэлээ энэ үеэр гаргахыг эрмэлзэх болсон. Уншигчдын маань мэдээлэл хүлээн авах зуршил их өөрчлөгдөж байгаа. Өмнө нь өглөөний 7-9 цаг болон ажил тарахын өмнө хандалтын оргил үе байсан бол одоо өдрийн цайны цаг болон 19-20 цагт хамгийн их хандах болсон. Сэтгүүлчдийн хувьд rounds буюу тойргийн системээр ажилладаг арга барилаас татгалзаж байгаа. Оронд нь улс төр, эдийн засаг, энтертаймент зэрэг тодорхой хэдэн чиглэлд мэргэшсэн сэтгүүлчдээ гаргаад бусад нь ерөнхий мэдээний сэтгүүлчээр ажиллах болсон. Ерөнхий мэдээний сэтгүүлчид бол тойргийн системээр ажиллана. “Brisbane Times”-ийн өдрийн мэдээний 20-30 хувийг сэтгүүлчид бэлтгэдэг бол үлдсэнийг нь сүлжээ сайтуудаасаа авч нийтэлдэг. Нэг сэтгүүлч өдөрт 3-6 нийтлэл бэлтгэдэг. -Мэдээллийн бодлогын хувьд сонирхол татаж байна. Тийм сэдвээр түлхүү нийтэлнэ эсвэл мэдээнд тийм шалгуур тавина гэсэн шаардлага байдаг уу? -Бидний мэдээнд тавих шаардлага бусад сайтуудынхаас их ялгарахгүй. Аль мэдээ нийтлэл хамгийн олон хүнд илүү их нөлөөтэй вэ гэдгийг харгалзан үздэг. Хэдий тийм ч ганц ялгаа байгаа нь зарим мэдээллээ тодорхой бүлэг хүлээн авагчдад зориулан бэлтгэдэг. Жишээ нь, өдрийн цайны цагийн хүлээн авагчдад зориулж хүнсний дэлгүүрүүдийн ачаалал хэр их байгааг мэдээлэх нь маш олон хүнийг татдаг. Харин урт, дүн шинжилгээ бүхий нийтлэлийн сэдвийг сошиал медиагаар тандаж сонгоод оройн уншигчдад чиглүүлэхэд үр дүнтэй байдаг. Юу бичих вэ гэдэг дээр 3E-гийн зарчмыг баримталдаг. Энэ нь emotion-хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх, education- хүмүүст боловсрол олгох, evolution-хүмүүсийн амьдрал дээшилж буй хувьсал өөрчлөлтийн тухай мэдээлэл юм. Эдгээр нь уншигчдын сонирхлыг их татдаг. “Brisbane Times” нь дижитал мэдээгээр дагнасан дэлхийн хоёр дахь мэдээллийн сайт юм. “Brisbane Times”-ын мэдээний өрөө. Брисбен хот. Австрали. 2017.05.03. Зургийг сэтгүүлч Г.Идэрхангай. -Уншигчдаа хэрхэн хадгалж, хөгжүүлдэг вэ? Хэрэглэгчдийн талаар анализ хийдэг ямар программ ашиглаж байна? -Бид хүлээн авагчдаа татахын тулд тэд юу уншиж байна вэ, ямар аргаар бичиж түгээсэн мэдээ илүү олон хүнд хүрч байна вэ гэдгийг судалж, суралцдаг. Манай хамт олон дүн шинжилгээ хийдэг олон төрлийн программ ашигладаг. Хүмүүс юу уншиж, юунд хариу үйлдэл үзүүлж, юуг хэнтэй хуваалцаж, дүн шинжилгээ бүхий урт нийтлэлтэй хэрхэн холбогдож байна вэ гэдгийг мэдэх нь маш чухал асуудал. Хэрэглэгчдийн судалгааг уншигчдаа илүү ойлгоход ашигладаг бөгөөд энэ нь мэдээ нийтлэлийн сэдвээ сонгоход нөлөөлдөг. -Хэрэглэгчдээ ойлгох нь чухал гэж байна. Оролцуулах талаас хэр анхаардаг вэ? “Brisbane Times” сайт хэрэглэгчдийн бүтээсэн контент (user generated content) үйлдвэрлэдэг үү? -Тийм ээ. Сэтгүүлчид маань мэдээнд хамааралтай буюу нөхцөл байдлыг мэдэрч байсан хэн нэгэн үүний тухай хэлэх нь илүү анхаарал татах ач холбогдолтойг хүлээн зөвшөөрдөг болсон. Бид саяхан алдартай тамирчин амиа хорлох гэж оролдсон тухай мэдээ нийтэлсэн. Ингэхдээ хэрэглэгчдийн бүтээсэн контентуудыг ашигласан юм. Амиа хорлох гэж оролдож байсан уншигчдын бичсэн өгүүллүүд бидний яагаад тамирчин амиа хорлох гэснийг ойлгох гэж хичээж байснаас хавьгүй хүчирхэг байсан. Тэгвэл эсрэгээр нь newsbot-ыг (хиймэл оюун ухаанаар/ роботууд мэдээ нийтлэл бичих) хэр дэмждэг вэ? Зарим томоохон агентлагууд newsbot-ын бичсэн мэдээллүүдийг түгээх болсон. Хэн нэгэн мэдээг бүтээх ёстой. Тэр нь хүн байгаасай гэж би хүсдэг. Мэдээний роботууд нь зарим хүмүүст зорилготойгоор үйлчилдэг. Гэвч миний хувьд мэдээг эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Манай сайт newsbot ашигладаггүй. ХЭРЭГЛЭГЧДИЙН БҮТЭЭСЭН КОНТЕНТ, ВИДЕО БОЛОН ВИУЗАЛЬ НИЙТЛЭЛҮҮДЭД АНХААРАХ ЁСТОЙ -Мэдээ нийтлэлийн үр нөлөөг сайжруулдаг ямар шинэ технологи, нийтлэлийн арга хэлбэрийг нэвтрүүлж байгаа вэ? -Шуурхай мэдээ бэлтгэх, шууд дамжуулалт зэрэг нь сайн ажилладагийг бид мэднэ. Уншигчид эдгээрээр тэжээгдэж байдаг. Тиймээс шууд, шуурхай дамжуулалтаа сайжруулахыг бидэнд байгаа нөөц боломжийнхоо хэрээр хичээж байна. Түүнчлэн бид хэрэглэгчдийн бүтээсэн контент, товч мэдээ, видео болон визуаль нийтлэлүүдийн олон хэлбэрийг туршиж байгаа. Хоёр өөр гарчиг өгөөд аль нь илүү анхаарал татаж буйг тандаж үздэг. Бидэнд мэдэхгүй, сурах ёстой олон зүйлүүд байна. Бид тогтмол хувьсан өөрчлөгдөж байна. Нийтлэлээ ямар цагт хүргэх нь илүү чухал вэ, ямар төрлийн мэдээ нийтлэл бэлтгэх вэ, тэднийгээ хэнд хүргэх вэ гэдгийг туршиж, хором бүрт суралцаж л байна даа. -Сошиал медиад чиглэсэн ямар нэгэн зүйл хийж байна уу? -Мэдээж хийж байгаа. Уншигчдын маань 15-20% нь Facebook-ээр дамжин орж ирдэг. Манайх зарим видеонуудаа зөвхөн сошиал медиад зориулан бэлтгэдэг. Хэдийгээр тогтмол биш ч сошиал медиад зориулсан контент заавал үйлдвэрлэдэг. Тэрхүү контент нь төлөвлөгөөний дагуу гардаг бөгөөд вэб сайтдаа заавал байршуулдаг. Саймон Холтын боловсруулсан “Сэтгүүл зүйн инноваци” хичээлийн хөтөлбөрийг Австралийн 3 их сургууль хөтөлбөртөө оруулан зааж байна. “Brisbane Times”-ын мэдээний өрөө. Брисбен хот. Австрали. 2017.05.03. Зургийг сэтгүүлч С.Болд-Эрдэнэ. -Ерөнхий редакторын ажил үүргийн талаар ярилцая. Та сэтгүүлчдийнхээ бүтээлийн үр дүнг хэрхэн хэмждэг вэ? Тэдний ажлыг дүгнэхдээ соёлын ялгаа, мэдрэмж, үр нөлөө, түгээгдэх байдал зэргийг харгалзан үздэг үү? -Бид сэтгүүлчдийнхээ бүтээлүүдийг харьцуулан үнэлэх тодорхой үзүүлэлт бий болгосон. Бид соёлын ялгаа гаргадаггүй. Харин олон нийтийн мэдрэмжийг маш чухалд тооцдог. Учир нь хүлээн авагчид чинь юу бодож байгааг мэдэх нь чухал. Тогтмол сайн ажиллаж буй сэтгүүлчийн бүтээл дунджаар хэр их хандалт авах ёстойг баримжаалдаг. Гэхдээ хандалт зарим долоо хоногт бусдаасаа ялгаатай байх тохиолдол байдаг учраас багийнхныгаа тодорхой тоонд хүрэх ёстой гэж хүчилдэггүй. Бид сэтгүүлч хүлээн авагчидтайгаа хэрхэн холбогдож байна вэ гэдгийг сайтар анзаардаг. Энэ нь хэрвээ тухайн сэтгүүлчийн хандалт байнга шалгуураас доогуур байвал яагаад вэ гэдэг асуултад хариулахад тусалдаг юм. Ер нь сэтгүүлчийн ажил байнга гүйтцэтгэлдээ хүрэхгүй байх нь хоёр л шалтгаантай. Нэг бол тэд зөв мэдээ нийтлэлээ сонгохгүй байна, нөгөө бол нийтлэлээ буруу хэлбэрээр хүргэж байна гэсэн үг. Бид эдгээр асуудлуудыг хэлэлцэх нь сэтгүүл зүйн чанарыг сайжруулах эерэг арга зам гэж үздэг. Тиймээс хүмүүсийн хүртэхийг хүссэн хэлбэрээр мэдээгээ хүргэж байгаа эсэхээ байнга эргэж хардаг. -Өнөөгийн онлайн сэтгүүлчдээс та ямар ур чадварыг шаарддаг вэ. Яагаад? -Сэтгүүлчийг олон талын ур чадвартай байхыг хамгийн чухал үзүүлэлт гэж үздэг. Тэд хэрхэн хурдан бичих, зураг авах, бичлэг хийхийг мэддэг байх ёстойгоос гадна өөр өөр платформ бүрт тохирох хэлбэрээр мэдээ нийтлэл бэлтгэж чаддаг байх ёстой. Өглөө нь үйл явдлыг шуурхай мэдээлж байсан сэтгүүлчээс өдөр нь үүнийг сошиал медиагаар түгээхийг, орой нь дүн шинжилгээ бүхий нийтлэл бичихийг шаардаж болно. Мэдээ бол маш олон сорилтуудыг хүлээж буй, хурдацтай өөрчлөгдөж буй орчин нөхцөл юм. -Ажил үүргийн хувьд болон дижитал нийтлэлээр дагнасан томоохон сайтын хувьд ямар сорилтууд хүлээж байна вэ? -Бидний хамгийн том сорилт бол брэнд. Бидэнд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бид энд байгаа шүү гэдгийг хүмүүст сануулах сонин байхгүй. Энэ нь сул тал байж болох ч би үүнийг зөвхөн өөрийнхөө талбарт л анхаарах ёстой шүү гэдгийг сануулдаг сэрүүлэг гэж хардаг. Энэ нь бид зах зээлдээ хамгийн шилдэг онлайн сэтгүүлчид байх ёстой бөгөөд хүмүүс биднээс хүлээдэг тэрхүү өндөр стандартаар л мэдээллүүдээ хүргэх ёстой гэсэн үг. Ажил үүргийн хувьд сошиал медиагийн тэсрэлтийн эхэн үе нь том сорилт болсон. Хэрвээ сошиал медиа хэрэглэгч алдаа гаргах л юм бол нийгмийн сүлжээ сайтуудаар маш хурдан тархана. Сэтгүүлчдийн хувьд хэн нэгний болон олон нийтийн анхаарлын төвд байх сорилт нь илүү хүчтэй үйлчилж байна. Энэ бол бид юу хийх ёстойд нөлөөлж буй шинэ элемент юм. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ ЯЛГАРАХ ОНЦЛОГТОЙ БАЙХ ЁСТОЙ Саймон Холт Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллардтай хамт. Зургийн эх сурвалж: www.smh.com.au -Саймон Холт 30 орчим жил сэтгүүл зүйн салбарт ажиллажээ. Энэ салбарын 30 жилийн хөгжил дэвшлийн гэрч гэсэн үг. Тиймээс сэтгүүл зүйн тухай үзэл баримтлалууд нь их сонирхолтой байна. Та сэтгүүлчийн мэргэжлээ юу гэж тодорхойлох вэ? Юугаар нь их бахархдаг вэ? -Сэтгүүлч бол туйлын ажил мэргэжил юм. Бид нийгмийн хамгийн муу муухай үр уршигтай нүүр тулдаг. Аллага, авлига, тамлал, байгалийн гамшиг. Бас хамгийн сайнтай нь ч учирдаг. Амьдрал бэлэглэх шинжлэх ухааны нээлт, амиа хайрлахгүй сайхан сэтгэлийн тухай түүх, спорт, урлагийн авьяас чадварууд. Маш сонирхолтой. Сэтгүүл зүй нэвтрэх боломжийг бүрдүүлдэг ажил. Би дэлхийн хамгийн алслагдмал нутагт цагдаа нарын ажиллалааг сурвалжилж, рок одод, кино найруулагчид, ерөнхий сайдтай ч ярилцаж явлаа. Би мэтгэлцээнийг дамжуулж, уй гашууг ч хуваалцаж бас инээд хөөрийг ч бичиж явлаа. Сэтгүүл зүй бол үүрэг хариуцлага. Энэ цаг үе бол яах аргагүй үйлдвэрлэлийн давалгааны үе юм. Хэдийгээр би өнөөдөр ажлаа сонголтоороо орхисон ч сэтгүүлчийн үүргээ орхихгүй байх боломжтойг мэдэрч байна. Бусад хүмүүст ийм тансаг сонголт олдохгүй шүү дээ. Би шударга бус явдлуудыг илчлэх боломжтой, нэг хэсэг нь байгаадаа үргэлж талархаж явдаг. Сэтгүүлчийн хувьд би Зүүн-Өмнөд Ази дахь авлига, хөдөлмөрийн мөлжлөг, тэр дундаа хүүхдүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж буй тухай илчлэх боломжтой байсан. Редакторын хувьд, бусдыг үүнтэй ижил зүйл хийхэд удирдах боломжтой. Би үргэлж өөрчлөлт авчрахыг хүсдэг бөгөөд үүнийг хийх боломж гарсан тухайд би юу хийсэн бэ гэхээсээ илүү мэргэжлээрээ бахархдаг. -Өөрийнхөө сайтаас гадна ямар хэвлэл унших дуртай вэ? -Би аль нэг мэдээллийн хэрэгслийг миний дуртай гэж ялгадаггүй. Учир нь хэвлэл мэдээллийн ямар ч хэрэгсэл бусдаас ялгаатай байх нь чухал гэж итгэдэг. Би мэдээг бичсэн хэлбэр, хэрэглэсэн аргыг шүүмжлэхгүйгээр уншиж чаддаггүй бөгөөд сэтгүүлчид мэдээгээ илүү сайн болгохын тулд яаж болох байсан бэ гэж боддог. Магадгүй та намайг мэдээг хүртэх таашаалаа бусниулсан хэмээн буруутгаж болох юм. Гэвч би хүлээн авагчдын тухай, өөрөөр хэлбэл масс хүлээн авагчдыг юу, ямар аргаар заавал хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг вэ гэдэгт гайхширсаар байна. Миний хувьд мэдээ нийтлэл уншсан хүмүүсийн сэтгэл зүйг судлах нь сонирхол татаж байгаа. Саймон Холтын бичсэн “Орчин үеийн мэдээний өрөөтэй холбогдох 101 арга” ном -Би MuckRack.com гэдэг сэтгүүлчдэд зориулсан сошиал платформ ашигладаг юм. Тэр сүлжээнд цөөнгүй хэдэн сэтгүүлчид таны бичсэн “Орчин үеийн мэдээний өрөөтэй холбогдох 101 арга” (101 ways to connect with modern newsroom) номыг уншихыг санал болгосон байсан. Уншигчдад маань номныхоо талаар ярьж өгөөч? -Би орчин үеийн сэтгүүл зүйн тухай, уламжлалт сэтгүүл зүйтэй хэрхэн харьцуулагдах тухай олон сургалт семинар зохион байгуулсан. Мэдээний редакциуд маш хурдан өөрчлөгдөж байгаа бөгөөд редакциас богино хугацаанд ч болов тусгаарлагдсан сэтгүүлч эргээд өнөөгийн нөхцлийг ойлгоход хэцүү байх болно гэдгийг мэдсэн. Тиймээс сэтгүүлч бэлтгэдэг багш нар, PR-ын мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй эсвэл тэнд ажилладаг хэн нэгэнд хэрэгтэй гэдэг үүднээс ялгаатай хүчин зүйлүүдийг гэрчлэхийг хүссэн юм. Мөн тэдгээр ялгаануудын үр нөлөө сэтгүүлчид болон редакторуудын шийдвэр гаргах явцад хэрхэн нөлөөлж буйг тайлбарлахыг хүссэн. Хэрвээ хүмүүс эргэцүүлэх процессыг ойлгох юм бол харилцан ойлголцоход илүү амар байх болно. Хүмүүст орчин үеийн мэдээний өрөөнд харилцахад илүү амархан байх боломжийг олгож байгаагаараа үнэ цэнэтэй бүтээл болсон гэж боддог. -Таныг сэтгүүл зүйн хичээлийн хөтөлбөр боловсруулсан нь 3 их сургуульд батлагдан ашиглагдаж байгаа гэж сонссон. Сэтгүүл зүйн инновацийн тухай хичээл гэсэн биз дээ? -Тийм ээ. Би байгууллагынхаа 40 гаруй мэргэжилтэнтэй тэдний үүрэг хариуцлага, ашигладаг технологи болон ажил үүрэг нь хэрхэн өөрчлөгдсөн тухай ярилцсан. Бид маш олон ярилцлагыг камерт буулгасан нь оюутнуудад хэрэгтэй зүйл болсон юм. Зургаан долоо хоногийн турш өдөрт 14 цагийг зарцуулж байж оюутнуудад зориулсан 90 мянган үгтэй зөвлөгөөг бичсэн. Тэр бүтээл нь чи үүнийг ингэж хийх ёстой тухай биш энэ хэрхэн өөрчлөгдөж байна, үүнийг хийх шинэ арга зам олох ёстой тухай юм. -Австралийн сэтгүүл зүйд инноваци хэрхэн илэрч байна? -Инноваци олон хэлбэрээр гарч ирж байгаа учраас яг нэг зүйлийг онцлох хэцүү байна. Сэтгүүл зүйн инноваци нь дата цуглуулах, нийтлэлээ өөрөөр хэлбэрчлэх эсвэл шинэ платформ үүсгэхэд илүү их анхаарч байгаа. Технологийн том том өөрчлөлтүүд бий болж байгаа ч би инновацийг хувь хүний үүднээс хэрэгжүүлэхийг илүүд үздэг. Тухайлбал, сэтгүүлч хүний хувьд уншигчийнхаа амьдралыг сайжруулж болох жижиг өөрчлөлтүүд илүү чухал гэж үздэг. Магадгүй та нэг түүхийг өгүүлэхийн тулд 300 үгтэй нийтлэл бичжээ. Одоо харин та уншигчдад түүхийг зураг, бичлэгээр шууд дамжуулсан бол чухал байсныг ойлгох болно. Энэ нь таны ажлын урсгалыг, нөгөө талаас танай хүлээн авагчдын туршлагыг сайжруулж байдаг Энэ бол жижигхэн өөрчлөлт, гэвч инновацид тооцогддоггүй нь харамсалтай. -Технологи сэтгүүл зүйг хурдтайгаар өөрчилж, олон боломж бас асуудал үүсгэж байна шүү дээ. Сэтгүүл зүйн ирээдүйн талаар ямар үзэл бодолтой байна? -Дижитал технологи сэтгүүл зүйг асар их өөрчилсөн. Сайн талаас нь харвал манай хүлээн авагчдын тоо урьд өмнө байгаагүйгээр өсч байна. Муу талаас нь харвал энэ нь уламжлалт бизнесийн загварыг зэрэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сэтгүүл зүй аюулд орж байна гэсэн үг. Энэ тухай номондоо дэлгэрэнгүй бичсэн. Гэхдээ сэтгүүл зүй мөхнө гэж байхгүй. Мэргэжлийн сэтгүүл зүй үхлийн орон дээрээ хэвтэж байна гэж ярьж буй нь үнэнээс хэтэрхий хол байна. Технологи мэдээг хүргэх, үйлдвэрлэх замыг өөрчилснөөр хүлээн авагчид үнэн бодит, баталгаажуулсан мэдээллийн өлсгөлөнд нэрвэгдэж байгаа нь үнэн. Шинэ төрлийн мэдээний редакциуд байгуулагдаж байна. Хоточ нохойн шинэ үүлдэр ч бий болж, IV засаглал ч орчин үеийн хувцас өмсөнө биз. Гэсэн хэдий ч нягтлах, тэнцвэрт байдлыг хадгалах гэсэн сэтгүүл зүйн зарчмууд үйлчилсээр л байх болно. Сэтгүүл зүйн үүрэг одоо ч өмнөх шигээ л байгаа. Хуурамч мэдээг шинэ зүйл шиг битгий ойлгоорой. Энэ чинь Доналд Трампыг ч төрөхөөс өмнө байсан л зүйл шүү дээ. Энэ үргэлж л бидний мэргэжилд итгэх итгэлийг үгүйсгэн оршсоор л байсан. Хэрэглэгчдийн тухай дүн шинжилгээ болон популизм сэтгүүлчдийг нийтлэлээ хүргэх аргаас илүүтэй хэлбэрт нь анхаарахад сургах вий гэж эмээдэг. Энэ нь чухал нийтлэл бичигдэхгүй орхигдох магадлалтай гэсэн үг. Сэтгүүлчид бизнесийн бүтээлч загвар олох аялалд гарах ёстой. Хэдийгээр үүнийг ярихад их хугацаа шаардах ч үндсэн ойлголт нь маш энгийн. Нэг бол хүмүүс мөнгө төлөхүйц өрсөлдөөнтэй сэтгүүл зүйг бий болго, нөгөө бол хүлээн авагчдаа мөнгөний эргэлтэнд оруул. -Өсч яваа сэтгүүлчдэд юу зөвлөх вэ? Бидний үүрэг уулыг хөдөлгөх биш. Харин үнэнийг илчлэх, олон нийтийн санаа бодлыг бүрдүүлэхэд туслах, комминитигуудыг хамтран ажиллаж, бие биедээ туслахад зоригжуулах бас шударга бусыг засах явдал юм. Сэтгүүл зүй мөхсөн, мөхөж байна гэж ярьдаг сөрөг үзэлтнүүдэд битгий итгээрэй. Тэмүүлэл, мөрөөдлөө дагаарай. Хэрвээ хэн нэгэн чамд чи үүнийг хийж чадахгүй гэж хэлэх юм бол эргэж хараад түүнийг нь заавал хийгээрэй. Тэр хүн буруу бодож байсныг нь нотол. Жижиг байсан ч хамаагүй дэлхийд өөрчлөлтийг бүтээ. Саймон Холттой танилцах боломжийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) олгосон юм. Тус байгууллагын хэрэгжүүлж буй “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” (IMRI) төслөөс “Эдийн засаг, уул уурхайн сэтгүүлчдийн онол, дадлагын сургалт”-ыг нэг жилийн хугацаанд 4 ээлжээр зохион байгуулсан. Сургалтанд Монголын сонин, сэтгүүл, телевиз, вэб сайтын хориод сэтгүүлч оролцож эдийн засаг, уул уурхай, интернет сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй сэдвээр Австралийн Квийнсландын Их Сургуулийн багш нараас сургалт авч; уул уурхайн салбарын төлөөллүүдтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээ нийтлэл бэлтгэсэн юм. Дөрөв дэх ээлжийн сургалт Австрали Улсад болсон бөгөөд тус улсын уул уурхайн туршлагыг судалж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй нь танилцсан. Саймон Холт: Сэтгүүлч хүнд өөрчлөх боломж байдаг. “Brisbane Times”-ын мэдээний өрөө. Брисбен хот. Австрали. 2017.05.03. Зургийг сэтгүүлч С.Болд-Эрдэнэ. Аялалын үеэр зочилсон газруудын нэг нь “Brisbane Times” сайтын редакц бөгөөд биднийг угтсан Саймон Холтын яриа сонирхол татаж, түүнийг салбартаа туршлагатай, нөлөөтэй нэгэн болохыг баталж байсан юм. Тиймээс ноён Саймон Холттой дахин холбогдож орчин үеийн сэтгүүл зүйн асуудлууд, интернет сэтгүүл зүйн хөгжил болон мэдээллийн вэб сайтаа хэрхэн ажиллуулдаг тухай нь ярилцлаа. Тэрээр биднийг зочилсны маргааш шинэ албан тушаалд дэвшиж, өөр хот руу нүүсэн тул ажил ихтэй байж таараад товлосон ярилцлага маань хожуу хэвлэгдлээ. Сэтгүүлч Д.Идэржаргал
https://ikon.mn/n/11l0
11l1
“АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалт АЛХАМ БИШ ҮСРЭЛТ байлаа
ikon.mn
06/22/2017 12:58:00
“JCI МОНГОЛ”-ЫН 26 ЖИЛИЙН ХҮСЭЛ ТЭМҮҮЛЛИЙН ҮР Ази-Номхон далайн бүсийн “АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалт өнгөрсөн 8-11-ний өдрүүдэд амжилт дүүрэн болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад 51 орны 3600 гаруй идэвхтэй, манлайлагч, бизнесмэн залуус хүрэлцэн ирж өөрсдийн улс орны хөгжил болоод дэлхий дахины өөрчлөлт, хөгжлийн талаар юу хийж чадахаа хэлэлцсэн юм. Ийм олон орны манлайлагч залуус “АСПАК-2017 Улаанбаатар”-ын дээвэр доор цугласан нь чуулга уулзалтын нэгэн томоохон онцлог, амжилт болжээ. Зохион байгуулагчдын ярьж буйгаар сүүлийн жилүүдэд зохион байгуулагдсан “АСПАК”-т 30 орчим улс оролцдог байсан нь энэ жил даруй 20 улсаар нэмэгдсэн байна. Чухамдаа энэхүү чуулга уулзалт бол Ази-Номхон далайн бүсийн бус дэлхийн арга хэмжээ боллоо гэж зочид үнэлж байв. Тэд “АСПАК-2017 Улаанбаатар”-ын сүүлийн өдөр бидэнд хандан, “Монголчууд та бүхэнд баяр хүргэе. Дэлхий цуглалаа. Шинэ амжилт байлаа” хэмээн хэлсэн юм. Энэ дашрамд “JCI” олон улсын байгууллагын тухай товч өгүүлэх нь зүйтэй болов уу. “JCI” бол итгэл үнэмшил, сайн дурын үндсэн дээр нэгдсэн дэлхийн 127 оронд 250 мянга гаруй гишүүнтэй залуусын хүчирхэг нэгдэл билээ. 100 гаруй жилийн түүхтэй, олон улсын хамгийн том төрийн бус байгууллага гэж үздэг энэ байгууллагын гишүүд дэмжигчдийн 60 орчим хувь нь Ази-Номхон далайн бүсэд ажиллаж амьдарч байна. Тийм болохоор “АСПАК” чуулганы ач холбогдол, бүс нутгийн хөгжилтэй уялдаг ач холбогдол нь улам өндөрсөж байгаа юм. “АСПАК”-ийг эх орондоо зохион байгуулах нь “JCI Монгол” байгууллагын үе үеийн ерөнхийлөгч нар, манлайлагч, удирдагч залуусын туйлын хүсэл байсаар иржээ. Одоогоос 10 жилийн өмнө 2007 онд “JCI Монгол” байгууллагын Үндэсний ерөнхийлөгч П.Батсайхан “АСПАК” чуулганыг эх орондоо хийх хүсэлтэй байгаагаа олон улсын манлайлагч залуусын өмнө тууштай илэрхийлж, дэлхийн JCI байгууллагад ажил хэрэгч санал тависан юм. Улмаар түүнээс хойшхи үе үеийн ерөнхийлөгч нар энэхүү хүсэл эрмэлзлэлийг уламжлан явсаар энэ жил “АСПАК” чуулганыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Чуулганы ач холбогдлын талаар мэдээж олон зүйл хэлж болно. Гэхдээ ганцхан тоо дурдахад эдгээр өдрүүдэд манай улсад 3600 гаруй залуус өөрсдийн зардлаар ирж, нийт 12 орчим сая ам.доллар хөрөнгө оруулалт улсад оржээ. Энэ бол цэвэр бизнес эрхлэгчдийн гар дээр очиж буй юм. Юутай ч сэтгүүлч миний ажигласнаас ирсэн зочдын сэтгэгдэл, зохион байгуулагчдын итгэл дүүрэн хариултаас харахад манлайлагч Монгол залуус “АСПАК-2017 Улаанбаатар”-аар шинэ стандарт, шинэ босго, хэв маягийг үүсгэж чаджээ. Хүрэлцэн ирсэн орон орны залуус, “Улаанбаатар тав тухтай байлаа. Монголд болсон “АСПАК” үзэж харах зүйл ихтэй, мартагдашгүй, өдөр бүр, цаг минут бүр үнэ цэнтэй байлаа” хэмээн ярьсан юм. Чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах нь энэ утгаараа эдийн засгийн үр ашигтай. Түүнээс гадна олон улсад нэр төртэй үйл хэрэг билээ. Хамгийн гол нь энэ бол “JCI Монгол”-ын 26 жилийн хүсэл тэмүүллийн үр дүн юм. Ирэх онд Японы Кагояама хотод “АСПАК-2018” болох бол түүний дараа жил БНСУ-ын Чежү хотод “АСПАК-2019” чуулга уулзалт болно. ШИНЭ ЦАГИЙН МАНЛАЙЛЛААС ШИНЭ АЛХАМ РУУ “АСПАК-2017 Улаанбаатар” чуулганаас үлдэх хамгийн гол үнэ цэнэ бол мөнгө биш, харин монгол залуусын туршлага, ур чадвар, түүний үр өгөөж юм. Магадгүй олон хүн Улаанбаатар хотноо дөрөв хоног үргэлжилсэн чуулганы талаар төдийлөн мэдээлэлгүй байж болох юм. Тэдэнд хандаж хэлэх сэтгүүлч миний үг бол Монгол залуусыг эх орных нь төлөө хөгжүүлэх, манлайлах эрмэлзлэл, хүслийг нь илүү их дэврээхэд “АСПАК-2017 Улаанбаатар”-ын гол зарилго оршиж байлаа. Өдгөө дэлхий ертөнц өөрчлөгдөн хувьсаж байна. Улс орноо өөрчлөх хүч чадал хэн нэгэн мөнгөтэй хүнээс илүү эерэг бодолтой, идэвхитэй залуусаас ундардаг болсон. Ийм залуусын эрин үед дэлхий эргэж байна гэдгийг “АСПАК-2017 Улаанбаатар”-ын хүндэт зочид ч хэлсэн юм. Тиймээс дэлхийн хэмжээний энэхүү чуулганыг зохион байгуулсан Монгол залууст эдгээр өдрүүдэд олон хүн талархал илэрхийлж, баяр хүргэж байна. “АСПАК-2017 Улаанбаатар”-ыг зохион байгуулахад “JCI Монгол” байгууллагын манлайлагч залуус, сайн дурын 300 гаруй залуусын нөр их хөдөлмөр шингэсэн юм. Тэр бүхэн нь ч өнгөрсөн өдрүүдэд бидэнд илэрхий харагдаж байлаа. Улаанбаатар хотыг олон улсын олон өнгийн далбаа чимж, олон улсын залуус чимж, үлгэр жишээ, манлайлалд уриалж чаддаг тэдгээр залуусын нүднээс эх орон нь харагдаж байв. “АСПАК-2017 Улаанбаатар”-ыг зохион байгуулсан Монгол залуусын маань манлайлал, хөгжлийн төлөөх дуу хоолой нь энэ өдрүүдэд цуурайтан сонсогдож байлаа. Эх орондоо төдийгүй, олон улсын манлайлагч залууст үлгэр жишээ болсон монгол залуус ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Тэдний манлайлал Монгол Улсын хөгжлийн шинэ алхам, эргэлтийн нэгэн шинэ цэг болно гэдгийг “АСПАК-2017 Улаанбаатар” чуулган батлан харууллаа. БИДНИЙ ОЛОЛТ ТЭДНИЙ ТУРШЛАГА “АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалтын үеэр уулзсан нэгэн хүний талаар энэ хэсэгт өгүүлье. Энэ хүн бол “JCI” олон улсын байгууллагын Дэд ерөнхийлөгчийн сонгуульт алба хашдаг Мотохарү Яаманочи. Тэрбээр Японы Кагошима хотоос Улаанбаатар хотноо хүрэлцэн иржээ. 51 орны манлайлагч, бизнес эрхлэгч 3600 гаруй залуусын нэг болох энэ хүнтэй ярилцах төдийд энгүүн төлөв япон хүмүүжил нь харагдаж, дээр нь олон улсын идэвхи, манлайллыг эрхэмлэгч нэгэн болох нь танигдав. Яаманочи “АСПАК-2017 Улаанбаатар”-т хоёр зорилготой хүрэлцэн иржээ. Эхнийх нь мэдээж олон жил оролцсон чуулгандаа уламжлал ёсоор ирж, дэлхийн залуу манлайлагчдын хөгжлийн шинэ хандлага, үйл ажиллагааны талаар туршлага солилцох байв. Харин хоёр дахь зорилго нь “АСПАК-2017 Улаанбаатар”-аас суралцах. Өөрөөр хэлбэл Монголд анх удаа болж буй энэ аварга чуулганы зохион байгуулалтын онцлог, Монгол залуусын арга барилыг анхааралтай судлахаар иржээ. Учир нь Мотохарү Яаманочи ирэх жил Ази-Номхон далайн бүсийн “АСПАК-2018 Кагошима” чуулганыг зохион байгуулах хүндтэй бөгөөд хүндхэн үүрэг хүлээсэн нэгэн. Тэрбээр “АСПАК-2017” чуулга уулзалт Монгол Улсын Улаанбаатар хотод ямар байдалтай зохион байгуулагдах бол хэмээн өнгөрсөн нэг жилийн турш догдлол тээн хүлээжээ. Тиймдээ ч энэхүү арга хэмжээнд заавал оролцоно гэж эртнээс бэлдсэн байна. Нуулгүй хэлэхэд Улаанбаатарт болох чуулганы зохион байгуулалтад багахан эргэлзэж байснаа ч өгүүлэв. Үүнийгээ тэрбээр Монголын талаар, Монгол залуусын талаар дутуу дулимаг мэдээлэлтэй байсантай холбоотой хэмээн хэлсэн юм. Чуулганы эхний өдрөөс л түүнд Монгол залуус олон улсын манлайлагч залуусаас дутахгүй түвшинд өөрсдийгөө хөгжүүлж чадсанаа харуулсан байна. Чуулга уулзалтын нээлт, хурал, ёслол түүнд өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Мөн тэрбээр Монгол залуустай маш ойр дотно нөхөрлөж, тэдний нээлттэй, найрсаг, аливаад чин сэтгэлээсээ өөриймсөг ханддаг чанарыг нь олж харсан гэв. Өмнөх жилүүдийн чуулгануудад тэрбээр богино хугацаанд бэлдэж нисэж очоод 3-4 хоног болоод буцдаг байсан бол энэ удаад Монголд болж буй “АСПАК”-т оролцохын тулд бүр ажлаасаа амралтаа авсан гэдгээ хэллээ. Монголд тэрбээр 3 биш 10 хоногийг өнгөрүүлжээ. Энэ зуур Монголын үзэсгэлэнт хөдөө нутаг, говь хангайн талибуун уудам тал, байгалийн сайхныг үзэж, нүүдэлчний амьдралтай танилцан, монгол гэрт ч хоноглож амжсан байна. Тэрбээр Монгол Улсыг дэлхий дээрх маш өвөрмөц улс гэж хэлсэн юм. Мөн ийм өвөрмөц улсад болсон “АСПАК” чуулган ч бас өвөрмөц байлаа гэж өгүүлэхээ мартсангүй. Магадгүй олон орны идэвхитэй, манлайлагч залууст үүнийг мэдрүүлэх нь “АСПАК-2017 Улаанбаатар”-ыг зохион байгуулагч Монгол залуусын гол зорилго байсан биз ээ. Нөгөө талаас Улаанбаатар хотноо үргэлжилсэн хурлууд, сургалтуудыг зохион байгуулахад манай улсын зочид буудлууд маш өндөр зэрэглэлийн стандарт тогтоон үйлчилж буй нь чуулганд ирсэн хэн бүхний талархалыг хүлээсэн юм. Тиймээс хөгжиж буй Улаанбаатар хот, хөндөгдөөгүй хөдөө байгаль нутгийг зорин ирж “АСПАК-2017 Улаанбаатар”-т оролцсон хэн бүхэн сэтгэл хангалуун байлаа. Төгсгөл болгож, “АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалт бол хөгжлийн төлөөх идэвхитэй, эерэг, манлайлагч залуусын хийсэн үйл хэрэг, бүр тодруулбал энгийн нэг амжилттай алхам биш дэвшил, үсрэлт болсныг онцолмоор байна. Учир нь өдгөө Монгол Улс хөгжил дэвшлийн төлөө нийтээрээ илүү хурдтай урагшлах түүхэн цаг үе ирээд буй. Харин энэ цаг үеийг түүчээлэх, манлайлах, удирдан чиглүүлэх ирээдүй залуу үе “JCI Монгол” байгууллагад төлөвшиж, эх орноо гэсэн зүрх сэтгэлээ харуулахаар бидний дунд зогсож байгаа юм.
https://ikon.mn/n/11l1
11l2
САЙН МЭДЭЭ: Эрдэнэт-Овоот чиглэлийн 542 км ТӨМӨР ЗАМ барих суурийг тавилаа
А.Төгөлдөр, iKon.mn
06/22/2017 12:51:00
Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэлх 542 км төмөр замын шав тавих ёслол өчигдөр боллоо. Хөгжлийн зам хөтөлбөрт тусгагдсан Зам, тээврийн салбар дахь томоохон бүтээн байгуулалт Эрдэнэт-Овоот чиглэлийн 542 км төмөр зам баригдах суурь ийнхүү тавигдлаа. Энэхүү төмөр зам Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорын үндэс болох бөгөөд жилд 30 сая хүртэлх тонн ачаа тээвэрлэж, эдийн засгийг сэргээх гол хөшүүрэг болох ач холбогдолтой. Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар бөгөөд гүйцэтгэгцээр Нортерн Рэйлвэйс ХХК ажиллаж байна. “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам 542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй байх юм. Тээх чадвар нь 22.2 сая.тн/жилд, тээх ачааны хэмжээ 20 сая.тн/жилд, нэвтрүүлэх чадвар хоногт 16 хос галт тэрэг байна. Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлал нэмэгдэх зэрэг давуу тал бий болно. Түүнчлэн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын шинэ чиглэл нэмэгдсэнээр ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, дамжин өнгөрөх болон далайн чинадад бүтээгдэхүүн хүргэх тээвэр нэмэгдэнэ гэж тооцоолж байна. М.Л.Васильев: “Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах гэрээ хэлцэл ийнхүү биелэлээ олж байна. Манай гурван улсын ардын нэгэн ижил утгатай зүйр үг байдаг. Хамгийн урт зам алд алхмаас эхэлдэг гэж. Энэхүү зам нь манай гурван улсын эдийн засаг, улс төрийн өндөр ач холбогдолтойгоор зогсохгүй Олон улсын чанартай асуудлуудыг шийдсэн их ажлын эхлэл болж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат: Хөгжлийн зам хөтөлбөрт тусгагдсан Зам, тээврийн салбар дахь томоохон бүтээн байгуулалт Эрдэнэт-Овоот чиглэлийн 542 км төмөр зам баригдах суурь тавигдлаа. Энэхүү төмөр зам Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор ын үндэс болох бөгөөд жилд 30 сая хүртэлх тонн ачаа тээвэрлэж, эдийн засгийг сэргээх гол хөшүүрэг болох ач холбогдолтой. Энэхүү их бүтээн байгуулалтын ажилд дотоод гадаадын хамтарсан компаниудын мянга гаруй байнгын болон түр ажлын байрыг бий болж байгааг энд онцлохыг хүсч байна. Зам тээврийн салбарын 2017 оны бүтээн байгуулалтын их ажлын түүчээ болж буй шинэ төмөр замын гүйцэтгэгчид, нийт ажилчиддаа талархсанаа илэрхийлээд, ажлын амжилт хүсье. Овоотын нүүрсний орд газраас жилд 10 сая тонн бүтээгдэхүүн гаргаж тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд цаашид Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замыг гүйцээн барьж Тува Улсын Кызыль хоттой холбоно. Эх сурвалж: ЗТХЯ
https://ikon.mn/n/11l2
11l5
"Эрдэнэт-Овоот" чиглэлд төмөр зам барихыг эсэргүүцэв
А.Үлэмж, iKon.mn
06/22/2017 13:26:00
Гэрэл зургийг mpa.mn “Хөвсгөл Нутгаа Хамгаалъя" ТББ нь Хөвсгөл аймгийн байгаль, байгалийн нөөцийг аялал жуулчлалын салбартай уялдуулан хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж. Тэд үйл ажиллагааныхаа хүрээнд Хөвсгөл нутгийн ард иргэдийн эрх зөрчигдсөн эсэх, хууль бус шийдвэр, зөвшөөрөл гарсан эсэхэд анхааран хянаж ажилладаг байна. Зарим компанийн төслийн үйл ажиллагаа хууль зөрчсөн хэмээн үзэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Энэ талаар өнөөдөр “Хөвсгөл Нутгаа Хамгаалъя" ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар, “Босоо хөх Монгол” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг нар мэдээлэл хийв. “Хөвсгөл нуураа хамгаалъя” ТББ-ын тэргүүн Н. Энхбаатар “Эдгээр төсөлд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгээгүй байгаа юм. Түүнчлэн төмөр замын зурвас нь Тэс, Сэлэнгэ зэрэг томоохон эхийг дайран өнгөрч байгаа. Уул уурхай болон байгаль орчинтой холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэхийг хориглодог. Тиймээс эдгээр төслийг хэрэгжүүлэх нь хуулиар хориотой гэсэн үг. Түүнчлэн Биологийн олон янз байдлын конвенц, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенц, Ган цөлжилттэй тэмцэх тухай конвенцийг зөрчсөн байна. Мөн төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгийг БНХАУ-аас авч байгаа. Улсын хэмжээний гэгдэж буй томоохон төслийг нэг орны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа нь эдийн засгийн хувьд Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс дээрх хоёр төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгсөн Засгийн газар, ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгохоор шүүхэд хандсан” гэв.
https://ikon.mn/n/11l5
11l7
БАХАРХАЛ: Г.Ариунбаатарт цагдаагийн ХОШУУЧ ЦОЛ олголоо
А.Төгөлдөр, iKon.mn
06/22/2017 13:55:00
“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Ганбаатарын Ариунбаатарт Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олголоо. Тэрбээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж, Романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Г.Ариунбаатар энэхүү уралдаанд Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж, монгол хүний авьяас, монгол хөгжмийн гайхамшгийг дэлхийд гайхуулсан билээ. Монгол Улсынхаа, монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа түүнийг ЦЕГ-ын дарга болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүслээ. Эх сурвалж: ЦЕГ
https://ikon.mn/n/11l7
11l8
Монгол Улс Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай албан мэдээнд гарын үсэг зурлаа
ikon.mn
06/22/2017 14:22:00
НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Белиз Улстай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд талууд гарын үсэг зурлаа. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Белиз Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Луис Мишел Янг нар гарын үсэг зурав. Ийнхүү Белиз Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв. Белиз нь НҮБ-ын гишүүн, парламентын засаглалтай улс юм. Төрийн тэргүүн нь Их Британийн хатан хаан II Элизабет бөгөөд амбан захирагчаар төлөөлүүлэн удирддаг. 1964 оны 1 сард Америкийн эх газар дахь Их Британийн сүүлчийн колони Британийн Гондурас өөртөө засах эрх бүхий колонийн статустай болсон бөгөөд 1973 онд Белиз хэмээх нэртэй болжээ. 1981 онд Их британий хамтын нөхөрлөлийн орнуудын холбооны хүрээнд тусгаар тогтносон байна. Белиз нь Карибын холбоо /CARICOM/, Sistema de Integración Centroamericana (SICA) гишүүн орон юм хэмээн mn.wikipedia.org-д дурьджээ. Эх сурвалж: ГХЯ
https://ikon.mn/n/11l8
11l9
Өрх гэрийн санхүүч гэж хэн бэ?
СУРТАЛЧИЛГАА
06/22/2017 15:37:00
Өрх гэрийн санхүүч гэж хэн бэ? Тэр бол бидний ээж, таны гэргий, таны эмээ. Эмэгтэй хүн төрөлхийн аливаад няхуур, олон зүйлд төвлөрч, хийж гүйцэтгэж чаддаг нарийн торгон мэдрэмжтэй хүмүүс. Тэд л гэрт болж буй бүхий л зүйлсэд анхаарал хандуулан, зөвхөн гэр бүлийнхээ төлөө тэдний сайн сайхны төлөө хэрэгтэй зүйлд төсвөө зарцуулж чаддаг мэдрэмжтэй хүмүүс. Ээж хүн бол багш, эмч, гоо засалч, санхүүч, нярав, хамгаалагч, тогооч, хамгийн сайн зөвлөгч, мөн чиний тухай чиний төлөө хамгийн хатуу шүүмжийг хэлж чаддаг цорын ганц эрхэм хүн. ЭНЭ БОЛ ТАНД ӨГЧ БУЙ УРМЫН БЭЛЭГ КАПИТАЛ БАНК
https://ikon.mn/n/11l9
11la
МИАТ ХК Улаанбаатар-Бусаны чиглэлд анхны нислэгээ хийлээ
А.Төгөлдөр, iKon.mn
06/22/2017 15:09:00
Гэрэл зургийг mpa.mn Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ХК БНСУ-ын Бусан хот руу анхны шууд нислэгээ хийлээ. Өнөөдөр өглөө 06:05 цагт "Чингис хаан" Олон улсын нисэх буудлаас хөөрсөн Монгол Улсын гавьяат нисгэгч Д.Оюунболд даргатай "Боинг 737-700" агаарын хөлөг Бусан хотын "Кимхае" Олон улсын нисэх буудалд амжилттай буусан байна. МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг Бусаны аялал жуулчлалын корпораци хүлээн авч уулзан хоёр орны эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэжээ. Өнөөдрөөс эхлэн МИАТ ХК долоо хоног бүрийн Пүрэв, Ням гарагт Бусан хот руу шууд нислэгтэй болж байна. Кимхае нисэх буудал нь Бусан хотын төвөөс 20 км орчим зайд оршдог бөгөөд 2016 оны байдлаар 15 сая орчим зорчигч хүлээн авсан томоохон нисэх буудал юм. Тус нисэх буудлаас Бусан хотын төв рүү бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж болно. Метро солихгүйгээр хотын төв рүү шууд явахаас гадна Сөүл хот руу Бусан метроны буудлаар дамжин хурдан галт тэрэг (KTX)-ээр хямд үнээр үйлчлүүлэх боломжтой аж. Эх сурвалж: МИАТ ХК
https://ikon.mn/n/11la
11lb
Хойд Солонгос Дональд Трампыг “сэтгэцийн өвчтэй хүн” гэж нэрлэлээ
Р.Төмөр, ikon.mn
06/22/2017 15:25:00
Шоронд хоригдож байсан америк оюутан Отто Уормбер нас барж, АНУ-Хойд Солонгосын харилцаа хүндрээд байгаа энэ үед Пёньяны төв хэвлэл Дональд Трампыг “сэтгэцийн өвчтэй хүн” гэж нэрлэлээ. Тус улсын төрийн төв хэвлэл Родон Синмун сонин өнөөдрийн дугаартаа АНУ-ын ерөнхийлөгчийг дотооддоо тун хүнд байдалтай байгааг дурдаад түүнийг өөрөөсөө олон нийтийн анхаарлыг хөндийрүүлэхийн тулд Хойд Солонгостой сөргөөцөлдөж байна гэж шүүмжилжээ. “Өмнөд Солонгос ‘сэтгэцийн өвчтэй’ Трампыг дагаж гүйхээ болих хэрэгтэй. Ингэхгүй бол тэднийг зөвхөн гамшиг хүлээж байна” гэж тус нийтлэлд бичсэн байна. Өнгөрсөн оноос эхлэн олон удаагийн цөмийн болон пуужингийн туршилт явуулснаас шалтгаалан доройтоод байсан Вашингтон-Пёньяны харилцаа сүүлд тус улсад хоригдож байгаад суллагдсан оюутан залуугийн үхлээс хойш улам муудаад байгаа юм. Отто Уормберийн үхлийн дараа Дональд Трамп Хойд Солонгосыг “харгис бурангуй дэглэм” гэж нэрлээд “наад захын хүний эрхийг хүндэлдэггүй тус дэглэмийн гарт гэмгүй хүмүүсийн амийг дахин хэлмэгдүүлэхгүй байх”-ын төлөө ажиллана гэж мэдэгдэж байлаа. Түүний үгийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин бас давтаж, оюутны эмгэнэлт үхэлд Хойд Солонгос хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн юм. Тэрээр ирэх долоо хоногт Цагаан ордонд зочилж Трамптай анх удаа нүүр тулан уулзах гэж байгаа. Өнгөрсөн сард сонгуульд ялалт байгуулсан Мүүн Жэ Ин уг нь Пёньянтай харилцах харилцаандаа зөөлөн бодлого барихаа зарласан нь өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хатуу бодлогын эсрэг байр суурь юм. Отто Уормберийн үхлийн маргааш буюу өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын зэвсэгт хүчний хоёр B-1 бөмбөгдөгч онгоц Солонгосын хойгийн тэнгэрт сургуулийн нислэг үйлдсэн нь Хойд Солонгост зэвсгийн сүр хүчээ үзүүлсэн сүүлчийн тохиолдол байлаа. Эх сурвалж: AFP
https://ikon.mn/n/11lb
11lc
ФОТО: Ногоон нуур орчимд 1,008 айлын орон сууц барихаар боллоо
Г.Мөрөн, iKon.mn
06/22/2017 15:38:00
Гэрэл зургийг Mpa.mn Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1,008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа. Монгол Улсын Засгийн газар хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох 1,008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна. Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3.8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар найман орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль барих ажил энэ мөчөөс эхэлж байна. Цаашид 1.57 га газрыг чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол барих юм. Гүйцэтгэгч компаниудын хэлж байгаагаар “Ногоон нуур” хороолол ирэх жилийн өдийд ашиглалтад орох учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шав тавих ёслолд оролцохдоо хэллээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төслүүдийн хэрэгжилт эрчимжиж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах юм. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан халаагуур, утаагүй түлшний үйлдвэрлэл болон хэрэглээг дэмжиж төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх, гэр хорооллын өрхийн цахилгааны төлбөрийг өвлийн улиралд шөнийн цагаар 100 хувь чөлөөлөх, нийслэлд оруулах түүхий нүүрсний хэмжээг үе шаттай бууруулах зэргээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэрэл зургийг Mpa.mn Гэвч энэ бүхэн бол эцсийн буюу төгс шийдэл хараахан биш юм. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулж байж агаарын бохирдол буурна. 1,008 айлын цогцолбор хороолол энэ бодлогын эхлэл юм гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон. Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Мөн агаарын бохирдол хамгийн өндөртэй бүсийн айл өрхүүд ипотекийн зээлд хамрагдахдаа хашааны газраа үнэлж барьцаалаад урьдчилгаа төлбөргүйгээр одоо бэлэн ашиглалтад орсон байруудад орох боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. “Ногоон нуур” орон сууцны хорооллын барилгын бүтээн байгуулалтад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гаргахгүй байж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлээд 1,008 айлын байрны түлхүүр гардуулах ёслол дээр уулзахын ерөөл тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Фото Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/11lc
11ld
60 сая төгрөгийн шагналын сантай уралдааны дүн гарлаа
А.Төгөлдөр, iKon.mn
06/22/2017 15:33:00
"Камержуулалт" болзолт уралдааныг хоёр сарын хугацаанд зарлаж дүнгээ гаргалаа. Уралдааны шагналын сан 60,000,000 төгрөг байсан юм. 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 28 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн уралдаанд идэвхтэй оролцож 534,431,328 төгрөгийн мөнгөн дүнтэй 2,211 камерыг шинээр суурилуулсан байна. Уралдаанд идэвх санаачлагатай, бүтээлчээр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг хороо, Сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, Засаг дарга, иргэд, цагдаагийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Шагналт байранд: /Шагналт байрыг эрэмбэлэв/ Хороо: Чингэлтэй дүүргийн 3-р хороо Баянзүрх дүүргийн 2-р хороо Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Сууц өмчлөгчдийн холбоо: "Баянмонгол" СӨХ "Хангай хотхон" СӨХ "Мянгат" СӨХ Хөршийн хяналтын бүлэг: "Сайн хөрш" хөршийн хяналтын бүлэг "Хамтын хүч" хөршийн хяналтын бүлэг "Сонор" хөршийн хяналтын бүлэг Тусгай байр Иргэн: Ч.Баясгалан Ш.Отгонбаяр Н.Базар Г.Ганбаатар Цагдаа: Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал Цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар Цагдаагийн дэслэгч Б.Түвшин-Эрдэнэ Цагдаагийн дэслэгч Д.Жавхлантөгс Засаг дарга: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга Ч.Оргилмаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Мөнхзул нар шалгарсан байна. Нийслэл хотын орон сууц, гэр хорооллын гудамж, талбайг камержуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулсан юм.
https://ikon.mn/n/11ld
11le
Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурлын ялагчид САНХҮҮГИЙН боловсролоороо тэргүүллээ
СУРТАЛЧИЛГАА
06/22/2017 16:02:00
Эх орны ирээдүй оюутан залуусын гарт бий. Тиймээс Голомт банкны хамт олон оюунлаг залуусыг дэмжих, сурч боловсрох, харилцан туршлага солилцох, сайн анд нөхөд болох үйлсийг дэмждэг “Оюутны эрдэм шинжилгээ”-ний хурлаа 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хувьд оюутнууд эдийн засаг нийгмийн томоохон сэдвээр мэтгэлцсэнгүй. Харин хүн бүрт зайлшгүй хэрэгцээтэй санхүүгийн боловсролын мэдлэгээрээ видео контент бэлтгэн өрсөлдсөн юм. Мөн энэ жил сургууль болон курсын хязгаарлалт тогтоогоогүй учир банк санхүү эдийн засгаас бусад чиглэлээр суралцаж буй оюутнууд ч идэвхитэй хамрагдаж чадсанаараа онцлогтой байв. Энэ удаагийн Оюутны эрдэм шинжилгээний хуралд МУИС, АШУҮИС, ХУИС, ШУТИС зэрэг 31 их дээд сургуулийн 153 оюутны бүрэлдэхүүнтэй 74 багийн 39 бүтээл ирсэн юм. Голомт банкны зүгээс иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хуримтлалын ач тус, хувьцаа ба бонд тэдгээрийн ялгаа, зээлийн хүү юунаас тогтдог вэ? зэрэг эдийн засгийн онолын мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр бэлтгэх даалгавар өгсөн бөгөөд багуудын хувьд хошин, жүжигчилсэн, инфографик ашигласан, хөдөлгөөнт зурган гэх мэт төрлөөр видеогоо бүтээжээ. Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа шинэлэг сэтгэлгээ, бүтээлч хандлага, эдийн засгийн онол ашиглалт, зохиомж зэргийг харгалзан үзсэн байна. Ингээд 16 дахь удаагийн Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байрт У.Цогтбилэг ахлагчтай “Яагаад” баг “Хуримтлалтай болох аргууд, түүний ач холбогдол” сэдэвт бүтээлээрээ шалгарч 5,000,000 сая төгрөг батламжийн хамт гардан авсан бол хоёрдугаар байрт Х.Тэнгис ахлагчтай "T&T" баг “Хуримтлалтай болох аргууд, түүний ач холбогдол” бүтээлээрээ тодорч 2 сая төгрөг батламжийн эзэн боллоо. Харин удаах байрт О.Билгүүн ахлагчтай "Tachyons" баг “Санхүүгийн цахим халдлага гэж юу вэ? Аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?” бүтээлээрээ шалгарч 1 сая төгрөг батламжийн хамт гардан авсан юм. Шилдэг бүтээлүүд Голомт банкны www.edu.golomtbank.com болон www.golomtbank.com сайтад тавигдаж олны хүртээл болно. Голомт банк нь өнгөрсөн хугацаанд нийт 1300 гаруй оюутанд 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосноос гадна Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, Судлаач оюутны баг зэрэг оюутан залууст зориулсан багц хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ. Ингээд оюутны эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлсэн нийт оюутан залуустаа Голомт банкны хамт олны зүгээс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! ГОЛОМТ БАНК
https://ikon.mn/n/11le
11lg
Гадаад харилцааны сайд ЕАБХАБ-ын сонгууль ажиглах багийн тэргүүнтэй уулзлаа
Г.Мөрөн, iKon.mn
06/22/2017 16:12:00
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзан, энэ зургаадугаар сарын 26-ны өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн асуудлаар ярилцав. ЕАБХАБ-ын АИХЭА 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг тус тус ажиглаж байсан юм. Энэ удаад ЕАБХАБ-ын гишүүн 20 орны 30 ажиглагч урт хугацаанд буюу өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос ирэх долоодугаар сарын 5-ыг дуустал манай улсад ажиллахыг тэмдэглэж, тус багийн ажилд дэмжлэг үзүүлж байгаад Гадаад харилцааны сайдад талархал илэрхийлэв. Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг тэмдэглэж, цаашид тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл болох цэрэг-улс төрийн, эдийн засаг, байгаль орчны болон хүний аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, нэн ялангуяа, эдийн засаг, нийгэм, хүний аюулгүй байдлын чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
https://ikon.mn/n/11lg
11lh
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаар уулзалт болж байна
ikon.mn
06/22/2017 16:14:00
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаарх Ази Номхон далайн лидерүүдийн Сүлжээний Зүүн хойд Азийн бүсийн анхдугаар уулзалт 2017 оны зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уулзалтад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Монгол зэрэг орнуудын судлаач, ажиглагчид оролцож буй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, нэн ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож буй. Уулзалтын үеэр Монголын Хөгжлийн Стратегийн Хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлэв. Дээр дурьдсан асуудлуудаар тус Сүлжээний гишүүд болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга асан Нобуясү Абе, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд асан Сүнгхван Ким, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Н.Туяа, түүнчлэн Элчин сайд Ж.Энхсайхан зэрэг оролцогчид байр сууриа илэрхийлэв.
https://ikon.mn/n/11lh
11li
Пак Гын Хэ нэртэй Өмнөд Солонгосын иргэд нэрээ солиулах нь нэмэгджээ
Р.Төмөр, ikon.mn
06/22/2017 16:39:00
Авлигын хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорсон өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэтэй ижил нэртэй хүмүүс нэрээ солиулах нь Өмнөд Солонгост нэмэгджээ. Зөвхөн Сөүл хотод дээрх улс төрийн хямралын дараа 18 ижил нэртэнгүүд нэрээ солиулсан байна. Тэдний нэг болох иргэн Пак Гын Хэ “Чой Сүүн Силийн дуулианаас өмнө хүмүүс намайг ‘ерөнхийлөгчтэй адил нэртэй юм’, ‘ирээдүйд чи улс төрч болох байх’ зэргээр хэлдэг байсан бол одоо солихоос өөр аргагүй болсон” гэж Чосун Илбо сонинд ярьжээ. Шүүх тэдгээр иргэдийн нэр солих хүсэлтийг ямар нэг эргэлзээгүй хүлээн авч байгаа гэнэ. Анх 2005 онд тус улсын дээд шүүх “татгалзах онцгой шалтгаан байхгүй бол хувь хүн өөрийн эрхийг хамгаалахын тулд нэрээ сольж болно” гэсэн тайлбар хийсний дараа иргэд нэрээ солих нь хялбар болсон юм байна. “Нийгэмд ямар нэг сөрөг асуудал дэгдэх бүрт уг асуудалд холбогдсон хүнтэй ижил нэртэй хүмүүс нэрээ солиулах хүсэлт ирүүлэх нь нэмэгддэг” гэж шүүхийн ажилтан энэ үзэгдлийн талаар тайлбарлажээ. Эх сурвалж: Korea Times
https://ikon.mn/n/11li
11lj
Хатагтай В.И.Матвиенко илгээлт ирүүлжээ
С.Бадрал, iKon.mn
06/22/2017 16:43:00
ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны орлогч дарга М.И.Дидигов тэргүүтэй төлөөлөгчид Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны урилгаар манай оронд айлчилж байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр зочдыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн “Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш харилцаа эрчимжиж байна. Салбарын яам хооронд харилцан айлчлал, гэрээ хэлэлцээр цөөнгүй хийгдлээ. Манайхаас гэхэд 5-6 сайд ОХУ-д айлчилсан. Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай боллоо. Энэ бүхэн нь манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаанд нэгэн шинэ үе нээгдэж буйг илтгэн харуулж байна” гэлээ. Ноён М.И.Дидигов хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, айлчлалын хугацаанд УИХ-ын Байнгын хороодын дарга, гишүүд, ҮАБЗ-ийн удирдлагууд, Хууль зүйн яамны төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Парламент хоорондын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж буйд баяртай байна. Бүс нутаг, хил орчмын аймаг, хот, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, худалдаа, бизнесийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагуудын нэн чухал зорилт юм гэж онцоллоо. Уулзалтын үеэр ноён М.И.Дидигов ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай Валентина Ивановна Матвиенкогийн илгээлтийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа. Илгээлтэд 2016 оны 12-р сарын 15-нд УИХ-ын дарга М.Энхболдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хөндсөн Орос, Монголын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн асуудал, парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хүсэл сонирхол, олон улсын парламентын байгууллагууд хоорондын олон талт хамтын ажиллагаанд оролцох боломж зэрэг асуудлыг хөнджээ. Хатагтай В.И.Матвиенко М.Энхболдод хандан удахгүй болох гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохыг хүсэн ерөөсөн байна. Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/11lj
11lk
ГССҮТ-ийн гадна талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахыг дэмжлээ
ikon.mn
06/22/2017 17:17:00
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол, давхар замын “Тэнгэрийн тойрог” төсөл, Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас Улаанбаатар хотын хороодод нэвтрүүлэх төслийн танилцуулга зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол байгуулахыг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн бол Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас хэрэгжүүлэх төслийг нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа. Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас нийслэлийн дүүргүүдэд хог хаягдлыг шатаах бага оврын зуух бүхий үйлчилгээний цэг байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Зөвлөлийн гишүүд уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гээд дэд төв, гэр хорооллын сервис центр, 1,000 айлын орон сууц зэрэг төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулж хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг тодотгож байв хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
https://ikon.mn/n/11lk
11ll
Жорж Клуни текилагийн үйлдвэрээ $1 тэрбумд зарахаар болжээ
Р.Төмөр, ikon.mn
06/22/2017 17:19:00
Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани Diageo PLC өндөр чанартай текила үйлдвэрлэдэг Casamigos компанийг $700 саяар худалдаж авахаар болжээ. Ингэснээр дэлхийн хамгийн том спиртийн ундаа үйлдвэрлэгч хамгийн хурдтай өсөн нэмэгдэж байгаа текила ундааны зах зээлд орж байгаа юм. Өнгөрсөн онд дэлхий даяар текилагийн зах зээл 5.3 хувиар нэмэгдсэн байна. Харьцуулбал нийт спиртлэг ундааны салбарын зах зээлийн өсөлт 0.04 хувь байсан юм. Casamigos компанийг 2013 онд байгуулалцсан хүмүүсийн нэг бол Холливүүдийн нэрт жүжигчин Жорж Клуни ажээ. Diageo компани ирэх 10 жилийн хугацаанд бизнесийн үр дүнгээс хамаараад $300 саяыг үүсгэн байгуулагчдад нэмж төлөхөөр тохирсон байна. Ингээд гэрээний дүн нийтдээ $1 тэрбум болж байгаа юм. Casamigos өнгөрсөн онд 120,000 авдар текила зарсны ихэнх нь АНУ-д зарагджээ. Энэ онд тэд борлуулалтаа 170,000 авдарт хүргэхээр төлөвлөсөн байна. Жорж Клунитай хамтран тус компанийг байгуулсан бусад хүмүүс нь топ модель Синди Крауфордын нөхөр Рэнд Гербер, үл хөдлөх хөрөнгийн магнат Майк Мэлдман нар юм. Diageo компани сүүлийн жилүүдэд Smirnoff, Captain Morgan зэрэг брэндүүдийнхээ зах зээлийг жижиг тоглогчдод алдаж эхлээд байгаа тул Casamigos-ийг авснаараа зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалахыг зорьж байгаа аж. Тэд зөвхөн АНУ биш, Баруун Европ зэрэг шинэ зах зээлүүдэд текила ундааг хүргэх зорилготой байгаа гэнэ. Casamigos-ийн текилагийн нэг лонх нь $45-$55 хооронд үнэтэй гурван хувилбартай. Diageo компанийн Хойд Америкийг хариуцсан захирал Дэйрдр Махлан “Энэ ундааны төрөл нь Хойд Америкаас бусад зах зээлд харьцангуй шинэ бүтээгдэхүүн тул Casamigos-д асар их боломж байгаа гэж харж байгаа” хэмээн ярьжээ. Тус компани 2015 онд Ирландын вискиний Bushmills брэндийг худалдаж авсан. Дараа нь Peligroso, DeLeon гэсэн хоёр текила үйлдвэрлэгчийг авсан юм. Гэхдээ тэдгээр нь жилд 10,000 авдраас ихгүй хэмжээний борлуулалт хийдэг жижиг тоглогчид юм байна. Эх сурвалж: The Wall Street Journal
https://ikon.mn/n/11ll
11lm
ҮЙЛ ЯВДАЛ: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ
Г.Мөрөн, iKon.mn
06/23/2017 08:54:00
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 10:00 цагт Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулна. ОӨУБЕГ-ын төв байранд 11:00 цагт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Архивын ерөнхий газарт 11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гурван эрхмийн "Гурван үеийн намтар"-ийн лавлагааг олон нийтэд ил болгох хүсэлт тавина. MN-Мэдээллийн төвд 11:00 цагт Хүний эрхийн төлөө иргэний нийгмийн байгууллагуудын нэгдлээс “Иргэдэд хандах иргэний нийгмийн үг” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 11:30 цагт Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа хамгийн өндөр дүнтэй компанийн бонд арилжаалагдах гэж байна. Энэ талаар “Сүү” ХК, “Голомт капитал”, “Тэнгэр капитал”, “Ард капитал” ХХК хамтран мэдээлэл хийнэ. Нарангийн энгэрт 12:00 цагт Нийслэлийн хог хаягдлын 90 хувийг устгах 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий “Эко Парк” төслийн шав тавих ёслол болно. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 13:00 цагт Италийн алдартай удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор Россинигийн “Үнсгэлжин” дуурийг ДБЭТ-ын тайзнаа Улсын Филармоны Симфони найрал xөгжимтэй xамтран зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. ХСҮТ-ийн хурлын танхимд 15:00 цагт Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК, Хавдар судлалын үндэсний төвийн хамтран хэрэгжүүлж буй хавдрын алсын зайн оношилгоо, тусламж, үйлчилгээний "МОМЕНТ" төслийн нээлт болно.
https://ikon.mn/n/11lm
11ln
Киргизийн төлөөлөгчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана
ikon.mn
06/22/2017 17:54:00
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар манай оронд хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Сонгууль болон ард нийтийн санал асуулгын төв комиссын гишүүн Кайрат М.Осмоналиев, Акылбек Ж.Эшимов нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал сонгуулийн байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, сонгууль зохион байгуулж буй эрх орчин зэрэг асуудлаар харилцан мэдээлэл хийлээ. Киргиз Улсын Сонгууль болон ард нийтийн санал асуулгын төв комиссын бүтэц, бүрэлдэхүүн нь өнгөрсөн онд шинэчлэгдэн өөрчлөгджээ. Мөн онд парламентын болон орон нутгийн сонгууль болж, бүх нийтийн санал асуулга явагдсан байна. Тэдгээрт сонгуулийн автоматжуулсан системийг ашигласан нь ажиглагчдаас өндөр үнэлгээ авсан гэж Киргизийн сонгуулийн байгууллагын төлөөлөгчид тэмдэглэв. Киргиз Улс БНСУ-ын санал тоолох автомат төхөөрөмж хэрэглэхийн сацуу гараар хяналтын тооллого хийдэг ажээ. Сонгуулийн хууль эрх зүйн орчны хувьд түүнийг үргэлж боловсронгуй болгох ажил явагдаж байгаа бөгөөд тус улс өмнө нь сонгуулийн нэгдсэн нэг хуультай байсан бол одоо сонгуулийн хуулийг төрлөөр тус тусад нь болгож боловсронгуй болгосон гэнэ.Тэдгээрт сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлыг нарийн зохицуулсанаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид барьцаа төлдөг, эх хэлний мэдлэгийн түвшинг харгалздаг зэрэг шалгуурыг тогтоож өгсөн байна. Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр Киргиз Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж буй арга туршлага бидэнд маш чухал гэдгийг Киргиз Улсын Сонгуулийн байгууллагын төлөөлөгчид онцоллоо. Киргиз Улс сонгуульдаа хэрэглэж буй сонгуулийн автоматжуулсан систем нь манайхтай адил бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн өмнө энэ талын монголын туршлагыг удаа дараа ирж судалж байсан билээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
https://ikon.mn/n/11ln
11lo
"С.Ганбаатар гадаадын иргэнээс хандив авсан бичлэг үнэн болох нь тогтоогдсон"
ikon.mn
06/22/2017 19:05:00
Гэрэл зургийг Mpa.mn Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Сонгуулийн үр дүнгийн талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг буруу зүйлд уриалахгүй байхыг анхааруулж байна" Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар "Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 131 нь одоогоор шалгагдаж байна. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь батлагдаагүй 26 гомдлыг шийдсэн. Шүүхээр шийдвэр гаргуулахаар шилжүүлсэн 21 гомдол байгаа бол зөрчил гаргасан этгээд нь насанд хүрээгүй гэсэн 4 гомдол гарчээ. Нийт гомдлын 85 хувийг нийслэлийн хэмжээнд шийдвэрлэсэн бол үлдсэн 15 хувийг орон нутагт шийдвэрлэсэн. Гэрэл зургийг Mpa.mn Нийт ирсэн гомдлын ихэнх хувийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдүүд сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх, шөнийн цагаар сурталчилгааны самбар алга болох, хүүхдүүд сурталчилгааны самбарыг урах зэрэг гомдол эзэлсэн. Тэгэхээр заналхийлэх, бусдыг айдаст автуулах ямар нэгэн байдал илэрхийлмээргүй байна. Үүнд цагдаагийн байгууллага анхаарал хандуулан ажиллаж байгаа. Сонгуулийн сурталчилгаа удахгүй дуусах гэж байна. Сонгуулийн үр дүн гарсны дараа ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг буруу зүйлд уриалахгүй, хуулийн хүрээнд илэрхийлэхийг анхааруулъя" гэлээ. "Хандив авч байгаа бичлэг тавдугаар сарын 23-ны өдөр С.Ганбаатарын гэрт болсон нь тогтоогдсон" Гэрэл зургийг Mpa.mn Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Дагвасүрэн "Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зургаадугаар сарын 21-ний өдөр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Сонгуулийн хуулийг зөрчиж байгаа асуудлыг шалгуулахаар албан тоот ирүүлсэн. Гадаадын иргэнээс хандив авч байгаа бичлэгийг шалгасан. Шалгалтын хүрээнд нэр дэвшигч С.Ганбаатараас тайлбар авахаар Дундговь, Ховд зэрэг аймгуудад хүсэлт тавихад татгалзсан. Хандив авч байгаа бичлэг нь тавдугаар сарын 23-ны өдөр С.Ганбаатарын гэрт болсон, ямар нэг засвар эвлүүлэггүй болох нь тогтоогдсон. Мөн бичлэг дээрх С.Ганбаатарын хоолой мөн болох нь тогтоогдсон. Ингээд Баянзүрх дүүргийн Шүүхэд энэ хэргийг шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн байгаа" гэв. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/686873711498200/
https://ikon.mn/n/11lo
11lp
Ц.Чулуунбаатар: 146 ширхэг пуужин ашиглаж хур тунадас оруулсан
Өглөөний сонин
06/23/2017 08:17:00
Гэрэл зургийг mpa.mn -Газар тариалангийн бүс болох Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудын хөрсний чийгийн хангамж эрс сайжирсан- Сүүлийн үед хур тунадас унахгүй байснаас болж нийт нутгаар хуурайшиж, гандуу байснаас ой, хээрийн түймэр гарахаас эхлээд олон асуудал тулгарсан. Тэгвэл холбогдох газар нь цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулсны үр дүнд нийт нутгаар бороо орж, ган тайлагдан хүн малын зоо тэнийгээд байна. Энэхүү ажлын үр дүнгийн талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатараас тодрууллаа. -Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл явцын үр дүн гарч, өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатарт нэлээд бороо орлоо. Ойр орчмын түймэр бүрэн унтарсан уу? -Улсын хэмжээнд 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 89 удаа, нийт 105 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд байсан. Энэхүү түймрийг унтраахаар холбогдох албаныхан нь цаг алдалгүй ажиллалаа. Цаг уур орчны шинжилгээний газар болон Хурын шим төвөөс манай яаманд ирүүлсэн мэдээллээр Улаанбаатар хотын хуурайшилттай байгаа бүс нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа Төв аймгийн нэг экспедиц, Улаанбаатар хотын бүс нутагт ажиллаж буй ЦУОШГ-ын нэг экспедиц тус тус хариуцан ажилласан байна. Дээрх ажиллагааны үр дүнд Төв аймгийн нутгаар 0,6-41 мм, Булган аймгийн нутгаар 0,1-5 мм, Сэлэнгэ аймгийн нутгаар 0,8-30,7мм, Хэнтий аймгийн нутгаар 0,0-4,Змм, Улаанбаатар хотын бүсэд нутгаар 37,0-63,6мм хур тунадас оржээ. Ойн түймэртэй байсан Ерөө сумын нутгаар 24,4мм, Батсүмбэр сумын нутгаар 38,0мм, Эрдэнэ сумын нутгаар 13 мм, Мөнгөнморьт 22 мм, Хутаг-Өндөр сумын нутгаар 5 мм, Тэшиг сумын нутгаар 10 мм, Өмнөдэлгэр сумын нутгаар 0,5, Батширээтэд 4 мм, хур тунадас орсон бөгөөд түймрийн бүс нутагт хур тунадас хэмжих багаж байхгүй тул хур тунадасны мэдээг гаргах боломжгүй байна. Гэхдээ түймрийн голомт бүрэн унтарсан гэж үзэж байгаа. -Улаанбаатараас өөр газарт гарч байсан гал түймрийг ийм аргаар унтрааж болдоггүй юм уу? -Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр сумдын нутагт гарсан ойн түймрийг зориудаар хур тунадас нэмэгдүүлэх замаар унтраах ажлыг Цаг уур, орчны шинжилгээний газрын хоёр. дээрх аймгуудын УЦУОШГ-ын цаг агаарт зориудаар нөлөөлөх 7, нийт 9 экспедиц 2017 оны зургаадугаар сарын 17, 18, 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа. 2017 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 03.54 цагт хиймэл дагуулын илрүүлсэн түймрийн зургаар Эрдэнэ сумын нутагт 38, Мөнгөнморьт сумын нутагт 22 байршилд түймрийн голомт байсан бөгөөд шатсан, шатаж байгаа, цурамд орсон түймрийн талбай нь 280 орчим км/кв газар нутгийг хамарсан гэдэг мэдээлэг ирүүлсэн. Түймэр унтраах ажилд Хан Хэнтийн хамгаалалтын захиргааны ажилтнууд, байгаль хамгаалагчид, Эрдэнэ, Мөнгөнморьт сумын иргэд Зэвсэгт хүчний дайчид, Онцгой байдлын албан хаагчид нийт 200 орчим хүн ажилласныг хэлэх нь зүйтэй байх. Энэ үед манай яамнаас цаг алдалгүй арга хэмжээ авч Д.Оюунхорол сайдын шийдвэрээр түймэрт ихээр өртсөн Хан Хэнтийн болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, хоол хүнс, шатахуунаар ханган ажилласан. Ойн түймэртэй бүс нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэхээр ЦУОШГ-ын инженер Ж.Цогтоор ахлуулсан бүрэлдэхүүн Шороотын даваанаас 26 км орчим газар явган алхаж Бага Хэнтийн хайрхны баруун хойт талд Нарсны сүүл гэдэг газраас үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг 17-ны өдрийн 18, 18-ны өдрийн 8, 10, 12, 14, 16 цагуудад зохион байгуулсны үр дүнд дээрх сумдын түймэртэй бүс нутагт их хэмжээний бороо орж түймрийн голомтуудыг бүрэн унтраасан байна. -Энэ арга хэмжээнд хэчнээн пуужин зарцуулаад байна вэ? -Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулж явуулсан 17-20-ны өдрүүдэд нийт 146 ширхэг борооны пуужин зарцууллаа. Хуурайшилтай байсан газар тариалангийн бүс болох Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудын хөрсний чийгийн хангамж эрс сайжирсан. -Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд танай яамнаас ямар бодлого барьж ажиллаж байгаа юм бэ? -2017-2021 оны хооронд төрөөс ойн талаар баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний дунд хугацааны төлөвлөгөөг БОАЖ-ын Сайдын 2017 оны № А/98 тоот тушаалаар батлуулж, Сайдын багцаас 2017 онд 5.8 тэрбум төгрөг төсөвлүүлсэн. Энэ хүрээнд Монгол орны ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах чиглэлийн 5 үндсэн зорилтын хүрээнд 95 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан улсын төсөв, зээл, тусламжид хамруулан ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх менежментийн зөв тогтолцоо, удирдлагын оновчтой бүтцийг бий болгох зэрэг арга хэмжээг салбарын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Мөн энэ онд манай яам Хил хамгаалах ерөнхий газартай 2017-2020 онд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж, гэрээ байгуулан ажиллаж байна. 2017 онд хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгийн ОХУ-тай хиллэх Улсын хилийн дагуу 10-40м өргөн, 601,1 км урт түймрээс хамгаалах зурвас шинээр байгуулах ажлыг эхлүүллээ. Одоогоор ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай Д.Оюунхорол сайдын 2017 оны А/70 тоот тушаал, улсын онцгой комиссын албан даалгаврын дагуу ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай сайдын А-4 дугаарын албан даалгаврыг боловсруулан орон нутагт хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. -Ярилцсанд баярлалаа.
https://ikon.mn/n/11lp
11lq
Владимир Путин ширүүн бороог үл хайхран дайнд хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв
Р.Төмөр, ikon.mn
06/23/2017 08:24:00
Өчигдөр буюу зургаадугаар сарын 22 бол Нацист Германы арми ЗХУ-д довтолж, эх орны дайн эхэлсэн өдөр. Уг өдрийг ОХУ-д Дуртгал, Эмгэнэлийн өдөр болгон тэмдэглэдэг юм. Өчигдөр энэхүү эмгэнэлт өдрийн 76 жилийн ой тохиож, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн хананы дэргэдэх Александрын цэцэрлэгт орших нэр үл мэдэгдэх цэргийн бунханд хүндэтгэл үзүүлжээ. Ёслолын ажиллагаанд Путинаас гадна ерөнхий сайд Дмитрий Медведев, Холбооны Хурлын дарга Валентина Матвиенко нар оролцсон байна. Хэдийгээр Москвад ширүүн бороо орж байсан ч удирдагч нар ёслолын ажиллагааны цагийг хойшлуулалгүй, шүхэр дор хоргодолгүйгээр хүндэтгэлтэй оролцжээ. 1941 оны зургаадугаар сарын 22-ны үүрээр Нацистын Германы арми зарлаагүй дайн эхлүүлсэн нь дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд ЗХУ-ын 26 сая иргэний амь нас хохирсон юм. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/11lq
11lr
Хөгжлийн банканд хөндлөнгийн аудитын шалгалт хийжээ
Б.Бат, Өглөөний сонин
06/23/2017 08:35:00
-Олон улсад нэр хүнд бүхий "Делойт онч" компанийн хамт олон Хөгжлийн банканд хөндлөнгийн аудитын шалгалт хийхэд тус банкны гүйцэтгэх удирдлага үйл ажиллагаандаа ямар нэгэн бодлого барьдаггүй, санхүүгийн тайланд дотоод хяналт хийх, эрсдэлийг үнэлэх, алдааг илрүүлэх чиг үүрэгтэй нэгж байгаагүй, санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлд улирал тутам шинжилгээ хийсэн дүгнэлт гаргадаггүй зэрэг хэд, хэдэн ноцтой зөрчил илэрчээ- Манай улсад Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан банкнуудад санхүүгийн шалгалт хийж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны санхүүгийн байдалд олон улсад нэр хүндтэй “Делойт онч” ХХК хөндлөнгийн аудитын шалгалт хийсэн байна, Харамсалтай нь, тус шалгалтаар Хөгжлийн банкны 2011-2016 он хүртэлх санхүүгийн үйл ажиллагааг үнэлүүлэхэд хэд, хэдэн ноцтой гэж хэлж болох зөрчил илэрчээ. Өөрөөр хэлбэл, тус банкны гүйцэтгэх удирдлага үйл ажиллагаандаа ямар нэгэн бодлого барьдаггүй, санхүүгийн тайланд дотоод хяналт хийх, эрсдэлийг үнэлэх, алдааг илрүүлэх чиг үүрэгтэй нэгж байгаагүй, санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлд улирал тутам шинжилгээ хийсэн дүгнэлт гаргадаггүй байсан аж. Засаглалын хувьд дээрх бүх алдаа завхралыг шинэ удирдлагын баг ажлаа аваад 2016 оноос л засаж залруулж, шинэ бүтэц, үйл ажиллагааны дотоод хяналтыг олон улсын түвшинд хүргэсэн байна. Энэ талаар хөндлөнгийн аудитын тайланд дурджээ. Өмнөх удирдлага гадаад валютын ханшийн зөрүүнээс их хэмжээний алдагдал хүлээлээ гэж өөрсдийгөө өмөөрч суудаг ч эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл огтхон ч ашигладаггүй байсныг хөндлөнгийн шалгалт илрүүлсэн байна. Тухайлбал дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөрийн хүрээнд гаргасан 580 сая долларын бондоос 286 тэрбум төгрөг, Японы иенийн Самурай бондоос 138.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ нь нэг их наяд төгрөг буюу 1,000 сургууль, цэцэрлэг барих мөнгийг салхинд хийсгэсэн байна. Гадаад валютын ханшийн эрсдэлийг тооцоогүй, хамгаалах санхүүгийн хэрэгслүүдийг сонгоогүй нь мэргэжлийн энэ том байгууллагын хувьд яах аргагүй том алдаа. Шинжилгээ хийсэн хугацаанд 8.3 тэрбум төгрөгийн алдагдалд хүргэсэн Еврогийн зээлд л алдагдлыг бууруулах зорилгоор санхүүгийн хэрэгслийг ашиглажээ. Бусад тохиолдолд Хөгжлийн банкнаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Товчхондоо валютын ханшийн хэлбэлзлийн улмаас Хөгжлийн банканд учрах эрсдэлийг үнэлээгүй, хамгаалах санхүүгийн хэрэгслүүдийг сонгон авах боломжийг судлаагүй, хүйтэн, хөндий, хүнийрхүү, мэргэжлийн бус хандсан нь өмнөх удирдлагын багийн алдаа юм. Олгосон зээлийн хувьд Хөгжлийн банкнаас 2012 онд баталсан тогтоолын дагуу нэг аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ тухайн банкны зээлийн багцын 30 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл 2012-2014 онд олгосон зээлийн хэмжээ 32-41 хувь болтлоо данхайсан, хэтэрсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.2-т зааснаар зээлийн шийдвэрийг тус банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газар болон Эрсдэлийн газрын дүгнэлтийг үндэслэн Зээлийн хорооноос гаргана гэж заасан байдаг байна. Гэтэл 41 зээлийг дээрх газруудын зөвшөөрөлгүй олгосон нь хөндлөнгийн аудитаар тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд чоно борооноор гэгчээр хулгайгаар, хяналтгүй 41 зээл гаргажээ. Гуравдугаарт Хөгжлийн банк нь барьцаа хөрөнгийг хураан эзэмшихээс илүүтэйгээр зээлүүдийг дахин бүтцийн өөрчлөлтөд opcон буюу төлбөр хийх хугацаа сунгах, шинэ зээлийн нөхцөлийг тохиролцоо зэргээр зах зээлийн бус аргыг ашигладаг байсан байна. 2016 оны эцсээр Хөгжлийн банкны алдагдал 192 тэрбум төгрөг байсан бөгөөд зээлийн үнэ цэнийн бууралтын нөлөө өндөр байв. Тухайлбал зээлийн багцын есөн хувь нь үнэ цэнэ буурсан, 34 хувь хугацаа хэтэрсэн болон 49 хувь нь бүтцийн өөрчлөлтөд орсон зээл байна. Үнэ цэнийн бууралтад орсон зээлийн 35 хувьд эрсдэлийн сан байгуулсан бөгөөд, нийт гаргасан зээлийн гурван хувийг эзэлж байна. Нэг үгээр хэлбэл олгосон зээлийн 92 хувь нь асуудалтай байна гэсэн үг. Түүнчлэн санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашигласан хэлцлээс ихээхэн алдагдал хүлээсэн байна. Тухайлбал Хөгжлийн банк 2014 онд 31 сая евротой болсон. Үүнээс 21 сая еврогоор нь Худалдаа Хөгжлийн Банктай 2015 оны гуравдугаар сарь 3-н хүртэл своп хэлэлцээр хийсэн байна. Гэсэн хэдий ч хэлцэл эцэслэх хугацаа гурван удаа хойшлогдож эцэст нь 2016 оны нэгдүгээр сарын 29-нд дуусгавар болжээ. Худалдаа Хөгжлийн Банктай хийсэн хэлцлээс найман тэрбум 268 сая 860 мянган төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Үүнээс гадна 2013 оны наймдугаар сард Засгийн газраас Монгол Улсын нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Хөгжлийн банк нь 2014 онд Эрдэнэс Монгол ХХК-д 170 тэрбум 595 сая төгрөгийн зээлийг жилийн 4.25 хувийн хүүтэйгээр зам дэд бүтцийг худалдан авахад зориулж олгосон байна. Зээлийн эрсдэлийг Хөгжлийн банк үүрч нэг тэрбум 48 сая 984 мянган төгрөгийн алдагдал хүлээжээ. Хөндлөнгийн аудитын зөрчлүүдийг дүгнээд хэлэхэд өмнөх удирдлага, АН-ын засгийн үед Хөгжлийн банк гэдэг энэ их айлыг эзэнгүйдүүлж, үйл ажиллагааг нь доройтуулж, хууль журмыг уландаа гишгэж, тус намаас угшилтай компаниудыг мөнгөөр угжиж өмнөөс нь дааж давшгүй алдагдал хүлээлгэж иржээ.
https://ikon.mn/n/11lr
11ls
Р.Нямдоржийг ажлаа өгөхийг шаарджээ
Монголын мэдээ
06/23/2017 08:39:00
Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж одоог хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа юм. Иймд МҮБХ-ын цэцдийн зөвлөлөөс мэдэгдэл гаргаж ажлаа өгөхийг шаардсан байна. Тэд Р.Нямдоржид энэ сарын 10-ны дотор ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж, энэ сарын 13-нд МҮБХ-ны шинэ удирдлага биечлэн уулзсан боловч шаардлагыг хүлээж аваагүй байна. Тиймээс Р.Нямдоржийг ажлаа нэн даруй хүлээлгэн өгөхийг дахин шаардаж, бөхчүүдийг эв нэгдлээ эрхэмлэж, элдэв хууль бус хурал зөвлөгөөнд оролцохгүй байхыг уриалжээ. Мөн Р.Нямдоржийг ажлаа хүлээлгэн өгөхгүй бол шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.
https://ikon.mn/n/11ls
11lt
Л.Гантөмөр: Бид хоцрогдсоноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
Г.Ганчимэг Монголын мэдээ
06/23/2017 08:54:00
Энэ долоо хоногийн онцлох сэдвүүдийн талаар хэн юу хэлэв? Л.Гантөмөр: Бид хоцрогдсоноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй /БСШУ-ы сайд асан/ Гэрэл зургийг mpa.mn -Бид хоцрогдсон орон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголын эдийн засгийн хэмжээ Японы нэг сумын эдийн засагтай тэнцүү гэдгийг ойлго. Ялгаа бий. Энэ ялгааг яаж бий болгов гэхээр асар өндөр технологийг эзэмшсэн байна. Үүнийг гүйцэхийн тулд хамт байх ёстой. Эндээ юмаа хийгээд байвал бид цаг алдана. Цаг алдаад байвал байгаль биднийг сөхрүүлчихнэ шүү дээ. Байгалийн доройтолтой зэрэгцүүлэн өндөр технологи нэвтрүүлж байж дэлхийтэй өрсөлдөнө гэдгээ анхаарах ёстой. Манайхан дэлхийтэй өрсөлдөнө гэхээр “Үгүй ээ, тэр худал” гэдэг. Өрсөлдөнө. Саяхан Тайван, Сингапур, Солонгос ямар байлаа. Бусдад байгаа боломж бидэнд ч бий. Бодлого нь зөв байвал гараад л ирнэ. Ц.Цэнгэл: “Цайны зам”-ын гурав дахь уулзалт манай улсад болно /БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/ -БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс-нэг зам” бол дэлхийн улс орнуудыг дэд бүтцээр холбох том төсөл. Ази Европыг холбох ихээхэн ач холбогдолтой. Тэгвэл энэхүү төсөл манай улс яаж оролцох вэ. Хоёр хөрш улстайгаа ямар хот, тосгодоор хэрхэн яаж холбогдох вэ. Газ, автозам, төмөр зам, агаарын тээврийн харилцаанд хөрш гурван улс хэрхэн оролцох талаарх томоохон баримт бичгүүдийг хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд дэлхий дахинаараа сонирхдог уул ус, ан амьтан, үзэсгэлэнт байгаль, өв уламжлал, соёлын аяллын маршрут гурван улсын уулзалтын хүрээнд хөндөгдөнө. Тиймээс энэ том төслийн хүрээнд “Цайны зам”-ын гурав дахь уулзалт ирэх жил манай улсад зохион байгуулагдах юм. Энэхүү санаачилгад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбар хөгжинө. Гэхдээ жуулчдыг татахад төмөр зам болоод агаарын тээврийн асуудалд онцгой анхаарах ёстой. Олон км газар VIP зэрэглэлээр явж байгаа хэр нь суудал нь ор болдоггүй, босоогоороо зорчих, онгоц нь жижиг гэх мэт асуудлууд гардаг. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхгүйгээр гадаадын жуулчид олноороо ирэхгүй юм билээ.Тиймээс тохилог хурдны галт тэрэгтэй болох, зундаа томоохон онгоц нойтон түрээсээр авах, найдвартай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бий болгох шаардлагатай. Л.Энхтайван: Татварын орчин тодорхой, тогтвортой байх ёстой /Эдийн засгийн ухааны доктор, профессор/ -Татварыг ойр ойрхон хөдөлгөх бус аль болох тогтвортой байлгах ёстой. Гэтэл манай улс сүүлийн 10 гаруй жилд эдийн засгийн нөхцөл гайгүй болохоор янз бүрийн амлалт, популист бодлого хэрэгжүүлээд, татварыг бууруулчихдаг. Эргээд эдийн засгаа хэцүүдэхээр татвар нэмэгдүүлэх бодлого барьдаг. Нэгэнт бууруулчихсан татварыг буцааж нэмнэ гэдэг амархан биш. Энэ бол буруу жишиг. Хөрөнгө оруулагчид ирээдүйгээ 10-20 жилээр харж төлөвлөдөг. Тиймээс татварын орчин ямар байх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Нөгөөтээгүүр, татваруудыг нэмж байгаа нь үнэндээ шинэ зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч бас хэд хэдэн удаа татварын өөрчлөлтүүдийг УИХ-аар хэлэлцүүлж байсан. Хадгаламжийн хүүгийн орлого, хүн амын орлогын шатлалт татварын тогтолцоо гэх зэрэг. Ер нь тэгээд энэ татварын нэмэгдлүүд хүн амын 95 хувьд нь нөлөөлөхгүй. Харин чинээлэг таван хувьд нь тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ тэр хүмүүсийн амьжиргаа бизнест хүндрэл учруулахгүй. Б.Билэгт: Эдийн засаг богино хугацаанд сэргэвэл хэвийн байдалдаа орно /УИХ-ын гишүүн/ -ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон өөрчлөлтийг хүч түрэмгийлсэн, аргагүйн эр­хэнд гэдэг байдлаар гаргасан. Түүнээс л алдаа гараад ирж байгаа юм. Гэтэл тэр хооронд “Приус” машин нааш ачуулчихсан, замд явж байгаа хүмүүс хохирох болчихно. Тавдугаар сарын 1-нээс хууль хэрэгжих гээд байдаг. Замд явж байсан машинууд ороод ирэхээрээ тодорхой хэмжээний хохиролтой болчхож байгаа биз. Анхнаасаа л тодорхой хугацаа өгөх байсан юм. Гурван сарын хугацаатай байхад л бараагаа захиалах эсэхээ төлөвлөчихнө шүү дээ. Тиймээс хугацаан дээр гаргасан алдаагаа зассан. Долоон татварын өөрчлөлтөөс гадна хүүхдийн мөнгө гэх мэт зүйлс бас бий. Эдгээрийг эдийн засаг богино хугацаанд сэргэвэл буцаагаад хэвийн байдалд оруулах ёстой. ОУВС-гийн хөтөлбөрөөс манай улс гарчихвал буцаад хэвийн байдалд нь оруулна. Үүнийг 2019 он гэхэд хэвэнд оруулна байх гэж найдаж байгаа.
https://ikon.mn/n/11lt
11lv
Отто Уормберийг оршуулах ёслол болж өнгөрлөө
Р.Төмөр, ikon.mn
06/23/2017 08:58:00
Хойд Солонгост 17 сар хоригдсоны эцэст төрөлх гэртээ суллагдаж ирсэн ч удалгүй нас барсан, 22 настай оюутан Отто Уормберийг оршуулах ёслол өчигдөр болжээ. Талийгаачийн суралцаж байсан Охайогийн Вёминг дунд сургуульд уг ёслол болж, 2,500 гаруй хүн оролцсон байна. Оттогийн эцэг, эх, ах, эгч нар оршуулгын ёслолд дурсамжийн үг хэлжээ. Мөн энэ үеэр Хойд Солонгосын шоронгоос талийгаачтай хамт ирсэн эд зүйлсийг нь дэлгэж үзүүлсэн байна. Жил гаруй хугацаанд ухаангүй байсаар нутагтаа ирээд долоо хонолгүй нас барсан Оттогийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа. 2016 онд Хойд Солонгосын шүүхээс түүнийг үзэл суртлын зурагт хуудас хулгайлах гэж оролдсонд буруутган 15 жилийн хорих ял оноосон юм. Америк эмч нар талийгаачийг тархи мэдрэлийн хүнд гэмтэлтэй болсон, тодруулбал тархинд хүчилтөрөгч дутагдах үед тохиолддогтой ижил нөхцөл үүссэн гэсэн дүгнэлт хийгээд байгаа ажээ. Оршуулгын ажиллагаанд Отто Уормберийг Хойд Солонгосоос шилжүүлж авчрахад оролцсон АНУ-ын албаны хүмүүс оролцсон байна. Эх сурвалж: Heavy.Com
https://ikon.mn/n/11lv
11lx
Н.Түвшинбаяр: Би үндэсний бөхөө дэлхий дахинд сурталчлах гэж барилддаг
Н.Пунцагболд
06/23/2017 09:07:00
Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Н.Түвшинбаяр Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяртай ярилцлаа. -Би Рио-2016 Олимпын наадмын талаар эргээд нэг дурсмаар байна. Сүүлд Олон улсын жүдо бөхийн холбоо шинэчилсэн дүрмийг танилцуулах хурлынхаа үеэр таны барилдааныг жишээ авч, үнэлгээ байхгүй байсныг дэлхий нийтэд харуулсан. Үндсэндээ та буруу шүүлтийн золиос болсон гэсэн үг. Энэ барилдааны талаар юу гэж бодож явааг чинь асуумаар байна? -Спорт бол тодорхой цаг хугацаатай. Ялангуяа Олимпын наадамд цөөхөн удаа оролцдог учраас амжилт гаргахын тулд маш их эрчимтэй бэлтгэл хийж, хичээх хэрэгтэй юм. Нэг тамирчин хамгийн ихдээ л 3-4 олимпт л оролцдог шүү дээ. Миний хувьд өнгөрсөн жил гурав дахь Олимпын наадамд оролцлоо. Өмнөх хоёр олимпоос медаль авсан. Гурав дахь олимпоосоо заавал медаль авна гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Мэдээж тэмцээнд ялж, ялагдах нь байх л зүйл. Өнөөдөр түрүүлж байхад маргааш ялагдаж байх жишээтэй. Тухайн үеийнхээ байдал. Цаашлаад тамирчны биеийн байдал, газар зүйн байрлал гэх мэт маш олон зүйлээс шалтгаална. Зарим үед азгүйдэл ч нөлөөлдөг. Өнгөрсөн олимпын наадмаар бэлтгэлээ сайн хийсэн байсан. Ялагдсандаа мэдээж харамсаж байсан үе бий. Харин одоо бол харамсахгүй байгаа. Тэр барилдааны талаар сүүлд мэдээлэл хийсэн байсан. Үнэлгээ байхгүй байсан гэдгийг тухайн үедээ би мэдэж байсан л даа. Гэхдээ яах вэ дээ, болсон юм байлгүй гэдгийг цаанаасаа харууллаа л гэж бодсон. Нөгөө талаар тийм нөхцөл байдал үүсэх боломжийг өрсөлдөгч тамирчиндаа гаргаж өгсөн нь миний гүйцэтгэл дутуу байсны л шинж гэж боддог. Ерөнхийдөө нас явсны илрэл ч гэж ойлгож болно л гэж хэлмээр байна. -Тэр барилдаанд ялсан бол цаашаа хэрхэн барилдах байсан бол. Тодорхой хэмжээнд судалгаа хийсэн нь тодорхой? -Одоо хэлэхэд амархан шүү дээ. Ялсан байсан бол би түрүүлэх байсан юм гэж ч хэлж болно. Гэхдээ тухайн үедээ бодсон санасан юм байсан. За энэ нөхрийг л эхний даваанд ялчихвал дараа нь тэрэнтэй таарах юм байна. Ингэж барилдвал ялж болно гэх мэт төлөвлөгөөнүүд байсан. Гэвч тэмцээнд төлөвлөгөө биелэх, биелэхгүй үе гэж байна шүү дээ. -Монголчууд Рио-2016 Олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлэх нь жудочид гэж харж байсан. Жин тус бүрд шилдэг тамирчид оролцсон. Наад зах нь гурван медаль авах боломж байна гэж харж байлаа. Маш их итгэл хүлээлгэсэн гэх үү дээ. Гэтэл ганцхан медаль авсан. Энэ нөхцөл байдлыг та юу гэж дүгнэдэг вэ? -Аливаа бэлтгэл сургуулилтыг хийхэд тааруулна гэж нэг юм байдаг. Би өөр дээрээ жишээ авч ярья. Би 2008, 2012 оны олимпод амжилттай оролцсон. Өмнөх хоёр олимпын наадамд оролцож байсан үетэйгээ харьцуулалт хийж үздэг юм. 2008 оны дараа ямархуу бэлтгэл хийж байсан билээ. 2012-2016 оны хооронд ямар бэлтгэл хийв. Дээрээс нь хэдэн настай болж байгаа билээ дээ. 20-24, 24-28, 28-32 гээд л үргэлжилсэн. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, настайгаа уялдуулж бэлтгэл хийх ёстой юм байна. Нөгөө талаар, аварга гэдэг алдрыг авч явахад хэцүү. Ард түмний хүсэл ямар их билээ. Заавал түрүүлэхгүй бол болохгүй гэдэг бодлоор бэлтгэл хийдэг байсан. Тиймдээ ч 2016 оны Олимпын наадмын өмнө бэлтгэлийг хэтэрхий их хийчихсэн юм шиг санагддаг юм. Өөрийгөө илүү дайчлах, хичээх ёстой гэж бодоод л цаг наргүй л бэлтгэл хийж байсан. Энэ нь нөгөө талаараа өрөөсгөл болдог юм билээ. Тархиа амрааж чадахгүй. Булчингуудаа амрааж чадахгүй. Бэлтгэл их хийгээд л байвал улам сайжирна гэж бодож байлаа. Гэтэл 24 настай Түвшинбаярын бэлтгэлийн ачаалал даах чадвар нэг өөр. 32 настай Түвшинбаярын бэлтгэлийн ачаалал даах чадвар нь бас өөр шүү дээ. Тийм болохоор бэлтгэлийг тааруулах л маш чухал юм билээ. Өнгөрсөн Олимпын наадмын хувьд манай баг тамирчид ч гэсэн бэлтгэлийн ачааллаа хэтрүүлчихсэн гэж боддог. Жүдо өнөөдөр Монголын топ спорт болж чадсан. Дэлхийд Монголын жүдо эхний тавд эрэмбэлэгдэж байна. Энэ нэр хүндээ хамгаалахын тулд бид сайн оролцох ёстой гэж бодож бэлтгэлийг маш сайн хийсэн. Гэхдээ бэлтгэл тааруулна гэдэг бол өвсөн дотроос зүү олохтой л адилхан зүйл юм шиг санагддаг. -Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн тэмцээнд та +90 кг-д гарч барилдсан. Таныг барилдана гэж огт бодоогүй байтал татамид гараад ирэхээр чинь бахархах сэтгэл төрж байлаа. Яагаад багийн барилдаанд гарч барилдсан юм бэ. Барилдмаар санагдаад байна уу? -Би 2008 оноос гэж бодвол үндсэндээ найман жил жингээ -100 кг-д барьсан. Миний жин 128 кг хүртлээ нэмэгдэж байсан. 28 кг хасаад л тэмцээнд оролцох ч үе байлаа. Чөлөөтэй байх ёстой жингээсээ доогуур бариад байсан гэсэн үг. Рио-2016 Олимпын наадмаас өмнө би 15 кг нэмсэн. Тэрийгээ хасаад л тэмцээндээ оролцоно шүү дээ. Тэгээд ч хүн байх ёстой жингээ хүчээр хасаад байхаар эрдэс бодис дутагддаг. Сүүлдээ үе мөчөөр өвддөг юм билээ. Одоо бол байх ёстой жиндээ хүрээд, бие эрүүл болоод, өвдөх зовох зүйлгүй сайхан байгаа. Тэгээд ч шууд барилдахаа больчихож бас болохгүй байна. Хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, эрүүл мэндээ бодох хэрэгтэй байна. Хоёрдугаарт, баг, хамт олноо бодохгүй бол болохгүй. Би барилдаж, залуу тамирчдад үлгэр дуурайлал болж, чиглүүлэх хэрэгтэй болов уу гэж боддог. Нөгөөтээгүүр, Олимпын аварга гэдэг нэр хүнд байна. Монголын ард түмний бахархалт хүү болж яваа гэдэг утгаараа үндэснийхээ спортыг дэлхийд сурталчлах зорилгоор үндэсний бөхөөр барилдаж байгаа. 2013 онд би наадмаар барилдаж байсан. Тэр үед Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөл манай улсад ирж, наадам үзсэн. Тэгээд надтай уулзах гээд орж ирсэн. Тэгэхдээ “Танай үндэсний спорт үнэхээр агуу юм аа. Олимпын аварга нь хүртэл барилддаг юм байна шүү дээ” гэж хэлж байсан. Зарим хүмүүс хэлдэг юм. Чи Олимпын аварга байж үндэсний бөхөө барилдаж яадаг юм гэх мэтээр. Хүн бүр өөр өөр бодолтой учраас янз бүрээр л харж, ойлгодог байх. Харин би дотроо үндэсний спортоо олон улсад сурталчилъя гэж бодож барилддаг юм. Тийм учраас шууд больчих бас утгагүй шүү дээ. Энэ олон хүүхэд, залуучууд, жүдо сонирхон хичээллэгсэд байна. Тэднийг чиглүүлж, хүсэл зорилгыг нь бадрааж өгөх болов уу гэж бодож жүдогоороо барилдаж байгаа. Саяны Азийн аваргын хувьд бол би багийн барилдаанд барилдана гэсэн төлөвлөгөөтэй явсан. Манай шигшээ багийн барилдаанд маш их ач холбогдол өгсөн л дөө. Багийн Азийн аварга болж үзээгүй. Өмнө нь мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил Аварга болно гэсэн зорилготой очсон. Харамсалтай нь аз бидний талд байсангүй. Хэрлэн маань ялж явж байгаад ялагдсан. 90 кг-ын жингийн Алтанбаганын хувьд бас чөлөөтэй ялах боломжтой байсан ч хориотой мэх болж харагдахаар үйлдэл хийчихсэн нь торгуулах шалтаг болчихлоо. Ингээд л торгуулиар хөөгдөөд хожигдчихлоо. Тэгээд үндсэндээ манай баг ялагдчихаж байгаа юм. Нөгөө тал гурван ялалт авчхаж байгаа учраас. Хамгийн сүүлд би гарч барилдсан. Барилддагаараа барилдаж, ялсан. -Цаашид +100 кг-д ганц нэг гран при тэмцээнд барилдах бодол байгаа юу. Энэ жилийн улсын аваргад та +100 кг-д барилдаад, түрүүлсэн шүү дээ. Хүнд жингийн бөхчүүдийн ур чадвар таны хэмжээнд хүртэл өсөж өгөхгүй байна уу гэж бодогдох л юм? -Нэг үеэ бодвол манай залуучууд сайжирчихсан. Их спорт гэдэг тийм ч амар зүйл бас биш. Зарим хүмүүс манай залуучуудын ур чадвар өсөж өгөхгүй байна гэж харж байгаа байх. Гэхдээ хурдан сайжиръя гээд болчихдог юм ч бас биш шүү. Сүүлийн үед Дүүрэнбаяраас авхуулаад сайн сайн залуучууд гарч ирж байгаа. “Гранд слам”-аас медаль авч байна. Өмнө нь +100 кг-д Гранд сламаас медаль авч байгаагүй байх. Би улсын аваргадаа барилдаад явж байгаа нь залуучуудаа нэг талаар хурцалж байгаа л хэлбэр. Цаашид гран при тэмцээнүүдэд барилдах сонирхол бол алга. -Жүдо бөхийн нэгэн шинэ үе түрж гарч ирж байна. 2020 оны Олимпын циклд олон шинэ тамирчин гарч ирж, оноо цуглуулах тэмцээнүүдэд оролцох болов уу. Гэхдээ жүдо сонирхогчид залуучуудаа Г.Болдбаатар, Д.Амартүвшин гээд шилдэг тамирчидтай жишиж харж эхэллээ. Та шигшээ багт ойр ажиллаж байгаа хүний хувьд нэгийг хэлэх байх? -Олон сайхан залуучууд гарч ирж байна. Манай шилдэгт тооцогдох бөхчүүд ч гэсэн сайхан барилдаж байгаа. Гэхдээ спорт л болсон хойно дороос нь шахаж гарч ирдэг. Сэлбэгдээд л явж байдаг. Ур чадвартай тамирчин гарч ирэхэд хамгийн чухал нөлөөлөх зүйл дасгалжуулагч байдаг. Дээрээс нь жүдо бөхийн холбооны удирдлагууд хөрөнгө санхүүгээр нь дэмжээд, туслаад, ямар ч санаа зовох зүйлгүй болгоод өгчхөж байна. Тийм болохоор тамирчидтай тулж ажиллаж байгаа хүмүүс маш хариуцлагатай. Дэлхийн хэмжээнд хүрсэн, тэднээс илүү гарсан тактикийг боловсруулах л хэрэгтэй. -Та шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна уу, эсвэл...? -Би яг шигшээ багийн дасгалжуулагчийн албанд ажилладаггүй шүү дээ. Түвшинбаяр, аварга хүн гэдэг утгаараа л баг хамт олонтойгоо хамт бэлтгэл хийгээд, залуучууддаа туслаад л явж байна. Ер нь дасгалжуулагч хийнэ гэдэг бол хүнд ажил. Хүн болгоны хийдэг ажил ч биш. Сайн тамирчин болгон сайн дасгалжуулагч болдоггүй юм. Тийм болохоор бид тамирчны замналаа түр завсарлаад, ингэх юм байна, тэгвэл дээр гэж бодоод, бясалгаад. Хүүхдүүдтэй ажиллаж үзчихээд, дасгалжуулагч хийвэл дээр болов уу. Шат дарааллаар нь явбал зүгээр юм байна даа гэж надад санагдсан. Гэхдээ манай Цагаанбаатараас авхуулаад зарим бөхчүүд туслах дасгалжуулагч хийгээд явж байна. Дээрээ удирдлагатай, тэднийхээ дор ажиллаад, суралцаад явахад бас болж байгаа юм. Хувь хүний чадвар, юмыг түргэн сурах, олж мэдэх чадамжаас бас хамаарах байх л даа. -Ур чадвар өндөртэй, олон жил амжилттай барилдсан бөхчүүд мундаг дасгалжуулагч болох боломжтой гэж хүмүүс ойлгодог байх. Тийм учраас жүдогийн том тамирчид залуу бөхчүүдэд мэддэг, чаддаг бүхнээ зааж, сургаж байгаа нь илүү давуу тал болж байгаа юм биш үү? -Мэдээж давуу тал байлгүй яах вэ. Энэ ажил олон жил барилдсан. Янз бүрийн бөхчүүдтэй барилдаад үзчихсэн, янз бүрийн арга мэх сурчихсан учраас давуу тал болдог. Барилдах гэж байгаа тамирчныг хараад энэ хүн бол иймэрхүү барилдаантай юм байна гэдгийг уншаад мэдчих зэргийн чадвар, давуу тал байдаг. Тэр утгаараа яах аргагүй олон давуу талтай нь үнэн. -Жүдо бөхийн хөгжлөөрөө Япон яах аргагүй тэргүүлж байна. Харин манай монгол бөхчүүдийн ур чадвар тэднийхээс дутахааргүй байгаа. Гэхдээ л тэдний чанар, чансаанд арай л хүрэхгүй байгаа. Чухам юу дутаад байна вэ? -Энэ бол том гүрэн, жижиг улс гэдгээсээ л шалтгаалаад байгаа юм. Япон ямархуу өндөр хөгжилтэй орон билээ. Хүн амын тоо хэд билээ дээ. Монгол Улс ямархуу нөхцөл бололцоотой, хүн амын тоо нь хэд билээ гээд л бодоход ялгаа харагдана. Японд бол эр хүнийг эр хүн болгодог ганцхан спорт нь жүдо гэж байгаа юм. Тэгэхгүй бол Японд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хүйсээрээ л ялгаатай болохоор бяр чадлын хувьд адилхан болчих гээд байдаг. Тийм болохоор Японд жүдогийн бүхий л шат дараалсан сургуулиуд байгаа. Жүдогийн сургуулиуд ихтэй. Хар багаасаа, 5-6 настайгаасаа эхлээд л жүдогоор хичээллэдэг. Ундарга маш ихтэй. 1,000 хүүхэд дундаас нэг төрмөл авьяастай бөх гарч ирэх нь мэдээж. Ийм том ялгаа байна. Дээрээс нь спортын шинжлэх ухаан маш өндөр төвшинд хөгжсөн. Тамирчны сэтгэл зүйн судалгаа, арга техник, хоол хүнс гээд бүхий л зүйл нь шинжлэх ухааны үндэстэй явж байгаа учраас хамаагүй илүү давуу талтай. Манайх бол социалист үеийн л сургалттай спортын шинжлэх ухаантай. Дээрээс нь төсөв санхүү ямар билээ. Эмч нарын, шигшээ багийн тамирчдын авч байгаа цалин хэдэн төгрөг үү. Өндөр хөгжилтэй орнуудын тамирчидтай Монголынхоо тамирчдын цалин мөнгө гээд бүхий л зүйлийг нь харьцуулаад харахаар өрөвдмөөр л санагддаг. Гэвч монголчууд эрүүл байгалтай, эко хүнстэй, бөхийн орон учраас л дэлхийн тамирчидтай манайхан эн тэнцүү өрсөлдөж чадаж байна. -Сая Азийн аваргад дунд болоод хүнд жингийнхнээ түлхүү оролцууллаа. Эхлээд мэдүүлэгт -100 кг-д хоёр бөх барилдуулахаар бичиж өгсөн харагдсан. Сүүлдээ хасагдчихсан болохоос. Хүнд жингийн бөхчүүдээ хөгжүүлэх талаар илүү анхаарч эхлэв үү? -Бүх жин дээр л анхаарч байгаа. Сая Азийн аваргад би зөвхөн багийн барилдаанд л оролцох гэж явсан. 81 кг-д бол хоёр бөх барилдсан байх. +100 кг-д бол манай Дүүрэнбаяр барилдсан. Амжилт гаргаж байгаа жинд л илүү анхаардаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үнэхээр жигдхэн хөгжиж байна. Эмэгтэй хүнд жин дээр л олон бөх барилдахгүй байна. Сайхан сайхан өндөр, том биетэй охид жүдогоор хичээллэхгүй юм байна шүү дээ. Гэхдээ сүүлийн үед хүүхдүүд харьцангуй ихээр жүдо бөхөөр хичээллэж байгаа. Монголын жүдо академид элсэж байгаа хүүхдүүдийн тоог харахад л мэдэгдэж байна шүү дээ. -Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Энэ хүн 2008 оны олимпт Н.Түвшинбаяр аваргыг түрүүлэхэд хамгийн гол нөлөөг үзүүлсэн гэж ярьдаг. Гэтэл зарим хүмүүс үүнийг сонгуулийн сурталчилгаа, Олимпын аваргыг урдаа барилаа гэж хараад байх шиг байна. Сошиал ертөнцөд хүртэл ийм мэдээлэл цацаж байгаа. Тэгвэл энэ хүний тусламж дэмжлэг ямар нөлөө үзүүлснийг мэдэх хүний хувьд та нэгийг хэлэх байх? -Би өөрийнхөө итгэл үнэмшлээр, хувь хүнийхээ үүднээс л энэ хүнийг дэмжиж байгаа. Энэ хүн Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, олон жил жудочдыг дэмжиж ирсэн. Жүдог яах аргагүй дэлхийн төвшинд гаргаж чадсан. Үүгээрээ олон сайхан зүйлийг харуулсан. Баттулга Ерөнхийлөгчийн тусламж, дэмжлэг, сэтгэл зүйг өргөсөн олон зөвлөгөө манай жудочдын амжилтад нөлөөлсөн. Энэ хүн Монголд эв нэгдлийг авчрахад том хувь нэмэр оруулсан. 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлын дараа би Олимпын аварга болсон. Энэ бүгд яах аргагүй тэр хүний гавьяа. Дээрээс нь Монголд олон сайхан бүтээн байгуулалтуудыг хийсэн. Чингис хааны хөшөөт цогцолбор. Улаанбаатар хотын дагуул хот болох Майдар хотын төслийг санаачлаад, эхнээс нь барьж байна. Хөдөө орон нутагт шинэ сум төслийг санаачилж, хийсэн, ажил хэрэг болгосон. Би зүгээр л жишээ болгоод Чингис хааны хөшөөт цогцолборын талаар нэг зүйлийг хэлье. Энэ бүтээн байгуулалт бол олон улсад Монголыг таниулж байгаа. 13 дугаар зуунд Монгол Улс дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байлаа шүү дээ. Харин одоо Монгол гэхээр хэр олон хүн мэдэх билээ. Гадаадад тэмцээнд яваад, Монголынх гэхээр мэдэхгүй хүн олон. Хятад, Оросын дунд Ази тивд Монгол гэдэг улс байдаг юмаа гээд л тайлбарлана. Тэгэхээр өөдөөс “Танайх тэгээд Хятадаар ярих уу, Оросоор ярих уу” гэж асуудаг. Өөрийн гэсэн монгол хэлтэй гэхээр “Өөрийн гэсэн хэлтэй юм бол тэр чинь том гүрэн шүү дээ” гэж хэлдэг. Өөрийн гэсэн хэлтэй, түүхтэй, соёлтой улс бол том гүрэнд ордог юм байна шүү дээ. Чингисийн Монгол гэхээр хүмүүс аан гээд мэддэг. Гэхдээ л Чингис гэхээр л Хятадынх юм шиг ойлгодог гээд байдаг. Яагаад гэвэл, Чингис хааныг судлаад үзэхээр Ордост байдаг Чингисийн онгоны талаар мэдээлэл гарч ирдэг байгаа юм. Монголд болохоор Чингис хаантай холбоотой үзэх юм байхгүй. Харин Чингис хааны морьт хөшөөг барьснаас хойш дэлхийн жуулчид арай өөрөөр хандаж, ирж үздэг болсон. Энэ бол Монгол дэлхийд танигдаж байгаагийн нэг илрэл. -Та залуучууддаа хандаад нэг сайхан уриалга хэлээч? -Тун удахгүй сонгууль болох гэж байна. Тийм учраас би залуучууддаа хандаж нэг уриалга хэлье. Өнөөдөр бид зөв Ерөнхийлөгч сонгох хэрэгтэй байна. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, эдийн засаг гээд олон зүйлтэй салшгүй холбоотой. Тийм учраас саналаа өгч, сонголтоо зөв хийгээрэй. Яагаад гэвэл, өнөөдөр улс төрд байгаа хүмүүс хэчнээн жил биднийг хуурч байгаа билээ. Та бүхний амьдрал сайхан болно, бид бүтээнэ, хөгжүүлнэ гэх мэтээр олон зүйл ярьж гарч ирсэн. Харамсалтай нь өнөөдөр байдал хэвэндээ л байна. Дээрээс нь өрсөлдөгчөө хэтэрхий их харлуулж байна. Би мэднэ, Баттулга бол хэзээ ч Монголын ард түмний мөнгийг шамшигдуулах хүн биш. Бид бүгдийн л адил хар бор амьдралаас гарч ирж, өдийг хүртэл өөрийн хүч хөдөлмөрөөрөө энэ их баялгийг бүтээсэн. Ард түмэнд хор болохоор бизнес нэгийг ч хийгээгүй. Дандаа л иргэдэд хэрэгтэй бизнес хийж ирсэн. Монголыг хөгжүүлэх сонирхолтой, сэтгэлтэй, зүтгэлтэй, бүтээлч хүн.
https://ikon.mn/n/11lx
11lz
Г.Ариунбаатар: Монголынхоо амжилтыг шинэчилсэндээ маш их баяртай байна
Б.Сумъяа, Монголын мэдээ
06/23/2017 09:32:00
Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг гэр бүлийнхэн болон Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 06.30 цагт угтан авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр түүний сэтгэгдлийг сонслоо. -Юуны өмнө танд баяр хүргэе, дэлхийн дуучин болоод эх орондоо ирж байна, сэтгэгдлээсээ хуваалцаач? -Нар хур тэгширсэн, сайхан өдөр эх орондоо ирж байна, сайхан байна. “Cardiff singer of the world” тэмцээнд хоёр төрлөөр оролцож, хоёуланд нь финалд үлдэж, нэг төрөлд нь тэргүүн байр эзэлж, Монголынхоо амжилтыг шинэчилсэндээ маш их баяртай байна. Сэтгэл дүүрэн байна сайхан байна. -Дэлхийн том дуучид, үзэгчдийн өмнө “Монголын тал нутаг” хэмээх сайхан дуугаа дуулсан. Энэ нь Монголын үзэгчдэд төдийгүй дэлхий нийтэд маш их таалагдаж, сэтгэлд нь хүрсэн байх? -Миний хувьд дэлхийн тайзан дээр энэ агуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэх юмсан гэсэн мөрөөдөл байсан. Том зориг гаргаж, Монгол сонгодог бүтээлээр хаасан. Олон хүнд их таалагдсан нь мэдэгдэж байлаа. Гадаадад байгаа монголчууд төдийгүй маш олон хүн надад урмын үг хайрлаж, дэмжиж байлаа. Сүүлийн хэдэн өдөр аз жаргалаар бялхсан сайхан өдрүүд байна. Дэлхийн сонгодог бол олон сая хүмүүсийг уйлуулдаг, уяраадаг гайхамшигтай бүтээл байдаг. Гэхдээ Монгол Улс бас сонгодог урлагтай, бид бас юм бүтээдэг хүмүүс шүү дээ гэдгийг харуулахыг хичээж, тэмцээндээ оролцлоо. Үзэгчид ч маш сайхан хүлээж авсан. -“Cardiff singer of the world”-ийн тайзан дээр тэргүүн байрын шагнал гардаж авах мөчид юу бодогдож байв? -Мэдээж уралдаанд орж байгаа учраас унах, тэнцэхгүй байх эрсдэл бий. Гэхдээ энэ тэмцээнийг Оросын ард түмэн, маш олон дэлхийн мундаг уран бүтээлчид гээд маш олон хүмүүс харж байгаа учраас өөрийнхөө хүч хөдөлмөрийг шавхах маш том хариуцлага байсан. Тэргүүн байр эзэлсэн мөч бол мэдээж маш сайхан байлгүй яах вэ. Дэлхийн энэ том тэмцээнд би өөрийгөө сорих, хүч хөдөлмөрөө харуулахаас гадна Монгол Улсынхаа нэрийг гаргаж байгаадаа сэтгэл хангалуун, сайхан байсан. -Таны ойрын төлөвлөгөө юу байна вэ? -Удахгүй болох баяр наадмынхаа концертод оролцоод, хэд хоног амарна даа. Тэгээд дараагийн ажилдаа орно. Сая Европын нэлээн томоохон агентуудтай гэрээ байгуулах, цаашдын хамтын ажиллагаа зэргээр ярилцсан. Есдүгээр сараас ажиллаж эхлэх байх. Үүний дараа тэрбээр СУИС-д очин багш нартаа хүндэтгэл үзүүлж уг тэмцээнд дуулсан Б.Шаравын ая, З.Түмэнжаргалын үг “Монголын тал нутаг” дуугаа дуулжээ. Энэ үеэр уг дууны хөгжмийг зохиосон төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав хөгжимдөж хүргэсэн байна. Өчигдөр дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан залуугийн тухайд шагналын хур буусан өдөр байлаа. “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олгосон юм. Түүнчлэн, СУИС-ийн магистр цол, Цагдаагийн "Сүлд" чуулгын уран сайхны удирдаач болжээ.
https://ikon.mn/n/11lz
11m
Пара байт харвааны ДАШТ өндөрлөлөө
Өдрийн шуудан
11/07/2013 08:41:00
Пара байт харвааны ДАШТ өндөрлөлөө Пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангконгт энэ сарын 1-6-нд боллоо. Тэмцээнд 24 орны 254 тамирчин рекурв болон компаунд төрлийн босоо болон “Wl”, “W2” ангилалаар өрсөлдсөн бөгөөд манай улсаас эмэгтэй, эрэгтэй тус бүр хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцов. Манай тамирчдаас “Бээжин-2008” паралимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, урьдчилсан харваанд 588 оноогоор 20 дугаар байрт шалгарсан бөгөөд нэгдүгээр тойрогт Их Британий Кенни Алленг 6:4-өөр буулган авсан ч 1/8-д шигшээд БНХАУ-ын харваачид 2:6-гаар хожигджээ. Харин спортын дэд мастер А.Анх-Эрдэнэ урьдчилсан харваанд 420 оноо авч, 1/24-д Бразилийн Франциског 6:4-ээр хожсон ч шөвгийн наймд эрхийн төлөө өмнөд хөршийн тамирчинд 3:7-оор хожигдов. Эмэгтэйчүүдийн рекурвийн урьдчилсан харваанд 25 тамирчин өрсөлдсөнөөс спортын мастер Б.Оюун-Эрдэнэ 578 онож, гуравдугаар байраар шалгарч, эхний даваанд гоц мөргөсөн бөгөөд шөвгийн 16-д АНУ-ын Лээ Фордод 4:6-гаар хожигджээ. Харин “Лондон-2012” олимпийн дөрөвдүгээр байрын байрын шагналт, ОУХМ 1/16-д шигшээд Тайландын тамирчинд мөн 4:6-гаар хожигдсоноор тэмцээнээ өндөрлөлөө
https://ikon.mn/n/11m